| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 2115000000151 дугаартай, 163/2021/0144/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ноён овогт Дашдэндэвийн *******, 1976 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ...........................оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:....................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өгсөн мэдүүлэгтээ: Өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Д.*******ыг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Ж.*******г эхнэртэйгээ хардаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115000000151 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Ж.*******г эхнэртэйгээ хардаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, түүний духанд 1 тооны язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Ж.*******гийн өгсөн: “...Би гэртээ ганцаараа үлдээд унтаж байхад шөнийн 10 цагийн үед миний толгой руу нэг хүн цохих шиг болсон. Би сэрээд өндийгөөд харахад манай баз хүргэн болох ******* нилээн согтуу шалан дээр сууж байсан. Тэгэхээр нь би “энэ юу болж байна аа” гэж хэлээд уйлсан. Намайг уйлахад манай гэрийн хажуу талд байдаг төрсөн дүү Ж.******* орж ирээд *******д хандан “яаж байгаа юм манай ахыг цохиод” гэж хэлээд сумын цагдааг дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-6 тал/,
Гэрч Ж.Бат-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг өнгөрч байхад намайг гэртээ байсан чинь манай гэрт гаднаас танил ******* ганцаараа орж ирээд “танай хажуу талын гэрт ******* ахыг чинь нэг хүн зодоод байгаа юм биш үү?” гэж хэлэхээр нь би *******ын хамт ******* ахын гэрт ортол ******* ахын толгойноос нь цус гарчихсан ******* гэх хүн хажууд нь суучихсан байсан. Тэгээд би “юу болоод байгаа юм” гэж асуусан чинь “эр хүмүүсийн хоорондын асуудал” гэж ******* хэлсэн. Намайг цагдаа дуудна гэсэн чинь гэрээс гарч яваад согтуу өөрийнхөө “приус-20” загварын машинаа бариад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-9-10 тал/,
Гэрч Ч.*******ын өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад найз Бат-Эрдэнийн гэрт очих гээд явсан юм. Тэгээд Бат-Эрдэнийн гэрт очоод сууж байтал хажуу талынх нь гэр буюу ******* гэх айлын гэрт хүн шуугилдаад орилолдоод байхаар нь Бат-Эрдэнийн гэрээс гараад *******гийн гэр рүү очиж хаалгыг нь татаж шагайж харахад ******* ахын толгойноос нь цус гарчихсан гэрийнхээ голд суучихсан хажууд нь Бүрнээ гэх эрэгтэй хүн сандал дээр суучихсан байсан. Намайг “юу болоод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Бүрнээ юм хэлээгүй. Тэгээд би гэрээс нь гараад Бат-Эрдэнийн гэрт орж “ахыг чинь хүн зодоод байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Гэрч Г.*******ийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу ******* *******г цохисны маргааш нь энэ хэргийн талаар *******аас өөрөөс нь мэдсэн. ******* нь надад хэлэхдээ “би *******гийн толгой руу нь гараараа цохисон чинь дүү нь цагдаа дуудсан” гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй. ...******* намайг гэрт нь орных нь өмнө сөхрөөд сууж байхад бие рүү түлхсэн юм. Тэгээд би нөхөртөө “******* намайг оролдлоо” гэж согтуудаа хэлсэн түүнээс ******* бид хоёрын дунд ямар нэгэн зүйл болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №140 дугаартай “...Магадлуулагчийн биед духанд 1 тооны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-38-39 тал/,
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би сумын төв ороод *******гийн гэрт очиход тэнд манай эхнэр ******* согтуу байж байсан. Тэгээд надад ******* намайг оролдлоо гээд хэлэхээр нь би уурлаад эргээд хөдөө гэр лүүгээ явсан. Намайг гэртээ хариад байж байтал хотоос ирсэн Бат-Очир ах ганц шил архи авч ирсэнийг хувааж уусан. Архиа дуусгаагүй би гэрээсээ өөрийнхөө машинтай *******гийнд очсон. ...*******гийн гэр лүү очиж эхнэрээ авъя гэж бодоод ортол ******* ганцаараа хэвтэж байхаар нь би өдөр эхнэриийн хэлснийг бодоод уур хүрээд *******гийн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд *******гийн толгойноос цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.*******ын хохирогчийн толгойн тус газарт цохиж буй үйлдэл идэвхтэй, ийнхүү цохих нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.******* нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Ж.*******г эхнэртэйгээ хардаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, түүний духанд 1 тооны язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 54-59 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багт мал маллан амьдардаг, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4/65 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж хуульчилсан.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх боловч Төрийн мэдээлэл, эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулаагүй байх тул шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ноён овогтой Дашдэндэвийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР