Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагчид холбогдох 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0245484 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа би, тус аймгийн Гаалийн газрын Д.Мөнхгэрэл нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Дамдинсүрэн нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчсөн тухай зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-д зааснаар 50 нэгжээр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянавал:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 034 тоотод оршин суух Даваа овогтой Дамдинсүрэн 2019 оны 12 сарын 06-ны 21 цаг 50 минутын орчимд 77-06 СЭА улсын дугаартай Тоёота чейзэр маркийн тээврийн хэрэгслээр ОХУ-аас Алтанбулаг хилийн боомтоор нэвтрэн орж ирэхдээ гар тээшиндээ 4.463.048,26 төгрөгийн тест P 10ml-12 шил, sustanon 10ml-5шил, tren enanthate 10ml-11 шил, тест Е 10ml-38шил, nandeca 10ml-7шил, tren acetate 10ml-5шил зэргийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан болох нь материалд авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон ба уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь Д.Дамдинсүрэнгийн дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-д зааснаар шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0245484 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор гаалийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0245484 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй,хуульд харшлаагүй, байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналтын улсын байцаагчид холбогдох 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0245484 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                     Ж.БУРМАА