Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0579

 

 

 

 

 

 

 

 

 

   “ГИ” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х

Нэхэмжлэгч: “ГИ” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Б, Г.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 123/2023/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 34 дүгээр зүйлийн 2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-ний захирал Д.Т-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

2.1. “...“ГИ” ХХК-д Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга А/118 дугаар захирамж гаргахдаа урьдчилж мэдэгдээгүй, захирамж гарсан талаар мэдэгдээгүй, гардуулаагүй үйл баримтын талаар дэлгэрэнгүй тайлбар гаргадаг. Өмгөөлөгчдийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь хариуцагчийн тайлбар болон түүний гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй цахим шуудангаар явуулсан гэх баримт зэргээр нотлогдож байгаа талаар тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлэгт ч сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх нэг ч баримт шинжлэн судлагдаагүй. Гэтэл шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.11 дэх хэсэгт “... сонсох ажиллагаа явуулаагүй ч захиргааны акт зорилгодоо нийцсэн болох нь тогтоогдсон тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байхад Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа заавал явуулах талаар хуульчилсан заалтыг хэрэглэхгүй байх боломжтой нөхцөлийг үүсгэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн, цаашид захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хууль хэрэглээний буруу туршлага болохуйцаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь ноцтой алдаа гэж үзэж байна. Захиргааны акт зорилгодоо нийцсэн л бол Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлахгүй байж болно гэж шүүгч ойлгож, хууль хэрэглэж байгаа нь харамсалтай.

2.3. Нэхэмжлэгч талаас Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Монгол Улс цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилийг хаасан болон аялал жуулчлал, олон нийтийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон үйл баримт нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт болох талаар тайлбар гаргаж 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар үйл ажиллагаа явуулаагүй талаар тайлбар гаргадаг. Шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхийн зэрэгцээ гаргасан тайлбарыг буруу ойлгож шийдвэртээ дүгнэжээ.

2.4. “ГИ” ХХКийн хувьд маргаан бүхий газарт барилга, байгууламж, хашаа барих талаар төсөлд тусгаагүй, тийм шаардлага байхгүй, ковидын нөхцөл байдлын улмаас 2 жилийн хугацаанд зочин хүлээж аваагүй тул үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарладаг. Харин шүүх “ГИ” ХХК нь 2020 оноос 2022 оны хугацаанд маргаан бүхий 14 га газарт дотоодын жуулчин хүлээн авах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан. Тус хэргийн оролцогчид аль нь ч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх, хийлгэх эсэх талаар маргаагүй, хэлэлцүүлээгүй байхад шүүгч санаачилгаараа энэ талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.6. Дээрхээс гадна шүүгч хуралдааны танхимд шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нарт уншин танилцуулах үедээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүйгээс Нэхэмжлэгч тал газрыг эзэмшиж, ашиглах боломж анхнаасаа үүсээгүй тул үйл ажиллагаа огт явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа шүүх хуралдааны танхимд тайлбарласнаасаа огт өөр агуулгаар буюу газрыг зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна хэмээн шинэ үндэслэл гаргаж хууль зүйн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 121/ШШ2023/0024 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “ГИ” ХХКиас Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Анх Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 186 дугаар захирамжаар “ГИ” ХХК-д тус сумын нутаг Юмтын аманд байрлах 14 га газрыг 40 жилийн хугацаатайгаар гольфийн талбайн зориулалтаар эзэмшүүлж, уг захирамжийн 2 дахь заалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 90 хоногт багтаан хийлгүүлж сумын Засаг даргын тамгын газарт 1 хувийг хүргүүлэхийг “ГИ” ХХК-ийн захирал Д.Т-д үүрэг болгосон байна.

 

2.3. Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

 

2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаас шалтгаалан тухайн газрыг нэхэмжлэгч ашиглах боломжгүй байсан гэх, мөн төр захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулахыг хориглосон, нэхэмжлэгчид тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

2.5. Тодруулбал, нэхэмжлэгчээс “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр газрын гэрээг сунгаж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийг цуцалсан, энэ үед Монгол Улс Коронавирус цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хил хаасан, аялал жуулчлал, олон нийтийн үйл ажиллагаа бүхэлдээ зогссон, хөл хорио тогтоосны улмаас уг газрыг ашиглах боломжгүй байсан” гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч нь анх 2008 онд маргаан бүхий 14 га газрыг эзэмшсэнээс хойш тус газрыг гольфийн талбайн зориулалтын дагуу эзэмшсэн болохоо хангалттай нотолж чадаагүй байна.

 

2.6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Граунд гольфийг хаана ч тоглох боломжтой, тусгайлан мэргэжлийн гольфийн талбайд тавьдаг шаардлагыг хангах шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа атлаа 2008 оноос 2022 онд газрын гэрчилгээг цуцлах хүртэлх нийт 14 жилийн хугацаанд энэхүү газраа зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн газар дээр граунд гольфийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах дарцаг бүхий үүрийг байрлуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тус газарт гольф тоглуулахтай холбоотой ямар нэгэн техник хэрэгсэлтэй эсэх нь тодорхойгүй, зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн нэхэмжлэгч тухайн газрын хогийг ачсаны дараа олон наст ургамлын үр цацсан гэх боловч газар дээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгалийн ургамлаараа байсан талаар гэрч Б.Ууганцэцэгийн мэдүүлэгт тусгагдсан байгаа зэрэг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхээс хийсэн 2 удаагийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, гэрчийн мэдүүлэг, газрын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

2.7. Хэдийгээр нэхэмжлэгч тухайн талбайд “Гольфын талбайн төсөл” гэх самбар зоосон, чулууг түүсэн гэж тайлбарлах боловч энэ нь газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхэд хангалтгүй бөгөөд Гольфийн талбайн төсөлд дурдсанчлан “Граунд гольфийн дүрэм”-ээр 8 бариа бүхий зассан талбай байх бөгөөд бариа бүр эхлэлийн цэгтэй, эхлэлийн цэгээс бариа хүртэлх зай тус бүр өөр байна гэж заасан байхад нэн шаардлагатай талбай засах үүргээ ч биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

 

2.8. Нөгөөтэйгүүр энэ тохиолдолд газрыг зориулалтын дагуу ашиглах гэдэг нь байгалийн унаган төрхөөр нь хадгалж, аливаа барилга байгууламж барих шаардлагагүй гэж ойлгож болох хэдий ч тухайн газрыг анх эзэмшихээр хүсэлт гаргасан зориулалтаар нь аливаа байдлаар ашиглаж, тэмцээн уралдаан зохион байгуулах, хүмүүсийг тоглуулж ашиг орлого олж, татвар төлсөн зэргээр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан эсэх нь хангалттай тогтоогдохгүй байна.

 

2.9. Түүнчлэн ковид цар тахал гарсан учраас газраа ашиглах боломжгүй байсан талаар дурдсан боловч дээрх нөхцөл байдлуудаар газар эзэмших эрхээ олж авснаас хойш тухайн эрхийг олж авах үндэслэл болсон төслөө хэрэгжүүлэх талаар тасралтгүй 2 жил дараалан үйл ажиллагаа явуулсаар цар тахалтай золгосон нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

2.10. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02/307 дугаартай албан бичгээр “ГИ” ХХКд “...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан...тайлбар санал нотлох баримтуудыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор...ирүүлэхийг мэдэгдье...” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг цахим шуудангаар хүргүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс утсаар мөн мэдэгдсэн гэж тайлбарлаж байх тул сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “...шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа шүүх хуралдааны танхимд тайлбарласнаасаа огт өөр агуулгаар дүгнэлт хийсэн” гэх боловч энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс нотлогдохгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

2.12. Маргаан бүхий актыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэдэг үндэслэлээр гаргаагүй учир шүүхээс энэ талаар дүгнэх шаардлагагүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА