| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-07-24 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 21.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч, шүүгдэгч Б.Батбуян,
Шүүгдэгч Г.Баяртогтох, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Базуу овогт Гүрсэдийн Баяртогтох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Буянт овогт Батмөнхийн Батбуян нарт холбогдох эрүүгийн 2115000000070 дугаартай, 163/2021/0086/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Базуу овогт Гүрсэдийн Баяртогтох, 1997 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, .......................оршин суух, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:................/,
Монгол Улсын иргэн, Буянт овогт Батмөнхийн Батбуян, 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. /РД:ГО99041411/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Баяртогтохыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутагт “Бор булан” гэх газраас Б.Батбуянгийн саран дэвсгэртэй гал тамгатай, хээр зүсмийн 1 тооны гүү хулгайлж 804167 төгрөгийн, Ч.Рэнчинноровын цагаан үсэн саран тамгатай, хүрэн халзан зүсмийн 1 тооны даага хулгайлж 225000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Шүүгдэгч Б.Батбуян нь мөрдөн байцаалтын 2115000000070 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа зориуд худал мэдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Баяртогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Батбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгнө. Би анхан шатны шүүхэд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Сүүлийн мэдүүлгийг худлаа өгсөн нь үнэн гэв.
Хохирогч Б.Батбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбуянгийн өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Бор буланд очиж адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө адуундаа очтол миний өөрийн халтар, хээр зүсмийн зөв талын гуядаа саран дэвсгэртэй гал тамгатай гүү байхгүй байсан. Ингээд би Баяннуур сумын Бор булангаар алга болсон адуугаа 3 хоног хайгаад олоогүй юм. Тэгээд сумын төвөөр хайж байтал Отгонбаяр ахынд миний алга болсон гүүтэй адилхан гүү байна гэж сураг сонсоод очиж үзтэл мөн байсан. Ингээд би Отгонбаяр ахаас асуутал отрын хоёр хүн Төв аймгийн Өндөрширээтийн хоёр хүнд зарах гэж ирээд мөнгөө авалгүй явсан гэж хэлсэн. …Би хулгайд алдагдсан гэх хээр халтар зүсмийн гүүгээ /байдас/ олж авсан болохоор надад хохирол учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 38-40, 42 тал/,
Хохирогч Ч.Ренчинноровын өгсөн: “...Би адуугаа хамгийн сүүлд 2021оны 01 дүгээр сарын 22-ны өдөр очиж бүртгэсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Баяннуур сумын Бор буланд адуундаа очтол буруу талын гуяндаа дээшээ харсан дан саран цагаан үсэн тамгатай даага байхгүй байхаар нь эрж хайсан боловч олдоогүй. Тэгээд адуугаа хайж яваад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баяннуур сумын төвд Отгонбаяр гэх ахын дэлгүүрт ортол “танай адуу дан саран цагаан үсгэн тамгатай юу?” гэж асуухаар нь “тийм” гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр ахын хашаанд орж тэр хэлсэн адууг нь хартал миний алдсан даага мөн байсан. Тэгээд би өөрийнхөө даагыг аваад явсан. ...Би алдсан даагаа олоод авсан учир дааганы хохирол гэх зүйл байхгүй. Харин даагаа 3 өдөр хайхад зарцуулсан 100 литр түлшний мөнгөө миний даагыг хулгайлсан буруутай хүмүүсээр төлүүлмээр байна. …” гэх мэдүүлэг /хх 46-47 тал/,
Гэрч Б.Саруулын өгсөн: “...20 гаран насны нэг залуу бид хоёр дээр ирээд “би өөрийнхөө адууг бөөгнүүлчихээд ирлээ, өөрийнхөө 2 сарвайг зарна авах уу? гэхээр нь “хэдээр зарах юм?” гэж Батбаатар ах асуутал “нэгийг нь 300,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгээд тэр залууг дагаад адууны байгаа газар руу явсан. Тэр залууг дагаад адуу байгаа газарт очиход хүрэн халзан хойд хоёр хөл нь цагаан, буруу талын гуяндаа цагаан үсгэн дан саран тамгатай даага байсан. Тэгтэл тэр хоёр “энэ даагийг зарна” гээд шууд мотоцикльтойгоо очоод бариад авсан. Тэгээд Батбаатар ахын машинд ачаад Отгонбаяр гэх ахын дэлгүүрийн гадна ирсэн. Батбаяр ах бид хоёр дэлгүүр ороод 350.000 төгрөг Отгонбаяр ахын дансруу шилжүүлж бэлнээр мөнгөө авсан. Би дэлгүүрээс гарж нөгөө хоёр хүүхдийг орж ирээд мөнгөө авчих гэж хэлэхэд орж ирэхгүй байсан. Дахин ороод ир гэж хэлсэн чинь “мотоциклийн бензин дуусах гээд байна, колонк орчихоод ирье” гээд хөдлөөд явсан. Батбаатар ах бид хоёр тухайн хүүхдийг ирж мөнгөө авахгүй болохоор нь хулгайн янз бүрийн адуу байж магадгүй гэж бодоод Отгонбаяр ахад үлдээгээд орой болсон учир гэртээ харих гээд явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-н 56 тал/,
Гэрч Ш.Батбаатарын өгсөн: “...Тухайн залуутай хамт 15 орчим настай хүүхэд хамт явж байсан. Тэр хоёрыг дагаад Баяннуурын Бор булангийн Туул голын хойд талын үерийн далангийн хойд талд очиход хүрэн халзан сарвай, түүнээс зүүн урдхан талд холгүй ойролцоогоор 100 гаран метр зайд хээр зүсмийн гүү хоёр байсныг тэр хоёр хүүхэд барьж аваад миний машинд ачсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 61 тал/,
Насанд хүрээгүй гэрч М.Насанжаргалын өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баяртогтох ах “чиний мотоцикльтой хамт адуундаа явъя” гээд Булган аймгийн Баяннуур суманд оторлож байгаа Өвөрхангай аймгийн Пүрэвжаргал гэх айлыхаас адуундаа Бор булан гэх газар руу мотоцикльтой явсан. ...Баяртогтох ах “манай адуунууд муудсан байна авах хүн байвал зарчихъя” гэсэн. ...Тэгээд тэр олон хүмүүс дотор байсан танихгүй хоёр эмэгтэй хүний машинд ачуулсан. Тэгээд мөнгийг нь авна гээд дагаад Баяннуур сумын төв рүү явсан. ...Удалгүй адуу авах гэж байсан хоёр ахын нэг нь гарч ирээд Баяртогтох ахыг “орж ирээд мөнгөө ав” гэхэд Баяртогтох ах дэлгүүр рүү ороогүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 73-75 тал/,
Гэрч П.Отгонбаярын өгсөн: “...Би “наймаа хийхдээ адуу худалдан авч байгаа хүнийхээ зургийг нь авчих эзэнтэй, эзэнгүй байж магадгүй, дэлгүүрт оруулж ирээд мөнгийг нь өгчих” гэж хэлсэн юм. Тэгтэл Саруул гарч яваад тэр хоёрыг дуудсан чинь орж ирээгүй. Дахиад дуудсан боловч орж ирээгүй явчихсан. ...Дараа халтар гүү нь манай сумын Батбуянгийн зөв талын гуядаа саран дэвсгэртэй гал тамгатай халтар гүү, нөгөө ньТөв аймгийн Лүн сумын Норов гэх залуугийн хүрэн халзан дан саран цагаан үсэн тамгатай адуунууд байсан. Тэгээд эзэд нь ирээд адуунуудаа авсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 78-79 тал/,
Гэрч Б.Өлзийхүүгийн өгсөн: “...Манай сумын Шар тал 2 дугаар багт оршин суудаг малчин Батбуян машинтай явж байсан ба над дээр ирээд мэнд ус мэдээд 1 тооны халтар хээр зүсмийн байдас харсан уу, гээд хайгаад явж байсан. ...Надад Батбуян өөрийн хайгаад байсан 1 тооны халтар зүсмийн адуугаа айлын гаднаас олсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-204-205 тал/,
Гэрч Б.Саруулын өгсөн: “...Тухайн 2 тооны адуу нь зүгээр тэнхээтэй ил харагдах шархгүй адуунууд байсан. Халтар хээр зүсмийн адууны бөгсийг шувуу ухсан ямар нэг ул мөр байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх- 212-213 тал/,
Гэрч Б.Баярбаатарын өгсөн: “...Батбуян нь халтар хээр зүсмийн зөв талын гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай гүү /байдас/ байхгүй болчихсон байна, тэгээд хайгаад явж байна гэж хэлсэн... Батбуянгийн алдсан халтар хээр зүсмийн байдасны бөгс зүгээр байсан ямар нэг шувуу ухсан шарх байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-216-217 тал/,
2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд Б.Батбуян гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “би эрүүгийн 2115000000070 дугаартай Баяртогтох гэх залууд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин сүүлд хэргийн холбогдогч Баяртогтохын аав Гүрсэд гэх хүн намайг хамт Булган аймаг яваад өгөөч дахин мэдүүлэг өгөх хэрэг байна гээд гуйгаад байсан болохоор би хамт өглөө үүрээр 06 цагт Булган аймаг явсан. ...Булган аймгийн мөрдөгчид хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчийн зааж өгсний дагуу өөрийн байдсаа өргөж босгохоор уначихаад байхаар нь мал болохгүй гэж бодоод орхичихоод явсан гэж худал мэдүүлсэн юм” гэх мэдүүлэг /1хх-н 219-220 тал/,
Эрүүгийн 2115000000070 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Батбуянгаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “..манай хулгайд алдсан гэх хээр халтар зүсмийн адуу нь бэлчээрийн ая даахгүй өргөж тавихаар уначихаад байхаар нь мал болохгүй юм байна гэж бодоод Баяннуур сумын Бор булан гэх газар хаячихаад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх-229 тал/,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-230-242 тал/,
“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 210067 дугаартай: “..1 тооны гүү 804.167 төгрөг, сарвайг тооны 225.000 төгрөг. 2 тооны адууны зах зээлийн үнэлгээ нийт 1.029.167 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-н 86-91 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Баяртогтох яллагдагчаар өгсөн: “...Очиж уг хоёр адууг үзэхэд хээр зүсмийн гүү нь газар хэвтээд босож чадахгүй байсан, бор халзан даага нь манай адуун дотор явж байсан юм. Би уг хээр зүсмийн гүүг хээр үхүүлж байхаар хүнд зараад буян болъё гэж бодоод тэр хавиар явж байсан ногоон алаг өнгийн микро шиг загвартай машин унаж явсан хоёр залууд зарахаар очоод “муудсан адуу авах уу?” гэж асуухад нөгөө хоёр залуу “очиж адууг чинь үзье” гэж хэлэхээр нь өөрийн адуу дээрээ дагуулж очоод хээр зүсмийн гүү, бор халзан даага хоёрыг дагуулсан. Би нөгөө хоёр залууд хандан “хээр гүү, бор халзан даага хоёрыг 300.000 төгрөгөөр өгчихнөө” гэж хэлсэн. Хохирогч нар нь өөрсдийн гэсэн хээр гүү, бор халзан даагыг буцаагаад зүсээр нь олоод авсан. Би Ренчинноров гэх хүнд 100 литр бензиний мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн. Батбуян нь болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэхээр нь мөнгө өгөөгүй. Оторчид нутаг буцахдаа муудсан замын ая даахгүй малаа үлдээгээд байхаар нь тийм мал байж магадгүй нэг хүнд ч гэсэн зарчихвал хоол ундтай болчих юм болов уу гэж бодсон. Үүнээс болж би хулгайн гэмт хэрэгт холбогдчихно гэж бодоогүй, сайн санасан маань буруу юм болжээ. Одоо юмыг ухаарч байна. Миний буруу. ...” гэх мэдүүлэг /хх-н 127-128 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Батбуянгийн яллагдагчаар өгсөн: “...Баяртогтохын аав Гүрсэд гэх хүн намайг хамт Булган аймаг яваад өгөөч дахин мэдүүлэг өгөх хэрэг байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн юм. Тэгээд намайг маргааш өглөө нь үүрээр 06 цагт гэрээс маань ирж аваад Булган аймаг явсан. ...Би Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчийн зааж өгсний дагуу өөрийн байдсаа өргөж “босгохоор уначихаад байхаар нь мал болохгүй гэж бодоод орхичихоод явсан” гэж худал мэдүүлсэн юм. Нэгэнт ингээд худал мэдүүлэг өгчихсөн учраас шүүх хуралдааны үед сүүлийн мэдүүлгээрээ худлаа хэлчихсэн юм. Тэрнээс манай алдсан адуу зүгээр адуу байсан. Үхэх гэж байгаа болон бөгсийг нь шувуу ухсан зүйл байгаагүй. ...” гэх мэдүүлэг /2хх-3-4 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Баяртогтох нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газраас Б.Батбуянгийн 1 тооны гүү хулгайлж 804.167 төгрөгийн, Ч.Рэнчинноровын цагаан үсэн тамгатай, хүрэн халзан зүсмийн 1 тооны даага хулгайлж 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбуянгийн өгсөн мэдүүлэг /хх-н 38-40, 42 тал/, хохирогч Ч.Рэнчинноровын өгсөн мэдүүлэг /хх-н 46-47 тал/ насанд хүрээгүй гэрч М.Насанжаргалын өгсөн мэдүүлэг /хх-н 73-75 тал/, гэрч Б.Саруулын өгсөн мэдүүлэг /хх-55-57 тал/, гэрч Ш.Батбаатарын өгсөн мэдүүлэг /хх-н 60-62 тал/, гэрч П.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-н 78-79 тал/, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 210067 дүгнэлт /хх-н 86-91 тал/ зэргээр,
Шүүгдэгч Б.Батбуян нь мөрдөн байцаалтын 2115000000070 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа зориуд худал мэдүүлсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өлзийхүүгийн өгсөн мэдүүлэг /хх- 212-213 тал/, гэрч Б.Баярбаатарын өгсөн мэдүүлэг /хх-216-217 тал/, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Батбуянгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-н 219-220 тал/, Эрүүгийн 2115000000070 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Батбуянгаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-229 тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-230-242 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баяртогтох, Б.Батбуян нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Г.Баяртогтохыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2-р багийн нутаг “Бор булаг” гэх газраас Б.Батбуянгийн 1 тооны гүү хулгайлж 804.167 төгрөгийн, Ч.Рэнчинноровын цагаан үсэн тамгатай, хүрэн халзан зүсмийн 1 тооны даага хулгайлж 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Шүүгдэгч Б.Батбуянг мөрдөн байцаалтын 2115000000070 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа зориуд худал мэдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Г.Баяртогтохын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Г.Баяртогтохын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Баяртогтох нь уг адууг бусдын өмчлөл эзэмшлийн адуу болохыг мэдсээр байж малын бэлчээрээс тууж авч явсан зэрэг үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Баяртогтох, Б.Батбуян нар нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Баяртогтохыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Батбуянгийн 1 тооны гүү хулгайлж 804.167 төгрөгийн, Ч.Рэнчинноровын цагаан үсэн тамгатай, хүрэн халзан зүсмийн 1 тооны даага хулгайлж 225.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Батбуянг мөрдөн байцаалтын 2115000000070 дугаартай хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа зориуд худал мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Г.Баяртогтохын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батбуянд 804.167 төгрөгийн, Ч.Рэнчинноровт 225.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Баяртогтох нь хохирлыг биет байдлаар буюу адууг тус тус хохирогч нарт буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх бөгөөд хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Баяртогтохыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Б.Батбуян нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Баяртогтохыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Батбуянг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Баяртогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэг Б.Батбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Баяртогтох, Б.Батбуян нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Баяртогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч Б.Батбуянд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Баяртогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Батбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баяртогтоход оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгчийн ар гэр болон түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдал болон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Баяртогтох, Б.Батбуян нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Базуу овогт Гүрсэдийн Баяртогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Буянт овогт Батмөнхийн Батбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Баяртогтохыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б.Батбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Батбуян торгох ялыг хэсэгчлэн төлөх санал хүсэлт гаргаагүй болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баяртогтоход оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Баяртогтоход оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баяртогтохыг өөрийн оршин суугаа газар буюу Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хязгаарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баяртогтох нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбуян, Г.Баяртогтох нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Баяртогтох, Б.Батбуян нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР