| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/159 |
| Огноо | 2021-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Билгүүн /онлайнаар/,
Иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэн /онлайнаар/,
Шүүгдэгч Э.Нямдорж, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Нямдоржид холбогдох эрүүгийн 2015002580089 дугаартай, 163/2021/0141/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Эрдэнэбилэгийн Нямдорж, 1995 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, .......... тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ......../,
Холбогдсон хэргийн талаар:
Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Нямдоржийг 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Холчийн хөндийн Дэрс хонхор” гэх газарт 36-04 ОРХ улсын дугаартай “Toёото приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дүгээр заалт, 11.3 дугаар заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан 77-64 УБЧ улсын дугаартай Ниссан патрол загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч М.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, Н.Азбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Нямдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2020 оны 7 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймаг явах замд буюу Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт зам тээврийн осолд орсон. Тухайн үед улсын баяр наадам болж байсан тул машин их явж байсан. Миний явж байсан шороон зам олон салаа байсан. Би өөрийн урсгалын замаар явж байхад урдаас “Patrol” маркын машин орж ирсэн. Баруун талд жалга байсан тул би зүүн гар тийшээ дарсан. Тиймээс би зүүн гар тийшээ дарж осол гаргасанд буруутаж байна. Уг үйл явдалд 100 хувь миний буруу гэхэд эргэлзээтэй байна. Эсрэг урсгалаас машин асар их хурдтай орж ирсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би нөхөр, 2 хүүгийнхээ хамтаар Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчиж байсан. Тухайн үед Булган аймгийн Дашинчилэн сумаас салаад шороон зам руу ороод нилээн явж байтал осол болсон. Зам нь олон салаа замтай байсан. Манай машин хурдтай явж байгаагүй. Гэтэл өөдөөс Patrol маркын машин манай урсгалаар асар их хурдтай орж ирсэн. Тэгээд өөдөөс тулаад ороод ирэхэд би орилоод наадах чинь мөргөлөө гэж хэлэхэд манай нөхөр урсгал чөлөөтэй байсан тал руу машинаа дарсан. Тэгээд тэр машин тормос гишгэхэд зогсохгүй явсаар байгаад манай машины жолоочийн талын бөгсөн хэсгээр мөргөсөн. Тэгээд манай машин бүтэн эргэж зогссон. Тухайн үед манай нөхөр ухаан алдсан байсан. 3 сартай хүү маань уйлаад байсан. Би Нямдоржийг сэрээгээд машинаас авч гарсан. Би тэр машинд явж байсан 3 залууг 3ямар хурдтай явдаг юм бэ?” гэж хэлтэл Э.Нямдорж тэр залуучууд дээр очиж хэрүүл хийсэн. Манай том хүү толгой нь доошоо харчихсан ухаангүй байсан. Тэгтэл замд явж байсан хүмүүс бид нарт тусалж, эмнэлэгт хүргэж өгсөн. Түүнээс биш тэр 3 залуу ерөөсөө туслаагүй. Ирж манай машин луу өнгийж харчихаад яваад өгсөн. Хурдан хугацаанд эмнэлэгт хандсанаар 2 хүүхдийн маань биеийн байдал сайжирсан. Тэгээд тэр замаар явж байсан 2 хүнээс 3 залууг согтуу байсан уу? гэж асуусан. Тэгтэл сайн мэдэхгүй байна. Энэ 3 залууг цагдаа гэж бодсон. Бид нарын хажуугаар хурдтай яваад өнгөрсөн гэж хэлсэн. Манай том хүү ослын улмаас гэмтэл, шарх сорив их авсан. Дахин хагалгаанд орох шаардлагатай боловч санхүүгийн байдлаас болоод орж амжаагүй байна. Бага хүүгийн маань хөлний дунд чөмөг нь хугарсан гэмтэл авсан. Тухайн зам тээврийн осолд 100 хувь манай нөхрийн буруу гэж үзэхгүй байна. Тэр машин урдаас хурдтай ирсэн. Тэр машины урдуур манай машин ороогүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд тухайн ослоос хөнгөн зэргийн гэмтэл авсан. Авто машинд учирсан хохирлыг хохирогч Далайцэрэн нэхэмжилж байгаа тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол, санал байхгүй. Шүүхээс энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хэргийн материалтай танилцсан. Мөн зам тээврийн ослын улмаас манай компаниас гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Нэхэмжилж байгаа хохирлыг төлбөл өөр гомдол, санал байхгүй гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Би нөхөр Нямдорж болон хүүхдүүд болох Чинхүслэн, Азбаяр нарын хамтаар өөрсдийн эзэмшлийн 36-04 ОРХ улсын дугаартай хөх өнгийн приус загварын тээврийн хэрэгслээр явж байсан юм. Тухайн үед жолоог нөхөр Нямдорж жолоодон би урд зорчигчийн суудал дээр бага хүүхэд болох 3 сартай Азбаярын хамтаар сууж харин арын суудал дээр Чинхүслэн ганцаараа сууж явсан. Тэгээд тухайн үед Улаанбаатар хотоос Орхон аймаг орох гээд явж байсан юм. Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаар асфальтан замаас салаад явж байхад эсрэг урсгалаас хурдтай тээврийн хэрэгсэл ирж байсан. Тухайн үед нөхөр Нямдорж жолооны хүрдийг баруун дарж замын баруун тал руу шахаж явахад эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл нь мөргөх гээд байхаар нь Нямдорж чиглэлээ өөрчилж жолооны хүрдийг зүүн дарж буюу урсгал сөрж замын ертөнцийн зүгээр баруун эргэх үйлдэл хийсэн. Тэр үед эсрэг урсгал хэсгээс ирж байсан машин манай машины арын хэсгээр мөргөөд манай машин эргэж зогссон. Тэгээд би Нямдоржийг ухаан алдчихсан байхад сэрээгээд машинаас гараад бид нарыг мөргөсөн Патрол маркийн тээврийн хэрэгсэл хөрвөөж дугуй нь дээшээ харсан байсан. Тэгээд Патрол маркийн тээврийн хэрэгслээс 3 залуу цонхоо хагалаад гараад ирэхээр нь би “”яасан хурдтай явдаг юм гээд уурласан. ...” гэх мэдүүлэг /1хх-32-33 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэнгийн өгсөн: “...Манай байгууллагын эзэмшлийн 77-54 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Өөр зам тээврийн осолтой холбоотой буюу эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэсэн зардал, нааш цааш явсан шатахууны зардал тээврийн хэрэгслийг ачуулсан зардал зэргийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1хх- 37 тал/,
Иргэний нэхэмжлэгч Л.Билгүүний гэрчээр өгсөн: “...Улаанбаатараас Булганы чиглэлд явж байхад тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн өөдөөс хурдтай өнгөрсөн. Тухайн өнгөрсөн тээврийн хэрэгслийн хойд талд шороо их хэмжээгээр боссон ба тухайн машины тоосон дундаас гэнэт приус-20 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл миний машины урдуур зүүн гар талдаа дарж орж ирсэн. Тухайн үед би машины тормоз гишгэж баруун дарсан боловч уг машин маш ойрхон ирсэн байсан учраас уг машины баруун хойд талыг мөргөж манай машин 4 дугуй нь дээшээ харсан. Тэгээд машинаасаа буугаад тухайн приус-20 загварын тээврийн хэрэгсэл дээр очсон чинь 9-10 настай эрэгтэй хүүхдийг уг тээврийн хэрэгслийн зүүн хойд талд хэвтүүлсэн байдалтай уг хүүхдийн уруулны доод хэсэг нь зүсэгдэж цус гарсан байдалтай хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг/1хх- 40-44 тал/,
Гэрч Б.Пүрэв-Очирын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах “Холчийн хөндий” рүү уруудаад явж байсан. Би тухайн үед 77-64 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байтал Улаанбаатараас Булган чиглэл рүү жижиг тэрэг хажуугаар зөрсөн ба уг тээврийн хэрэгслийн шороон дундаас приус-20 маркын хөх өнгийн тээврийн хэрэгсэл манай машины урдуур хөндлөн ороод ирэхээр нь би яг мөргөх гэж байгааг мэдээд машины дээд талын бариулнаас бариад биеэ чангалаад, хөлөөрөө шал руу жийгээд байж байтал манай машин уг приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд тал руу мөргөж газар унаад манай машины 4 дугуй дээшээгээ харсан. Тэгээд суудлын бүсээ тайлаад машинаас гараад иртэл миний хүзүү хөдлөхгүй байсан. Манай машины баруун талд приус-20 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ зогсож байсан ба уг машины дэргэд нялх хүүхдээ элгэн дээрээ тэвэрсэн эмэгтэй хүн уйлаад байж байсан. Тухайн үед уг эмэгтэй тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг “би чамайг зөөлөн яв гэж хэлээ биздээ, хүн алчихлаа, миний хүү, миний хүү” гэж орилж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх- 49-53 тал/,
Гэрч Б.Ууганбаярын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах “Холчийн хөндий” рүү уруудаад явж байсан. Би тухайн үед 77-64 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын суудал дээр унтаад явж байтал гэнэт тас гэх чимээ гараад би хажуу талын хаалга руу цохигдоод сэртэл миний сууж явсан машин газар унаж 4 дугуй нь дээшээ харахаар нь өөрийнхөө талын хаалгыг онгойлгох гэсэн боловч онгойхгүй болохоор нь Билгүүнийг машинаа унтраа гэж хэлээд уг машиныг унтраагаад баруун талын урд хаалганы цонхыг нь хагалаад гарсан. Тэгэхэд манай машины баруун талд приус-20 маркийн хөх өнгөтэй тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /1хх- 54-5 тал/,
Гэрч Б.Оюунгэрэлийн өгсөн: “...Тухайн зам тээврийн осол болсон гэх газар очиж анхны тусламж үзүүлсэн. Тэгш зам байсан. Хуурай тоосжилт ихтэй байсан. Приус талын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг/1хх- 57 тал/,
Гэрч А.Баярхүүгийн өгсөн: “...Дуудлага мэдээлэл ирсний дагуу сумын эрүүл мэндийн төвийн эмч нар болон цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Шинэбаатарын хамтаар дуудлаганд очсон. Дуудлаганд очоод хэргийн газрын хамгаалалт авч ажилласан. Тухайн үед осол болсон газрын байршил, шарвалтын мөр, хагарсан эд зүйл, зогсолт зэргийг харахад приус маркийн машиныг буруутай гэж бодож байна. Приус маркийн машины зорчиж байсан хэсэгт эвдрэл гэмтэл байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-63 тал/,
Гэрч Д.Шинэбаатарын өгсөн: “...Би Булган аймаг дахь Цагдаагийн газрын Бүрэгхангай сум дахь сум дундын цагдаагийн тасгийн жолооч хийдэг. Уг ажлаа хийгээд 3 жил болж байна. Приус машины зорчиж явсан хэсэгт эвдрэл гэмтэл байгаагүй. Патрол маркын тээврийн хэрэгслийн зорчиж байсан хэсэгт эвдрэл гэмтэлтэй байсан. ...” гэх мэдүүлэг/1хх-59 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №8240 дугаартай: “...М.Чинхүслэнгийн биед баруун талд жигүүр сэртэнгийн бага далавч руу үргэлжилсэн хугарал, баруун ухархайн дотор хана, этмойд хөндий, духны гадна ялтас, хамар гаймаровын хөндийн цөмөрсөн хугарал, хоншоор ясны шүд дайрсан сэтэрсэн хугарал, эрүү ясны далд хугарал, аалзавчийн доорх голомтлог цус харвалт, баруун умдаг ясны дээд салааны сэтэрсэн хугарал, зүүн 1-р хавирганы хугарал, баруун хөмсөг, эрүүнд шарх, нүүрний зулгаралт, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, 4 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх- 77-79 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №8175 дугаартай “...Н.Азбаярын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, хоёр талын дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /1хх- 82-83 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №8239 дугаартай Ц.Мөнх-Эрдэнийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамарт шарх, зүүн зовхи, баруун бугалга, баруун хөх, баруун шуу, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /1хх- 86-87 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №8360 дугаартай: “...Л.Билгүүний биед тархи доргилт, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /1хх- 90-91 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 1020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №36 дугаартай “...Жолооч Эрдэнэбилэг овогтой Нямдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалт “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11 .а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно”, 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байна. Жолооч Ламчун овогтой Билгүүн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Хэний буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол, хэрэг гарсныг шүүх эцэслэн тогтооно. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад уг зам тээврийн осол болох үед шороо босож, тоосжилт ихтэй байсан тул байгалийн нөхцөл, газрын гадарга нөлөөлсөн байна. ...” гэх дүгнэлт /1хх-116 тал/,
Арвижих-Эстимэйт ХХК-ны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №17373 дугаартай шинжээчийн “...Тоёота приус-20 загварын 36-04 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг 2.625.000 төгрөгөөр тогтоосон. ...” шинжээчийн дүгнэлт /1хх- 121-122 тал/,
Арвижих-Эстимэйт ХХК-ны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №17374 дугаартай шинжээчийн “...Ниссан Патрол загварын 77-64 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг 9.520.000 төгрөгөөр тогтоосон. ...” шинжээчийн дүгнэлт /1 хх-129-130 тал/,
Арвижих-Эстимэйт ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №17831 дугаартай шинжээчийн “...Ниссан Патрол загварын 77-64 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангийн эвдрэл гэмтлийн үнэлгээг 2.490.000 төгрөгөөр тогтоосон. ...” шинжээчийн дүгнэлт /1хх-139 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Нямдоржийн яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-202-203 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Нямдорж нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Холчийн хөндийн Дэрс хонхор” гэх газарт 36-04 ОРХ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дүгээр заалт, 11.3 дугаар заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан 77-64 УБЧ улсын дугаартай Ниссан патрол загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч М.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, Н.Азбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх- 37 тал/, иргэний нэхэмжлэгч Л.Билгүүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх- 40-44 тал/, гэрч Б.Пүрэв-Очирын өгсөн мэдүүлэг /1хх- 49-53 тал/, гэрч Б.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /1хх- 54-5 тал/, гэрч Б.Оюунгэрэлийн өгсөн мэдүүлэг/1хх- 57 тал/, гэрч А.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /1хх-63 тал/, гэрч Д.Шинэбаатарын өгсөн мэдүүлэг/1хх-59 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №8240 дугаартай дүгнэлт /1хх- 77-79 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №8175 дугаартай дүгнэлт /1хх- 82-83 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №8239 дугаартай дүгнэлт /1хх- 86-87 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №8360 дугаартай дүгнэлт /1хх- 90-91 тал/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 1020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №36 дугаартай дүгнэлт /1хх-116 тал/,
Арвижих-Эстимэйт ХХК-ны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №17373, №17374, №17831 дугаартай дүгнэлтүүд /1хх-121-139 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нямдоржийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Э.Нямдоржийг 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Холчийн хөндийн Дэрс хонхор” гэх газарт 36-04 ОРХ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, Н.Азбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Э.Нямдорж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Нямдоржийн гэм буруутай үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд төрлийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Э.Нямдоржийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Э.Нямдоржийг 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Холчийн хөндийн Дэрс хонхор” гэх газарт 36-04 ОРХ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, Н.Азбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, Н.Азбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Нямдоржийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Л.Билгүүн нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Харин иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэнгийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, засвар, үйлчилгээний хөлсөнд нийт 14435322 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2425322 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Э.Нямдоржоос 12010000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэнд олгож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2425322 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Нямдоржийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Нямдоржийг 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Холчийн хөндийн Дэрс хонхор” гэх газарт 36-04 ОРХ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Чинхүслэнгийн эрүүл мэндэд хүнд, Н.Азбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.Нямдоржийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Нямдорж нь гэмт хэрэг үйлдсэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Нямдорж нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Жаргалант сумын 1 дүгээр багийн Тариаланчдийн 3-10 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн /1хх-208-209/ дүгээр талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Э.Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нямдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Билгүүн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ болох 12010000 /арван хоёр сая арван мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Нямдоржоос гаргуулж иргэний нэхэмжлэгч ............... тоотод оршин суух Ган-Очирын Далайцэрэн /РД:.............../-д олгох, иргэний нэхэмжлэгч Г.Далайцэрэн нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болох 2425322 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР