Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

               
 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, 

Улсын яллагч П.Шижиртуяа,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, Э.Цэнгүүн,

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Сайнбилэг,

Өсвөр насны шүүгдэгч Э.Очгэрэл, түүний хууль ёсны төлөөлөгч П.Бямбацэцэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Намсрай, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэсүрэн,

Өсвөр насны шүүгдэгч Б.Пүрэвжал, түүний хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Номгон овогт Амарсанаагийн Энхтэмүүлэн, Уран овогт Энхсайханы Очгэрэл, Ноён овогт Батчулууны Намсрай, Хиад овогт Батбаярын Пүрэвжал нарт холбогдох эрүүгийн 2115000000131 дугаартай, 163/2021/0150/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Номгон овогт Амарсанаагийн Энхтэмүүлэн, 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 16 настай эрэгтэй, .......................оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгэлгүй, /.............. /,

Монгол Улсын иргэн, Уран овогт Энхсайханы Очгэрэл, 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, ......................суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, Монгол Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгэлгүй, /РД..................... /,

Монгол Улсын иргэн, Ноён овогт Батчулууны Намсрай, 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, ...............оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн 10а ангид сурдаг, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгэлгүй, /РД.................. /,

Монгол Улсын иргэн, Хиад овогт Батбаярын Пүрэвжал, 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, .......................багт оршин суух хаягтай, бага боловсролтой, Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9а ангид сурдаг, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг. Урьд ял шийтгэлгүй, /РД: .............../,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нар нь бүлэглэж 2021 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сум, Өлзийт 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулах Б.Уртнасангийн эзэмшлийн “Хайрхан” хүнсний дэлгүүрт нэвтэрч 163960 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэнгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Очгэрэлийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Намсрайгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Пүрэвжалын өгсөн Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000000131 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нар нь бүлэглэж 2021 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сум, Өлзийт 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулах Б.Уртнасангийн эзэмшлийн “Хайрхан” хүнсний дэлгүүрт нэвтэрч 163960 төгрөгийн эд зүйлс хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Уртнасангийн өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг 30 минутын үед дэлгүүртээ гал түлэх гээд арынхаа хаалгаар ортол миний цоожилсон байсан дэлгүүрийн дотор 2 хаалга эвдэрч онгойсон, гадна бүргэд хаалга онгойсон, үүдэнд шилний хагархайнууд газар шалан дээр унасан, үүдний тамбарын жижиг вакум цонх онгойсон байсан. Тэгээд би хулгай орчихсон байна гэж мэдээд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг дөнгөж өнгөрч байхад өөрийнхөө 95771877 дугаарын гар утсаар хэсгийн төлөөлөгчид манай дэлгүүрт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. …” гэх мэдүүлэг /хх-28-30 тал/,

Гэрч Б.Мөнхбаярын өгсөн: “... Би 2021 оны 5 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг өнгөрч байхад дэлгүүртээ гал түлэх гээд орсон чинь гадна бүргэд хаалга онгорхой дотор талын хаалганы шил хагараад газарт уначихсан байхаар нь гайхаад харсан чинь гадна жижиг вакум цонхыг юмаар хөшөөд онгойлгосон бас дотор талын хаалга хөшиж онгойлгосон рамыг нь хугалсан цоож нь эвдэрсэн байсан. Ингээд би гэртээ орж эхнэртээ хэлсэн манай эхнэр Уртнасан хувцсаа өмсөөд бид хоёр дэлгүүртээ орсон. Тэгээд би сумын цагдаа руу ирж дуудлага өгөх гэсэн чинь хүн байхгүй юм шиг байхаар нь буцаж гэртээ очсон. Тэгээд манай эхнэр Уртнасан хэсгийн төлөөлөгчид гар утсаар “манай дэлгүүрт хулгай орчихсон байна ирж үзэж өгнө үү” гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг /хх-62-63 тал/,

Гэрч С.Пүрэвдуламын өгсөн: “... 2021 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө манай хүү Б.Пүрэвжал нь найзууд болох Намсрай, Очгэрэл, Энхтэмүүлэн нарын хамт манай сумын Мөнхөө гуайн дэлгүүрээс бэлэн хоол, ундаа, шоколад, хиам, тамхи зэрэг эд зүйлийг хулгайлаад авсан байна. Би энэ хүүхдүүдийг гэнэн томоогүй зан цаашид гарах үр дүнг мэдэхгүй учраас үүнээс гарах эрсдэлийг тооцохгүйгээр ийм муухай хэрэг хийсэн байна гэж бодож байна. Миний хувьд эмэгтэй хүн, эх хүний хувьд маш их харамсаж, бас ичиж байна. Тухайн үедээ манай хүүхдүүд хоол хийж идэх гэж борц нүдэж байгаад хоол хийж идэхээсээ залхуураад ийм хэрэг хийсэн байна лээ. …” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

Гэрч П.Бямбацэцэгийн өгсөн: “...Манай хүү Очгэрэл надад “2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Энхтэмүүлэн л дэлгүүр онгойлгосон, цонхыг нь өргөхөөр нь би дэлгүүрийн дотор орж юм авсан” гэж хэлсэн. Ер нь манай хүү надтай энэ хэргийн талаар дэлгэрэнгүй яриагүй. Өөрөө ярих дургүй байгаа юм шиг байна лээ. Би “чи яах гэж ийм хэрэг хийж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “ээжээ би дахиж тэгэхгүй, хулгай хийхгүй” гэж амлалт өгсөн. …” гэх мэдүүлэг /хх-70-71 тал/,

Гэрч Н.Сайнбилэгийн өгсөн: “...Миний хүү Энхтэмүүлэн нь 2021 оны 5 дугаар сарын 02-ны шөнө гэртээ хоноогүй 03-ны өдрийн өглөө эрт намайг унтаж байхад гэртээ орж ирсэн. Намайг дэлгүүрээс яагаад хулгай хийсэн талаар асуухад Пүрэвжалын гэрт тоглож байгаад цоож онгойлгох амархан гэж ярьцгааж байсан. Тэгээд Очгэрэл “Мөнхөө ахын дэлгүүр рүү явъя” гээд очиж Очгэрэл, Пүрэвжал хоёр дэлгүүрийн дотор тал руу орж юм авсан би өөрөө дэлгүүрийн таамбарт зогсож байсан” гэж хэлсэн. Манай хүү бас дэлгүүрээс авсан юмаа буцаагаад аваачиж өгье гэж бодож байсан юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-73-74 тал/,

Гэрч Ц.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “... Би болсон хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй байна. Манай хүү 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сумын төвөөс гэртээ харих замдаа Энхтэмүүлэн “дэлгүүр ухъя” гэж хэлсэн. Би “болохгүй, тэгж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд хоол хийх гэж байгаад болиод Мөнхөө гэдэг айлын дэлгүүр ухах гээд Очгэрэл, Пүрэвжал, Энхтэмүүлэн 3 гарсан. Би гэрт ганцаараа үлдчих гээд байсан учир тэр гурвыг дагаад явсан. Намайг дэлгүүрт оръё гэхээр нь би орохгүй гэж хэлээд гудамжинд үлдсэн гэж надад ярьсан. Манай хүүхэд ер нь надад худлаа ярьж байгаагүй. Ийм л зүйл ярьсан. ... гэх мэдүүлэг /хх-81-82 тал/,

 “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ний 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2/312 дугаартай: “...Нийт эд зүйлсийн үнэлгээг 239460 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-94 тал/,

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Пүрэвжал, Намсрай хоёр жоохон хоцорч хойно явж байгаад дэлгүүрийн хойд буланд үлдчихсэн. Би Очгэрэлийн хамт дэлгүүрийн үүдний таамбарын вакум цонхыг Пүрэвжалын гэрийн хаалгыг онгойлгосон, отверкаар вакум цонхыг хөшиж онгойлгосон. Жижиг цонхыг онгойлгосны дараа би цонхыг барьж байгаад Очгэрэл цонхоор дэлгүүрийн таамбар луу ороод гадна бүргэд хаалгыг дотроос онгойлгосон, би хаалгаар орсон. ... Ороод би дэлгүүрийн таамбарт үлдсэн. Пүрэвжал, Очгэрэл хоёр дэлгүүр лүү цаашаа орсон. Удаагүй Очгэрэл хайрцагтай зүйл аваад гараад ирсэн. Тэгээд түрүүлээд гараад явсан. Би Пүрэвжалыг хэсэг хүлээсэн. Пүрэвжал дэлгүүрээс гарч ирэхдээ нэг хайрцаг ченж эссэ, таван хайрцаг дундын Mild, нэг хайрцаг Кастер нэртэй тамхи, хоёр ширхэг МАХ FUN нэртэй шоколад зэргийг дэлгүүрээс авч гарч надад өгсөн. Тэгээд бид хоёр дэлгүүрээс гараад Пүрэвжалын гэр лүү явцгаасан. Намсрай Очгэрэлээс хайрцагтай эд зүйлсийг аваад Пүрэвжалын гэр лүү явж байсан. Пүрэвжалын гэрт очоод бид хэд дэлгүүрээс хулгайлсан гоймон, хиам, ундаа зэрэг эд зүйлсийг ууж идэцгээсэн. Үлдсэн зүйлсийг нь буцаагаад хайрцганд хийгээд бүгдээрээ амарцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-127-129 тал/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Очгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Энхтэмүүлэн дотогш орж хаалгыг түгжээгээр нь онгойлгоод бид хэд дэлгүүр лүү орсон. Оронгуутаа би хөргөгчнөөс цаасан хайрцагтай 10 ширхэг хятад бэлэн гоймонг авсан. Дээр нь хөргөгчнөөс 4 ширхэг нарийн хиам, нэг ширхэг Түмний фанта авч хайрцганд хийсэн. Пүрэвжал хайрцаг руу нэг блок /10 ширхэгтэй/ энгийн эссэ, 2 ширхэг талх, түмний фанта нэг ширхэгийг хийсэн. Дараа нь лангууны хойноос Пүрэвжал намайг дуудаад “энийг хайрцаг руу хийчих” гээд 4 ширхэг дундын Mild хийсэн. Тэгээд би хайрцагтай эд зүйлээ аваад  Намсрай дээр очоод “энийг авчих” гээд хайрцагтай эд зүйлсээ өгсөн. Хойноос Энхтэмүүлэн, Пүрэвжал хоёр гарч ирсэн. ...Тэгээд бид хэд Пүрэвжалын гэрт очоод дэлгүүрээс хулгайлсан гоймон, хиам, ундаа зэрэг эд зүйлсийг ууж идэцгээсэн. Үлдсэн зүйлсийг нь буцаагаад хайрцганд хийгээд бүгдээрээ амарцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-136-137 тал/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Намсрайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Энхтэмүүлэн гал тогооны хэсгээс том өрөөнд орж ирээд “Хэдүүлээ дэлгүүрээс хулгай хийх үү” гэж бид хэдээс асуусан. Тэгэхээр нь бид хэд Энхтэмүүлэнгийн яриаг нээх тоогоогүй гар утсаар үргэлжлүүлээд тоглосон. Гар утсаараа тоглоод байж байхад цахилгаан тасарсан, удаагүй гар утаснууд маань цэнэггүй болцгоосон. Тэгээд тоггүй хийх зүйлгүй байж байгаад хоолоо болгож идэж чадаагүй учраас бөөнөөрөө ярилцаж байгаад Мөнхөө ахын дэлгүүрээс бэлэн гоймон хулгайлахаар болсон. ... Тэгээд Пүрэвжал надаас салж явсны дараа 10 орчим минут болоод нөгөө хэд маань дэлгүүрийн хашааны булан тойроод гараад ирсэн. Хамгийн эхэлж Очгэрэл цаасан хайрцагтай зүйл бариад гарч ирээд түрүүлж над дээр ирсэн. Ирээд надад нөгөө хайрцагтай зүйлээ өгсөн. Хойноос нь Пүрэвжал, Энхтэмүүлэн хоёр хүрч ирээд бид хэд Пүрэвжалын гэр лүү очсон. Пүрэвжалын гэрт очиход 01 цаг өнгөрч байсан. Пүрэвжалын гэрт очоод хайрцагийг үзэхэд бэлэн гоймон, ундаа, хиам, талх, шоколад, тамхи зэрэг эд зүйлс байсан. Тэгээд бид хэд хиам, талх, ундаа зэргийг идэж, уугаад үлдсэн зүйлсийг нь буцаагаад хайрцаганд хийгээд амарцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-145-146 тал/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Пүрэвжалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Очгэрэл дэлгүүрийн хаалганы хавьцаанаас дуудаж байгаа бололтой сонсогдсон. Би юу болсон юм бол гэж бодоод очиход дэлгүүрийн гадна хаалгыг Энхтэмүүлэн, Очгэрэл хоёр онгойлгочихсон “дотор талын модон хаалгыг онгойлгоход туслаач” гэхээр нь би тэр хоёртой нийлж хамжиж байгаад Энхтэмүүлэн модон хаалгыг хөшиж завсар гаргаж байгаад Очгэрэл бид хоёр татаж хаалгыг онгойлгосон. ...Ороод Очгэрэл том хөргөгчнөөс хайрцагтай 10 ширхэг бэлэн гоймон, 4 ширхэг нарийн хиам, дөрвөн ширхэг дундын Mild нэртэй тамхи авсан. Дэлгүүрээс гарахдаа хайрцганд нь нэмж /ундаа, нэг блок /10 ширхэгтэй/ энгийн эссэ, 2 ширхэг талх аваад гарсан. Дараа нь би лангуун дотроос 1 ширхэг ундаа, нэг кастер, нэг дундын Mild, нэг ченж эссэ, МАХ FUN нэртэй шоколад хоёр ширхэгийг аваад гарсан. Очгэрэл надаас түрүүлээд гарсан байсан. Намайг дэлгүүрээс гарахад Энхтэмүүлэн дэлгүүрийн хаалган дээр намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид хэд манай гэр лүү дэлгүүрээс шууд очсон. ...” гэх мэдүүлэг /хх-154-155 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, өсвөр насны шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Уртнасан, гэрч Б.Мөнхбаяр, С.Пүрэвдулам, П.Бямбацэцэг, Н.Сайнбилэг, Ц.Эрдэнэсүрэн нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарын үйлдэл идэвхтэй, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарын хохирогч Б.Уртнасангийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт нэвтрэн эд зүйл хулгайлан авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарыг бүлэглэж, 2021 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сум, Өлзийт 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулах Б.Уртнасангийн эзэмшлийн “Хайрхан” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан авч, 163960 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уртнасанд 239460 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирлыг төлж барагдуулснаар хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэргийн нөхцөл байдал болон өсвөр насны шүүгдэгч нарын нас биеийн онцлог, сурч боловсорч буй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 литрийн савлагаатай фанта ундааны хоосон сав 1 ширхэг, “Caster” тамхины хоосон хайрцаг 1 ширхэг, задалсан хайрцагтай 16 ширхэг “Mevius” тамхи, “Max Fun” нэртэй шоколадны уут 1 ширхэг, аягатай кимчи бэлэн хоолны таг 1 ширхэг, “Шинэ” гэсэн бичиглэлтэй хиамны хаяг, 1 метрийн урттай бага зэрэг далийсан 1.2*1.5 см хэмжээтэй 4 талт нарийн цул төмөр зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Номгон овогт Амарсанаагийн Энхтэмүүлэн, Уран овогт Энхсайханы Очгэрэл, Ноён овогт Батчулууны Намсрай, Хиад овогт Батбаярын Пүрэвжал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

4. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.Энхтэмүүлэн, Э.Очгэрэл, Б.Намсрай, Б.Пүрэвжал нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 литрийн савлагаатай ундааны хоосон сав 1 ширхэг, “Caster” тамхины хоосон хайрцаг 1 ширхэг, задалсан хайрцагтай 16 ширхэг “Mevius” тамхи, “Max Fun” нэртэй шоколадны уут 1 ширхэг, аягатай кимчи бэлэн хоолны таг 1 ширхэг, “Шинэ” гэсэн бичиглэлтэй хиамны хаяг, 1 метрийн урттай бага зэрэг далийсан 1.2*1.5 см хэмжээтэй 4 талт нарийн цул төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР