Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0581

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Монгол улсын Дотоодын цэргийн командлагчийн нэрийн өмнөөс Цагдаагийн ерөнхий газар

Нэхэмжлэгч: Т.Ж

Хариуцагч: Монгол улсын Дотоодын цэргийн командлагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарт харуулын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ахмад цол тэмдгийг буцаан олгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 587 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Ж, түүний өмгөөлөгч Ө.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0189/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 587 дугаар шийдвэрээр: “1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын харуулын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ахмад цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгаж, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Т.Ж-ын ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн байна.

 

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Монгол улсын Дотоодын цэргийн командлагчийн нэрийн өмнөөс Цагдаагийн ерөнхий газар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

2.1. “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж зохицуулсан бөгөөд Дотоодын цэргийн командлагчаас өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буюу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “код 122" журамд заасны дагуу хийгдсэн албан шалгалтаар нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй, дуу, дүрсний бичлэг хийдэг, түүгээрээ алба хаагчдыг дарамталдаг, сүрдүүлэг зөрчил нь хангалттай нотлогдсоор байтал анхан шатны шүүхээс тухайн зөрчлийг нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

 

2.2. Дотоодын цэргийн штабаас хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 202203700000032 дугаартай албаны шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Баян-Өлгийн аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салбарт үүсээд байгаа асуудлыг илүү нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж, эрх бүхий алба хаагч болох хошууч Б.Б, ахлах дэслэгч Б.Б нарыг урьдчилан удирдамж баталж, нарийвчилсан шалгалтын ажиллагаа хийлгүүлэхээр томилсон бөгөөд шалгалтын үйл ажиллагааны явцад илрүүлсэн зөрчлийн урьдчилан батлуулсан удирдамжид заагдаагүй асуудал гэж шалгахгүй орхих эрх тухайн алба хаагч нь байхгүй ба үүсээд байгаа нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд тогтоож санал танилцуулга боловсруулсан алба хаагчдын үйл ажиллагааг буруутган хийх ёсгүй шалгалтыг хийсэн, тухайн шалгалт нь зорилгодоо нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

2.3. Алба хаагчид шалгалтын хүрээнд холбогдогчоос зөвхөн “тайлбар” авах эрхтэй бөгөөд анхан шатны шүүхээс албаны шалгалтын хүрээнд “гэрчийн мэдүүлэг”-ийг бусад баримтаар нотлоогүй гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан байгаа нь ямар ч этгээдээс “мэдүүлэг” аваагүй байхад авсан мэт дүгнэсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

 

2.4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж тодорхой зааж өгсөн ба хариуцагч талаас нэхэмжлэгч хариуцсан алба хаагчдтайгаа зүй бус харьцдаг, хууль бусаар хийсэн бичлэгээрээ дарамталдаг талаар алба хаагчдаас өгсөн хангалттай тайлбар байхад түүнийг үнэлээгүй, албаны шалгалтын хүрээнд ямар нэг аудио бичлэг байгаа эсэхийг тодруулаагүй, хариуцагч талын гаргаж өгсөн баримттай холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нотлох баримтыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ бататгаж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхилоо. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч Монгол Улсын Дотоодын цэргийн командлагчид холбогдуулан “Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарт харуулын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ахмад цол тэмдгийг буцаан олгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

2.2. Маргаан бүхий акт болох Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Ж-ыг “Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар ажиллаж байхдаа ...алба хаагчидтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, бүдүүлэг үг хэллэгээр дарамталж, заналхийлсэн, яс үндсээр ялгаварлан гадуурхан зүй бус харьцан, тэдний зөвшөөрөлгүйгээр зураг, дүрс бичлэг хийж өөрийн эрхшээлдээ байлгасан” гэх үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

 

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дотоодын цэргийн 829 дүгээр салбарын харуулчин ахлагч нар буюу хамт олны зүгээс нэхэмжлэгч Т.Жад холбогдуулан гомдол гаргасны дагуу Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Д 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2-02/1581 дугаар албан бичгээр тус салбарын захирагч, ахмад А.Б-ээр албаны шалгалтыг хийлгэж, дүнг Дотоодын цэргийн штабын даргын нэр дээр ирүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хошууч А.Танат-д үүрэг болгожээ.

 

2.4. Улмаар Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын захирагч, ахмад А.Б тус салбарын харуулын дарга, ахмад Т.Ж-д холбогдуулан явуулах албаны шалгалтын төлөвлөгөөг батлуулж, Албаны шалгалт явуулсан талаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №20220370000032 дугаартай танилцуулгаар “...Т.Ж-д сануулах сахилгын шийтгэл оногдуулж, өөр анги, салбар руу шилжүүлэх” саналыг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Ч-т хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

2.5. Харин анхан шатны шүүхээс “...тус салбарын захирагч А.Б-ийг шалгах удирдамжийн дагуу Т.Ж-ыг шалгаж, улмаар тус шалгалтын дүгнэлтээр нэхэмжлэгчийг албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

2.6. Учир нь нэхэмжлэгч Т.Ж-аас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “...салбарын захирагч, ахмад А.Б нь албаны шалгалт явуулахдаа миний эсрэг алба хаагчдыг тулган шаардаж, тайлбар аван, намайг болон бусад албан хаагчдыг заналхийлэн сүрдүүлж, цэргийн дүрмийн бус харилцаа үүсгэн, албан тушаалын байдлаа урвуулан, хувийн ашиг сонирхол гаргаж байна” гэх агуулга бүхий өргөдлийг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Ч-т гаргасан байх бөгөөд тус гомдлын дагуу Дотоодын цэргийн штабын даргаас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022059000000010 дугаартай Албаны шалгалт явуулах төлөвлөгөөг баталж, шалгагчаар хошууч Б.Б, ахлах дэслэгч Б.Б нарыг томилсон байна.

 

2.7. Дээрх төлөвлөгөөний дагуу салбарын захирагч, ахмад А.Б-т холбогдуулан албаны шалгалтыг гүйцэтгэх явцад байгууллагын дотоод зөрчилтэй холбоотой буюу Т.Ж-ын талаарх гомдол мэдээллийг илрүүлж, улмаар тус зөрчлийн талаар нягтлан шалгасан нь тухайн ажлын хэсэг болох шалгагч нарын эрх тул энэ талаар шалгаж тодруулсныг буруутгах боломжгүй.

 

2.8. Ийнхүү шалгагч хошууч Б.Б, ахлах дэслэгч Б.Б нараас Т.Ж-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгасан дүгнэлтдээ түүнд сахилгын шийтгэл ногдуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис нарт танилцуулсан байна.

 

2.9. Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд үндэслэх, шийдвэр үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зэрэг тусгай зарчимд нийцсэн байхаас гадна аливаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон байх, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох, шийдвэрт хууль зүйн болон бодит үндэслэлийг, мөн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах журмыг заах зэрэг захиргааны акт гаргах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг журамлан заасан Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх учиртай.

 

2.10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.

 

2.11. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.Ж-ын талаар албан хаагчдын гомдолд дурдсан үйлдэл нь түүнийг Цагааннуур чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын дарга буюу ажил үүргийн хувьд тус байгууллагын дотоод журмыг сахиулах, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан захирах, захирагдах зарчмыг хэрэгжүүлэх үедээ гаргасан ёс зүйн зөрчил гэж үзэхээр байна.

 

2.12. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа салбарын захирагч, ахмад А.Б-ээс Т.Ж-д холбогдуулан явуулсан №20220370000032 дугаартай албаны шалгалтын дүнгээр танилцуулсан “...сануулах сахилгын шийтгэл оногдуулж, өөр анги, салбар руу шилжүүлэх” гэсэн саналыг харгалзан үзсэн эсэх, энэ саналын дагуу арга хэмжээ авсан, хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй атлаа 2022059000000010 дугаартай албаны шалгалтын явцад авсан зөвхөн албан хаагчдын мэдүүлгийг үндэслэн түүнийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь дээрх хуульд заасан “...хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

2.13. Учир нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болгосон алба хаагчдтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, бүдүүлэг үг хэллэгээр дарамталж, заналхийлсэн, яс үндсээр ялгаварлан гадуурхан зүй бус харьцан, тэдний зөвшөөрөлгүйгээр зураг, дүрс бичлэг хийж өөрийн эрхшээлдээ байлгасан үйлдэл гаргаагүй...” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх зөрчлийн талаарх үйл баримтыг хөдөлбөргүйгээр шалгаж тогтоогоогүй атлаа уг зөрчлийг гаргасан гэж шууд буруутгасан нь үндэслэлгүй.

 

2.14. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэлгүйгээр зөвхөн албан хаагчдын мэдүүлэг, тайлбарыг үндэслэж нэхэмжлэгчийг буруутгасан нь буруу болжээ.  

 

2.15. Түүнчлэн Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Дотоодын цэргийн командлагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 8.1.10-д “цэргийн жинхэнэ алба хаагчийг офицерын албанд томилох, чөлөөлөх, халах” гэж,

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-д заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.51-1.5.4-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж тус тус заасан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг хэрэглэхэд уг шийдвэрийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулах зарчмыг баримтлах нь тэрхүү ногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр байхад нөлөөлнө.

 

2.16. Энэ талаар анхан шатны шүүхээс “...тухайн алба хаагчийг цэргийн дүрэм, сахилгыг хэрхэн ямар байдлаар зөрчсөн талаарх нөхцөл байдлыг буюу ажлаас халах нөхцөл үндэслэлийг шийдвэр гаргахаасаа өмнө эргэлзээгүйгээр шалгаж тогтоосон, түүнчлэн зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн байдлыг нь харгалзан шийтгэл ногдуулсан тохиолдолд тухайн шийдвэрийг бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байхыг шаардана” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

2.17. Мөн Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаас өгсөн чиглэлийн дагуу өмнө хийгдсэн шалгалтын мөрөөр илэрсэн зөрчилд дээр дүгнэсэнчлэн анхан шатны шүүхийн “...албаны шалгалтын танилцуулгыг Дотоодын цэргийн штабын дарга танилцаж удирдлагын шийдвэр гаргаагүй байх тул 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 202203700000032 дугаартай албаны шалгалтаар илэрсэн зөрчилд сахилгын арга хэмжээ авахад шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

2.18. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч хариуцсан алба хаагчдтайгаа зүй бус харьцдаг, хууль бусаар хийсэн бичлэгээрээ дарамталдаг талаар алба хаагчдаас өгсөн хангалттай тайлбар байхад түүнийг үнэлээгүй, албаны шалгалтын хүрээнд ямар нэг аудио бичлэг байгаа эсэхийг тодруулаагүй, хариуцагч талын гаргаж өгсөн баримттай холбоотойгоор шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нотлох баримтыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ бататгаж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба ...нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч ...нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” талаар хуульд тодорхой заасан байхад хэргийн оролцогчоос энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.19. Нөгөөтээгүүр, шүүх маргаан бүхий шийдвэрийг гаргах болсон шалтгаант нөхцөл бодитоор бүрдсэн байсан эсэх, тус шийдвэр үндэслэлтэй эсэх, мөн тус шийдвэр оновчтой, зорилгодоо нийцсэн эсэхтэй холбогдуулан хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй болохоос бус эрх бүхий албан тушаалтнаас гарсан маргаан бүхий шийдвэрийн шалтгаан үндэслэлийг нөхөн шалгаж, баталгаажуулах үүрэггүй.

 

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА