Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0240

 

 

 

“Бумконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинбаяр, Б.Рэнцэндорж  нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Бумконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “...Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/522 тоот захирамжийн дагуу Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 504.0 м.кв газрыг залуучууд хотхонд 40 айлын нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар Бумконстракшн ХХК-д орон сууц эзэмшигчдэд шилжих хүртэл хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул улсын бүртгэлийн 0323 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, эзэмших эрхийн 0209387 тоот гэрчилгээг Дундговь аймгийн Газрын албанаас авч өнөөг хүртэл эзэмшиж байна.

Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 1/938 тоот дээрхи газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх мэдэгдлийг хүлээн авсан. Манай компани газрын төлбөрөө хугацаандаа төлж барагдуулсан байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй хэмээн буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээг хүчингүй болгосонд гомдолтой байна. 2013-2014 оны газрын төлбөр, 2015 оны газрын төлбөр төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх газар дээр нийтийн орон сууц барихын тулд төрөл бүрийн техникийн нөхцлүүдийг авахаас гадна уг газар дээр баригдах орон сууцны зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Марал проект” ХХК-тай гэрээ байгуулан зураг төсөл хийлгэж байгаа тул тухайн газрыг ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн бид орон сууц барих газар дээр 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хашаажуулсан байгаа.

Иймд аймгийн Засаг даргын гаргасан 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/299 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/522 дугаар захирамжаар Залуус хороололд 504 мкв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн. Гэвч “Бумконстракшн” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Газрын тухай хуулийн 39 дүгээр 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших гэрээг сунгуулах хүсэлт гаргаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/299 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгож хүчингүй болгосон” гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинбаяр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэгч нь 2013, 2014 онуудын газрын төлбөрөө 2012 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан дансанд тушаасан болохыг шүүхийн шатанд мэдсэн. Төлбөрийн хувьд гэрээнд байгаагүй дансанд мөнгө тушаасан асуудал гарсан байна. Засаг даргын зүгээс захирамж энэхүү захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг тайлбарласан тайлбарыг барьсан юм. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг ойлгоно гэж заасан байхад нэхэмжлэгч компани нь 2 жил өөрийн газар дээрээ барилга бариагүй зөвхөн хашаа л хатгасан байсан...”гэжээ.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бумконстракшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн А/299 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн Бумконстракшн ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “2010 оноос хойш аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газруудын ашиглалт, эдийн засгийн үр өгөөжийг тооцон хууль тогтоомжийн хэрэгжилтийг нягталж, дахин эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа хийсний дүнд аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны А/299 захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн газрын төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 28 иргэн, 17 аж ахуй нэгж, байгууллагын нийт 45 байршил бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм. Дээрх иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нь газрын төлбөрөө төлөөгүй эсвэл зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил нь харилцан адилгүй байсан.

“Бумконстракшн" ХХК нь газар эзэмшүүлснээс хойш өнөөг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, харин ч ашигтай байрлалтай газар нийтийн орон сууц барих нөхцлийг хааж, цаг хугацаа алдаж байгаа тул аймгийн Засаг дарга газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны А/299 захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь аливаа хууль тогтоомж зөрчөөгүй. Нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, жил бүр дүгнэж сунгаж байхаар гэрээгээр тохиролцсон бөгөөд 2014 онд гэрээг сунгасан. Ийнхүү сунгуулахдаа ч нэхэмжлэгч "Бум констракшн" ХХК нь тухайн ондоо барилгын ажлаа гүйцэтгэж эхлүүлэх, цаг хугацаа алдалгүй орон сууцаа ашиглалтад оруулах тухайгаа илэрхийлсэн байдаг ч өнөөг хүртэл яг хэвээр байгаа нь ч дээрх нөхцлийг нотолсоор байдаг.

Нэхэмжлэгч "Бумконстракшн" ХХК-ийн захирал Х.Бумангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Төмөрбаатар нь Х.Буман захирал газар эзэмших гэрээгээ 2012 онд байгуулсан, газрын гэрчилгээгээ авсан, 2014 онд гэрээг сунгасан, тухайн газрыг эзэмшээд газар дээрээ төмөр хашаа татсан, орон сууц барихад шаардлагатай техникийн нөхцлүүдийг авсан, орон сууцны зураг, төсвийг "Марал проект" ХХК-иар хийлгэж байгаа энэ болгонд цаг хугацаа шаардлагатай байгааг хүндэтгэн үзэх талаар тайлбарласаар байтал Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглах эрх нь 2014 оноос эхэлж үүссэн гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" байх хугацааг тооцсон нь илт буруу байна.

Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Бумконстракшн” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаантай” эсэхийг шалгаж тогтоолгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасныг зөрчсөн байна.

            Нэхэмжлэгч нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахаар хашаа барьж, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Дундговь аймаг Цахилгаан түгээх сүлжээ салбараас 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл” авсан, Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнаар газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатай дахин байгуулсан, мөн газрын төлбөрийг тухай бүр төлж байсан /өөр дансанд/ зэргээс дүгнэвэл газар эзэмших эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлж, газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь “... барилгын зураг төслөө Марал проект ХХК-иар хийлгэж байгаа, бусад техникийн нөхцөл авахаар хөөцөлдөж байна ...” гэж тайлбар гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн газраа ашиглах талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тухайлбал барилга барих үйл ажиллагаатай холбоотой техникийн нөхцөлүүд авах, зураг төсөл боловсруулах ажиллагаа явуулж байгаа эсэх, энэ нь ямар шалтгаанаар удааширсан зэргийг шалган тодруулж, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь хууль бус болжээ. 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй ... тул маргаан бүхий акт үндэслэлтэй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлсөн баримт авагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй тул тусгайлан дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх дээрх хуульд заасан “2 жил дараалан” гэдгийг 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[1]-ний хугацаанаас тооцох талаар буруу тайлбарласан, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг Дундговь аймгийн татварын хэлтсийн данснаас буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 13 тал