Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 292

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Г.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Г.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******хулууд овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт амьдардаг. Миний бие нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жилээ тогтоолгох гэсэн юм. Би 1972 оны 06 сарын 30-наас 1976 оны 07 сарын 20-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад малчнаар ажиллаж байсан. Ийм учраас дээрх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь 1972 оны 06-р сарын 30-ны өдрөөс 1976 оны 07-р сарын 20-ны өдөр хүртэл 1979 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1979 оны 11-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 04-р сарын 20-ны өдрийн А/250 тоот лавлагаанд Г.******* нь 1972-1979 онд ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх нэгдлийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна. Жич: дээрх нэгдлийн контор нь 1978, 1985 онуудад галын аюулд өртөж байсан байна гэжээ.

Хүсэлт гаргагч Г.*******гийн ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1972 онд нээлгэж байсан хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үнэлэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний дээрх хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1972.06.30-ны өдрөөс мал аж ахуйн Мануустай бригадад малчнаар томилов гэсэн бичилт хийгдэж Шинэ цэцэрлэг нэгдлийн тамга дарагдсан,

02-рт 1979.11.30-наас өөр газар ажиллах болсон тул шилжүүлэв гэсэн,

03-рт 1976.07.20-ноос цэргийн албанд татав гэсэн,

04-рт 1979.06.18-наас хугацаа дууссан тул цэргийн албанаас бэлтгэлээр халав гэсэн бичилтүүд тус тус хийгдэж түүнийг 1972 оны 07-р сараас 1976 оны 08-р сар хүртэл, 1979 оны 09-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж тус бүрт олгов тэмдэг дарагдсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь гэрч Д.*******, Ч.*******, Ш.******* нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* хулууд овгийн *******ын *******г 1972 оны 06-р сарын 30-ны өдрөөс 1976 оны 07-р сарын 20-ны өдөр хүртэл 1979 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1979 оны 11-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Мануустай бригадад мал маллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ