Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/342

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,  

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М-ын А-д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ************* төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ***********аймгийн ************ сумын 5 дугаар баг ********* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *************** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт М-ын А, /РД: ***************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.А нь 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны замын эсрэг талд хохирогч Д.М-тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “...Хохирогчийн эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.М-ийн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 цагийн үед манай дүү Очирбатын найз М-гийн төрсөн өдөр гээд манай Баянгол дүүргийн ** дүгээр хороо ******** тоотод тэмдэглэн бид дүү ******, найз М, дүү А нарын хамт Нийслэл, Сэнгүр зэрэг лаазтай пивоноос би бол 3-4 лааз пиво уусан. Дүү нар 1-2 лааз пиво л ууцгаасан. М гэр рүүгээ явлаа, найзууд нь ирж байгаа гэхээр нь бид гурав суулгаж өгөхөөр гарсан. Гадаа 2 приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Тэгээд би М болохоор надтай хамт А гэх залуугийн машинд суусан учир нь тухайн 2 машинд олон хүмүүс харагдсан болохоор нь би ямар хүмүүс явж байгаа, хэрхэн хүргэж өгөх талаар асуухаар машинд нь суухад тэр А гэх залуу шууд хурдан хөдөлсөн. Тэгэхээр нь би “зөөлхөн яваач ээ” гэсэн чинь "Зөөлхөн явж байна ш дээ” гээд хурдаа хасахгүй болохоор нь би “хөөе зөөлхөн яваач ээ” чанга хэлсэн чинь баруун тийшээ шахаж зогсоод машинаасаа буухаар нь би дагаад буусан. Тэгсэн чинь миний хамар руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би хамраа дараад доошоо суусан. Тэгээд би босоод зогсож байхад над руу А ирэхээр нь би нүүр рүү нь нэг удаа цохисон. Намайг зөрүүлээд нэг удаа цохиход миний шүд унасан. ...3амын эсрэг талд нь зогсож байхад дүү О гарч ирээд уурлаад байхаар нь би О-ын утсыг авчхаад М-тэй хамт гэр рүү оруулчихсан. Тэгээд О-ын утсаар цагдаа дуудсан.

...Дээрх гэмтлийг А гэх залуу 2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчимд миний хамар руу гараараа нэг удаа цохиж гэмтээсэн. ...би М.А-ыг эхэлж цохиогүй, бууж ирээд миний нүүр рүү нийт 3-4 удаа цохисон. Эхлээд машинаас буугаад нэг цохисон, тэр үед хамраас цус гарчихсан, тэгээд би тонгойсон. Машиных нь урд зогсож байхад намайг цохихоор нь би цохих гээд далайтал гэнэт найз охин нь урдуур орж ирээд надад цохиулчихсан юм. Тэгээд би найз охиноос нь уучлалт гуйгаад холдсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 19-21, 24-25/,

2. Гэрч С.О-ын:

“...Тухайн үед намайг гэрээс гарч очиход М ахын ам хамраас нь цус гарсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хамрын мөгөөрс гэмтсэн. Шүд нь гэмтсэн гэж байсан. Хиймэл шүд нь хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1313 дугаартай:

“...Д.М-ийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 44-45/,

4. Хохирогч Д.М-ийн Томографийн оношилгоо хийлгэсэн баримт /хх 46/,

5. Шүүгдэгч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Бид хоёр машинаас буугаад барилцаж аваад би эхлээд шууд Д.М-ийн шанаа руу цохисон. ...Тэгсэн чинь тэр ахын шүд нь уначихсан юм. Дээрх гэмтлийг би 2021 оны 2 дугаар сарын 04-ний шөнийн 02 цагийн үед хамар руу нь гараараа цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх 62-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.А нь хохирогч Д.М-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Аюурзанын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.А нь: 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны замын эсрэг талд хохирогч Д.М-тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д-М-ийн “...миний хамар руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би хамраа дараад доошоо суусан. Тэгээд би босоод зогсож байхад над руу А ирэхээр нь би нүүр рүү нь нэг удаа цохисон. Намайг зөрүүлээд нэг удаа цохиход миний шүд унасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.ОО-ын “...Тухайн үед намайг гэрээс гарч очиход М ахын ам хамраас нь цус гарсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хамрын мөгөөрс гэмтсэн. Шүд нь гэмтсэн гэж байсан. Хиймэл шүд нь хугарсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1313 дугаартай “...Д.М-ийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Хохирогч Д.М-ийн Томографийн оношилгоо хийлгэсэн баримт болон шүүгдэгч М.А-ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.А-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.М нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй. Мөн шүүгдэгч М.А нь хохирогчид эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч М.Аюурзаныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч М.А-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөг 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ***********дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайж овогт М-ын А-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ныг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ