Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/450

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч А.Марал /томилолтоор/,  

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О овогт Б-йнын Б.Бд холбогдох эрүүгийн 2105000000808 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамж 386 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-йнын Б.Б /РД: УП97043074/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 3 дугаар гудамжинд байрлуулсан ***** улсын дугаартай Тоуоta Aqua маркийн автомашины зүүн талын толь, *****улсын дугаартай Тоуоtа Рrius-30 маркийн автомашины баруун талын толь, *****улсын дугаартай Тоуоtа Corolla маркийн автомашины баруун талын толийг тус тус хөлөөрөө өшиглөж иргэн Э.Хд 300.000 төгрөг, Б.Х-т 190.000 төгрөг, Ч.Б-т 60.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Х-гийн:

“...Би хувьдаа ***** улсын дугаартай цагаан өнгөтэй тоёота акуа суудлын автомашинтай юм. Би 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо О-ы 3-14 тоот хашааны гадна талд байрлуулж орхиод гадуур өөр машинтай ажил хөөцөлдөж байгаад 21 цагийн үед гэртээ ирэхэд миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байрлуулсан газартаа байсан. Харин манай хойд аав болох Э- нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны шөнө унтаж байгаад гарч бие зассан гэсэн бөгөөд энэ үед нь гадаа түс тас хийсэн чимээ гараад байхаар нь харсан чинь гудамжинд байрлуулсан автомашины толийг хүн хагалаад байхаар нь араас нь явж байгаад толь хагалсан хүний араас нь явж уулзсан боловч барьж авч дийлээгүй гэсэн. Миний автомашины зүүн талын толь хугарч унжсан байсан, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 12/,

2. Хөрөнгийн үнэлгээний “*************” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/01 тоот тайланд ***** улсын дугаартай Тоёота акуа маркийн автомашины зүүн талын толь их эвдрэлтэй, шууд зардал 300.000 төгрөг, шууд бус зардал 10.000 төгрөг, нийт 310.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх 37/,

3. Хохирогч Б.М-ын:

“...Би хувьдаа *****улсын дугаартай хар өнгөтэй тоёота приус-30 загварын суудлын автомашинтай юм. Би 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо ************* тоот хашааны гадна талд байрлуулж орхиод унтаж амарсан юм. Харин 2021 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 30 минутын орчимд манай гэрийн гадна түс тас хийсэн чимээ гарахаар нь хаалгаараа харсан чинь хажуу айлын залуу хөөе гээд хүн тууж байгаа гэмээр гүйж байхаар нь гараад очсон чинь *************** гудамжинд байрлуулсан байсан 3 автомашины толийг нь хагалчихсан байсан. Уг машин дунд миний эзэмшлийн *****улсын дугаартай хар өнгөтэй тоёота приус-30 загварын баруун талын 1 ширхэг толийг хугалчихсан унжсан байдалтай байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн бөгөөд Энхбаатар гэх залууг араас нь хөөгөөд явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16/,

4. Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 25599 тоот тайланд 8920УНЯ улсын дугаартай Toёота приус-30 маркийн автомашины зүүн талын толь их эвдрэлтэй, шууд зардал 190.000 төгрөг, шууд бус зардал 10.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх 44/,

5. Хохирогч Ч.Б-ийн:

“...Би хувьдаа *****улсын дугаартай цагаан өнгөтэй тоёота королла загварын суудлын автомашинтай юм. Би 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо ************ тоот хашааны гадна талд байрлуулж орхиод унтаж амарсан юм. Харин 2021 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 30 минутын орчимд манай эхнэр надад хандаж гадаа хүмүүс бархиралдаад байна, машин тэргээ гарч хараадах гэхээр нь гарсан чинь манай гудамжинд байрлуулсан байсан автомашинуудаас 3 автомашины толийг хагалж устгасан гээд хэдэн хүмүүс гараад зогсчихсон хагалчихсан хүн зугтсан гээд байж байсан. Ингээд би өөрийн машинаа шалгаж үзэхэд зүүн талын толийг сууринаас нь мултлаад унжуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 20/,

6. Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 25599 тоот тайланд *****улсын дугаартай Toyota corolla маркийн автомашины зүүн талын толь их эвдрэлтэй, шууд зардал 60.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх 48/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Э.Х, Б.Х-, Ч.Б нарын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Батсуурийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь: согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, *********** байрлуулсан ***** улсын дугаартай Тоуоta Aqua маркийн автомашины зүүн талын толь, *****улсын дугаартай Тоуоtа Рrius-30 маркийн автомашины баруун талын толь, *****улсын дугаартай *************** маркийн автомашины баруун талын толийг тус тус хөлөөрөө өшиглөж иргэн Э.Х-д 300.000 төгрөг, Б.Х-т 190.000 төгрөг, Ч.Б-т 60.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэргийг учруулсан болох нь:

- Хохирогч Э.Х-гийн “...Манай хойд аав болох Эр нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны шөнө унтаж байгаад гарч бие зассан гэсэн бөгөөд энэ үед нь гадаа түс тас хийсэн чимээ гараад байхаар нь харсан чинь гудамжинд байрлуулсан автомашины толийг хүн хагалаад байхаар нь араас нь явж байгаад толь хагалсан хүний араас нь явж уулзсан боловч барьж авч дийлээгүй гэсэн. Миний автомашины зүүн талын толь хугарч унжсан байсан, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/01 тоот тайланд ***** улсын дугаартай Тоёота акуа маркийн автомашины зүүн талын толь их эвдрэлтэй, шууд зардал 300.000 төгрөг, шууд бус зардал 10.000 төгрөг, нийт 310.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт,

- Хохирогч Б.М-ын “...2021 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 30 минутын орчимд манай гэрийн гадна түс тас хийсэн чимээ гарахаар нь хаалгаараа харсан чинь хажуу айлын залуу хөөе гээд хүн тууж байгаа гэмээр гүйж байхаар нь гараад очсон чинь ************* гудамжинд байрлуулсан байсан 3 автомашины толийг нь хагалчихсан байсан. Уг машин дунд миний эзэмшлийн *****улсын дугаартай хар өнгөтэй тоёота приус-30 загварын баруун талын 1 ширхэг толийг хугалчихсан унжсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 25599 тоот тайланд *****улсын дугаартай Toёота приус-30 маркийн автомашины зүүн талын толь их эвдрэлтэй, шууд зардал 190.000 төгрөг, шууд бус зардал 10.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт,

- Хохирогч Ч.Б-ийн “...2021 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 30 минутын орчимд манай эхнэр надад хандаж гадаа хүмүүс бархиралдаад байна, машин тэргээ гарч хараадах гэхээр нь гарсан чинь манай гудамжинд байрлуулсан байсан автомашинуудаас 3 автомашины толийг хагалж устгасан гээд хэдэн хүмүүс гараад зогсчихсон хагалчихсан хүн зугтсан гээд байж байсан. Ингээд би өөрийн машинаа шалгаж үзэхэд зүүн талын толийг сууринаас нь мултлаад унжуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 25599 тоот тайланд *****улсын дугаартай Toyota corolla маркийн автомашины зүүн талын толь их эвдрэлтэй, шууд зардал 60.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогч нарын автомашины толийг хугалж гэмтээсний улмаас хохирогч нарт 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Хд 300.000 төгрөгийн, хохирогч Б.Х-т 190.000 төгрөгийн, хохирогч Ч.Б-т 60.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч нарт учруулсан дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Б-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр тОх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 113 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Б.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр тОх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Батсуурийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тОх ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тОх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ******************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-йнын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 зааснаар шүүгдэгч Б.Батсуурийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ