| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0748/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/464 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/464
2021 08 30 2021/ШЦТ/464
од
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,
шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 1903010850487 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 16-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, 0000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц.М /РД:аа000000/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын амны замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Maverik-X маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож зорчигч Э.Амарсайханы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын амны замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Maverik-X маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,ма хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож зорчигч Э.Амарсайханы амь насыг хохироосон болох нь:
1. Шүүгдэгч Ц.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин шүүхийн ажилд саад учруулахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-10/
3. Жолоочийн лавлагаа: Ц.М 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан /1хх-ийн 22-23/
4. Гэрч Б.Ашигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэвээнпүрэв ахын гэрийн гаднаас огцом хаазтай шороо босгоод хөдлөөд явж байсан UTY маркийн 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгсэл, миний очсон айлын зүүн талын уулын хойд ар руу онхолдож 2-3 удаа эргэлдэж шороо тоос босч, төмөр хашаа мөргөж онхолдож зогсохыг харсан. Тэгээд би тэр дор нь шууд 103 түргэн тусламж руу залгаж зам тээврийн осол гарсан талаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52/
5. Гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн зам тээврийн осол гарах үед UTV маркийн улсын дугааргүй 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгслийг манай найз Мягмарсүрэн, зүс таних Амарсайхан хоёрын хэн нь жолоодож явсныг сайн мэдэхгүй, харин сүүлд манай найз Ц.М хэлэхдээ “найз нь буцаж явахдаа UTV маркийн улсын дугааргүй 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгслийг жолоодож явсан тэгээд уулын уруу явж байхад гэнэт эргээд унасан, тэгээд би ухаан алдаад юу болсноо сайн мэдэхгүй байсан юм” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/
6. Гэрч С.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн гадаа алхаад очиход найз Амарсайхан миний хувийн эзэмшлийн UTY маркийн 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгсэлд орж суун асааж, гэрээс найз Мягмарсүрэн гарч ирэн хажууд нь суун тэр 2 хамт явж адуугаа тууж ирэхээр болж Амарсайхан бариад зүүн зүг рүү хөдөлж явсан. Тэгээд 30 орчим минутын дараа би гэрт хоол идээд сууж байхад гадаа байсан хүмүүс орилолдоод шуугилдаад явчихсан. Гэрээс гарч ирэхэд “мотоцикл онхолдчихлоо” гэж эмэгтэй хүн орилсон. ...тэгтэл тэр 2 гэрээс зүүн урагшаа чигтэй төмөр хашаан дотор онхолдчихсон, наанаас нь хүмүүс гүйж очиж байгаа харагдсан. Би араас нь гүйж очиход мотоцикл зүүн талаараа хажуулдчихсан, нөгөө 2-ыг гаргаад газар хэвтүүлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95/
7. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2042 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...талийгаач нь хүзүүний 6, 7 дугаар нугалмын шахагдсан хугарал, нугасны няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” /1хх-78-81/
8. Тээврийн цагдаагийн албаны Шинжээчийн 287 дугаартай дүгнэлт: Maverick-З Х маркийн улсын дугааргүй 4 дугуйтай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна”, Зорчигч Э.Амарсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” /1хх-78/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 117/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2042 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Шинжээчийн 287 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.
Харин уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэжээ.
Шүүгдэгч Ц.Мгийн хувьд тэрээр 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Кувейтын амны замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Maverik-X маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг мэдсэн хэдий ч осол гаргахгүй байна гэж хөнгөмсгөөр найдаж хурд хэтрүүлэн жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, автомашин онхолдсоны улмаас Э.Амарсайханы амь нас хохирсон тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Мөн гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүүлд манай найз Ц.М хэлэхдээ “найз нь буцаж явахдаа UTV маркийн улсын дугааргүй 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгслийг жолоодож явсан тэгээд уулын уруу явж байхад гэнэт эргээд унасан, тэгээд би ухаан алдаад юу болсноо сайн мэдэхгүй байсан юм” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/, гэрч М.Алтанзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад өөрөө хэлэхдээ “би уг нь дөрвөн дугуйтыг жолоодож яваад жолоодлого алдаад уначихлаа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109-110/, гэрч С.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн гадаа алхаад очиход найз Амарсайхан миний хувийн эзэмшлийн UTY маркийн 4 дугуйтай бартаат замын тээврийн хэрэгсэлд орж суун асааж, гэрээс найз Мягмарсүрэн гарч ирэн хажууд нь суун тэр 2 хамт явж адуугаа тууж ирэхээр болж Амарсайхан бариад зүүн зүг рүү хөдөлж явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95/, амь хохирогч Э.Амарсайханы “Ц.М жолоо барьж байсан” гэсэн яриа бүхий дүрс бичлэгт сиди 1 ширхэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2042 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-78-81/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 287 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас Э.Амарсайханы амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч Ц.Мгээс оршуулгын зардалд 97.740.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд сайн дураараа 10.000.000 төгрөг нийт 107.740.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сарангэрэлд нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хортой холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Мгийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Мг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал /...48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын хилчин спорт хорооны орлогч дарга ажилтай, Монгол Улсын заан цолтой, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Ц.Мд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зохимжтой байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх хуулийн 6.2 дахь хэсэгт заагдсан байх тул шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Ц.Мгийн В, С ангиллын 16400 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Ц.Мд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мгээс 107.740.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сарангэрэлд нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал гаар хэрэгт хавсаргаж, Ц.Мгийн В, С ангиллын 16400 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР