Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/465

 

 

 

 

 

 

 

 

    2021        08           30                                     2021/ШЦТ/465

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

улсын яллагч Б.Алтанцэцэг,

иргэний нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 1910007660894 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй, 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.М /РД:а000000.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/05096 дугаартай захирамжаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, цаашид худалдан борлуулах боломжгүй гэдгийг мэдсэн атлаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг ямар нэгэн асуудалгүй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ц.Цэндзаяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхээ шилжүүлж, Ц.Цэндзаяа нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.От 125.000.000 /зуун хорин таван сая/ төгрөгөөр худалдаж, Б.От 125.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.М нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/05096 дугаартай захирамжаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, цаашид худалдан борлуулах боломжгүй гэдгийг мэдсэн атлаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг ямар нэгэн асуудалгүй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ц.Цэндзаяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхээ шилжүүлж, Ц.Цэндзаяа нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.От 125.000.000 /зуун хорин таван сая/ төгрөгөөр худалдаж, Б.От 125.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Т.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний танил дүү болох Болорбаатар нь байр худалдаж авах гэсэн мөнгө дутчихлаа гээд 44.000.000 төгрөгийг олж өгөөч гэж гуйхаар нь би 44.000.000 төгрөгийг олж өгсөн. Үүний дараа тухайн байрыг Болорбаатар миний нэр дээр түр шилжүүлсэн. Ингээд Болорбаатар надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй болж 2017 оны 02 дугаар сард маргаан бүхий байрыг Болорбаатар та үлдэгдэл мөнгийг нь төлөөд энэ байрыг худалдаад авчих гэхээр нь худалдаж авахаар болж 122.700.000 төгрөгийг Баасанжав гэх хүнд төлсөн. Үүний дараа Цэр-Очир гэх хүн байрны мөнгийг Баасанжаваас авч чадаагүй тул Цэр-Очир намайг 2018 оны 04 дүгээр сард шүүхэд өгсөн. 2018 оны зун Цэндзаяа манай дүү нарт байшин барьж өгөх болж ажлын хөлсөнд нь манай байрыг өгөхөөр болсон бөгөөд Цэндзаяа 2018 оны 12 дугаар сард зуны ажлын хөлсөнд энэ байрыг гэрийнхэндээ харуулмаар байна гээд гуйгаад байхаар нь байрны нэр шилжихгүй юм чинь гэж Цэндзаяад итгээд нотариатын газар орсон. Би Цэндзаяаг хохироосон удаа байхгүй. Ажлын хөлсөнд тухайн байрыг өгөх нь үнэн гэх баталгаа хийж өгсөн. Би анх Цэндзаяад өөрийн байраа битүүмжлэгдсэн шүүхийн асуудалтай байгаа талаар удаа дараа хэлсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Иргэний нэхэмжлэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 02 сард энэ байрыг машин болон бэлэн мөнгөнд оруулан тооцож нийт 125.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ байрыг худалдаж авахдаа бэлнээр 45.000.000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг бэлнээр гаргаж өгөхийн тулд байраа барьцаанд тавьж хадгаламж, зээлийн хоршооноос мөнгө зээлсэн. Уг өрөө дарахын тулд энэ байраа зарах гэтэл битүүмжлэгдсэн байсан тул зарах боломжгүй болсон. Ингээд энэ талаар эдгээр хүмүүст удаа дараа хэлсэн боловч хүлээж авахгүй байсан тул цагдаад хандсан. Анхнаасаа ямар ч асуудалгүй байр байсан бол 10.00.000 төгрөгийн хүүгийн өртэй болохгүй байх байсан. Маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Иргэний нэхэмжлэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын эхээр Цэндзаяа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хороололд 2 өрөө байр яаралтай зарах хэрэгтэй байна, хүнээс барилгын материал зээлээд авчихсан болохоор мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Тухайн үед цагаан сар таарчихсан учраас цагаан сарын дараа болъё гээд хойшлуулсан. Тэгээд дахиад цагаан сар өнгөрсний дараа Цэндзаяа дахин дахин яриад байхаар нь нөхөртэйгөө ярилцаж байгаад Цэндзаяагийн байрыг авахаар болсон. Цэндзаяа байраа 125,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Тухайн үед нөхөр бид хоёрт 125,000,000 төгрөг байгаагүй. Цэндзаяа бид нар хоорондоо ярилцаж байгаад миний нэр дээр байсан Ренж ровер загварын тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгөөр, харин үлдсэн 45,000,000 төгрөгийг нь тухайн байрыг миний нэр дээр шилжүүлээд би тухайн байрыг “Крепит Юнион” нэртэй хадгаламж зээлийн хоршоонд барьцаалж мөнгийг нь гаргаж өгөхөөр болсон. ...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тухайн байрыг миний нэр дээр шилжүүлж, тухайн үедээ орон сууцыг 45 сая төгрөгөөр барьцаалж мөнгийг нь Цэндзаяад бэлнээр өгсөн. Тэгээд тухайн байраа би зарах гээд фэйсбүүкэд зар тавьсан. Тэгтэл нэг эмэгтэй над руу “Чи хулхидуулсан хүн байна, наад байр чинь 3 жил гаран шүүхдэлцэж байгаа байр шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би юу болоод байгааг тодруулахаар Цэндзаяа руу ярьсан. Тэгтэл Цэндзаяа “Ямар сонин юм бэ би Т.М ахаас асууя” гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад Баянзүрх дүүргийн гадаа уулзахаар болсон. Тухайн уулзалтад Т.М, Цэндзаяа, шийдвэр гүйцэтгэгч Мөнгөнцэцэг болон манай нөхөр бид 5 уулзсан. Шийдвэр гүйцэтгэгч хэлэхдээ 1 жилийн өмнө битүүмжлэгдсэн байр, удаа дараа хаалган дээр нь битүүмжлэгдсэн тухай хуудас наасан, мэдэхгүй байх үндэс байхгүй гэж хэлсэн. Т.М нь Цэндзаяад хандаад “Зарж болохгүй, чамайг түр байж байгаарай гэж хэлсэн биз дээ” гэж хэлсэн. Харин Цэндзаяа нь “Би мэдээгүй, Т.М ахынд ажил хийж өгөөд хөлсөндөө авсан” гэж хэлсэн. Тухайн үедээ Цэндзаяа миний машиныг миний нэр дээр шилжүүлж өгөөд манайхыг хохирол гомдолгүй болгоно гэж хэлсэн боловч одоог болтол сураггүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 145/
  4. Хохирогч Ц.Цэндзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Н.Мандах гэдэг хүнтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Би өөрөө барилга барьдаг. Н.Мандахтай хийсэн гэрээнд ажлын хөлсөнд 100 хувь бартер буюу Ланд-200 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Ланд-100 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Бенз Эс-350 загварын тээврийн хэрэгсэл, Баянмонгол хороололд 68,2 м2 талбайтай 2 өрөө байр, бэлэн 25,000,000 төгрөгийг авч Канад хаус барьж өгөхөөр болсон Тухайн байшинг нийтдээ 380,000,000 төгрөгөөр барих гэрээг байгуулсан. Бартераар авсан машинуудаа ажил хийж байхдаа цувуулан авч байшиндаа хөрөнгө оруулалт хийж барьж дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байшингаа барьж дуусаад хамгийн сүүлийн бартерын байраа авахаар болж 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Н.Мандахын хадам ах гэх Т.Мтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм, тухайн байр албан ёсоор минийх болсон Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст очиж материалаа бүрдүүлж өгөөд 1-2 хоногийн дотор миний нэр дээр гэрчилгээ гарсан. Одонцэцэгийн нөхөр Гансүхийн найз Баярсайхан гэдэг байшин бариад авсан машинаа зарж байсан юм, Баярсайханд би бартераар авсан байраа зарах гэж байгаа талаараа хэлж байсан, тэгтэл Баярсайхан надад байр авах хүн байгаа гээд Одонцэцэг, Гансүх нартай танилцуулж байсан. Би тухайн байрыг 130 сая төгрөгөөр тухайн байрыг бодож бартердсан. Гансүх тухайн үед бэлэн мөнгө байхгүй. Харин өөрийн унаж яваа Ренж Ровер загварын тээврийн хэрэгслээ 60 саяас яриад 55 сая төгрөгт бодож өгье гэж хэлсэн. Гэхдээ машин нь барьцаанд байгаа гэж байсан, Энэ асуудал цагаан сарын өмнө болсон асуудал юмаа. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын дундуур буюу цагаан сарын дараа Гансүх ах өөрөө над руу залгаад “Ах нь машинаа чөлөөлчихлөө, би машинаа чиний нэр дээр шилжүүлье, чи байраа миний нэр дээр шилжүүлчих, ах нь байрыг чинь барьцаалаад мөнгө аваад өгье” гэж хэлсэн. Би Гансүх ахын саналыг хүлээн зөвшөөрч өөрийн нэр дээр байгаа орон сууцаа Гансүхийн эхнэр Одонцэцэгийн нэр дээр шилжүүлж өгсөн юмаа. Тэгээд тухайн гэрчилгээ Одонцэцэгийн нэр дээр гарсаны дараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Од кино театрын ойролцоо байдаг банк бус санхүүгийн байгууллагад очсон. Би өөрийнхөө эхнэрийн хамтаар машин дотор сууж байсан. Гансүх эхнэрийнхээ хамтаар тухайн газарт ороод гарч ирэхдээ 3-4 хоногийн дараа данс руу мөнгө нь орж ирсэн гээд над руу залгасан. Тэгээд намайг ирээд мөнгөө авчих гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийнхээ хамтаар Гансүх ахын гэрийн гадаа ирсэн. Тухайн үед Гансүх ах эхнэр хүүхдийн хамтаар гарч ирсэн. Би тухайн үед машинтайгаа ирсэн. Тэр хоёр машины ар талд суугаад “Танай байрыг 45 сая төгрөгөөр барьцаалсан, 10 сая төгрөгийг нь машинаа чөлөөлөхдөө зээлсэн хүндээ өгсөн” гэж хэлээд надад 35 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед мөнгө хүлээж авахдаа ямар нэгэн баримт дээр гарын үсэг зураагүй юмаа. Миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сард Гансүх ах над руу залгаад “Чамаас авсан байрыг зарах гэхэд шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн байр байна, асуудалтай байр байсан байна шдээ” гэж хэлсэн. Тэгээд би миний нэр дээр байраа шилжүүлж өгсөн Т.М гэдэг хүн рүү залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Т.М надад хэлэхдээ “Наад байр чинь асуудалтай байр байсан юмаа, гэхдээ одоо асуудал нь шийдэгдсэн” гэж хэлсэн. Тэгээд бид нар нэг газар бөөндөө уулзахаар болж Баянзүрх дүүргийн гадаа уулзсан. Тухайн уулзалтанд Гансүх ах эхнэрийн хамт, шийдвэр гүйцэтгэгч Мөнгөнцэцэг, Т.М бид нар байсан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 04 дүгээр сард битүүмжлэгдсэн байр байгаа юмаа, зарах эрхийг хязгаарласан байгаа гээд Т.Мг загнаж байсан. Мөн Т.М тухайн үед Одонцэцэг, Гансүх нарын асуудлыг яаралтай шийдэж өгнө гэж байсан. Т.Мтай уулзахад одоо болтол энэ асуудлыг шийдэж өгөөгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155/
  5. Гэрч А.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ХУД-14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала нэртэй амралтын газарт рестораны зориулалт бүхий Канад хаусаар барилга барьсан юм. Тухайн ажлыг 2018 оны 12 дугаар сард барьж дууссан. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажлын хөлсөө бартераар барихаар болсон байсан. Анх гэрээ хийхдээ бартерт юу юу оруулах ёстой вэ гэдгийг дараалуулан гэрээндээ тусгасан байсан. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд Баянмонгол хороололд байрлах орон сууц байсан. Ажлаа хийж дуусаад байраа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байсан. Нөхөр бид хоёр байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа тухайн байрандаа орж амьдарсан. Гэхдээ барилга барих гээд барилгын материалын өр тавьчихсан учраас тухайн өрөө төлөх гээд байраа зарахаар шийдсэн. Манай байрыг үзэх гэж Гансүх гэдэг эрэгтэй хүн ирээд манай байрыг хамгийн анх үзсэн. Дараа нь эхнэртэйгээ хамт ирж үзэж байсан. Нөхөр бид хоёрт санал тавьсан. Тухайн үед нөхөр бид хоёр байраа 120 сая төгрөгөөр зарахаар зар тавьсан байсан боловч зарагдаагүй. Тэгтэл Гансүх ах эхнэртэй нөхөр бид хоёрт санал тавиад өөрсдийн унадаг Ренж Ровер загварын тээврийн хэрэгслээ 55 сая төгрөгөөр, бэлэн 35 сая төгрөгийг өгье байраа зарчихаа гэж хэлсэн. Тэгээд машиныг нь нөхөр бид хоёр шилжүүлж авах гэхэд барьцаанд байсан учраас шилжүүлж авч чадаагүй харин нөхөр бид хоёр өөрсдөө худалдах худалдан авах гэрээ байгуулж Гансүхийн эхнэр Одонцэцэгийн нэр дээр байраа шилжүүлж өгсөн. Манай байрыг Одонцэцэг ББСБ-д барьцаалаад нөхөр бид хоёрт 35,000,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Нөхөр бид хоёр машиныг нь 55 сая төгрөгөөр, дээрээс нь 35 сая төгрөг авч нийтдээ 90 сая төгрөгөөр зарсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 149/
  6. Гэрч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5093 дугаартай захирамжаар хариуцагч Товуужавын Т.М, нэхэмжлэгч Адилбишийн Цэр-Очир нарт холбогдох хариуцагч Т.Мы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол Их монгол улсын гудамж 412 дугаар байрны 132 тоот 68.2мкв 2 өрөө орон сууцыг битүүмжлэхээр заасан захирамжийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4/8843 тоот уг орон сууцыг захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлэх албан бичгийг хүргүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/927 дугаартай албан бичгээр 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс тухайн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн албан бичгийн хариу ирсэн Энэ тухай 2018 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хариуцагч Т.Мы Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12 дугаар гудамжны 320 тоот хаягт ирэхэд эзэнгүй байсан учраас хаалган дээр нь мэдэгдэл нааж үлдээсэн, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тухайн битүүмжилсэн байран дээр очиход хүнгүй байсан учраас зарлан дуудах хуудас болон битүүмжилсэн мэдэгдлийг нааж үлдээсэн. Т.М нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл манай байгууллага дээр ирж уулзаагүй. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай ажил дээр Одонцэцэг гэх хүн ирж уулзаад миний худалдан авсан байран дээр танай байгууллагаас битүүмжилсэн наалт наасан байна гэж хэлэхээр нь Т.Мы Хан-уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12-320 тоот хаягт ирэхэд Т.М байхгүй, харин түүний аав Товуужав байсан. Товуужаваар Т.Мыг дуудуулж уулзахад байрыг зарсан Цэндзаяа гэдэг барилгын компанитай залуугаар дүүгийнхээ жуулчны баазад барилга бариулж байгаа түүний барьцаанд нотариатаар баталгаажуулж түр тавьсан түүнээс биш өөрийнхөө нэр дээр шилжүүлж зарсныг нь мэдээгүй. Би Цэндзаяад энэ байр шүүх дээр маргаантай байгаа гэдгийг хэлсэн гэж тайлбар өгч байсан. Цэндзаяа нь болохоор би Т.Мд жуулчны бааз барьж өгөөд оронд нь энэ байрыг авсан гэж бодож байгаа шүүхээс битүүмжилсэн гэдгийг мэдээгүй гэж хэлж байсан. Тухайн байрыг тогтоолоор битүүмжлэх гэхэд эзэнгүй байгаад байсан учраас үл хөдлөх дээр нь хориг тавиулсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157/
  7. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/05096 дугаартай: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их монгол гудамжны 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн” шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 64-65/
  8. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Ц.Цэндзаяа болон Т.М нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2хх-ийн 23-32/
  9. “Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №ХУ2-20-756 дугаартай: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их монгол гудамжны 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 125.356.110 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 145-160/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

  Шүүгдэгч Т.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 61-62/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Уг гэмт хэргийг “бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зохицуулсан..

Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.М нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/05096 дугаартай захирамжаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг ямар нэгэн асуудалгүй гэж бодит байдлыг нуух замаар Ц.Цэндзаяад худалдаж, улмаар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хийж, Ц.Цэндзаяа нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан уг орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.От 125.000.000 /зуун хорин таван сая/ төгрөгөөр худалдаж, Б.От 125.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын эхээр Цэндзаяа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хороололд 2 өрөө байр яаралтай зарах хэрэгтэй байна, хүнээс барилгын материал зээлээд авчихсан болохоор мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Тухайн үед цагаан сар таарчихсан учраас цагаан сарын дараа болъё гээд хойшлуулсан. Тэгээд дахиад цагаан сар өнгөрсний дараа Цэндзаяа дахин дахин яриад байхаар нь нөхөртэйгөө ярилцаж байгаад Цэндзаяагийн байрыг авахаар болсон. Цэндзаяа байраа 125,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Тухайн үед нөхөр бид хоёрт 125,000,000 төгрөг байгаагүй. Цэндзаяа бид нар хоорондоо ярилцаж байгаад миний нэр дээр байсан Ренж ровер загварын тээврийн хэрэгслийг 80,000,000 төгрөгөөр, харин үлдсэн 45,000,000 төгрөгийг нь тухайн байрыг миний нэр дээр шилжүүлээд би тухайн байрыг “Крепит Юнион” нэртэй хадгаламж зээлийн хоршоонд барьцаалж мөнгийг нь гаргаж өгөхөөр болсон. ...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тухайн байрыг миний нэр дээр шилжүүлж, тухайн үедээ орон сууцыг 45 сая төгрөгөөр барьцаалж мөнгийг нь Цэндзаяад бэлнээр өгсөн. Тэгээд тухайн байраа би зарах гээд фэйсбүүкэд зар тавьсан. Тэгтэл нэг эмэгтэй над руу “Чи хулхидуулсан хүн байна, наад байр чинь 3 жил гаран шүүхдэлцэж байгаа байр шүү дээ” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 145/

хохирогч Ц.Цэндзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Н.Мандах гэдэг хүнтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Би өөрөө барилга барьдаг. Н.Мандахтай хийсэн гэрээнд ажлын хөлсөнд 100 хувь бартер буюу Ланд-200 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Ланд-100 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Бенз Эс-350 загварын тээврийн хэрэгсэл, Баянмонгол хороололд 68,2 м2 талбайтай 2 өрөө байр, бэлэн 25,000,000 төгрөгийг авч Канад хаус барьж өгөхөөр болсон. ...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байшингаа барьж дуусаад хамгийн сүүлийн бартерын байраа авахаар болж 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Н.Мандахын хадам ах гэх Т.Мтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Тухайн байр албан ёсоор минийх болсон Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст очиж материалаа бүрдүүлж өгөөд 1-2 хоногийн дотор миний нэр дээр гэрчилгээ гарсан. ...Одонцэцэг, Гансүх нартай танилцуулж байсан. Би тухайн байрыг 130 сая төгрөгөөр тухайн байрыг бодож бартердсан. Гансүх тухайн үед бэлэн мөнгө байхгүй. Харин өөрийн унаж яваа Ренж Ровер загварын тээврийн хэрэгслээ 60 саяас яриад 55 сая төгрөгт бодож өгье гэж хэлсэн. ...Тэгээд би миний нэр дээр байраа шилжүүлж өгсөн Т.М гэдэг хүн рүү залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Т.М надад хэлэхдээ “Наад байр чинь асуудалтай байр байсан юмаа, гэхдээ одоо асуудал нь шийдэгдсэн” гэж хэлсэн. Тэгээд бид нар нэг газар бөөндөө уулзахаар болж Баянзүрх дүүргийн гадаа уулзсан. Тухайн уулзалтад Гансүх ах эхнэрийн хамт, шийдвэр гүйцэтгэгч Мөнгөнцэцэг, Т.М бид нар байсан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 04 дүгээр сард битүүмжлэгдсэн байр байгаа юмаа, зарах эрхийг хязгаарласан байгаа гээд Т.Мыг загнаж байсан. Мөн Т.М тухайн үед Одонцэцэг, Гансүх нарын асуудлыг яаралтай шийдэж өгнө гэж байсан. Т.Мтай уулзахад одоо болтол энэ асуудлыг шийдэж өгөөгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155/

гэрч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5093 дугаартай захирамжаар хариуцагч Товуужавын Т.М, нэхэмжлэгч Адилбишийн Цэр-Очир нарт холбогдох хариуцагч Т.Мы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол Их монгол улсын гудамж 412 дугаар байрны 132 тоот 68.2 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжлэхээр заасан захирамжийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4/8843 тоот уг орон сууцыг захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлэх албан бичгийг хүргүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/927 дугаартай албан бичгээр 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс тухайн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн албан бичгийн хариу ирсэн Энэ тухай 2018 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хариуцагч Т.Мы Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12 дугаар гудамжны 320 тоот хаягт ирэхэд эзэнгүй байсан учраас хаалган дээр нь мэдэгдэл нааж үлдээсэн, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тухайн битүүмжилсэн байран дээр очиход хүнгүй байсан учраас зарлан дуудах хуудас болон битүүмжилсэн мэдэгдлийг нааж үлдээсэн. Т.М нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл манай байгууллага дээр ирж уулзаагүй. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай ажил дээр Одонцэцэг гэх хүн ирж уулзаад миний худалдан авсан байран дээр танай байгууллагаас битүүмжилсэн наалт наасан байна гэж хэлэхээр нь Т.Мы Хан-уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12-320 тоот хаягт ирэхэд Т.М байхгүй, харин түүний аав Товуужав байсан. Товуужаваар Т.Мыг дуудуулж уулзахад байрыг зарсан Цэндзаяа гэдэг барилгын компанитай залуугаар дүүгийнхээ жуулчны баазад барилга бариулж байгаа түүний барьцаанд нотариатаар баталгаажуулж түр тавьсан түүнээс биш өөрийнхөө нэр дээр шилжүүлж зарсныг нь мэдээгүй. ...Тухайн байрыг тогтоолоор битүүмжлэх гэхэд эзэнгүй байгаад байсан учраас үл хөдлөх дээр нь хориг тавиулсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/05096 дугаартай: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их монгол гудамжны 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн” шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.М нь уг байрыг захиран зарцуулах эрхгүй, бусдад худалдаж болохгүй гэдгийг мэдсээр байж Ц.Цэндзаяатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцон түүнд худалдаж, улмаар Ц.Цэндзаяа нь уг байрыг цааш худалдан борлуулж, Б.От хохирол учруулсан буюу Т.Мы орон сууц худалдах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдад зарж борлуулсны улмаас иргэний нэхэмжлэгч Б.От хохирол учирсан байгааг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

              Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

              Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Цэндзаяа нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг хохирогч Ц.Цэндзаяад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

              Харин иргэний нэхэмжлэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “би одоо амьдарч байгаа Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр буюу өмчлөлдөө шилжүүлэн авмаар байна” гэжээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт Б.Оийн өмчлөлд байгаа Баянмонгол хороолол, Их монгол гудамжны 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Оийн өмчлөлд хэвээр үлдээж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан талаарх бичгээр гаргасан хүсэлтийн хуулбарыг гаргаж өгч, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэх тайлбарыг гаргав.

              Дээрх хэргийн хувьд хэдийгээр иргэний нэхэмжлэгч Б.От бодит хохирол учраагүй, тухайн амьдарч байгаа байр нь өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа гэх боловч 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1438 дугаартай Улсын байцаагийн дүгнэлтээр дээрх орон сууцыг Ц.Цэндзаяагийн өмчлөлд, Б.Оийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон /1хх-ийн 236/ нь Б.Оийн нэр дээр орон сууц бүртгэлгүй болсныг нотолж байна.

              Нөгөөтэйгүүр Б.О нь тухайн орон сууцыг хохирогч Ц.Цэндзаяагаас худалдаж авахдаа эрхийн зөрчилтэй буюу хууль бус эд хөрөнгө гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул түүнийг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

              Иймд иргэний нэхэмжлэгч Б.Оийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их монгол гудамжны 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Оийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор дүгнэсэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1438 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгсөн, түүний хувийн байдал /...38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй, “000-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг/, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу орлогын эх үүсвэртэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т.Мыг 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Т.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

          Мөн шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т.Мыг 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Мд оногдуулсан 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Т.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол гудамжны 412 дугаар байрны 132 тоотод байршилтай 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Оийн өмчлөлд хэвээр үлдээж, Y-2204041976 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохоор дүгнэсэн улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1438 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосугай.
  6. Иргэний нэхэмжлэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Мд сануулсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

           

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР