Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 832

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

хохирогч З.А,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-нгаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Бд холбогдох 1809008560345 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Хадныхан овогт Г-н Б, 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Зүслэнт Алтай” ХХК-нд дизайнер ажилтай,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хөх тэнгэр” гэх тавилгын дэлгүүрийн гадаах автомашины зогсоол дээр иргэн З.Атэй “Автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” талаар харилцан маргалдан, зодолдож улмаар З.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Б-нүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хадныхан овогт Ганболдын Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бас нийт 488.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Ад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 412 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тэмдэглэх хэсэг нь байхгүй, тогтоох хэсэг нь ойлгомжгүй бичигдсэн. Мөн яллах дүгнэлтэд дурдсан гэрч Д.Оюунцэцэг, гэрч А.Улаанбаатар нарын мэдүүлэг илт зөрүүтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Б-нөмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтас хэрэгт эмнэлгийн магадлагаа, эмчилгээний карт, хохирлын баримт хавтас хэргийн 70-71 дүгээр талд авагдсан. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй” гэдгийг дурдаагүй. Миний үйлчлүүлэгч Г.Б хохирсон. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэг ойлгомжгүй бичигдсэн. Тухайлбал “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон тогтоох нь” гэсэн байгаа нь учир холбогдол нь ойлгомжгүй бичигдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг мөн зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хавтас хэргийн 17-19 дүгээр талд гэрч Д.Оюунцэцэг энэ хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Гэрч Д.Оюунцэцэг “хоёр залуу хоорондоо маргалдаж, туранхай шар, өндөр залуу нь махлаг бор царайтай залуугийн хоолойноос нь боож газар унгасан, цээж хэсэгт нь өвдгөлсөн байсныг харсан. Өндөр туранхай, шар царайтай залуугийн биед харагдах хоолой хэсэгт улайсан байсан. Г.Б-нбиед хоолой хэсэгт улайж, шалбарсан байсан” гэж мэдүүлэг өгсөн. Гэрч А.Улаанбаатар гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлгээс илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Ийм байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэв.

Хохирогч З.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Б “намайг 800.000 төгрөг нэхэж, удаа дараа буурсан, сурцтай” гэж байна. Анх бид хоёр маргалдаж, “Чи өөрийнхөө бурууг хүлээчих” гэсэн. Гэрч Д.Оюунцэцэг шүүгдэгч Г.Б-нхадам эх, манай хажуу айлын хүн байсан. Шүүгдэгч Г.Б буруугаа хүлээх биш “чи яадаг юм” гэж дайрч байсан учраас би өргөдөл өгсөн. Өргөдөл өгч, хэрэг шүүх рүү шилжих үед миний бие хялбаршуулсан журмаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх санал тавьж “хэн хэнийхээ цагийг үрээд яах юм. Чи надад хохирол төлбөрийг өгчих” гэсэн. Мөрдөн байцаагч “чи хохирлын баримтаа бүрдүүлчих” гэсэн. Хохирлыг баримтжуулж 488.000 төгрөгийг гэсэн.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б-нгаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Яллах дүгнэлтэд “тогтоох” хэсэгт алдаа гаргасан гэж байна. Энэ асуудал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, зөвтгүүлээгүй. Техникийн шинжтэй алдаатай холбоотой энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн зүйл заалт хэсэг нь шүүгдэгчид гэм буруугийн асуудал шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Харин зөвтгүүлэх шаардлагатай. Гэрч н.Улаанбаатар, Д.Оюунцэцэг нарын мэдүүлэг зөрүүтэй тул дахин шалгуулах гэж байна. Гэрч Д.Оюунцэцэгийн хувьд шүүгдэгчийн хадам эх учир шүүгдэгчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх боломжтой учраас хөндлөнгийн гэрч Улаанбаатар, гэрч Улаанбаатарын мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хөх тэнгэр” гэх тавилгын дэлгүүрийн гадаах автомашины зогсоол дээр иргэн З.Атэй “Автомашинаа зогсоолд буруу байрлуулсан” талаар харилцан маргалдан, зодолдож улмаар З.Ад тархи доргилт, хүзүүнд зулгаралт, уруулд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Б-ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 108-114 дугаар хуудас/,

хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,

гэрч А.Улаанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...З.Аийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, уруулд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 2559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Б-нүйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б-нгаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь, шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Б.Мандхай нар нь гомдолдоо “Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 412 дугаартай яллах дүгнэлт нь бичвэрийн хувьд алдаатай” болохыг дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засуулах боломжтой байсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогчидоос ямар нэгэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй байна.

Шүүгдэгч Г.Б болон хохирогч З.А нар нь тухайн үед хоорондоо маргалдан, харилцан зодолдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Б-ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бууж ирээд намайг шууд заамдсан. Би зөрүүлээд заамдсан. Эхлээд миний зүүн шанааны чамархай руу цохисон. З.А миний курткаар намайг боосон. Би мөн З.Аийг боож доошоо дарсан. З.А намайг доош нь дараад унагаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-114 дугаар хуудас/,

хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хөх тэнгэр” дэлгүүрийн гадаа зогсоол дээр автомашинаа байрлуулсан. Гэтэл араас автомашин ирээд сигналдсан. “Яасан” гэхэд “автомашинаа урагшаа шахчих” гэхээр нь би “урд овоолсон цас байна” гэж хэлтэл “юун сүртэй п... вэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий солироод бай” гээд автомашинаа байрлуулчихаад буугаад дэлгүүр орох гэтэл тэр залуу ирээд “шахаад тавьчихад яадаг юм” гээд заамдаад автомашин руу түлхэхээр нь мөн эргүүлээд заамдаад хажууд байсан “Портер” автомашин руу түлхэхэд тэр залуу миний баруун хацар руу зүүн гараараа цохисон. Мөн баруун гараараа алгадсан, куртикээр толгой дээгүүр дараад цээж рүү болон нүүр рүү 5-6 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...үл таних 2 залуу чанга чанга дуутай хоорондоо маргалдаад туранхай шар царайтай өндөр залуу нь махлаг бор царайтай намхан залуугаа хоолойноос нь боосон газарт унагаасан цээж хэсэгт нь өвдөглөсөн байж байсан. Би тэр хоёрыг арай гэж салгасан. Намхан залуу нь миний таньдаг Тулгаа гэдэг хүн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,

гэрч А.Улаанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Эхлээд жийптэй намхан залуу нь автомашинаас бууж ирсэн, дараа нь “Тоёота Приус 20” загварын автомашинтай өндөр залуу нь бууж ирээд тэр хоёр барьцалдсан. Намхан залуу өндөр залуугаа өшиглөөд авсан чинь өндөр залуу нь намхан залуугийнхаа нүүр рүү нэг удаа цохисон. Өндөр залуу нь “миний гар утасны дэлгэц хагарсан байна” гэж хэлээд гартаа бариад яваад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ талаар мэдүүлсэн гэрч Д.Оюунцэцэг, А.Улаанбаатар нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хэргийн нөхцөл байдлыг гэрчилж чадаагүй гэж үзэх боломжгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч З.А нь шүүгдэгч Г.Б-нбиед “эрүүнд зулгаралт гэмтэл” учруулсан байх бөгөөд үүнд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2564 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/ гарсныг үндэслэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч Б.Бат-Оргилын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8668 дугаартай шийтгэлийн хуудсаар З.Аийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Шүүгдэгч Г.Б-нүйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, ял шийтгэл тохирсон, хэргийг дахин шалгах шаардлагагүй, эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Б-нгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-нгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                       Ц. ОЧ