Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 64

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч У.Батсүх, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Уранчимэгийн Батсүхэд холбогдох эрүүгийн 201625031154 дугаартай, 186/2016/0055/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Симан” ХХК-нд таксины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-789 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2006 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Өршөөл үзүүлэх комссын тогтоолоор өршөөсөн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчилах ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овогт Уранчимэгийн Батсүх /РД:ЧЕ87121975/,

            Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

 У.Батсүх нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны гадаа Ц.Баярсайхантай таксин дотор бөөлжлөө гэж маргалдан  улмаар түүнийг зодож биед нь хүзүү, өвдөг зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт, завжинд язарсан шарх зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

            1.1.Шүүгдэгч У.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  Ц.Баярсайханы:…2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 00 цагийн орчим Саппорогийн урд талаас найз Наранбаатарын хамт дээрээ симпортой ногоон өнгийн таксинд суугаад зурагтад гэрт нь хүргэж өгөх гээд явах үед Наранбаатар гэрээ зааж өгөөгүй согтуу байсан учраас гэрлүүгээ авч явсан. Тэгээд байрны гадаа ирээд таксины мөнгө 6500 төгрөгийг өгчихөөд буух гэтэл жолооч намайг найзынхаа бөөлжсөө арч гээд байхаар нь би нөгөө талд сууж байсан Наранбаатарыг цаад талруу нь буулгаад өөрөө араас нь баруун талын хаалгаар буух үед жолооч нь машинхаа хойгуур тойрч хүрч ирээд би орцруугаа орох гэтэл намайг бөөлжсөө арч гэхээр нь би чадахгүй гэтэл намайг зүүн талын завьж руу цохиод заамдаж аваад машин руугаа чирч байгаад түлхэж унагаасан.  Босоод ирэхэд дахин заамдаж аваад газар унаган чирч гулдран боож ноцолдсон. Тэгээд миний куртикийг тайлж аваад бөөлжис арчина гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд ТВ 8 дуудна гээд машины дугаарыг нь утсаар авсан. Тэгтэл нөгөө жолооч нь цагдаа дуудна гээд цагдаа руу залгаад ярихаар нь хаягаа зааж өгсөн. Цагдаа ирээд бид хоёрыг салгаж болиулсан. Намайг машиндаа суулгаад нөгөө таксины жолоочийг явуулсны дараа Наранбаатарыг сэрээгээд бид хоёрыг явуулсан. Ийм  зүйл болсон. Би өөрт учирсан хохирлоо төлүүлж авсан  гэх мэдүүлэг. /хх-13/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Энхжаргалын:..2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Батсүхийн хамт такситай нь явж байгаад 1 дүгээр хорооллын урд талын автобусны буудал дээр зогсоод би буугаад тамхи авах гээд ТҮЦ рүү орчихоод гараад  иртэл машины хойд  талд 2 согтуу ах суучихсан байсан юм.Тэндээсээ хөдлөөд Гандангийн буудал дээр ирэхэд согтуу ах нь машин дотор унтчихсан гэрээ зааж өгөхгүй байсан. Тэгэхэд нөгөө арай гайгүй байсан ах нь буулгана гээд байсан. Тэгтэл нөхөр маань энэ хүн чинь ямар нэгэн явах чадваргүй байна шүү дээ, та гэртээ авч ороод арай гайгүй болохоор нь хүргэж өгөхгүй юу гэтэл үгүй буулгана гэж байснаа сүүлдээ гэрлүүгээ авч  явахаар болж түүнийг аваад цааш явсан ингээд явж байхад унтаж байсан ах нь машин дотор суудал дээр бөөлжчихсөн юм. Тэгэхээр нь манай нөхөр Батсүх та бөөлжсөө цэвэрлэчих, эсхүл та гэрээсээ хүн дуудаад  алчуур аваад гараад ир гээд хэлчих гэсэн. Тэгтэл нөгөө ах унтаж байсан согтуу хүнээ буулгачихаад эргэж машин дотор орж ирээд таксины мөнгө болох 6500 төгрөгөө өгөхдөө Батсүхийн толгойруу цохиод мөнгөө шидчихээд буусан. Тэр үед Батсүх машинхаа алчуурыг өгөөд та энүүгээр арчаад өгчих гэтэл  чи муу гөлөг өөрөө наад бөөлжсөө долоо, би мөнгийг чинь төлчихсөн, гуйлгачин минь гээд байсан. Тэгэхээр нь бөөлжсөн бол цэвэрлэх ёстой биз дээ, эсхүл та угаалгын мөнгөө өгчих гэтэл чадахгүй гөлөг минь гээд маргаад байсан. Тэр хоёр барьцалдаад авахад Батсүхийн хүзүү болон хацарны хажуу талаас нь маажаад зүүсэн байсан сахиусыг тасалсан. Батсүх угзарч татахад нөгөө ах өвдөгөөрөө газар унаад босож ирэхэд нь өмд нь урагдчихсан. Тэгтэл чи муу миний өмдийг хэдэн төгрөгний үнэтэй гэж бодож байна, гөлөг минь, чи муу золбин гөлөг болохоороо ийм ажил хийж байгаа биз дээ гээд дайраад байсан. Би та болиоч гэхэд намайг мөн чи муу гичий, янхан гэх мэтээр хэл амаар доромжилж дайраад байсан. Тэгээд тэр хоёр нилээд ноцолдож байгаад нөгөө ах чинь цаашаа явахаар нь Батсүх та найзыгаа аваач гэхэд буцаж ирсэн. Тэр хоёр цагдаа дуудчихсан байсан, бөгөөд муусайн гуйлагчин шоронд нь хатаана гээд байсан. Тэгээд маргалдаж байхад нь цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд нөгөө ах бас цагдаа нартай хэрэлдэж байгаад машинд нь суусан. Би тэр хоёрыг хэрэлдэж байхад нь утсаар бичлэг хийсэн гэх мэдүүлэг. /хх-14/

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Наранбаатарын:..Би тэр өдөр Баярсайхантай уулзаж  1 дүгээр хороололд бааранд орж юм ярилцаад 1 шил архи, 2 пиво ууцгаасан. Тэндээс 00 цагийн орчим гараад Саппорогийн урд талаас таксинд суусан. Би нилээд согтсон байсан, бөгөөд таксинд сууж байснаа л санаж байна. Түүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд гэртээ харьсан байсан гэх мэдүүлэг. /хх-15/,

            2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6959 тоот актын:

1.Баярсайханы биед хүзүү, өвдөгт зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт, завьжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна .Шинжээч эмч Н.Туяа гэсэн  дүгнэлт. /хх-17/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/, У.Батсүхийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд /хх 22-31/,  У.Батсүхийн иргэний үнэмлэхний лавлагаа,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, Чингэлтэй  дүүргийн 7 дугаар хорооны засаг  даргын тодорхойлолт /хх-35/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 38-45/, хохирогч Ц.Баярсайханы Чингэлтэй дүүргийн шүүхэд бичиж өгсөн хүсэлт /хх-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

            У.Батсүх нь 2016 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс 16-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны гадаа Ц.Баярсайхантай таксин дотор бөөлжлөө гэж маргалдан  улмаар түүнийг зодож биед нь хүзүү, өвдөг зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт, завжинд язарсан шарх зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох  баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч У.Батсүх нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.               

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Батсүхэд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.Батсүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Баярсайхан нь...миний бие шүүгдэгч У.Батсүхээс хохиролд 320.000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул  шүүгдэгч нарыг бусдад  учруулсан хохирлыг  төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.                                                     

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын  шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.                                     

Шүүгдэгч У.Батсүхийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул У.Батсүхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт  зааснаар хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй  сайн  дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 2 ширхэг камерийн бичлэг бүхий СD-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Адуучин овогт Уранчимэгийн Батсүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар У.Батсүхэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар У.Батсүхийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь  хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг СD-ийг хэрэгт хадгалах хугацаа   дуустал хэрэгт үлдээсүгэй.

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Баярсайхан гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус  дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Батсүхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

           6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх  хүртэл шүүгдэгч У.Батсүхэд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ