| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0986/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1078 |
| Огноо | 2021-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1078
2021 10 19 2021/ШЦТ/1078
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч С.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Адууч овогтой Сономцэвээний Золбаярт холбогдох эрүүгийн дугаартай 2106 00000 1836 хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Адууч овогтой Сономцэвээний Золбаяр, Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эрх зүйч, хүний нөөц мэргэжилтэй, “Номин” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 80 дугаар байрны 2-57 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: УП89042618).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Золбаяр нь согтуугаар, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны орцонд Э.Хурцбаяртай “хаалга цохисон” гэх асуудлын улмаас маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж, газар унагаан дэвсэж, биед нь биед тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, уруулд цус хуралт, үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч С.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Э.Хурцбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би хуучин найз охин Э.Нанадинцэцэгийн утас руу нь залгахад утсаа авахгүй нэг удаа авчихаад орцонд байгаа юм шиг дугараад саалгачихаар нь санаа зовоод гэрийг нь мэддэг байсан учраас такси барьж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны гадна очсон. Тэгээд 75 дугаар байрны орцоор орж хуучин найз охин Э.Нанадинцэгийн 56 тоот гэрийн хаалгыг тогшиход 170 см орчим өндөртэй, бага зэргийн саналтай, боровтор царайтай танихгүй залуу хаалгаа онгойлгож өгсөн ба хуучин найз охин Э.Нандинцэцэгийн гэрт явж ороход Э.Нандинцэцэг согтуу тасарсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь нөгөө гэрт нь байсан залууг “чи юун залуу юм” гэхэд “чамд ямар ч хамаагүй би найз нь байна” гэж хэлээд намайг гаргах гэж дайрахаар нь “чи одоо яагаад намайг гаргах” гээд байгаа юм гэхэд юм хэлэлгүй өргөж хаалгаар намайг өргөж гаргаад орцон дотор баруун нүд орчим цохиж шалан дээр унагаад хөлөөрөө дэвсэж, гараараа цохиж байгаад “дахиж харагдвал чамайг ална шүү” гэж хэлээд орсон. Хаалга тогшиход эргэж гарч ирээд зодох гэж дайрсан ба шатны хажууд зогсож байсан учир хөл алдаж доош унахад миний хажууд ирээд цээж болон толгой хэсэг рүү өшиглөөд Нандинцэцэгийн гэрт орсон...” (Хавтас хэргийн 9-10 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8020 дугаартай: “... Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хажуу, хөмсөг хамарсан 5х4.5 см талбайд болон баруун нүдний дээд, доод зовхины эргэн тойронд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон. Зүүн чамархайн дээд хэсгийн хуйханд 2х1 см, 1х1 см, доод уруулын дотор салстад 2х1 см улаан ягаан өнгийн цус хуралттай. Үүдэн зүүн дээд 1-р шүд суурин дээрээ бага зэрэг нааш, цааш хөдөлнө, өвчин эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ
1. Э.Хурцбаярын биед тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, уруулд цус хуралт, үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 17-18 дугаар хуудас),
Шүүгдэгч С.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай ажлын газрын хүн болох Нандинцэцэгийн төрсөн өдөр болоод ажлын газрын хүмүүс болон Нандинцэцэгийн найзуудтай Монгол улсын их сургуулийн хажууд нэг газар орж суусан. Тэгээд тэнд сууж байгаад бид хэд архи уусан тэгээд Нандинцэцэг нэлээн согтоод би Нандинцэцэгийг найз Бямбаагийн хамт хүргэж өгөхөөр болоод хамт гарч такси бариад бид 3 явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо кино үйлдвэрийн зүүн талд гэрт очоод хамт ирсэн. Бямбаа удалгүй гэр рүүгээ яваад бид 2 үлдсэн. Тэгээд гэрт ороод удаагүй байж байтал гэрийн хаалга хүн тогшихоор нь хаалгыг нь очоод нээхэд туранхай 170 орчим өндөртэй бор залуу байсан. Тэгээд тэр залуу надад чи энд юу хийж байгаа юм бэ? Би Нандинцэцэгийн нөхөр нь байгаа гэрийн эзэн нь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нандинцэцэг нөхөр, найз залуу байхгүй, чи өөрөө явчих гэж хэлсэн чинь гэрт нь ороод ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад би Хурцбаяр гэх залууг өргөөд гарах гэтэл гарахгүй байхаар нь би нүүр рүү нь 2-3 удаа цохиод дахиж битгий ирээрэй дахиж ирвэл ална шүү гэж хэлсэн.” (Хавтас хэргийн 37-38 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (Хавтас хэргийн 31 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт ял тохирох талаарх прокурорын санал (Хавтас хэргийн 44, 491 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтас хэргийн 24 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 23 дугаар хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (Хавтас хэргийн 26 дугаар хуудас),
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа (Хавтас хэргийн 27 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (Хавтас хэргийн 28 дугаар хуудас),
Ажлын газрын тодорхойлолт (Хавтас хэргийн 29 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Золбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны орцонд Э.Хурцбаяртай “хаалга цохисон” гэх асуудлын улмаас маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж, газар унагаан дэвсэж, биед нь биед тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, уруулд цус хуралт, үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Э.Хурцбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгэхээр нь нөгөө гэрт нь байсан залууг “чи юун залуу юм” гэхэд “чамд ямар ч хамаагүй би найз нь байна” гэж хэлээд намайг гаргах гэж дайрахаар нь “чи одоо яагаад намайг гаргах” гээд байгаа юм гэхэд юм хэлэлгүй өргөж хаалгаар намайг өргөж гаргаад орц нь дотор баруун нүд орчим цохиж шалан дээр унагаад хөлөөрөө дэвсэж, гараараа цохиж байгаад “дахиж харагдвал чамайг ална шүү” гэж хэлээд орсон. Хаалга тогшиход эргэж гарч ирээд зодох гэж дайрсан ба шатны хажууд зогсож байсан учир хөл алдаж доош унахад миний хажууд ирээд цээж болон толгой хэсэг рүү өшиглөөд Нандинцэцэгийн гэрт орсон...” (Хавтас хэргийн 9-10 дугаар хуудас),
Шүүгдэгч С.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид хоёр маргалдаад би Хурцбаяр гэх залууг өргөөд гарах гэтэл гарахгүй байхаар нь би нүүр рүү нь 2-3 удаа цохиод дахиж битгий ирээрэй дахиж ирвэл ална шүү гэж хэлсэн.” (Хавтас хэргийн 37-38 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8020 дугаартай: “... Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хажуу, хөмсөг хамарсан 5х4.5 см талбайд болон баруун нүдний дээд, доод зовхины эргэн тойронд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон. Зүүн чамархайн дээд хэсгийн хуйханд 2х1 см, 1х1 см, доод уруулын дотор салстад 2х1 см улаан ягаан өнгийн цус хуралттай. Үүдэн зүүн дээд 1-р шүд суурин дээрээ бага зэрэг нааш, цааш хөдөлнө, өвчин эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ
1. Э.Хурцбаярын биед тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, уруулд цус хуралт, үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 17-18 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Золбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч С.Золбаяр нь хохирогч Э.Хурцбаяр эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Э.Хурцбаяр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8020 дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, уруулд цус хуралт, үүдэн зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Золбаяр нь хохирогч Э.Хурцбаярт эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Золбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Золбаяр нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Золбаяр нь хохирогч Э.Хурцбаярт (хохирол хүлээн авсан гэх хохирогчийн хүсэлт хавтас хэргийн 43 дугаар хуудас) гэм хорын хохиролд 500,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн байх тул шүүгдэгч С.Золбаярт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу С.Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, С.Золбаяр уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч С.Золбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Золбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Золбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адууч овогтой Сономцэвээний Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Золбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Золбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Золбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ