Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1085

 

 

 

 

 

   2021       10          20                                   2021/ШЦТ/1085

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Овогт Б-ын Б д холбогдох эрүүгийн 2106 01988 1824 дугаартай хэргийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “хххх” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 00 хороо, Цээнэ 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь 2002 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дугаар зүйлд зааснаар 40000 төгрөгөөр торгох ялаар,

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Овогт Б-ын Б  /РД: хх0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 02-206 тоотын гадна хохирогч Н.М-тай “эгчтэй хэрэлдсэн гэх” шалтгааны улмаас маргалдаж улмаар хадаастай модоор дал, хүзүү хэсэгт 2-3 удаа цохиж зүүн далны доод хэсэгт язарсан шарх, хүзүүний баруун хажуу дээд хэсэг, хүзүүний ар хэсгүүдэд цус хуралт, баруун мөрний урд хэсэгт зулгаралт, баруун суганы доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манайх хашаагаа баруун тийшээ сунгаад барьж байтал 21 цагийн үед санагдаж байна...Гэтэл гэрийн гадна ээжийг хэл амаар доромжлоод чанга дуугараад байхаар нь гараад хартал манай хойд айлын Даваажаргал эхнэр Баярмаагийн хамт манай ээжийг хэл амаар доромжлоод байсан.Тэгтэл Даваажаргал, Баярмаа хоёртой хамт явж байсан Баярмаагийн дүү гэх эрэгтэй миний нуруу хэсэг рүү хадаастай банзаар цохисон ба нүүр хүзүү хэсэг рүү цохисон юм. Даваажаргал болон Баярмаа нар нь миний биед гэмтэл учруулаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр үед манай дүү Батсаруул гэрээс гарч ирээд намайг өмөөрч Н.М-тай маргалдан тэр хоёр хоорондоо заамдалцахаар нь би салгаад байж байтал Батсаруул газраас банз аваад Н.М-ыг 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5722 дугаартай “Н.М-ын биед зүүн далны доод хэсэгт язарсан шарх, хүзүүний баруун хажуу дээд хэсэг, хүзүүний зүүн ар хэсгүүдэд цус хуралт, баруун мөрний урд хэсэгт зулгаралт, баруун суганы доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/,

Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд байдаг эгч Б.Баярмаагийн гэрт очиж нэг шил архи уусан юм. Орой нь манай эгч Б.Баярмаа гэрийн гадна хүнтэй маргалдаад байхаар нь би эгчийгээ өмөөрч урд талын айлын хүүхэд болох Н.М-ыг хашааны хуучин банз модоор цохиж зодож шинжээч эмчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг учруулсан. Тухайн үед надаас өөр Н.М-ыг цохиж зодсон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 00 тоотын гадна хохирогч Н.М-тай “эгчтэй хэрэлдсэн гэх” шалтгааны улмаас маргалдаж улмаар хадаастай модоор дал, хүзүү хэсэгт 2-3 удаа цохиж зүүн далны доод хэсэгт язарсан шарх, хүзүүний баруун хажуу дээд хэсэг, хүзүүний ар хэсгүүдэд цус хуралт, баруун мөрний урд хэсэгт зулгаралт, баруун суганы доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Н.М-ын “Баярмаагийн дүү гэх эрэгтэй миний нуруу хэсэг рүү хадаастай банзаар цохисон ба нүүр хүзүү хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хх 11-12/, гэрч Б.Баярмаагийн “Б.Б газраас банз аваад Н.М-ыг 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5722 дугаартай “Н.М-ын биед зүүн далны доод хэсэгт язарсан шарх, хүзүүний баруун хажуу дээд хэсэг, хүзүүний зүүн ар хэсгүүдэд цус хуралт, баруун мөрний урд хэсэгт зулгаралт, баруун суганы доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 22-23/, яллагдагч Б.Б-ын “би эгчийгээ өмөөрч урд талын айлын хүүхэд болох Н.М-ыг хашааны хуучин банз модоор цохиж зодож шинжээч эмчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг учруулсан. Тухайн үед надаас өөр Н.М-ыг цохиж зодсон хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх 31-32/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Н.М нь гомдол санал байхгүй, хохиролд нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлээгүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Б нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 120 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Б.Овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 120 /нэг зуун хорь/ хүртэл хоног буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ