Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0595

 

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0595

Улаанбаатар хот

 

Ж.Э-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Н.Б

 

Гомдол гаргагч: Ж.Э

Хариуцагч: Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Б

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0018 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гарагчийн өмгөөлөгч: Ш.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 123/2022/0068/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ж.Э-өөс Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Б-т холбогдуулан “Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгтзаасныг тус тус баримтлан Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Лүн сум дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн 2022 оны 09 сарын 09-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048591 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо:

3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Маргаан бүхий акт нь бүхэлдээ хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй гэж дүгнэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12 дахь “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон илэрхийлнэ” гэж заасан байдаг. Иргэн Ж.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумаас Улаанбаатар чиглэлд Төв аймгийн Лүн сум дахь авто замын шалган нэвтрүүлэх постоор Ланд крузер прадо 78 маркийн 53-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Д.Д , Г.П  нарын хамт нийт 180 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууулж, торгох шийтгэл оногдуулсан.

3.1.1. Иргэн Ж.Э нь 2022.09.09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Д.Д , Г.П бид гурав мөнгөө нийлүүлээд нийт 180 ширхэг тарвагыг Цахир сумаас худалдаж авсан, Экологи-эдийн засаг үнэлгээ танилцуулан нийт 62 700 000 төгрөг болж байна гэж асуухад, Ж.Э нь бид нар 3 тэнцүү хувааж төлнө, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар өгсөн. Миний бие эрх бүхий албан тушаалтны хувьд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн нийт 180 толгой тарвагны тулам худалдан авсан зөрчилд нь 62 700 000 төгрөгийн нөхөн төлбөрийг 3 иргэнд хувааж, 20 900 000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан. Амьтны тухай хуулийн 12.1-д “Энэ хуулийн 25.3 /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид “тодорхойлолт” гэх олгоно./ заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байдаг.

3.1.2. Мөн энэ хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх / Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй./, 3 дахь хэсэг /Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй./ гэж заасан байдаг тул иргэн Ж.Э-т оногдуулсан шийтгэврийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор амьтны аймагт учруулсан хохирол, нөхөн төлбөр төлөгдөхгүй нөхцөл үүсч байна.

3.1.3. Иймд Ж.Э гарал үүслийн бичиг, түүнтэй адилтгах тодорхойлолтгүй хөлдөөсөн тарвагны тулам худалдан авч, тээвэрлэсэн зөрчилд оногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийг нь хуулийн үндэслэлтэй байх тул Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05-р сарын 24-ний өдрийн 123/ШШ2023/0018 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, 0048591 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

     1. Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.

            2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

          

Маргааны үйл баримтын талаар:

2.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсаар Ж.Э ийг “хууль бус аргаар хориглосон хугацаанд Монгол тарвага тээвэрлэсэн” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д зааснаар 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 20 900 000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.2. Үүнийг зөрчилд холбогдогч Ж.Э эс зөвшөөрч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “...Н.Б байцаагч нь тарваганы мах тээвэрлэж явсан автомашинд суусан надаар худал мэдүүлэг гаргуулаад, дараа нь хилсдүүлэн хохироосон” гэх гомдол гаргасныг тус газрын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Шийтгэлийн хуудсыг хүчинтэйд тооцох тухай” 19-04-0002/01 дугаартай шийдвэрээр “...хориглосон хугацаанд хууль бусаар агнасан, Монгол тарваганы 180 ширхэг тулмыг Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан зөрчлийг таслан зогсоож, “ЗООНОЗ” өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн нь иргэдийг болзошгүй тарваган тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашигт нийцсэн ажиллагаа болсон байна ...0048591 дугаартай ... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж дурджээ.

2.3. Харин зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дүгээр тушаалыг хэрэглэж, хариуцлага хүлээлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл уг акт нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, өмнөх акт буюу 2017 оны акт нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд хуульд заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болж нийтэд үйлчилсэн байдаг. ... Ж.Э нь хариуцлага хүлээх ёстой хүн мөн үү, биш үү гэдэг дээр зөв үндэслэлийг тогтоож өгөх ёстой байсан. ... Тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотод ирсэн байхад нь найз Г.П Архангай аймгийн Цахир сум явах ажил гарсан тул Ж.Э нь авлага, өглөгийн асуудлаар Архангай аймгийн Цэцэрлэг сум хүртэл уг машинаар нь яваад Цэцэрлэгт суманд буугаад тухайн хүмүүсийг буцаад ирэхэд нь машинд дайгдан Улаанбаатар хотод ирсэн. Анх мэдүүлэг өгөхдөө маш тодорхой мэдүүлсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг буруу тайлбарлаж ойлгуулсан, төөрөгдүүлсэн гэх мэт янз бүрийн шалтгаанаар хамтран зөрчил үйлдсэн гэж байгаа Г.П, Д.Д нарын шахалтад Ж.Э орж “би мэдэж байсан, худалдан авч байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн. ...Хуульд зааснаар зөрчил мөн эсэх, тухайн этгээд нь зөрчлийг үйлдсэн эсэхийг нягт шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах үүргээ биелүүлээгүй байдаг...” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Амьтны тухай хуульд нойтон тарваганы махыг хот, тосгонд оруулахыг хориглосон учраас байгаль хамгаалагчийн зүгээс тодорхойлолт өгөөгүй. Энэ нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдөрт шилжих шөнө болсон явдал гэдэг боловч цаанаа 180 тарвагыг нэг, хоёр өдөр агнаад худалдахгүй, бүлэглэн үйлдсэн зөрчил байсан. Ж.Э  машинд сууж явсан гэж байна. Ж.Э  нь “...би худалдан авсан, үнэн” гэсэн мэдүүлэг өгсөн. Уг баримтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлд зааснаар зөрчил хамтран үйлдсэн этгээд тус бүрд шийтгэл ногдуулсан.” гэж тус тус маргаж, мэтгэлцжээ.

2.4. Хэдийгээр гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” А/193 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх боловч өмнө нь тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглож байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаал хэм хэмжээний актын нэгтгэн бүртгэлд бүртгэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

2.5. Тодруулбал, дээрх сайдын тушаал нь хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй нь Ж.Э-ийн хориглосон цаг хугацаанд 180 ширхэг тарвага тээвэрлэсэн зөрчлийг үгүйсгэх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан зарчимтай нийцжээ.

2.6. Нөгөөтээгүүр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, 25 дугаар зүйлийн 1-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэд туслалцаа үзүүлэх, гаргасан хууль ёсны шийдвэр, шуурхай даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй” гэж,

Амьтны тухай хууль /Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан/-ийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.3.1-д “амьтныг хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах”, 5.3.4-д “сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.3-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заажээ.

2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай шийдвэр гаргах эрх хэмжээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хуулиар олгогдсон байх бөгөөд гомдол гаргагч Ж.Э  нь нэгэнт хориглогдсон цаг хугацаанд агнагдсан 180 ширхэг монгол тарвагыг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дугаар зүйлийн 1-д “Хуулийн, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэсэн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хариуцагч 0048591 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж хариуцлага тооцсон нь мөн хуулийн 3.1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэсэн зарчимтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

                   2.8. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал болох 53-** УНТ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд гомдол гаргагч Ж.Э  нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг гаргасан болох нь нотлогдож буй энэ тохиолдолд гомдол гаргагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 123/ШШ2023/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай /Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.4, хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 37 дугаар зүйлийн 37.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Э-өөс Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Б-т холбогдуулан гаргасан “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

 

 

              ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ

 

 

              ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА