Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 04

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгад холбогдох Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгаа нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалтаар илрүүлсэн Х.Сэр-Од нь улсын хилээр зорчихдоо зохих зөвшөөрөлгүйгээр эм импортолсон гэх гомдол мэдээлэлд Х.Сэр-Одыг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Сэр-Одыг 100 нэгжээр буюу 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн материалыг хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн байна. Иргэн Х.Сэр-Од нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оросын холбооны улсаас Монгол Улс руу нэвтрэн орж ирэхдээ зохих зөвшөөрөлгүй эм импортолсон асуудал нь Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Энэхүү зөрчлийг шалгаж илрүүлсэн нь зөв боловч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн шийдвэр хууль бус байсан гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тус хуулийн 29 дүгээр зүйлд энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэж тодорхой зааж өгсөн. Үүнээс үндэслээд гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байвал харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэх ёстой. Тус хуулиар эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг албан хаагч хувийн сонирхлоор хуулийг зөрчсөн бол тухайн хүнд болон аж ахуйн нэгжид хамтад нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл иргэн Х.Сэр-Одын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан буруу шийдвэрлэсэн нь хууль бус байгаа тул хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.Уянга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянга би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Алтанбулаг боомтод хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн Х.Сэр-Од нь улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр эмийн зүйлс импортолсон зөрчил гаргасныг илрүүлсэн. Иргэн Х.Сэр-Одын гаргасан зөрчил нь Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно, 15.9.3-д тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох гэсэн хориглох заалтыг зөрчсөн байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих, 6.6.2-т Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу иргэн Х.Сэр-Од нь өндөр настай, өөрийн гаргасан зөрчлийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, алдаагаа ухаарсан байдал зэргийг харгалзан хялбаршуулсан журмаар хэргийг шалган шийдвэрлэж хууль бусаар импортолсон эмийн зүйлийг хурааж 100.000 төгрөгөөр торгож, торгуулийг барагдуулсан болно. Миний гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэж байгаа бөгөөд 0174003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Иргэн Х.Сэр-Од нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оросын холбооны улсад зорчихдоо өөрийн болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар АЦЦ зэрэг жоргүй олгогддог эмийг оруулж ирснийг Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгаа нь шалгаж, улсын хилээр зорчихдоо зохих зөвшөөрөлгүйгээр эм импортолсон зөрчил гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрч торгуулийн 100.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас энэхүү зөрчлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Х.Сэр-Од нь уг эмийг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бөгөөд уг эм нь жоргүй олгогддог тул хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж ойлгосон. Гэтэл эм, эмнэлгийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр импортлох, улсын хилээр нэвтрүүлэхийг Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хориглосон байдаг байна.

Ингэхдээ ямар шинжтэй байвал гэмт хэрэг, ямар шинжтэй байвал зөрчил гэж үзэхийг тусгайлан зааж өгөөгүй тул зөрчлийг шалган шийдвэрлэсэн улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Х.Сэр-Одын гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэний үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Х.Сэр-Одын гаргасан үйлдлийн шинж, нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзвэл энэ нь Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3-т заасныг зөрчсөн зөрчил мөн бөгөөд хэрэв гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол энэ нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул гэмт хэрэгт тооцохгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 16.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийг агуулсан боловч ялимгүй учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: ...Тус аймгийн хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай прокурорын дүгнэлтийн дагуу тус шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зарласан зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцох боломжгүй, дүгнэлтээ буцаан авах хүсэлттэй байх тул шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заажээ.

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/216 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтийг буцаан авах хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ / прокурорын дүгнэлтээсээ / татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгад холбогдох Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий прокурорын дүгнэлтээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                     Ж.БУРМАА