| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0990/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1075 |
| Огноо | 2021-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1075
2021 10 19 2021/ШЦТ/1075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Д.Уянга,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О,
шүүгдэгч Д.Б-г оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 02498 1816 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, гоо сайханы газарт маникюрчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Их Дарь Эхийн 0 тоотод түр оршин суух,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 24-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, регистрийн хх0000000 дугаартай, А овогт Д-ын Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1-12 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 12 настай, эмэгтэй Б.М-ы толгойн тус газар цохиж зодон, эрүүнд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02498 1816 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны орой 18:00 цагийн үед гэрээсээ буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооноос ...гараад хамаатны эгч болох Нандинцэцэгийн гэр лүү явсан юм. Ээж намайг “хойд аав болох Болорбаатарыг Нандиа эгчийнхээ гэрт байна уу үгүй юу, шалгаж мэдээд ир “гэж хэлсний дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1/а хэсгийн 1-12 тоотод 19:00 цагийн үед очсон юм. Тэр үед намайг очиход Нандиа эгчийн хашаанд нэг илүү гэр байдаг бөгөөд аав Болорбаатарыг харах гээд илүү гэрт орсон бөгөөд тэнд аавтай нийлээд 5 хүн архи ууж сууж байхад гаднаас Нандиа эгч гэрт орж ирээд намайг өөрийн гэр лүүгээ аваад орсон юм. Намайг Нандиа эгчийн гэрт ороход хамтран амьдрагч болон намайг зодсон эгч сууж байсан бөгөөд нээх удаагүй би буцаж аавын байгаа гэрт ээжтэй утсаар сууж яриулаад байж байсан. Удалгүй Нандиа эгч эмэгтэй найзтайгаа хамт ороод орж ирээд тэнд архи ууж байсан нэг эгчтэй хэрүүл маргаан хийгээд, Нандиа эгч тэр эмэгтэй үсдэлцээд зодолдох үед нь би ээжид юу болоод байгааг хэлэх гээд утсаар залгах гэж байхад хажуугаас Нандиа эгчийн найз гэх эмэгтэй намайг шууд үсдэж аваад алгадаад газарт унагаагаад дээрээс нүүр рүү эрүү хэсэгт ойролцоогоор 3-4 удаа өшиглөхөд аав хажуугаас орж ирж салгасан юм. Тэр хооронд гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд би хамт Нандиа эгчийн гэрт очоод намайг зодсон гэх эмэгтэйг зааж өгсөн. ...Надад болон ээжид хохирлын 100.000 төгрөг өгсөн байгаа... гэх мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч Ш.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:
... манайд Болортуяа, Батмөнх бид 3 хамт 0.75 литрийн архи ууцгаагаад байж байтал хохирогч Б.М-ы хойд аав хамт ажилладаг хүмүүстэйгээ урд гэрт ирээд “хэл амгүй жоохон архи уучих уу” гэхээр нь зөвшөөрсөн. Тэр үед манай дүү болох Б.М хаалга нүдээд хүрээд ирэхээр нь “юу хийж яваа юм бэ” гэхэд “зүгээрээ, танайд хонох гэж ирсэн юмаа” гэхээр нь гэртээ оруулсан. Удалгүй би бие засах гээд явж байтал урд гэрт ууж байсан хүмүүс орилоод байхаар нь очоод “яагаад шуугиад байгаа юм бэ” гэхэд нэг үл таних эмэгтэй намайг хэл амаар доромжлохоор нь би тухайн эмэгтэйг хөлөөрөө жийж унагаагаад үсдэж аваад харилцан зодолдсон. ...би гэртээ ороод байж байтал Б.М гаднаас хоёр цагдаатай хамт ирээд, манай дүү Мөнхсайханаас “хэн чамайг зодсон юм бэ” гэж асуухад найз Болортуяаг зааж өгсөн. гэх мэдүүлэг /хх 22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 7117 дугаартай:
Б.М-ы биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,
- хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-01-02/,
- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-03-04/,
- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, үзлэгийн хуудас, Гэмтэл согог судлалын үндэсний төв, хохирлын баримтууд, фото зураг /хх-11-14, 155/,
- насанд хүрээгүй хохирогч Б.М-ы нас тоолсон тэмдэглэл /хх 06/,
- насанд хүрээгүй хохирогч Б.М-ы төрсний гэрчилгээний хуулбар /хх 5/
- хохирлын баримт /хх 156/,
-Д.Б-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 62-63/
Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2021 оны 8 дугаар сарын 02-ны орой 18:00 цагийн үед манай гэрт найз Нандин-Эрдэнэ /89730761/ найз залуутайгаа манай гэрт ирсэн. Тэр хоёр манай хашааг засаж янзалж өгчихөөд явах үед нв би хамт тэдний гэр рүү явсан бөгөөд гэрт нь очоод бид 3 хамт 0.75 литрийн хэмжээтэй 1 шил Хараа авч ууцгааж байсан. Тэгээд жорлон орох гээд явж байтал урд талын гэрт нь олон хүн шуугиад архи уугаад байж байхаар нь би тэр хүмүүст хандаад “яах гэж энд архи уугаад байгаа юм бэ” гэхэд тэр хүмүүс намайг хэл амаар доромжлоод байхаар нь зайлцгаа гэж хэлээд шууд орхиод хойд гэр рүү орсон. Би тухайн үед Нандиад урд гэрт чинь хүмүүс архи уугаад байна гэхэд өөрөө мэдэж байсан ба хэсэг байж байгаад Нандиа гарч яваад урд гэрийн нэг хүүхэнтэй зодолдоод байж байхаар нь очоод салгах гэж байтал бага насны нэг охиныг санамсаргүй болгоомжгүйгээр гараараа нэг удаа цохичихсон юм. Түүнээс биш тэр охиныг санаатай цохиж зодсон зүйл огт байхгүй ба удалгүй тэр маргаан дундаас би Нандин-Эрдэнийн 6 настай хүүг авч гараад гэрт нь ороод суусан. Удалгүй надад цохиулдаг охин цагдаа дагуулаад Нандиагийн гэрт орж ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү авч яваад эрүүлжүүлэх байранд оруулсан. гэх мэдүүлэг /хх 39/,
Насанд хүрээгүй хохирогч Б.М-ы хууль ёсны төлөөлөгч Н.О-ын “Б.М-ы ээж болох Д.Цэрэндуламтай түүний 80445334 гэх утасны дугаараар холбогдон цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй хохирлын төлбөрийг холбогдогчийн талаас гаргуулан авсан гэснийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хх 59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41/, оршин суух газрын тодорхойлолт /хх 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-гийн хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.М-ы бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.М-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 130.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь төлж барагдуулсан, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-ын Б-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ