Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Ц-гийн А-д холбогдох эрүүгийн 2135000000151 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ц-гийн А, 1997 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн хураагчийн ажил эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, нэг хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 10-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө иргэн Ц.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2135000000151 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 03-07 дугаар хуудас/, хохирогч Ц.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг /хх-ийн 14-16, 18-21 дүгээр хуудас/, гэрч Ц.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Ч.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Т.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 29-30 дүгээр хуудас/, гэрч З.Г-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 32 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 369 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 46-47 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ааас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 81-83 дугаар хуудас/ шинжлэн судалсан, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцсон боловч нотлох баримт шинжлэн судлаагүй байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

- Хохирогч Ц.Б-гийн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчим н.Н-н гэрт очсон. н.Н-н гэрт очиход н.Н нь хоёр найзтайгаа гурвуулаа байсан. Бид дөрөв нэлээд юм ярьж сууж байгаад 21 цагийн үед хажуу айлын н.С гэдэг хүний утсаар эхнэр н.Н руу залгаж “намайг ирж аваач” гэхэд н.Н “дүү хөдөө явчихсан байгаа ирэхээр нь очиж авъя” гэж хэлсэн. Эхнэртэйгээ яриад сууж байтал гаднаас хоёр залуу 0.75 литрийн архи, 1.5 литрийн Панта ундаа авч ирснийг задлаад бид нар хувааж уугаад суусан. ...23 цагийн үед эхнэр н.Н руу хамт байсан хүнийхээ утсаар залгаж “би эндээ амарлаа цаг орой болчихлоо” гэж хэлээд н.Н-н гэрт амрахаар болсон. Удалгүй гаднаас Ц.А, Гомбо гэх хоёр залуу орж ирсэн. Ц.А нь “та нар яагаад эзгүй гэрт архи уугаад байдаг юм бэ” гэж хэлсэн. Ц.А нь намайг ирж сэрээгээд “хэн бэ та” гэж асуухад би “Ц.Б ах нь байна” гэж хэлсэн. Тэгэхэд “та бие муутай байж энд юу хийж яваа юм бэ” гэж надаас асуухад нь “ах нь н.Н-тэй жаахан юм яриад нэг, хоёр юм уугаад оройтчихлоо, эндээ амраад явна” гэж хэлсэн. Ц.А нь н.Н-н гэрт байсан хүмүүс рүү “та нар яахаараа эзгүй гэрт архи ууцгаадаг юм бэ” гэж хэлээд тэнд байсан хүмүүстэй маргалдаж эхэлсэн. Би өндийгөөд “та нар одоо больцгоо, битгий маргалд” гэж хэлэхэд миний баруун шанаа дээр цохичихсон. Би яг хэн цохисныг мэдэхгүй байна. н.Н-н гэр нь харанхуй байсан. Би ухаан алдаад сэрэхэд эмнэлэгт сэрсэн юм...” гэх мэдүүлэг[1],

- Гэрч Ц.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...шөнө 01 цагийн үед Ц.А нэг найзтайгаа хамт гаднаас орж ирээд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан Ц.Б-г цохиж авсан. Тухайн үед н.Н-н гэр тог цахилгаангүй байсан болохоор Ц.А-ыг Ц.Б-гийн хаана нь яаж цохисныг мэдэхгүй байна. Би босоод асаагуурын гэрэл тусгаж харахад Ц.Б-гийн толгой цус болчихсон Ц.А Ц.Б-г орноос унагачихсан цохиж байхад гаднаас Ц.А-ын ээж Ц.Ц орж ирээд Ц.А-ыг гэрээс аваад гарсны дараа Ч.Б бид хоёр эмнэлэг дуудаж цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг[2],

- Гэрч Ч.Б-гийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...Ц.А нэг найзын хамт орж ирээд Б-г /Ц.Б-г/ цохихоор нь би “яаж байгаа юм бэ? Болиоч” гэж Ц.А-д хэлэхэд “чи дуугүй сууж бай” гэж хэлээд намайг нэг алгадаж, цээжин тус газар зангидсан гараараа нэг удаа цохисон юм. Тухайн үед н.Н-н гэр тоггүй харанхуй байсан тул бид нар асаагуурын гэрэл тусгаж ууж байсан юм. Ц.Б нь газраас өндийж ирээд “яаж байгаа юм бэ? Болиоч” гэж хэлэхэд Ц.А нь Ц.Б-гийн толгой руу нь нэг удаа өшиглөж байхыг нь би асаагуурын гэрэлд харсан юм. Ц.А орж ирээд хүн болгоныг цохиж байх шиг байсан, гэрт харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Ээж Ц.Ц нь гэрт орж ирээд Ц.А-ын найзын хамт салгаж аваад гарахаар нь би хойноос нь гарсан. Гэрээс гарч үүдэн дээрээс утсаа автал Ц.А нь миний цээжин тус газар зангидсан гараараа дахин нэг удаа цохисон. Тэгээд би утасныхаа гэрэл асаагаад гэр лүү ороод харахад Ц.Б ахын толгойноос цус гарчихсан, баруун талын орны хажууд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг[3],

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 369 дугаартай  “...Үзүүлэгч Ц.Б-н биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм...” гэх дүгнэлт[4],

        - Шүүгдэгч Ц.А-ын яллагдагчаар өгсөн “...нагац ах н.Н-н гэрт байсан Ч.Б гэх хүн намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад баруун гараараа хоёр удаа түүний хацар руу алгадахад Ч.Б надтай барьцалдаад намайг заамдаж авахад гэрийн зүүн талд сууж байсан хоёр хүн босож ирээд салгах хооронд Ц.Б ах миний баруун талд газар хэвтэж байсан болохоор би шанаа хэсэгт нь санамсаргүй хөлөөрөө цохичихсон...” гэх мэдүүлэг[5] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө шүүгдэгч Ц.А нь эзгүй гэрт архи уулаа гэх шалтгаанаар гэрч Ч.Б-гийн биед халдах явцад хохирогч Ц.Б “та нар одоо больцгоо, битгий маргалд” гэж хэлснийг шалтаглан, танхайрч хохирогчийн нүүрэн тус газар өшиглөж, цохиж, хохирогчийн биед “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн биед учирсан “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд язарсан шарх” гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 369 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.А нь хүний биед халдах нь хууль бус, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж хохирогчийн нүүрэн тус газар удаа дараа цохиж, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн[6] байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.А нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг ял шийтгэлийн санал гаргахдаа харгалзан үзээд шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ц.Ц-гийн “...Ц.А нь зан аашны хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, ер нь бол даруу зантай, хүнээс үг зөрөөд байдаггүй, хүн үг хэлэвч өөдөөс нь сөрдөггүй, хүлээж авах үгээ хүлээгээд авчихдаг, үнэнч даруу төлөв, хүмүүстэй хүндэтгэлтэй харьцдаг, харилцааны соёлтой тусархуу зантай хүү юм...” гэх мэдүүлэг[7], гэрч З.Д-гийн “...Ц.А нь зан аашны хувьд гэмгүй хүнтэй зүгээр харилцаатай залуу байдаг, жаахан дуу цөөнтэй, ухаан санааны хувьд эрүүл, хүнтэй маргалдаад янз бүрийн зан гаргаж байсан удаа байдаггүй, даруу төлөв зантай, бусдыг хүндэлж харьцдаг, харьцааны соёлтой, хүнд гомдож тунирхдаггүй, ар гэртээ цаг зав гаргадаг халамжтай залуу юм...” гэх мэдүүлэг[8], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[10] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Татварын хэлтсийн жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн хураагчийн ажил эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр литрийн хэмжээтэй, бор өнгийн хуванцар сав нэг ширхэг, цагаан өнгийн, хагарсан шаазан аяга нэг ширхэг, цагаан өнгийн шаазан аяга нэг ширхэг, викосал гэх бичиглэлтэй тарианы шил 2 ширхэг, 3 мг-ын хэмжээтэй нэг удаагийн тариур 1 ширхгийг дахин ашиглах боломжгүй, бусдын хууль ёсны өмчлөлд байдаг эд зүйл гэж үзэх үндэслэлгүй тул прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх зүйлсийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ц-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр литрийн хэмжээтэй, бор өнгийн хуванцар сав нэг ширхэг, цагаан өнгийн, хагарсан шаазан аяга нэг ширхэг, цагаан өнгийн шаазан аяга нэг ширхэг, викосал гэх бичиглэлтэй тарианы шил 2 ширхэг, 3 мг-ын хэмжээтэй нэг удаагийн тариур 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 14-16 дугаар хуудас

[2] хх-ийн 23-24 дүгээр хуудас

[3] хх-ийн 26-27 дугаар хуудас

[4]  хх-ийн 46-47 дугаар хуудас

[5] хх-ийн 81-83 дугаар хуудас

[6] хх-ийн 18-21 дүгээр хуудас

[7] хх-ийн 39 дүгээр хуудас

[8] хх-ийн 41 дүгээр хуудас

[9] хх-ийн 87 дугаар хуудас

[10] хх-ийн 100 дугаар хуудас