| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0128/э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Т-ийн О-д холбогдох эрүүгийн 2135001360153 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Т-ийн О, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 12-21 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 16-15 тоотод 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр талууд эрүүгийн 2135001360153 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
Улсын яллагч: Хохирогч Б.Э-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 04 дүгээр хуудас/, гэрч Ц.А-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Э.Э-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 335 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, яллагдагч Т.О-ын мэдүүлгийг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч Б.Э-ээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 36 дугаар хуудас/, шүүгдэгч Т.О-ын амбулаториор эмчлүүлэгчийн карт, Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарыг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолтыг /хх-ийн 72 дугаар хуудас/, Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг /хх-ийн 75 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
- Хохирогч Б.Э-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...миний хадам дүү болох Т.О нь 17 цагийн үед орж ирээд миний ууж байсан 2 литрийн савлагаатай шимийн архийг уугаад дуусгачихсан. Тэгээд Т.О нь н.Алгаагийн хөдөөнөөс авч ирсэн 2 литрийн савлагаатай шимийн архийг хоолны шургуулга дээр тавьчихсан байсныг авч гарахдаа “та нар ингэж баяжих болоогүй шүү” гэж хэлээд гарахаар нь араас нь хашаан хаалга цоожилж авах гээд гэрээс гараад хашааны үүдэнд очтол Т.О нь миний хөл рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би газарт доош харж унахад Т.О нь миний толгойноос үсдэж аваад намайг дөрвөөс таван удаа газар мөргүүлсэн...” гэх мэдүүлэг[1],
- Гэрч Ц.А-ийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 07 цагийн үед гэртээ байж байтал миний төрсөн дүү Ц.М /10 настай/ орж ирээд “Б.Э ахын хашаанд хүн орилоод байна” гэж хэлсэн. Би гэрээсээ гүйж гараад хөрш айл болох Б.Э ахын хашаанд ороход Т.О ах Б.Э ахын дээр гарчихсан нүүр лүү нь цохиж байсан. Би Т.О ахад хандаж “би цагдаа дуудна шүү” гэж хэлтэл Т.О нь “чи тэгж болохгүй ш дээ” гэж хэлээд миний араас хөөсөн. ...Т.О ах манай гэрт орчхоод буцаж гараад Б.Э ахын хашаа руу орсон. Тэгэхээр нь би араас нь дагаж Б.Э ахын хашаан гаднаас харахад Т.О Б.Э ахыг “бос гэр лүүгээ ор” гэж хэлээд шороон дээр гараас нь гэр лүү нь чирч байсан...” гэх мэдүүлэг[2],
- Насанд хүрээгүй гэрч Э.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажил дээр байж байтал хамт ажилладаг төрсөн эгч Э.Э “аав ухаангүй хашаан дотор хэвтэж байна” гэж 16 цагийн үед над руу залгаж хэлэхээр нь би хүргэн ах н.Б-ийн хамт гэрт ирэхэд аав хашаан дотор чихнээс нь цус гарчихсан даарчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би ганцаараа өргөж гэр лүү оруулаад цагдаад дуудлага өгсөн. Би хүргэн ах, эгч Э.Эрдэнэчимэг хоёрын хамт очиход аав Б.Э газар хэвтчихсэн Т.О хажууд нь зогсож байгаад Т.О хашаанаас гараад зугтаасан...” гэх мэдүүлэг[3],
- 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 335 дугаартай “...Б.Э-н биед гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, тархины хаван, 2 нүдний эргэнэ тойронд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, биеийн ар хэсэгт, баруун тохой, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, тархины хаван, 2 нүдний эргэнэ тойронд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, биеийн ар хэсэгт, баруун тохой, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм...” гэх дүгнэлт [4],
- 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 333 дугаартай “Т.О-н биед гэмтэл тогтоогдлоо. Зүүн хацар, хамар, дээд уруулд зулгаралт, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хацар, хамар, дээд уруулд зулгаралт, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх дүгнэлт[5],
- Шүүгдэгч Т.О-ын яллагдагчаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед хүргэн ах болох Б.Э-ийн гэрт очиход Б.Э ах гэрийнхээ хойморт суучихсан шимийн архи уугаад сууж байсан. Б.Э ах намайг “дээш суугаад архи уу” гэж хэлэхээр нь би Б.Э ахын 250 граммын цагаан аяганд хийж өгсөн шимийн архийг уучхаад Б.Э ахын гэрээс гараад гэр рүүгээ явах гэтэл миний араас гарч ирээд намайг түлхэж газар унагахаар нь би газраас босож ирээд Б.Э-ийн зүүн шанаа руу өөрийн баруун гараараа хоёр удаа цохиход Б.Э ах газар унаад босохгүй байсан...” гэх мэдүүлэг[6] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Э, шүүгдэгч Т.О нар нь архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, уг зодооны улмаас хохирогч Б.Э-ийн биед тархи доргилт, тархины хаван, 2 нүдний эргэнэ тойронд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, биеийн ар хэсэгт, баруун тохой, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд, шүүгдэгч Т.О-ын биед зүүн хацар, хамар, дээд уруулд зулгаралт, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан “тархи доргилт, тархины хаван, 2 нүдний эргэнэ тойронд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, биеийн ар хэсэгт, баруун тохой, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн тохойны зулгаралт” гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Т.О нь хүний биед халдах нь хууль бус, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж харилцан зодолдож, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.О-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Э “...Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж[7] мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “...шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх...” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй. Прокурортой ял тохиролцсон учир энэ хэмжээнд нь ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.А-ийн “...Т.О нь зан аашийн хувьд гэмгүй хүнтэй зүгээр харилцаатай залуу байдаг, жаахан дуу цөөнтэй, ухаан санааны хувьд эрүүл, хүнтэй маргалдаад янз бүрийн зан гаргаж байсан удаа байдаггүй, даруу төлөв зантай бусдыг хүндэлж харьцдаг, харьцааны соёлтой, хүнд гомдож тунирхдаггүй, халамжтай, гарын дүүтэй, хар бор ажилд сайн залуу юм...” гэх мэдүүлэг[8], гэрч Т.О-ын “...Амьдралын нөхцөл байдлын хувьд муу, бүтэн өнчин, хар бор ажил хийж амьдардаг, хүний хэлснийг үг дуугүй биелүүлдэг зан харилцааны төлөвшил хүмүүжил сайн, элдэв гаж зуршил байдаггүй, хүнтэй нэг их дуугараад байдаггүй дуу цөөтэй, даруухан талдаа хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[11] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдсэн байх бөгөөд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэрэг гарчээ. Тодруулбал шүүгдэгч Т.О-ын биед гэмт хэрэг гарах үед олон тооны гэмтэл үүссэн болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 333 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооход харгалзан үзнэ.
Дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг болон эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Т-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ыг хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 4 дүгээр хуудас
[2] хх-ийн 6-7 дугаар хуудас
[3] хх-ийн 9-10 дугаар хуудас
[4] хх-ийн 28-29 дүгээр хуудас
[5] хх-ийн 21-22 дугаар хуудас
[6] хх-ийн 59-60 дугаар хуудас
[7] хх-ийн 4 дүгээр хуудас
[8] хх-ийн 16 дугаар хуудас
[9] хх-ийн 18 дугаар хуудас
[10] хх-ийн 64 дүгээр хуудас
[11] хх-ийн 75 дугаар хуудас