Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 834

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Дд холбогдох 1709017640174 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Залан овогт Г-н Д, 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Археологич мэргэжилтэй, “Моерад” ХХК-н захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ...................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

 Г.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Байгаль төв”-ийн 407 тоот ажлын өрөөнд нөхөр Г.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед цээж, зүүн гарын бугалга, шуу, шилбэнд шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Залан овогт Г-н Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх “эмнэлгийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг Г.Д үүсгэжээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ” гэж дүгнэлт хийсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, хийсвэр дүгнэлт болжээ. Г.Оийг толгой руу нь шалны модоор цохисон, ...хазсан, ...үстсэн ул мөр болох тархи хөдөлсөн, толгойн хуйх хавдсан, үс унасан, хөхрөл, шалбарал үүссэн, хазсан ул мөр зэрэг байдал огт байхгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтэд энэ талаарх гэмтэл тогтоогдоогүй байгаа нь хохирогчийн мэдүүлсэн “...Г.Д хохирогчийг шалны модоор цохисон, хазсан, үстсэн...” үйлдэл нь үгүйсгэгдэж байна. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Даваасүрэнгээс тодруулахад анхны үзлэг хийсэн эмч 1194 дүгээр дүгнэлтийг гаргахдаа ялгаж дүгнэлт гаргах боломжтой байсан тухай мэдүүлсэн. Ийм учраас хохирогч Г.Д хохирогч Г.От учирсан хохирлыг бүгдийг учруулаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдоогүй. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, шүүгдэгч Г.Д хохирогч Г.От гэмтэл учруулсан бодит үйлдэл хангалттай тогтоогдоогүй, гомдолд дурдаад байгаа ээдрээтэй нөхцөлд байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч Г.Дг буруутгаж байх тул 510 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтас хэргээс үзэхэд баримтууд нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болсон буюу хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 онд ажлынхаа өрөөнд ажлаа хийж байсан. Тухайн үед манай нөхөр болох Г.О гаднаас орж ирэхэд бид хоёр тусдаа 2 сар гаруй амьдарч байсан. Тэгээд орж ирээд таагүй, эвгүй харьцаж, миний автомашины түлхүүрийг авч гарах гэхээр нь “чи миний автомашины түлхүүрийг өг” гэж маргаан гарсан. Миний хувьд Г.От ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй учраас хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Д 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлынхаа байранд нөхөр Г.Отэй хувийн таарамжгүй харилцаанаас болж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 510 дугаартай шийтгэл тогтоол гарч, шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүгдэгч Г.Д нь хохирогч Г.От гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлсэн нотлох баримт байгаа. Шүүгдэгч Г.Д хохирогч Г.О нар 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хохирогч Г.О биеийн тодорхой хэсэгт гэмтэл авсан талаар мэдүүлэг өсгөн. Хавтас хэргийн 11-12 дугаар талд авагдсан. Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргасан гэж үзэж байна. Шинжээч эмчийн 1194 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “Г.Дгийн үйлдлээс учирсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Хохирогч Г.О шүүгдэгч Г.Дд зодуулахаас өмнө өөрөө унаж зүүн гарын буглаг, шуундаа гэмтэл авсан нь талаар мэдүүлсэн байдаг. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Даваасүрэнгийн тайлбараас авч үзэхэд “дээрх гэмтлүүд болон зүүн гарын буглаг шуунд авсан гэмтлийг Г.О тухайн үеэс өмнө авсан байсан ч гэсэн бусад дүгнэлтэд тусгасан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж үзэж байгаа учраас шинжээчийн дүгнэлтэд маргах зүйл байхгүй гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль төв”-ийн 407 тоот ажлын өрөөндөө нөхөр Г.Отэй “Автомашины түлхүүр авч явах гэлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед цээж, зүүн гарын бугалга, шуу, шилбэнд шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Г.Д намайг шалны модоор цохисон, хазсан, маажсан, үснээс зулгаасан, өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

гэрч Х.Мэндгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тэр хоёр нэг нэгэндээ автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй гээд зодолдож маргалдаж байгаад Г.О цагдаа дуудсан. Тухайн үед Г.Д нэг харахад шалны мод бариад явж байсан. Тэр хоёр нэг нэгнийхээ гарнаас бариад түлхүүрээ булаацалдаад маргалдаад хоорондоо ноцолдоод байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Г.Оийн биед цээж, зүүн гарын бугалга, шуу, шилбэнд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх 11194 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Дгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх мөн үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж ... хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгдэгч Г.Д болон хохирогч Г.О нарын хоорондоо маргалдсан, автомашины түлхүүр булаацалдаж хохирогчийг цохисон нь тухайн үеийн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд энэ үйлдлийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан ойлголтод хамруулж “эхнэр Г.Д нь нөхөр Г.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон” гэж дүгнэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Дгийн бусдыг зодож хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл хангалттай нотлогдсон бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Дд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогджээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн “1” дэх заалтын “Шүүгдэгч Залан овогт Г-н Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г-н Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Залан овогт Г-н Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Мөн “Шүүгдэгч Залан овогт Г-н Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                      Ц.ОЧ