Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00742

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Зээлийн батлан даалтын санд холбогдох,

Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 52.068.399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аяани хатан ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГЗ100004051 тоот зээлийн гэрээгээр Гнаас 155.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БДГЗ100004051 тоот Батлан даалтын гэрээ буюу гурвалсан гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдлийн 60 хувь байна гэж заасан байна. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00101 тоот захирамжаар, Аяани хатан ХХК-иас 167.143.820 төгрөгийг гаргуулж Гинд олгохоор шийдвэрлэсэн.Уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд зээлдэгчийн барьцаалсан Ү-2201027777 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, 14 дүгээр байрны зоорийн хэсэгт байрлах, 201.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар 85.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан болно. Албадан дуудлага худалдааны орлогоос батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу зээлийн үндсэн хүү 17.649.947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 583.390 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 496.835 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 4.275.000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн ажлын хөлс 160.000 төгрөг, 2 шатны дуудлага худалдааны зарын үнэ 40.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдлээс 62.174.827 төгрөгийг суутгаж, одоогийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл 86.780.664 төгрөг байна. Аяани хатан ХХК нь барьцаа хөрөнгөөс бусад ямар нэг эд хөрөнгөгүй болох нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын гаргуулан авсан лавлагаа, тодорхойлолтоор нотлогдож байна. Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу үлдэгдэл зээлийн 60 хувьтай тэнцэх 52.068.399 төгрөгийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2, 460.4, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, БДГЗ100004051 тоот батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийг 1.4-т тус тус заасны дагуу хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Зээлийн батлан даалтын сан шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн батлан даалтын сан нь Г ХХК болон Аяани хатан ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БДГЗ100004051 тоот батлан даалтын гэрээ байгуулан 155.000.000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргасан. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Г нь зээлдэгч Аяани хатан ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00101 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа; бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Мөн Гны хувьд тухайн зээлийн эргэн төлөлтийн байдал, зээлдэгч хэрхэн үүргээ гүйцэтгэж байгаа талаар батлан даагчид мэдэгдэж байгаагүй байдаг. Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 458 дүгээр зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 52.068.399 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418.291 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 418.291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418.292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 142 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Г нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/00101 дугаар шийдвэрийн үндсэн дээр “Ипотекийн гэрээ”-ний зүйлийг худалдан борлуулсан үнээс зээлийн зарим хэсэг, хүү, нэмэгдүүлсэн хүү, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зардлыг барагдуулаад үндсэн зээлээс гэрээнд заасан хэмжээ хязгаарт багтаан нэхэмжилсэн нь буруу биш байна.” гэж дүгнэсэн нь үүрэг гүйцэтгэх дараалал буюу Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж заасныг зөрчсөн банкны үйлдлийг зөвтгөсөн буруу дүгнэлт болжээ.

Хоёр. Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт. “Г ХХК-ийн хувьд зээлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа боловч энэ нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээний /Батлан даалтын гэрээ/ шаардлагатай холбоотой нэхэмжлэл гаргахад нөлөөлөхгүй.” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 -д дэх хэсэгтэй нийцээгүй гэж үзэж байна.

Гурав. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх залруулахгүйгээр “... зээлийн гэрээний нэг тал болох Аяани хатан ХХК нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй. барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 -д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зээлийн батлан даалтын санд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн. Эндээс Аяани хатан ХХК зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжтой, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдоогүй байсан тохиолдолд давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэх байсан гэж ойлгогдож байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэх заалт болон 117.1 дэх заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 3.1.3-т “барьцаалсан хөрөнгөөс тэргүүн ээлжид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал, зээлийн үлдэгдлийн 40 хувь буюу түүнээс дээш үндсэн зээлийн төлбөрийг гаргуулан авахаар тохиролцож, энэ гэрээний талууд болох Г ХХК, Аяани хатан ХХК болон Зээлийн батлан даалтын сан дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан”-ыг үндэслэж байгаа бол уг заалт нь Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгтэй нийцсэн эсэхийг анхаарч үзээгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд болон 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн Зээлийн батлан даалтын сангаас 52.068.399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Зээлийн батлан сангаас 52.068.399 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд батлан даалтын гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

“Аяани хатан” ХХК нь Гтай 2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 14 дүгээр байрны зоорийн хэсэгт байрлах 201.8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 155.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлжээ.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс үндсэн зээлийн үлдэгдлийн 60 хувийг төлөх үүргийг хүлээж, нэхэмжлэгчтэй батлан даалтын гэрээ байгуулжээ /хэргийн 10-14 дүгээр тал/.

Батлан даалтын гэрээ Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-т заасан шаардлагад нийцсэн ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 148.955.492 төгрөг, хүү 17.649.947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 538.380 төгрөг нийт 167.143.820 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Аяани хатан” ХХК нь хүлээн зөвшөөрсөн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн 101 дүгээр захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 85.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан нь тогтоогджээ /хэргийн 23-24 дүгээр тал/.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...албадан дуудлага худалдааны орлогоос үндсэн хүү 17.649.947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 583.390.97 төгрөг, нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 496.835 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120.000 төгрөг, урамшуулал 4.275.000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 160.000 төгрөг, дуудлага худалдааны зарын үнэ 40.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдлээс 62.174.827.03 төгрөгийг суутгаж, зээлийн нийт үлдэгдэл 86.780.664.97 төгрөг байна, үүний 60 хувь 52.068.399 төгрөгийг гаргуулна” гэж шаардлагаа тодорхойлжээ.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байх ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “зээлийн батлан даалт гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг хэлнэ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ. 

Түүнчлэн батлан даалтын гэрээний зорилгыг талууд “зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг Зээлийн батлан даалтын сан баталж зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүргийг гүйцэтгэж, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулах” гэж тодорхойлсны зэрэгцээ гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна гэжээ.

Зээлийн батлан даалтын сангийн батлан даасан хэмжээ нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1.-д заасан “Батлан даалтын сан нь ...зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана” гэсэнтэй нийцжээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна.

Г нь “Аяани хатан” ХХК-с нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 148.955.492 төгрөгөөс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан 85.500.000 төгрөгийг хасвал 63.455.492 төгрөг ба үүний 60 хувь нь 38.073.295 төгрөг байна.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 38.073.295 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1., 460.4-т заасныг баримтлан хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 38.073.295 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13.995.104 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын “...418.291.99...” гэснийг “...348.316...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 418.292 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ