Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/456

 

 

 

 

 

 

 

 

    2021       08             25                                     2021/ШЦТ/456

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,   

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Р.Х,

шүүгдэгч М.А, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Р.Х, Ховогт М.А нарт холбогдох эрүүгийн 2003005380020 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

  1. Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61 дүгээр байр, 45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ховогт М.А /РД:ШЕ71051615/.
  2. Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ховогт Р.Х рд,,,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны жолооч, нярав ажилтай Р.Х нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа газрын тусгай үйлчилгээний албаны шатахуун түгээх станцын хашаанд М.Атай хамтран албаны хэрэгцээний 32-03 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 300 литр түлш, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 800 литр түлшийг тус тус завшиж 2.245.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны жолооч, нярав ажилтай Р.Х нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа газрын тусгай үйлчилгээний албаны шатахуун түгээх станцын хашаанд М.Атай хамтран албаны хэрэгцээний 32-03 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 300 литр түлш, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 800 литр түлшийг тус тус завшиж 2.245.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч М.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Шүүгдэгч Р.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн: “...Магваны Анхбаярын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр унаж явсан саарал өнгийн 91-51 УНВ улсын дугаартай старикс маркийн машинд явуулав. ...98 см, урт нь 110 см, өндөр нь 97 см хэмжээтэй дээрээ TYPE IV гэсэн бичигтэй сав байрлуулсан байх ба уг ачааны хэсгээс шатахууны үнэр үнэртэж байв. Уг саванд түлшийг яаж хийсэн талаар асуухад үзлэгт оролцогч Р.Х уг машины жолооч М.А мэдэж байгаа гэж хэлсэн бөгөөд М.А нь уг савны дээд хэсэгт байх улаан тагтай хэсгийг зааж энэ тагийг онгойлгож хийсэн гэж мэдүүлсэн ...уг саванд юу байгаа талаар асуухад М.А нь 800 л түлш байгаа гэж хэлсэн...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 9/
  4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 10-13/
  5. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэний нисэхийн ерөнхий газрын иргэний нисэхийн төвийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны санхүү бүртгэлийн хэлтсийн захиргаа хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтний албан тушаал эрхэлдэг юм. Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр уг хэрэгт намайг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор орж ажиллаж байна. манай Иргэний нисэхийн ерөнхий газрын иргэний нисэхийн төвийн газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч нярваар ажилладаг Р.Х нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр албаны 32-03 УБХ улсын дугаартай Урал маркийн машинаас албанд ашиглах түлшнээс тус газарт хуучин ажиллаж байсан М.А гэх хүнд 800 литр түлш хууль бусаар худалдан борлуулсан хэрэг гарсан байсан. ....Манай байгууллагын хувьд 300 л түлшний үнийг гэрээний үнээр авсан бөгөөд гэрээний үнээр тооцохоор бол гомдол санал байхгүй.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 216/
  6. Гэрч Б.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-ухаа олон улсын нисэх буудлын гарц 258 дугаар пост буюу ИНЕГ-ын уулзвар орчимд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ялгалт хийх чиг үүрэгтэйгээр цагдаа-зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Б.Мягмарсүрэнгийн хамтаар үүрэг гүйцэтгэсэн юм. Орой 19 цагийн үед Хан уул дүүргийн 21 дүгээр хороо ИНЕГ-ын ШТС-ын орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 9151 УНВ улсын дугаартай саарал өнгийн ачааны старикс маркын машин ИНЕГ-ын ШТС-ын хашаанаас гарч ирж байсан. Уг машиныг шалгахад Магваны Анхбаяр гэх жолооч уг машины ачааны хэсэгт хар өнгийн том оврын сав байрлуулсан байдалтай явж байсан. М.Ааас ямар учир шалтгаантай явж байгааг нь тодруулж уг саванд юу байгааг асуухад дизель /түлш/ байгаа гэж хэлсэн. Уг түлшийг авч явж байгаа байдал нь сэжигтэй санагдсан учраас Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Л.Тамжидад хүлээлгэн өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/
  7. Гэрч Ц.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ИНҮТ-ийн ["азрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны шатахууны хэлтсийн дарга^'2018 оноос хойш ажиллаж байгаа юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын шатахууны хангалт, чанар, тээвэрлэлтэд хяналт тавих, 15 аймгийн нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны агуулахын засвар үйлчилгээ шатахууны чанар тоо хэмжээ, үйлчилгээнд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй юм. Манай хэлтэс нь 13 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нярав түгээгч 1, нярав жолооч 1, орон нутгийн нисэх буудлуудын агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх үүрэг бүхий жолооч 7, сав тоноглолын инженер 1, техникч 2 гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Манай хэлтсийн шатахууны нярав жолоочоор ажиллаж байсан М.А нь 2020 оны 05 дугаар сарын 01-ээс ээлжийн амралттай байсан бөгөөд үргэлжлүүлэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байж байгаад 2020 оны 08 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар группт гарсан. Түүний оронд Р.Х нь 2020 оны 05 дугаар сарын 01-ээс ажиллаж байгаад М.Аыг группт гарах үед нь Р.Х нь жолооч нярваар томилогдож манай хэлтсийн үндсэн ажилтнаар орсон юм. Түүнээс хойш манай хэлтэст жолооч нярваар ажиллаж байгаа юм. Шатахууны нярав жолооч Р.Х нь 32-03 УБХ улсын дугаартай “Урал” маркийн сумлагч машинаар хамгаалагдсан бүс “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа Технологийн хэлтэс болон Агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтсийн машин механизмыг дизель түлшээр цэнэглэх ажлыг хариуцан ажилладаг юм. ШТС-ын түгээгүүрийн баталгаат тоолуураар сумлагч машины торхонд дизель түлш ачаад ачсан шатахууны тоо хэмжээг ШТС-ын няравт бүртгүүлж карт дээр тэмдэглэл үйлдэн хүлээн авдаг. Хамгаалагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн хэлтэс болон агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтсийн дарга нарын цохолтыг үндэслэн машин механизмыг 32-03 УБХ улсын дугаартай “Урал” маркийн сумлагч машины баталгаат тоолуурыг ашиглан дизель түлшээр цэнэглэж карт дээр жолооч нарын гарын үсэг зурж баталгаажуулж нэг хувийг авч Санхүүгийн албанд тооцоо нийлдэг юм. Дээрх картуудыг үндэслэн сар бүрийн 15, сарын эцэст 2 удаа жолооч нарын тооцоог тоо бүртгэгч болон нягтлан бодогч нар тооллого хийж тайланг гаргадаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/
  8. Гэрч Х.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүдэрчулуун нь тухайн үед завшсан 800 литр түлшийг шингэнээр нь хүлээлгэн өгсөн байгаа. Өөрөө 2020 оны 10 дугаар сард 300 л түлш завшсан гэж манай байгууллагын дансанд 439.500 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо зах зээлийн ханшаар бодоход 614.700 төгрөг болох бөгөөд үлдэгдэл 175.200 төгрөг дутуу байгаа....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 219/
  9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №6231 дугаартай:

“...шинжилгээнд ирүүлсэн шингэн зүйл нь дизель түлш /ДТ/-тэй шинж чанар найрлагаараа ижил байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50

  1. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №21-116 дугаартай: “1100 литр түлшийг 2.245.100 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 224-225/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-109-110/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба тухайн этгээдэд эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэл олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байдгаараа уг гэмт хэрэг онцлогтой. 

Дээрх гэмт хэргийн “завших” гэдэг ойлголтод итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байхыг ойлгоно.

Мөн урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон.

Хэргийн үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Р.Х нь тухайн хэрэг үйлдэгдэх үед “Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа тусгай үйлчилгээ шатахуун хяналтын алба”-д жолооч, няравын албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь албан тушаалын тодорхойлолтын маягт /хх-ийн 126-127/, “Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны дарга”-ын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаал /хх-ийн 128/,

мөн тэрээр тухайн байгууллагын шатахууныг зөөвөрлөхдөө дутаахгүй, хувьдаа шамшигдуулахгүй байх үүрэгтэй буюу эд хөрөнгө дутаасан тохиолдолд хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан болох нь ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 127/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Р.Х нь ийнхүү ажиллаж байх хугацаандаа ““Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба”-ны шатахууныг байгууллагын холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүй авч, зөөвөрлөн улмаар цааш зарж борлуулсан үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэх үндэслэлтэй,

Харин шүүгдэгч М.Аын хувьд тэрээр Р.Хыг байгууллагын шатахууныг зарж борлуулж байгааг мэдсэн хэдий ч дэмжлэг үзүүлэн шатахууныг худалдаж авсан үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Р.Х, М.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага болох Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Тусгай үйлчилгээ шатахуун хангалтын алба”-д баримтаар 2.245.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хохирогч байгууллагад уг хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн төлбөр төлсөн баримт /1 хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Р.Х, М.А нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн хувийн байдал шүүгдэгч Р.Х /...41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../,  шүүгдэгч М.А /...50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховогт Р.Х, Ховогт М.А нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой байна.

            Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэжээ.

            Шүүгдэгч Р.Х, М.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байх тул шүүхээс тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Р.Х, М.А нарт сануулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Р.Х, М.А нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Мөн шүүгдэгч Р.Х, М.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ховогт Р.Х, Ховогт М.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховогт Р.Х, Ховогт М.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Х, М.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Р.Х, М.А нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Р.Х, М.А нарт сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

  1. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Х, М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТБОЛОР