Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Б-ы Б-д холбогдох эрүүгийн 2135000000093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ы Б, 1967 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын хоёрдугаарт багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутагт Солтан гэх газарт 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Г.Мг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2135000000093 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: хохирогч Г.М-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл болон хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг /хх-ийн 5-6, 8, 10 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрч Д.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрч Г.А-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрч Ө.А-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрч Ө.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 22 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрч Г.Г-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрч Ж.У-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 26 дугаар хуудас/, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 47-48 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-оос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ тус тус шинжлэн судалсан. Шүүгдэгчид шүүхийн хэлэлцүүлэгт тэгш эрхтэйгээр оролцож нотлох баримт шинжлэн судлах эрхтэй болохыг танилцуулсан боловч нотлох баримт шинжлэн судлахаас татгалзсан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Хохирогч Г.М-гийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Би та нараас оройхон ус авна гэж хэлэхэд хажуугаас Б /Б.Б/ “чи юу яриад байгаа юм бэ? би орой энэ хүмүүс талбайгаа усалсны дараа би авах гэж байна” гээд гарын салаавчаа гаргахаар нь би бас зөрүүлээд гарын салаавч гаргаад Алгаа усаа боож байхад нь тусалж усыг боолцож байхад Б мотоцикл дээрээсээ буугаад “чи хэн бэ вэ?” гээд дээлээ тайлж тавьчхаад усаар гарч миний толгой руу гараараа нэг удаа цохих гэхэд нь би цохиулалгүй зөрүүлэхэд миний зүүн өвдөгний дээд тал руу нэг удаа өшиглөөд гэдрэг дараад миний өмсөж явсан цамцаар хоолой боож унагааж цээж нь дээр дараад суухад миний хөл маш хүчтэй өвдөхөөр нь би “хөл хугарчихлаа” гэж орилоход хүмүүс ирж салгасан...” гэх мэдүүлэг[1],

- гэрч Ө.Б-ийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өглөө Тариалан сумын 6 дугаар багийн тээл сууринд байх гэрээсээ гарч Солтан гэх газарт өөрийн эзэмшлийн хадлангийн талбайг А буюу Ө.М, У буюу Ө.А нарын хамтаар усалж байсан. ...би Ө.М-ын хамтаар ус задрахаар нь усны боолт хийж байхад Б /Б.Б/ Г.М хоёр усны хоёр талд байснаа Б ус гаталж очоод тэр хоёр барьцалдаж байсан. Нэг мэдсэн Г.М “хөл” гээд орилж хашхирсан. Би түүнийг хашхирахаар нь харахад Г.М дээшээ хараад уначихсан байсан. Б хажууд нь загнаж байсан. Би тэр хоёрыг маргалдаж байхад ус боож байсан болохоор тэр хоёр хэрхэн бие биеэ зодож цохисон талаар хараагүй...” гэх мэдүүлэг[2],

- гэрч Г.А-ийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Б /Б.Б/ Г.М ахын толгой руу гараараа нэг цохих гэхэд Г.М ах бултаад цохиулаагүй. Тэгснээ Б ах Г.М-гийн зүүн хөл рүү нэг удаа өвдөглөөд дээш харуулаад дараад цамцаар нь хоолойг нь бооход би очиж “та яагаад зодоон хийж байгаа юм вэ? зодоон болох асуудал биш шүү дээ” гээд салгахад Г.М ах “хөл хугарчихлаа” гээд орилж хашхирсан хэвтсэн. Б-д Г.М “миний хөл хугарчихлаа” гэж хэлэхэд Б “тийм хэврэг хөл гэж юу байхав дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],

- гэрч Ө.А-ын 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Ө.Б, Ө.М хоёр над дээр ирээд “Б /Б.Б/ Г.М хоёр маргалдаж барьцалдаж аваад ноцолдож байгаад хөлөө хугалчих” шиг боллоо гэхээр нь Г.М дээр очиход миний хөл хугарчихлаа гээд өвчиндөө зовоод янз бүрийн юм ярьж чадахгүй байсан. Тэгэхээр нь Б-гаас юу болсон талаар асуухад “тэр бид хоёр маргалдаж байгаад хувцаснаас нь барьж байгаад мушгиад унагаасан. Тэгээд Г.М хөл хугарчихлаа гэж хашхирсан. Би Г.Мг зодож цохисон зүйл байхгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],

- гэрч Ө.М-ын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн “...Б /Б.Б/ “чи над руу салаавч гаргадаг чи юу юм бэ?” гээд мотоцикл дээрээсээ буугаад дээлээ тайлаад гол дээгүүр үсэрч гараад Г.М-тай очоод барьцалдаад авч байсан. Би тэр хоёрт “та нар болиоч зодолдох гээд байгаа юм уу” гэж хэлчхээд голын усыг хааж ширэг хүрздэж тавьчхаад харахад Г.М доор нь орчихсон Б дээр нь гарчихсан байсан. Г.М хөл хугалчихлаа гэсэн хашхирч байсан...” гэх мэдүүлэг[5],

- 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 235 дугаартай “Үзүүлэгч Г.М-гийн биед гэмтэл тогтоогдлоо. Зүүн дунд чөмөг ясны гадна /дунд 1/3 / хэсгийн хөндлөн сэлтэрсэн далд хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...Зүүн дунд чөмөг ясны гадна /дунд 1/3 / хэсгийн хөндлөн сэлтэрсэн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт[6] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Солтан гэх газарт 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.Б, хохирогч Г.М нар талбайн усалгаанаас болж маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийг өвдгөөрөө шахаж, мушгиж унагасны улмаас хохирогчийн биед зүүн дунд чөмөг ясны гадна /дунд 1/3 / хэсгийн хөндлөн сэлтэрсэн далд хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Хохирогч Г.М-гийн биед учирсан “зүүн дунд чөмөг ясны гадна /дунд 1/3 / хэсгийн хөндлөн сэлтэрсэн далд хугарал” гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлах чадвартай, хохирогчид халдаж эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Г.М-гийн “...Б.Б нь миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад гомдол тэмцэл байхгүй. Бид хоёр хэл амаа ойлгож чадалгүй ийм юм боллоо. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн[7] байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2135000000093 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Б-ы Б-д холбогдох эрүүгийн 2135000000093 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 5-6 дугаар хуудас

[2] хх-ийн 12-14 дүгээр хуудас

[3] хх-ийн 16-17 дугаар хуудас

[4] хх-ийн 19-20 дугаар хуудас

[5] хх-ийн 22 дугаар хуудас

[6] хх-ийн 47-48 дугаар хуудас

[7] хх-ийн 10 дугаар хуудас