Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1047

 

 

 

 

 

 

 

   2021        10          13                                    2021/ШЦТ/1047

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Оюунбат,

Хохирогч Г.Б-, түүний өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй,

Гэрч Р.Саруултамир,

Шүүгдэгч О.М, О.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.М, О.О нарт холбогдох эрүүгийн 2017 2501 1304 дугаартай хэргийг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000003, Т овогт О.М.

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 9 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000001, Б овогт О.О.                

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.О, О.М нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчис Проперти” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Эрчис Проперти” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.О нь дээрх ажпын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгний төлбөрийг “Эрчис Проперти” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгөнд барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв, талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгний төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажпын хөлсний 30.000.000 төгрөгийг “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Б нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.М нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Эрчис Проперти” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “...2014 онд ажил гүйцэтгэх гэрээ хийгээд төлбөрөө төлж байсан. Тэгээд 2015 онд барилгын ажил зогсох үед орон сууц захиалгын гэрээ хийсэн. Тэгээд 2016 онд эргээд барилгын ажил эхлэхэд “Эрчис Проперти” ХХК нь ямар ч ажил хийгээгүй. Бид нар өөрсдөө тухайн барилгын ажлыг өөр бусад хүмүүсээр хийлгэж дуусгасан. Тухайн үед “Эрчис Проперти” ХХК-ны ажилчин байхгүй байсан. Тэгээд ажил хийж байсан хүмүүсээс “та нар энэ компанид хэр удаан ажиллаж байгаа юм” гэхээр “ямар компани” гээд мэддэггүй байсан. 2016 онд барилгын ажил дууссан. Тэгээд ажлаа хийгээгүй учир барилгын ажил гүйцэтгэх гэрээнд маргаан гарсан. Тэгээд маргаантай гэрээнд төлбөр төлөхгүй гэдэг асуудал яригдсан. Гэтэл орон сууц өгнө гээд өгөхгүй залилсан гэх асуудлыг ярьсан. Би “орон сууц өгнө” гэж хэлчихээд өгөхгүй залилсан гэдгийг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхгүйг тусгайлан заана гэж хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж заасан байна. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний маргаантай асуудлыг төсөөтэй хэрэглээд байна. Бид нар өөр хүмүүсээр ажлаа хийлгэсэн байхад маргаан гараад байгаа юм. Бид нар хуульд зааснаар эдгээр хүмүүсээс мөнгө, төгрөг аваагүй байхад маргааныг хөрөнгө шилжүүлж авсан мэтээр яриад байгаа юм. Тэгээд гомдол гаргахдаа энэ хүн бид нарыг залилсан гэж яриад байгаа юм. Хуульд зааснаар залилах гэх асуудал нь ойлгомжгүй байна. Гэрээний маргаан гарсан ажил бүрэн гүйцэтгээгүй. Тэгээд ажил гүйцэтгээгүй байж хохирсон гэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Бид нар ажлыг өөр хүмүүсээр хийж дуусгасан...Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй тул би өөрийгөө хууль хэрэглэж өмгөөлж болно. Би гэм буруутай үйлдэл үйлдээгүй. Гэм буруутай үйлдэл нь бусдын эзэмшил, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан хүнийг хэлдэг. Эд хөрөнгийн эрхийг шилжүүлж аваад надад хувь хүн, компаниас мөнгө шилжиж орж ирсэн зүйл байхгүй. Гэрээний маргааныг төсөөтэй хэрэглэж байгаа юмыг гэмт хэрэг үйлдсэн болгох гээд байна. Гэмт хэргийн шинж, үйлдлийг тусгайлан заасан байна. Тэгээд нотлох баримтгүй гэмт хэрэг үйлдээгүй байхад яллах гээд байна. Тэгэхээр гэмт хэргийн шинжгүй байх тул цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэг хийгээд шүүгдэгч болоод зогсож байгаагаа ойлгохгүй байна. Ажлаа хийж дуусгаагүй хийсэн ажлынхаа хөлсийг авсан. Хийгээгүй ажлынхаа хөлсийг аваагүй, залилсан, хохирсон гээд байгааг би ойлгохгүй байна...Намайг гэм буруутай шүүгдэгч болгоод байгааг би өөрөө ч ойлгохгүй байна. Гэрээний маргаан яаж яваад би гэмт хэрэгтэн болоод байгаа юм. Р.Саруултамир надад хэлэхдээ би шүүхийн шийдвэр, цагдаагийн байгууллагад 10 жил ажилласан чамайг шоронд явуулна гэж хэлсэн. Тэгээд хэрэг прокурорт шилжээд Ч.Түмэн-Өлзий прокурорт тайлбарлаад хэлэх гэхээр залилан мэхлэгчээс тайлбар авахгүй гээд шүүхэд шилжүүлсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “...2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр О.М, О.О нартай барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сард гэрээт ажлаа дуусгасан. Шүүгдэгч О.М ямар ч ажил хийгээгүй гэж байна. Хэрэв ямар ч ажил хийгээгүй юм бол нэгдүгээр хавтаст хэргийн зуун жаран тавдугаар хуудаст ямар хэмжээний мөнгө өгнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь тодорхой авагдсан байдаг. Мөн манай компани тус барилыг нь улсын комисст хүлээлгэж өгсөн акт байдаг. Гэрээний маргаан гэж яриад төөрөгдөлд оруулах гээд байна. Барилгын ажил нь дотроо карказ угсралт, сан цахилгаан гээд олон ажилтай байдаг. Манай зөвхөн карказ угсралтын ажилд орохоор гэрээ байгуулсан. Уг байгуулсан гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сард ажлаа хийгээд дуусгасан. Тэгээд ажлаа дуусгаад үлдэгдэл төлбөрөө авахыг хүсэхэд О.О, О.М нар нь “гэрээнийхээ үлдэгдэл төлбөрт танай компанид баригдаж байгаа барилгынхаа орон сууцнаас өгнө” гэж хэлэхээр нь манай эхнэр бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд бид дөрөв хамт байж байгаад нотариатаар гэрээ хүртэл байгуулсан байдаг. Тэгээд манай эхнэр Р.Саруултамир, О.М-тэй орон сууцны гэрээ байгуулсан. Хойд Солонгосчууд ирээд сан цахилгааныг нь хийгээд барилгын ажил дууссан. Тэгээд манайх байрандаа орох гэхэд манай захиалсан байрыг өөр хүмүүст зарсан байсан. Энийгээ шүүгдэгч нар ямар хүний эд хөрөнгө аваагүй орон сууц захиалга гэж мөнгө аваагүй гэж яриад байна. Одоо алдагдсан боломж гэж яривал юу ч үүсэх байсан юм. Сэтгэл санааны хохирол гэж бол яриад ч хэрэггүй. Одоо 5 жилийн хугацаа өнгөрч байна. Шүүгдэгч нар нь намайг хуурч мэхлэх замаар өөрсдөө санхүүгийн давуу байдал үүсгэсэн гэж үзэж байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдээд өнөөдрийн байдалд хүрч байна. Шүүгдэгч нар намайг ажил хийгээгүй гээд байгааг үгүйсгэж хоёр зүйлийг хэлмээр байна. Ажил хийсэн гэдэг нь нэгдүгээр хавтаст хэргийн зуун жаран тав дугаар хуудаст тооцоо нийлсэн акт байдаг. Уг актад надад 110.000.000 төгрөг төлнө гэсэн бичгийг шүүгдэгч нар өөрсдөө гаргаж нотлох баримт байдаг. Уг актаар миний ажил хийсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. Хэрэв манай компани ажил хийгээгүй бол шүүгдэгч нар яах гэж 110.000.000 төгрөг хүнд өгнө гэж байхгүй. Мөн шүүгдэгч О.О өөрийн хүү О.М-ийг төлөөлүүлээд би эхнэрээ төлөөлүүлээд бид хоёр орон сууц захиалгын гэрээ хийсэн. Хүнтэй зүгээр байж байгаад орон сууц өгнө гэж гэрээ хийхгүй нь тодорхой. Би үндсэн барилга угсралтын ажил хийсэн гэж улсын комисст хүлээлгэн өгч гарын үсэг зурсан...Би хуулийн мэдлэг, мэргэжилтэй хүн биш юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд ажлаа хийж байгаа байх гэж бодож байна. Гэрээний маргаан үргэлжилсээр байгаад 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай компанид байр өгнө гэхээр нь би ямар ч мөнгө нэхэмжлэхээ больсон. Тэгвэл яагаад надад мэдэгдэхгүй зарсан юм. Өөрийнх нь тооцоо нийлсэн акт хүртэл хэргийн материал байдаг. Энэ байдлыг шүүхээс харгалзан үзсэн үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Саруултамир мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээг  байгуулахад би болон О.М, О.О, Г.Б бид 4 хамт байсан. Орон сууц захиалгын гэрээний нөхцөлүүдийг О.М, О.О нартай тохирсон. Байраа нэхэмжилж байна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас Г.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-7-8, 22, 2хх-55, 85, 129/, О.М-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-29/, гэрч Р.Саруултамирын өгсөн мэдүүлэг /1хх-9/, Р.Саруултамирын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-17, 2хх-16, 54/, гэрч Г.Очирбатын өгсөн мэдүүлэг /1хх-19, 156/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5-6/, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /1хх-182-184/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх-126/, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-127-131/, Г.Б-гийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн гэх О.М-ээс гаргаж өгсөн хүснэгтэн баримт /1хх-165/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 3 дугаар сарын 6-ны өдрийн 8/328 дугаартай албан бичиг /1хх-175/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63-66/, гэрч Б.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /2хх-91-92/, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /2хх-96-97/, гэрч Б.Төгсбаярын өгсөн мэдүүлэг /2хх-126/, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-134/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-1-6/, /1хх-37/, /2хх-31-35/, гэрч Б.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, Баянзүрх дүүргийн улсын комиссын акт /3хх-83-97/, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-136/, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт Р.Саруултамирын гаргасан өргөдөл /1хх-4/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5/, Р.Саруултамирыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /1хх-16/, О.О-ийн өгсөн мэдүүлэг /1хх-20/, О.М-ийн сэжигтнээр мэдүүлэг /1хх-29/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний ерөнхий зүйл, гүйцэтгэгчийн эрх, үүрэг /1хх-122/, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-127/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний бусад зүйл, гэрээ байгуулсан /1хх-135/, эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэх тухай тогтоол /1хх-149-150/, гэрч Г.Б-гөөс дахин авсан мэдүүлэг /1хх-172/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /1хх-182/, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2хх-4/, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол /2хх-7/, О.М-ийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /2хх-30/, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тоот /2хх-57/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /2хх-59/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63/, О.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-82/, Г.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-85/, Р.Саруултамирын хохирогчоор өгсөн мэдүүлэг /2хх-124/, Г.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-129/, Г.Б-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол /2хх-150/, Барилгын зураг төслийн “Ди Эл Ти” ХХК-н албан бичгийн хуулбар /2хх-203/, Баянзүрх дүүргийн прокурорын газарт О.М-ийн гаргасан гомдол /3хх-29/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.О, О.М нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчис Проперти” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Эрчис Проперти” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.О нь дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгний төлбөрийг “Эрчис Проперти” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгөнд барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв, талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгний төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Б нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.М нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Эрчис Проперти” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн өгсөн: ...”Би “Эрчис проперти” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь барилга угсралтын чиглэлээр 2006 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 9 дүгээр сард би О.О болон түүний хүү О.М-тэй барилга угсралтын гэрээ байгуулж захиалгын дагуу манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3180.5 м.кв орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр захиалагч тал болох О.О, О.М нар болон улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компанийн хувьд уг ажлыг 247.027.500 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба О.О, О.М нар 110.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд мөнгөө нэхэхэд О.О, О.М нар нь “баригдаж байгаа барилгыг ашиглалтанд орсны дараа үлдэгдэл төлбөртөө 3 өрөө орон сууц өгье” гэж хэлсэн. Мөн тухайн барилгад батлагдсан зургаар 3 өрөө орон сууц байгаагүй тул 1 болон 2 өрөө орон сууцны метр квадратыг нийлүүлээд 3 өрөө гэж тооцож гэрээ байгуулсан. Орон сууцны гэрээг байгуулахдаа О.О, О.М болон манай эхнэр Р.Саруултамир бид дөрөв ярилцаж байгаад О.М, Р.Саруултамир нар байгуулсан. Ингээд уг орон сууцны барилга ашиглалтанд орж манай эхнэр Р.Саруултамир бид хоёр захиалсан байрандаа орох гэхэд О.О, О.М нар өөр иргэдийг оруулсан байсан ба тухайн иргэдээс учрыг нь асуухад “бид нар худалдаж авсан” гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан...Г.Очирбат нь 2014-2018 оны хооронд манай компанид мужааны багийн бригадын даргаар ажиллаж байсан. Манай компани нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд О.О, О.М нарын захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд Г.Очирбат өөрийн бригадын 12-15 хүний хамт ажиллаж ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000.000 төгрөгөө авч чадаагүй. Ингээд уг 30.000.000 төгрөгийг нь О.О, О.М нар байрны урьдчилгаанд өгснөөр тооцож Г.Очирбаттай орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Тэгтэл мөн байр ашигалалтанд орсны дараагаар О.О, О.М нар Г.Очирбатад өгөх байраа өгөөгүй тул цагдаад өргөдөл гаргасан ба Г.Очирбатад захиалсан байрыг нь өгөх талаар ямар ч идэвхитэй үйлдэл хийхгүй байсан тул би Г.Очирбатад 30.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2хх-239-240/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Саруултөгсийн өгсөн: “...Р.Саруултамир миний төрсөн дүү бөгөөд одоогийн байдлаар түр томилолтоор гадаад явсан. Хүргэн Г.Б нь барилга угсралтын компанитай. Р.Саруултамир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 35 дугаар байранд иргэн О.О-ийг төлөөлж Отгонбаяр овогтой О.М-ийн бариулж байгаа орон сууцны барилгад 80.41 м.кв 3 өрөө байргыг 6 давхарт захиалаад 80.000.000 төгрөгийг өгсөн юм. Тухайн үедээ манай ах дүү нар нийлж худалдаж авна гэж тохироод мөнгөө хувааж өгсөн байсан. Мөнгө өгөх үед тухайн байр 4 давхартаа баригдаад явж байсан болохоор захиалгаар бариулах гэрээг манай дүү Р.Саруултамир хийгээд нотариатаар батлуулсан байсан юм. Гэрээнд заагдсанаар бол байр маань 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баригдаж дуусаад бидэнд хүлээлгэж өгөх байсан боловч өдийг хүртэл байраа авч чадахгүй мөнгөө ч авч чадахгүй болчихоод явж байна. О.М-тэй холбогдоод “байраа авъя” гээд шаардахаар би өөрөө Р.Саруултамиртай холбогдоод учираа олно гээд тасалчихдаг...Уг байранд орох ёстой бага дүү маань одоо байр түрээслээд явж байдаг. Гэтэл бидний захиалсан байранд өөр айл орчихсон байж байгаа. Барилга оны буюу 2016 оны 9 дүгээр сард ашиглалтанд ороод улсын комисс хүлээгээд авчихсан. Айлууд нь байрандаа орчихсон байж байгаа болохоор бид нар О.М-эд залилууллаа гэж үзээд цагдаад гомдол гаргахаар болсон юм.” гэх мэдүүлэг /1хх-9, 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Очирбатын өгсөн: “...Миний бие “Эрчис проперти” ХХК-тай 2014 оноос хойш мужаанаар хамтран ажиллаж байгаа. Уг ажилд би өөрийн бригадын 10 хүнийг ажиллуулсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 30.000.000 төгрөгийг “Эрчис проперти” ХХК-ийн захирал Г.Б-гөөс авах ёстой байсан юм...2017 оны 11 сард захиалагч О.М, Г.Б бид гурав уулзаж ажлын хөлсний төлбөрийн талаар ярихад О.М нь Г.Б бид хоёрт хандан “Очирбатын ажлын хөлс 30.000.000 төгрөгийн оронд би байр өгье, 1м.кв-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодож өгье” гэхээр нь Г.Б захирал бид хоёр хоорондоо ярилцаж байгаад зөвшөөрсөн юм...Гэтэл 2017 оны 2 дугаар сард байр ашиглалтанд орсон бөгөөд О.М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй миний захиалсан байранд өөр хүн оруулаад намайг “байраа авъя” гэхээр “чи ямар миний хамаатан биш, би чамд 1.500.000 төгрөгөөр хямдхан өгнө гэж юу байдаг юм” гээд халгаадаггүй бөгөөд огт утсаа авахаа болиод уулзаж чадахгүй болсон...Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө оныг нь андуураад хэлчихсэн байна. О.М-тэй 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрээ хийсэн.” гэх мэдүүлэг /1хх-19, 156/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золзаяагийн өгсөн: “...2015 оны 5 дугаар сард О.М гэх хүн манай захиралтай уулзаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлж байгаа 35 дугаартай, 44 айлын орон сууцанд багш нарын хөнгөлөлттэй үнээр хамруулна гэсэн санал тавьсан байсан. Үүний дагуу би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус компанийн захирал О.М болон түүний ээж О.О нартай очиж уулзаж мэдээлэл авч, тухайн өдрөө орон захиалгын гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу О.О-ийн эзэмшлийн “Голомт” банкин дахь 1509228513 тоот дансанд байрны урьдчилгаа болох 10.36 хувь буюу 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш мөн гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар өөрийн захиалсан 35 дугаар байрны 36 тоотод орсон...Би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр О.М болон О.О нартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба 6 давхарт байрлах 48.14 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан...Намайг анх 35 дугаар байрны 36 тоотод орж байх үед О.М манай байрыг өөр хэн нэгэн хүнд өгөхөөр гэрээ хийж байсан гэдгийг сонсож байсан ба би түрүүлж гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /2хх-91-92/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төгсбаярын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 34 тоот орон сууц нь манай аав Э.Баярын нэр дээр бүртгэлтэй байдаг.”/2хх-126/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.М-ийн сэжигтнээр өгсөн “...”Эрчис проперти” ХХК-нд 110.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй нь үнэн. Үүнээс 30.000 төгрөгийг нь Г.Очирбат гэх хүн өөрийн хийсэн ажлын хөлсөндөө авах ёстой байсан юм. ” гэх мэдүүлэг /1хх-29/,

 

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5-6/,

2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт /1хх-120-121/,

Барилга ажил угсралтын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх-122-126, 132-136/,

Орон сууц захиалгын гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц   захиалгын гэрээ /1хх-127-131/,

Г.Б-гийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн гэх О.М-ээс гаргаж өгсөн хүснэгтэн баримт /1хх-165/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 8/328 дугаартай албан бичиг /1хх-175/,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63-66/,

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /2хх-96-97/0-0117/,

2017 оны 01 дүгээр сарын 27-н өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-134 /,

2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 8/15 дугаартай албан бичиг /Зхх-ийн 89-95/,

Шүүгдэгч О.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-33,  зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О-ийн зүгээс: “...Би ямар хэрэг хийгээд шүүгдэгч болоод зогсож байгаагаа ойлгохгүй байна.”..., шүүгдэгч О.М-ийн зүгээс: “..., Залилах гэмт хэргийн шинжгүй байх тул цагаатгаж өгнө үү.”...шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс: “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээнүүдэд О.О гэх хүн оролцож түүнд дэмжлэг үзүүлж, нөхцөлийг нь тохирч, ямар нэг байдлаар залилах, зохиомол байдлын бий болгох идэвхтэй үйлдэлд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаггүй. Тухайн гэрээ нь хуулийн зөвлөгөө аваагүй стандартын бус гэрээ. Батлав гэсэн гэрээ байдаг. Гэрээг баталж хийдэггүй юм. Харин гэрээ төлөөлж болон гүйцэтгэж хийдэг. Тухайн гэрээ дээр О.О гэсэн хүний гарын үсэг огт байдаггүй. Гэрээ гэдэг нь агуулгын хувьд нөхцөлөөрөө тохирсон байх ёстой. Иймд тухайн метр квадратыг өөрчлөөд энэ дээр нь дэмжлэг үзүүлж, хамтран тохиролцож байгаа хэд хэдэн үйлдлийг нэг оролцогч эргэлзэж байгаа дотоод харилцааг нэгтгэсэн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэрэв гэрээгээр халхавчилсан гэж үзэх юм бол анхнаасаа 2014 оны гэрээг байгуулахдаа тухайн мөнгийг өгөхгүй гэх зорилго нь дээр харин 110.000.000 төгрөгийн үлдэгдлийг захиалагч тал дансаар өгч байсан гэх нөхцөл байдлууд тодорхой харуулдаг. Залилан мэхлэх гэмт хэргийг гэрээ, иргэний гэрээгээр халхавчилсан бол ямар нэг байдлаар мөнгөө өгдөггүй. Ажил гүйцэтгэх гэрээг улсын комисс хүлээж авсан. Гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан гарсан. Аль нэг тал нь ажлын гүйцэтгэл, ажлын чанар, ажлын тоо ширхэгтэй холбоотой маргаан гарахыг гэрээний маргаан гэдэг. Тухайн маргаан ч гарсан. Захиалагч талаас “Эрчис Проперти ХХК-н ямар ч ажил хийгээгүй гэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор тогтоогдсон “Эрчис Проперти ХХК-н Г.Б бид нар олох ёстой гарсан зардлаа нэхэмжилж байна гэж байна. Хэрэв залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд тухайн 110.000.000 төгрөгөөс анхны 245.027.500 төгрөгөөс шүүгдэгч нар ямар нэгэн биет байдлаар өөрөө мэдэж захиран зарцуулах эрх нь нээгдэж шилжүүлж авсан байхыг бид нар залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх юм. Харин өнөөдөр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн агуулгаас үзэх юм бол ажил гүйцэтгэх гэрээ хийгээд захиалагч үгүй гэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний маргаан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч дээр шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн өгсөн: “...2015 оны 9 дүгээр сард би О.О болон түүний хүү О.М-тэй барилга угсралтын гэрээ байгуулж захиалгын дагуу манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3180.5 м.кв орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр захиалагч тал болох О.О, О.М нар болон улсын комисст хүлээлгэн өгсөн. Манай компанийн хувьд уг ажлыг 247.027.500 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба О.О, О.М нар 110.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд мөнгөө нэхэхэд О.О, О.М нар нь “баригдаж байгаа барилгыг ашиглалтанд орсны дараа үлдэгдэл төлбөртөө 3 өрөө орон сууц өгье” гэж хэлсэн. Мөн тухайн барилгад батлагдсан зургаар 3 өрөө орон сууц байгаагүй тул 1 болон 2 өрөө орон сууцны метр квадратыг нийлүүлээд 3 өрөө гэж тооцож гэрээ байгуулсан. Орон сууцны гэрээг байгуулахдаа О.О, О.М болон манай эхнэр Р.Саруултамир бид дөрөв ярилцаж байгаад О.М, Р.Саруултамир нар байгуулсан. Ингээд уг орон сууцны барилга ашиглалтанд орж манай эхнэр Р.Саруултамир бид хоёр захиалсан байрандаа орох гэхэд О.О, О.М нар өөр иргэдийг оруулсан байсан ба тухайн иргэдээс учрыг нь асуухад “бид нар худалдаж авсан” гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан...Г.Очирбат нь 2014-2018 оны хооронд манай компанид мужааны багийн бригадын даргаар ажиллаж байсан. Манай компани нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд О.О, О.М нарын захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд Г.Очирбат өөрийн бригадын 12-15 хүний хамт ажиллаж ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000.000 төгрөгөө авч чадаагүй. Ингээд уг 30.000.000 төгрөгийг нь О.О, О.М нар байрны урьдчилгаанд өгснөөр тооцож Г.Очирбаттай орон сууцны захиалгын гэрээг байгуулсан.” гэх мэдүүлэг /2хх-239-240/, ....гэрч Р.Саруултөгсийн өгсөн: “...Р.Саруултамир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 35 дугаар байранд иргэн О.О-ийг төлөөлж О.М-ийн бариулж байгаа орон сууцны барилгад 80.41 м.кв 3 өрөө байргыг 6 давхарт захиалаад 80.000.000 төгрөгийг өгсөн юм. Тухайн үедээ манай ах дүү нар нийлж худалдаж авна гэж тохироод мөнгөө хувааж өгсөн байсан. Мөнгө өгөх үед тухайн байр 4 давхартаа баригдаад явж байсан болохоор захиалгаар бариулах гэрээг манай дүү Р.Саруултамир хийгээд нотариатаар батлуулсан байсан юм. Гэрээнд заагдсанаар бол байр маань 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баригдаж дуусаад бидэнд хүлээлгэж өгөх байсан боловч өдийг хүртэл байраа авч чадахгүй мөнгөө ч авч чадахгүй болчихоод явж байна. О.М-тэй холбогдоод “байраа авъя” гээд шаардахаар би өөрөө Р.Саруултамиртай холбогдоод учираа олно гээд тасалчихдаг...Уг байранд орох ёстой бага дүү маань одоо байр түрээслээд явж байдаг. Гэтэл бидний захиалсан байранд өөр айл орчихсон байж байгаа. Барилга оны буюу 2016 оны 9 дүгээр сард ашиглалтанд ороод улсын комисс хүлээгээд авчихсан. Айлууд нь байрандаа орчихсон байж байгаа болохоор бид нар О.М-эд залилууллаа гэж үзээд цагдаад гомдол гаргахаар болсон юм.” гэх мэдүүлэг /1хх-9/, ....гэрч Г.Очирбатын өгсөн: “...Уг ажилд би өөрийн бригадын 10 хүнийг ажиллуулсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 30.000.000 төгрөгийг “Эрчис проперти” ХХК-ийн захирал Г.Б-гөөс авах ёстой байсан юм...2017 оны 11 сард захиалагч О.М, Г.Б бид гурав уулзаж ажлын хөлсний төлбөрийн талаар ярихад О.М нь Г.Б бид хоёрт хандан “Очирбатын ажлын хөлс 30.000.000 төгрөгийн оронд би байр өгье, 1м.кв-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодож өгье” гэхээр нь Г.Б захирал бид хоёр хоорондоо ярилцаж байгаад зөвшөөрсөн юм...Гэтэл 2017 оны 2 дугаар сард байр ашиглалтанд орсон бөгөөд О.М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй миний захиалсан байранд өөр хүн оруулаад намайг “байраа авъя” гэхээр “чи ямар миний хамаатан биш, би чамд 1.500.000 төгрөгөөр хямдхан өгнө гэж юу байдаг юм” гээд халгаадаггүй бөгөөд огт утсаа авахаа болиод уулзаж чадахгүй болсон...Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө оныг нь андуураад хэлчихсэн байна. О.М-тэй 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрээ хийсэн.” гэх мэдүүлэг /1хх-19, 156/, ....гэрч Б.Золзаяагийн өгсөн: “...2015 оны 5 дугаар сард О.М гэх хүн манай захиралтай уулзаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлж байгаа 35 дугаартай, 44 айлын орон сууцанд багш нарын хөнгөлөлттэй үнээр хамруулна гэсэн санал тавьсан байсан. Үүний дагуу би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус компанийн захирал О.М болон түүний ээж О.О нартай очиж уулзаж мэдээлэл авч, тухайн өдрөө орон захиалгын гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу О.О-ийн эзэмшлийн “Голомт” банкин дахь 1509228513 тоот дансанд байрны урьдчилгаа болох 10.36 хувь буюу 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш мөн гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлсөн ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар өөрийн захиалсан 35 дугаар байрны 36 тоотод орсон...Би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр О.М болон О.О нартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба 6 давхарт байрлах 48.14 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан...Намайг анх 35 дугаар байрны 36 тоотод орж байх үед О.М манай байрыг өөр хэн нэгэн хүнд өгөхөөр гэрээ хийж байсан гэдгийг сонсож байсан ба би түрүүлж гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /2хх-91-92/,…гэрч Б.Төгсбаярын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 34 тоот орон сууц нь манай аав Э.Баярын нэр дээр бүртгэлтэй байдаг.”/2хх-126/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5-6/, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт /1хх-182-184/, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх-126/, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц   захиалгын гэрээ /1хх-127-131/, Г.Б-гийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн гэх О.М-ээс гаргаж өгсөн хүснэгтэн баримт /1хх-165/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 8/328 дугаартай албан бичиг /1хх-175/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг /2хх-63-66/, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /2хх-96-97/0-0117/, 2017 оны 01 дүгээр сарын 27-н өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-134 /, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 8/15 дугаартай албан бичиг /Зхх-ийн 89-95/ зэргээр шүүгдэгч О.О, О.М нар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчис Проперти” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Эрчис Проперти” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.О нь дээрх ажпын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгний төлбөрийг “Эрчис Проперти” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгөнд барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв, талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгний төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Б нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.М нь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Эрчис Проперти” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилахдаа хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.О, О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.О, О.М нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.О, О.М нараас 110.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч О.О, О.М нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар тогтов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нар Ө.Учрал, М.Билгүтэй нарын зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, таслан зогсоогдсон үеэс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж заасан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таслан зогсоогдсон гээд байгаа нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бусадтай гэрээ байгуулаад мөн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ гарснаар энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа. Тэгэхээр энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.” Гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүгдэгч О.О, О.М нарт холбогдох хэрэг нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байх бөгөөд тэдгээр гэмт хэргийг хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа нэгэнт дууссан байна.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: ... 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн; ...” гэж заасан байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилжээ.

 

Иймд шүүгдэгч О.О, О.М нарын эрх зүйн байдлыг доордуулсан дээрх Эрүүгийн шинэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд тэдгээрт холбогдох эрүүгийн хэргүүдийг хөөн хэлэлцэх таван жилтийн хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлөх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 14 хуудас орон сууц барилгын ажлын зургийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  О.О, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Т овогт О.М, Б овогт О.О нар нь бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Т О.О, О.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.О, О.М нараас 110.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Б-д олгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 14 хуудас орон сууц барилгын ажлын зургийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.О, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.О, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС