Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1188

 

 

 

 

 

 

 

   2021        11          04                                   2021/ШЦТ/1188

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б.Э-од холбогдох эрүүгийн 2106 00000 1815 дугаартай хэргийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000,-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Дарь-Эх” захын халуун ногоо зардаг тасагт ажилладаг иргэн С.Д-ийн эзэмшлийн “Редми нөүт-8” маркийн 380.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг лангуунаас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт  хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч С.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх-11/, БЗД2-21-687 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-18-19/, Б.Эрдэнэцячогт яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн гэрэл зураг /хх-30-31/, шүүгдэгч Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Дарь-Эх” захын халуун ногоо зардаг тасагт ажилладаг иргэн С.Д-ийн эзэмшлийн “Редми нөүт-8” маркийн 380.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг лангуунаас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Д-ийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр БЗД-ийн 27 дугаар хороо, Дарь эх захын кимчиний лангуун дээрээ сууж байтал нэг үйлчлүүлэгч ирсэн. Тэр үйлчлүүлэгч кимчи аваад гарахдаа миний гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд би удалгүй мэдээд цагдаа дуудаж, камерын бичлэг үзээд миний гар утсыг авсан хүнийг олсон. Тэгээд гадаа гарсан чинь тэр хүн байж байхаар нь очиж гар утсаа авмаар байна гэж хэлэхэд миний цүнхний ард байгаа ав гэж хэлсэн. Би гар утсаа алдаад нэг цагийн дараа буцааж авсан. Миний гар утас ажиллагаа хэвийн, эвдэрч гэмтсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-11/,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 13:00 цагийн үед өмнө нь нийлдэг байсан 2 найзуудтайгаа Дарь эх захын автобусны буудал дээр таар хамт 0.75-ийн хараа нэртэй архи ууж дуусаад, манай 2 найз салаад яваад өгсөн. Тэгээд гэрт кимчи хэрэгтэй байсан учир дарь зах руу орсон. Тэгээд кимчиний лангуу руу ортол лангуун дээр нь гар утас байхаар нь худалдагчийг цаашаа харсан хойгуур гар утсыг нь аваад гарсан. Авч гараад байж байтал лангууны эгч гарч ирээд над руу хүрч ирсэн. Тэгээд тэр эгч гар утсаараа миний дугаар луу залгаад өг гэхээр нь таны утас надаа байгаа, цүнх рүү гараа хийгээд ав гэж хэлээд гар утсыг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-42/,

 

Redmi 8 маркийн гар утас 380.000 төгрөгөөр үнэлсэн БЗД2-21-687 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-18-19/,

Гэмт  хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн гэрэл зураг /хх-30-31/,

Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

 

 Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч С.Д-ийн мэдүүлэг, яллагдагч Б.Э-ын мэдүүлэг, хохирол төлсөн баримтууд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Дарь-Эх” захын халуун ногоо зардаг тасагт ажилладаг иргэн С.Д-ийн эзэмшлийн “Редми нөүт-8” маркийн 380.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг лангуунаас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч С.Д-д учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгч, төлбөрийг төлж барагдуулсан мөн хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Э-од ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Б.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Б.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС