Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0848/З |
Дугаар | 221/МА2023/0592 |
Огноо | 2023-09-13 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2023/0592
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар
Гуравдагч этгээд: “АА” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон “АА” ХХК гэсэн нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “АА” ХХК -ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 572 дугаартай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2022/0848/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон “АА” ХХК гэсэн нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “АА” ХХК -ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасныг баримтлан “А” ХХК /РД:6760791/-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.1. Манай компани нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “А” ХХК нэртэйгээр мэдээллийн системийн үйлчилгээ, зочид буудалд зөвлөх үйлчилгээ, аялал жуучлал, онлайн зочид буудал захиалгын системийн үйл ажиллагааг явуулахаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн. Гэтэл манай компанийн нэр болон үйл ажиллагааны чиглэлтэй ижил төстэй “АА” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байгааг бид мэдэж 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0572 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэмээн гомдол гаргаж байна.
3.2. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн13.3-т “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” хэмээн заасан. Дээрхээс үзвэл хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27.3-т зааснаар “...өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.7-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339-р тогтоолоор баталсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг баталж хуулийн этгээдийн нэрийг ойлгоно гэж зохицуулсан ба тус журмын 3.10-т “Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” хэмээн үзсэн. Үүнд:
3.10.1-т “Хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно захион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол.”,
3.10.4 Баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол
Дээр дурдсан хууль болон журмын зүйл заалтаас үзвэл:
Компанийн оноосон нэрийн хувьд түрүүлж баталгаажуулалт хийгдсэнээр тухайн компанийн нэрийн хамгаалалт үүсэх бөгөөд тус компанийн оноосон нэртэй бусад компанийн оноосон нэр давхардах буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй хэмээн заасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан "А" ХХК болон 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "АА" ХХК-ийн тухайд "А" ХХК түрүүлж байгуулагдсанаараа нэрийн хамгаалалт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан хэл шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт "АА" гэх нэрийг ярианд хэлний хэмнэх зарчмын үүднээс "адвайзор" гэх үгийг орхин "А" гэж хэлэгдэх магадлалтай тул төөрөгдүүлж болно.
Нөгөөтэйгүүр уг хоёр нэр нь ухагдахууны хувьд ерөнхий, тусгайн харьцаатай ойлгогдоно "А" гэдэг нь ерөнхий буюу толгой компани, карин "АА" гэдэг нь тусгай буюу түүний салбар мэт ойлгогдож байна хэмээн дүгнэсэн нь "АА" нэр нь бусдыг төөрөгдүүлэх нөхцлий бүрдүүлж байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэнүй.
3.2 Баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн
этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтай бол нэрийн баталгаажуулалт хийгдэхгүй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хэл шинжээчийн дүгнэлтийн 1-т. "А, "АА" гэсэн хоёр оноосон нарийн "А" гэсэн үг нь бичлэг, авианы дуудлагын хувьд давхцаж байна гэж үзсэн ч мөн энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн "А" ХХК-ийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн 100% -ийн эзэмшлийн охин компани болох "Эйр транс трэйвэл" ХХК-ийн нэрийг "А эйр" ХХК болгон өөрчлөх хүсэлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд гаргахад "А" нэртэй компани байгаа тул нэрийн давхардал үүснэ хэмээн бүртгэхгүй "А" ХХК-ийн зөвшөөрлийг авснаар нэрийг сольж өгсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Иргэний хуулийн 27.3. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10.4-т зааснаар хүулийн этгээдийн оноосон нэрийн маргаан үүсэж магадгүй хэмээн үзсэн атлаа "АА" нэр дээр биднээс зөвшөөрөл аваагүй нь практик хууль, тогтоомж, дүрэм журмаа ялгаатай байдлаар хэрэглэдэг болохыг илэрхийлж байна. Мөн шүүх хурал дээр Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-аас "А эйр" нэр авахад яагаад "А" ХХК-с зөвшөөрөл авсан хэмээн асуухад
“... яагаад гэхээр дараа нь нэрийн ийм давхардлын асуудал үүсэх магадлалтай учраас нэхсэн байх гэж бодож байна" хэмээн хэлсэн "А эйр" ХХК-г нэр авахад журмын 3.10.4 дэх заалтыг улсын бүртгэгч баримталсанг илэрхийлж байна
3.3. Мөн хэл шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт аливаа байгууллагын нэрийг зөвхөн нэг хүн, хуулийн этгээд өмчлөх эрх байдаггүй гэдгийг олон улсын оюуны өмчийн хуульд заасан байдаг. Харин тухайн байгууллага нэрээ барааны тэмдэгээр бүртгүүлэн хамгаалж болох бөгөөд энэ тохиолдолд барааны тэмдгийн хуулиар зохицуулагдана гэж заасан ба манай компанийн хувьд өөрийн компанийн нэр логогоо барааны тэмдэгээр баталгаажуулсан.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь практикт энэ тохиолдолд нэр олгохгүй байдаг ч хууль тогтоомжоор тийм биш гэх байдлаар зөрчилтэй үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэлдэгийг шүүхээс анхаарч өгнө үү. Учир нь төрийн байгууллага нь хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй байтал хууль тогтоомжийг өөрсдийн дураар тайлбарлаж байгаа нь эндээс харагдана.
Иймд "А" ХХК-ийн хувьд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "А" хэмээх нэрийг авсан тус нэрээ 2021 оны 12 сарын 23-ны өдөр оюуны өмчийн газарт бүртгүүлэн хамгаалсан байхад улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Иргэний хуулийн 27.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.3, 13.7, Монгол Улсын засгийн газрын 2018 оны 339-р тогтоолын хавсралтаар баталсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-г тус тус зөрчиж "АА" хэмээх нэр олгосон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0572 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтын талаар ;
5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.2-д ““хуулийн этгээдийн нэр” гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг” ойлгоно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна ...хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, мөн зүйлийн 13.7-д “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээдийн хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, 27.5-д “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай” 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын Гурав. Хуулийн этгээдийн нэрэнд тавигдах шаардлага, хязгаарлалт, гэсэн хэсгийн 3.10-д “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй”, 3.10.4-д “баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол” гэж хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахтай холбогдсон зохицуулалтууд тусгагджээ.
6. Маргааны үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд “А” ХХК 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, баталгаажуулсан байх бөгөөд гуравдагч этгээдэд хуулийн этгээдийн нэрийг “АА” ХХК гэж 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулсан байх бөгөөд энэ нь дээрх хуулийн заалтууд болон Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах тухай журмын заалтыг зөрчсөн хууль бус болох нь тогтоогдож байна. Тодруулбал,
6.1. Шүүхээс томилогдсон Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/102 дугаар албан бичгийн хавсралтын хамт ирүүлсэн Хэлний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 170 дахь тал/-д “...Тухайн хоёр оноосон нэрийн “А” гэсэн үг нь бичлэг, авианы дуудлагын хувьд давхцаж байна. Харин хоёрдугаар нэрд “А” гэдэг үгэн дээр “адвайзер” гэдэг үг нэмж бичсэн бөгөөд уг үгээрээ ялгарч байна. ...“АА” гэх нэрийг ярианд хэлний хэмнэх зарчмын үүднээс “адвайзер” гэх үгийг орхин “А” гэж хэлэгдэх магадлалтай тул төөрөгдүүлж болно. Нөгөөтээгүүр, уг хоёр нэр нь ухагдахууны хувьд ерөнхий, тусгай харьцаатай мэт ойлгогдоно. “А” гэдэг нь ерөнхий буюу толгой компани харин “АА” гэдэг нь тусгай буюу түүний салбар мэт ойлгогдож байна” гэсэн дүгнэлтээр гуравдагч этгээдийн бүртгүүлж, баталгаажуулсан хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөлдүүлэхээр ижил төсөөтэй болох нь тогтоогдсон байна.
6.2. Мөн “itrip” гэх үг нь “trip” буюу “аялал” гэх утгатай англи үгний урд англи хэлний “i” үсгийг залгаснаар зохиомол үүсмэл үг үүсгэсэн байна. Үгийн үндэс болох “trip” гэх үг нь англи хэлэнд өргөн хэрэглэгддэг түгээмэл үг бөгөөд урьд нь “i” үсгийг залгаснаар “itrip” гэх аливаа утга илэрхийлдэггүй бизнесийн үйл ажиллагаатайгаа уялдуулан өгсөн зохиомол нэрийг бий болгожээ. Харин “itrip” гэх үүсмэл нэрийн ард “advisory” гэх англи хэлэнд өдөр тутам хэрэглэгддэг түгээмэл үг оруулснаар бичвэр, хэлбэр, авианы хувьд төсөөтэй, яг ижил зохиомол үг ашигласан нь бусдыг төөрөгдүүлэхүйц гэж үзэж болохоор байна. Англи хэлний толь бичигт “itrip” гэж бичээд хайхад утга гарч ирэхгүй, “trip” гэх үгийг хайхад “аялал, зугаалга” гэх шууд утгатай гарч ирнэ.
7. Дээрх байдлаас үзвэл, нэхэмжлэгчид оноосон хуулийн этгээдийн нэрийн хувьд түрүүлж баталгаажуулалт хийгдсэн, тухайн нэрийн хамгаалалт үүссэн байх ба АА гэх нэрийн баталгаажуулалт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн “А” гэх үгээрээ бичвэр, хэлбэр, авианы хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеээр төсөөтэй, утга агуулга, дуудлагын хувьд давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байна.
8. Иймээс хариуцагч улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон журмаар тогтоосон шаардлага хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
9. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд урьдчилан төлсөн төлбөр /200 000 төгрөг/-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ...нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, “АА” ХХК гэх нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “АА” ХХК -ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд төлсөн 200 000 төгрөгийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА