Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00124

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр               Дугаар 124                                 Баян-Өндөр сум

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Б.Жавхлантуяа,

Иргэдийн төлөөлөгч М.Батзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч С.Ванчиг,

Шүүгдэгч Б.Энхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхбатад холбогдох 201614000226 тоот хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,  аавын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 6-03 тоотод оршин суух, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 16-ны өдрийн 138 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2014 оны 11 сарын 26-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1369 дугаартай шийтгэх тогтоолоор 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтэрүүлсэн, 2016 оны 04 сарын 12-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн гэх гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Өндөрүүд овгийн Болдын Энхбат / УК 89071454/.

 

                                                      Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч Б.Энхбат нь 2016 оны 04 сарын 30-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Аялгуу баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Б.Жаргалсайханы ар нуруу, зүүн гарын хэсэг рүү пивоны шилээр хатгаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд 1. Хохирогч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 04 сарын 30-ны өдөр ах Хишигсүрэнгийн гэр болох 6-2-2 тоотод найз нарынхаа хамт архи уусан. Тухайн үед Хишигсүрэн ах байхгүй би гэрт нь ганцаараа байсан. Би утсаар Наранбаатарыг манай гэрт хүрээд ир гэж дуудсан. Наранбаатарыг ирэхэд манай найз нар явах гэж байсан болохоор би хамт гараад найз нараараа 1 шил архи авахуулаад эргээд Наранбаатарын хамт гэртээ ирж архинаас 2 удаа татчихаад Аялгуу баар руу орох уу гээд гэрээс хамт гарсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй ямар ч байсан харанхуй л болж байсан. Би гадаа зогсож байгаад Баажий гэдэг хүүхэдтэй таарсан. Баажий намайг Пирамидын зүг очоод уулзах хэрэгтэй байна гэхэд би араас нь дагаад Пирамидын зүүн талын буланд очиход Баажий намайг цохиод авсан. Баажий надад намайг андуураад байна уу гэж хэлж байсан. Буланд зогсож байсан өндөр нуруутай залуу ирээд миний нуруу руу цохиод байсан. Тухайн үед нэг их өвдөлт мэдрэгдээгүй. Би Баажий болон өндөр нуруутай залуугаас салахад Наранбаатар Аялгуу баарны үүдэнд байхаар нь би түүнд намайг зодчихлоо гэж хэлэхэд миний араас танихгүй залуу ирж байсан. Би хүний утас гуйгаад ахынхаа утас руу залгаад хурдан хүрээд ир гэсэн. Удалгүй ах болон ээж ирээд цагдаад дуудлага өгсөн. Миний нуруу руу өндөр нуруутай залуу цохиод байсан. Тэр залуу хатгасан байх. Яг юугаар хатгасан талаар мэдэхгүй би өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг өндөр нуруутай залуу ирээд үгийн зөрүүгүй нуруу руу цохисон. Эмчилгээний зардал, таксины мөнгө, өмгөөлөгчийн хөлс нэхэмжилж байна. Яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа баримтаар гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

2. Гэрч Б.Хишигдоржийн “ ...2016 оны 04 сарын 30-ны орой намайг гадуур явж байхад миний утас руу ээж залгаад дүү чинь Пирамидын урд хутгалуулчихсан байна гэхээр нь Аялгуу баарын гадаа очиход дүү Жаргалсайханы нуруу хэсгээс их хэмжээний цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /х/х-н 20-р хуудас/

3. Гэрч Э.Наранбаатарын “...Би гадаа ширхэгийн тамхи зардаг эмэгтэйгээс тамхи аваад зогсож байхад Жаргалсайхан Пирамидын зүүн талын булангаас би хутгалуулчихлаа гээд над дээр ирэхээр нь хаана вэ? гээд хамт очиход 4 залуу байсан.  Баажий, Амгалан хоёр, хоёр танихгүй залуугийн хамт байсан. Хутгалсан хүн чинь зугтаачихлаа гэж хэлсэн. Жаргалсайхан бид 2 танихгүй эгчийн утаснаас Жаргалсайханы ахын утас руу залгасан. Жаргалсайханыг зодуулж байхыг харах боломжгүй байсан. Жаргалсайхан Баажийгийн хамт Пирамидын зүүн талын буланд зогсож байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 24-25-р хуудас/

4. Гэрч Л.Мөнхзаяагийн “...Энхээ ах, Амгалан ах нарын хамт нөгөө согтуу ахаас салаад Аялгуу баарны гадаа очоод би ганцаараа бааранд орчихоод эргээд гарч ирээд үүдэн дээр зогсож байхад өндөр ах миний хажуугаар зөрөхдөө намайг мөрлөөд гарахаар нь би та яагаад байгаа юм бэ? гэхэд зүгээр байгаарай гээд намайг дагуулан Пирамидын зүүн талын буланд очсон. Пирамдын буланд Энхээ, Амгалан ах нар пиво уугаад зогсож байсан. Маргалдаж байсан ахтай эв зүйгээ олчихоод зогсож байхад Энхээ ах надтай маргалдсан өндөр нуруутай ахтай маргалдсан. Удалгүй шил хагарах дуу гарахаар нь эргээд харахад Энхээ ах тэр ахыг түлхээд байсан. Түүнээс хойш 30 орчим секунтын дараа Энхээ ахтай маргалдсан ахын нуруунаас цус гараад байна гэхээр нь харахад цус гарчихсан байсан. Тухайн үед Энхээ ах алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 27-р хуудас/

5. Гэрч М.Бат-Амгалангийн  “...Дэлүүрээс авсан пивоо Аялгуу баарны гадаа уугаад зогсож байхад Наранбаатар өндөр нуруутай туранхай залуутай гарч ирсэн. Би Аялгуу баар орчихоод гарч ирэхэд Баажий гадаа та хаачихваа гээд зогсож байсан. Наранбаатар хамт явсан залуугийнхаа нурууг дарчихсан зогсож байхаар нь юу болов гэхэд Энхээ шил хагалаад нуруу руу шаачихаад яваад өглөө гэж хэлсэн. Энхээгийн бүтэн нэрийг Энхбат, Баажийг Мөнхзаяа гэдэг” гэсэн мэдүүлэг. /х/х-н 28-29-р хуудас/

 6. Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /х/х-н 12-14 хуудас/

  7. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 331 тоот “Б.Жаргалсайханы биед нуруу, зүүн буглаганд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхий, баруун бугуй, цээжинд 3 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх үйлчлэлийн улмаас, зулгаралт нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. Эдгээр гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралтууд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /х/х-н 31-р хуудас/

8. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 тоот: Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Жаргалсайханы өмсөж явсан гэх цамцны ар хэсэгт 9мм хэмжээтэй, зүүн ханцуйн ар хэсэгт 8 мм хэмжээтэй зүсэгдсэн гэмтэл фудболкны ар хэсэгт 9 мм хэмжээтэй зүсэгдсэн гэмтэлүүд үүссэн байна.  Эдгээр зүсэгдсэн гэмтэлүүд нь 2 талдаа хурц иртэй зүйлийн тус бүр нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Зүсэгдсэн гэмтэлүүд нь пивоны хагарсан шилээр үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /х/х-н 35-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х/х 56 хуудас, Б.Энхбатыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 47-54 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбат мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч “Гэм хорын хохирлын нэхэмжлэлээс төлөгдөөгүй 1 032 550 төгрөгийг нэхэмжлэнэ. Хохирлыг бүрэн төлж барагдуулбал гомдол санал гээд байх зүйлгүй” гэв.

Иймд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Энхбат 2016 оны 04 сарын 30-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Аялгуу баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Б.Жаргалсайханы ар нуруу, зүүн гарын хэсэг рүү пивоны шилээр хатгаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Энхбат нь согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Б.Жаргалсайхан нь хохиролд эм тарианы зардал 340.550 төгрөг, таксины хөлс 200.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны 1 сарын хөлс буюу 192.000 төгрөг, өмгөөллийн хөлс 300.000 төгрөг нийт 1 032 550 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх дээрхи нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад хохиролд эм тарианы зардал, таксины хөлс, хөдөлмөрийн чадвар алдсаны 1 сарын хөлс зэрэг нийт  732 550  төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлсний хувьд төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал хамаарахгүй.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан өмгөөлөгчийн зардал, өмгөөллийн хөлс бусад зардлыг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасны дагуу төр хариуцахаар заасан тул хохирогчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн 201614000226 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар улаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, цагаан өнгийн хагас ханцуйтай фудволк 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч 85 хоног цагдан хоригдсон байна.

  Хохирогч нь Б.Жаргалсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Өндөрүүд овгийн Болдын Энхбатыг зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатыг 5 /тав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатад оногдуулсан 05 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатын цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар улаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, цагаан өнгийн хагас ханцуйтай фудволк 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатаас 732 550 төгрөг гаргуулж, хохирогч Б.Жаргалсайханд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Энэ хэрэгт  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбатад авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

 

                ШҮҮГЧИД                                       Ц.АЛТАНГАДАС.

 

                                                                                Ж.БАЙГАЛМАА.