Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00003

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МV-020885 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани ашигт малтмалын ашиглалтын МV-020885 тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн эзэмшиж байгаа билээ. Гэтэл Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” тогтоол гаргаж 3644 га талбайг “Байгалийн нөөц газар” гэх ангиллаар орон нутгийн хамгаалалтанд авсан байх бөгөөд үүнд манай компанийн хуулийн дагуу эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын МV-020885 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 1616.92 га талбай бүхэлдээ хамрагдсан байна.

1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн хамгаалалтанд авах бүрэн эрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй. Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор авсан газар нь бусдын тодорхой эрх үүссэн, хууль ёсны ашиг сонирхол бий болсон газар буюу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар байсан. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулинд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага ашигт малтмалтай холбогдуулан газрыг орон нутгийн хамгаалалтанд авах бүрэн эрх байхгүй байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах бүрэн эрхийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад олгосон байна. Иймд Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн хамгаалалтанд авсан газар нь ердийн газар бус харин тодорхой нөөц бүхий ашигт малтмалтай, түүнд үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг биш, харин илүү нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20.1.3-т заасныг үндэслэж, түүнд заасан журам болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан.

2. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гаргаж орон нутгийн хамгаалалтанд авсан газар нь уг шийдвэр гаргахаас өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хамарсан нь ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчиж байна. Манай компани ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө уг талбайдаа хайгуулын ХV-016751 тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж, олон жил хайгуулын үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр молибден-вольфрамын ордын нөөц тогтоож, нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, ХХ-02-05 дүгнэлт гаргуулсан. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 435 тоот шийдвэрээр манай компанид ашигт малтмалын ашиглалтын МV-020885 тоот тусгай зөвшөөрөл олгогдсон билээ. Энэхүү ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зарим хэсэг ойн сан бүхий газартай давхцалтай байж болзошгүй байсан тул бид тухайн давхцалтай хэсгээ хасуулах хүсэлт гаргаж байсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн сангийн хилийн заагийг шинэчилж байгаа, түүний дараа танай саналыг шийдвэрлэх боломжтой гэж асуудлыг хойшлуулсаар байсны улмаас тусгай зөвшөөрөл олгосон 435 тоот шийдвэрээ Кадастрын хэлтэс 2018 оны 04 дүгээр сарын 19-нд хүчингүй болгосон. Манай компани захиргааны энэ актыг үл зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх манай компанийн нэхэмжлэлийг эцэслэн хянаж, бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцаагүй хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг шүүхээс захиргааны байгууллагад даалгасан юм. Ойн сан бүхий газартай давхцалтай хэсгийг хасуулах хүсэлт саналаа удаа дараа хүргүүлж байсныг болон тухайн асуудлыг шийдвэрлэхгүй удсан нь компанийн буруугаас биш харин яам, агентлагийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг шүүхийн дээрх шийдвэрүүдэд тогтоосон бөгөөд манай компани ойн сан бүхий газартай давхцалтай хэсгээ Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 37 тоот шийдвэрээр хасуулж, тусгай зөвшөөрлийн талбайгаа 2360.11 байсныг 1616.92 га болгон багасгуулсан.

3. Улсын Их Хуралд хуулиар олгогдсон бүрэн эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлж хууль зөрчсөн тогтоол гаргасан. Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий тогтоол Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэжээ. Энэ нь Улсын Их Хурлаас газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар өөрт олгогдоогүй бүрэн эрхийг буюу өөр байгууллагад шууд олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж хууль зөрчсөн тогтоол гаргасан.

4. Маргаан бүхий тогтоол нь “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай журам” зөрчсөн. Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь тухайн газар дээр манай компани олон жил хайгуулын үйл ажиллагаа хийснийг мэдсээр байж энэ асуудлын талаар бидний санал бодлыг сонсохгүй, зохих баримт, мэдээлэл гаргаж танилцуулах боломжийг олгохгүй асуудлыг шийдвэрлэсэн нь газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авахад баримтлах шалгуурыг хангаагүй, энэ талаарх журмыг зөрчсөн байна.

5. Шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар санал аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал нь захиргааны байгууллага болохын хувьд маргаан бүхий тогтоол гаргахын өмнө мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй.

6. Шүүхэд хандах хугацааны талаар: Манай компанийн ашиглалтын МV-020885 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолоор орон нутгийн хамгаалалтанд авсан талаар сумаас бидэнд огт мэдэгдээгүй. Энэ тогтоолын талар бид Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6655 тоот албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус газрын бичиг хэргээс биеэр очиж авч мэдсэн болно. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, факт, хууль, захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтын “М” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын MV-020885 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн гол үндэслэл бол 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоол гаргаад нэхэмжлэгчийн лицензийн талбайг хамарсан газрыг орон нутгийн хамгаалтанд авсан. Тэгтэл 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэдэг бол тухайн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосон үед гаргасан байгаан харагдаж байна. Яг энэ үед Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр маргаан явагдаж байсан учраас маргаан шийдвэрлэгдээгүй байхад тогтоол гаргасан. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тус компанийн лицензийг сэргээсэн ба 2360 га газар байсныг бид нар өөрсдөө хүсэлт удаа дараа гаргаж 1616 га газраар багасгаж тогтоосон. Тэгэхлээр зүй нь бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол тус шүүхийн шийдвэрийг мөн дагаж тогтоолоо хүчингүй болгох ёстой байсан. Хүчингүй болгоогүйн улмаас ямар үр дагавар үүсч байна гэхлээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд бол хэрвээ хүчин төгөлдөр байж байгаа лицензийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах юм бол нөхөн төлбөр олгоно гэсэн байгаа. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гарсанаас хойш үндсэндээ 1,7 жил болж байгаа, захиргааны байгууллага бол нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас арга буюу ийм нэхэмжлэлээр хандаж байна.

 Тогтоолын хуулийн үндэслэлийн талаар яримаар байна. Тус тогтоолд 2 хуулийг хольсон байна. Ашигт малтмалын хуулийн 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах бүрэн эрхийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад олгосон. Монгол улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн К-д энэ бол орон нутгийн хуулийн тусгай хамгаалтанд авах тухай бүрэн эрх, газрын тухай хуулийн 17.1.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хуулийг ашиглажээ. Харамсалтайн энэ бол Улсын Их Хуралд хамаарах бүрэн эрх юм. Магадгүй бид нар техникийн алдаа гарсан гэж үзээд уучилж болох мэт боловч дараа нь Тусгай хамгаалттай газрын тухай хуулийн 28.3 дугаар зүйлийг баримтлахдаа мөн орон нутгийн хамгаалт гэдэг нэр томъёог ашигласан байна. Тэгтэл Ашигт малтмалын талаар хуулиар бол орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж байдаг. Тэгэхээр энэ 2 хуулийн хүрээнд бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар илүү нарийвчласан хууль хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ тогтоолыг гаргахдаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7 дугаар тушаалаар ийм журам батлагдсан байна.

Үүнд: Газар нутгийг орон нутгийн хамгаалтанд авах гэсэн журмыг 2 зүйлээр зөрчсөн байна. Энэ журмын 3.1-д болохоор орон нутгийн хамгаалтанд авах бол 2 ангиллын байдлаар авна гэж заасан. Энэ тогтоолд болохоор байгалын нөөц ангилалд багтан гэсэн байна. Тэгэхээр энэ ангилал болохоор журманд байхгүй байгаа, түүнээс гадна энэ журмын 2.2.8-д болохоор Ашигт малтмалын онцгой ач холбогдолтой, хуримтлал байгаа нь судлагаагаар илэрч түүнийг улс, аймаг, нийгэм, эдийн засгийн хүрээнд хэрэглэх хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг хэлэлцэнэ гэж байна. Бид нар бол тухайн өдрийн хурлын тэмдэглэлтэй танилцсан энэ талаар огт авч хэлэлцээгүй байсан. Дараагийн үндэслэлд болохоор Захиргааны байгууллага буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал сонсох ажиллагаа явуулаагүй улмаас энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлд тухайн хэрэгт хамаарал бүхий хуулийн этгээдийг сонсох ажиллагаанд оролцуулах ёстой гэж заасан байдаг. Сонсох ажиллагаа хийгээгүй гэдгийг хариуцагч тал албан тоотоор явуулсан байдаг. Үүнийг хавтаст хэрэгт, хэргийн материалд оруулсан. Магадгүй энэ компанийг уриад, дуудаад хамтран ярилцсан бол тэр хурал иж бүрэн мэдээллийг олон талаас авсны үндсэн дээр Байгаль орчны сайдын журмыг зөрчихгүй байх боломж байжээ. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлийг зөрчсөн тогтоол гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч тал тухайн аж, ахуй нэгжийг ямар хугацаанд, ямар хэмжээний хөрөнгөөр хайгуул хийж байсныг үнэн, худлыг огт судалж үзээгүй шийдвэр гаргасан байдаг. Энэ талбай бол нөөц тогтоогдсон ашигт малтмалын мэргэжлийн дүгнэлттэй, ашигт малтмалын газрын даргын тушаалаар нөөц нь батлагдчихсан ийм газар байгаа. 2012 оны нөөц батлагдсан байдлаар бол 15,8 тэрбум төгрөг зарцуулсан, 2017 оны гүйцэтгэлээр бол 17 тэрбум төгрөг болж байна. Тийм учраас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтад авах тухай” 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МV-020885 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Ц сум нь 456977 толгой мал сүрэгтэй, аймагтаа малаараа тэргүүлж, улсад эхний 5-д ордог, бэлчээрийн даац 4 дахин хэтэрсэн уламжлалт мал аж ахуйг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж олон зуун жилийн турш бэлчээр нутгаа хамгаалж усны тунгалаг өвсний соргогт мал сүргээ идээшлүүлэн нүүдэллэн амьдарч ирсэн малчдын өлгий нутаг билээ. Манай сумын Өвгөд багийн нутаг дэвсгэрт Мандал гэх талбайд МV-020885 тоот ашиглалтын лиценз эзэмшиж буй “М” ХХК, Г ХХК-уудад анх хайгуулын лиценз олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-ийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй хайгуул болон ашиглалтын лицензийг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж гол мөрний урсац бүрэлдэх эх дээр ойн сан бүхий газарт олгосон Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын ажлаар сүйдсэн газар нутагт нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байхдаа ашиглалтын зөвшөөрлөө авсан зэрэг нь дээрх хуулиуд болон цэнгэг усны эх малын бэлчээрт сөргөөр нөлөөлж Монгол Улсын Үндсэн Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байх тул тус компаниудын дээрх лицензийг цуцлуулах хайгуул ашиглалтын үйл ажиллагааг зогсоох санал хүсэлт албан шаардлагыг холбогдох газрууд албан байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа хүргүүлж ажилсаны үр дүнд Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар шийдвэрээр MV-020885 тоот лиценз цуцлагдсан. Үүний дараа Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Байгалийн нөөц газар” ангиллаар 40 жилийн хугацаагаар Орон нутгийн хамгаалалтанд авч Ашигт малтмал газрын тосны газрын харьяа кадастрын хэлтэст тогтоолыг хүргүүлж 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 7/4987 тоот албан бичгээр Цагаан ус, Хойд хүнхрүү, Ухаа, Хятаа даваа, Дунд хүнхрүү, Хөлөрт нэртэй газруудыг хамарсан 2360.12 гектар талбайг кадастрын хэлтсийн нэгдсэн санд бүртгэгдсэн хариу ирсэн. Гэтэл нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0467 тоот шийдвэрээр “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-020885 тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна. Уг шүүх хуралд манай орон нутгийг оролцуулаагүй ард иргэдийн эрх ашгийг хөндсөн, Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг үл хайхарсан үйл ажиллагаа болсон байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагын болон агуулгын хууль зүйн хүрээнд дараах байр суурь тайлбар хэлэхийг хүсэж байна.

1. Тус “М” ХХК нь нэхэмжлэлийнхээ агуулагт бол манай компанид олгогдсон тусгай зөвшөөрлийг орон нутгийн тусгай хамтгаалтанд авсан шийдвэр гаргасан нь Ашигт малтмалын хуулийн 4.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ашигт малтмал ашиглах явуулах эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулсан гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр “М” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын хүчингүй болгосон шийдвэртэй холбогдуулаад Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд хандаж маргаан үүсгээд явж байсан. Ийнхүү маргаж байх явцдаа тухайн Захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлээгүй. Хэрвээ түтгэлзүүлчихсэн бол Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс бол Ц сумын хурлын тогтоолыг бүртгэж авахгүй байсан. Энэ маргаан бүхий акт нь захиргааны шүүх дээр маргаантай явж байгаа учраас танай асуудлыг бүртгэхээс түр хойшлуулаад шүүхээр эцэслэн шийдвэрлэгдтэл хүлээх байсан. Маргаан үүсгэж явахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 61.1-т зааснаар Захиргааны актыг түтгэлзүүлэх гэсэн байна. Энэ хуулийн 61.2 дугаар зүйлээс хуульд тусгаалан зааснаас хойш шүүхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлнэ. 61.3-т болохоор Захиргааны актыг түтгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэгдтэл хүчин төгөлдөр байна гэж заасан. Захиргааны актыг эцэслэн шийдвэрлэж байгаа нь бол тухайн газар нутагт ямар нэгэн тогтоол шийдвэр гаргахыг хориглосон үйлдэл юм. Мөн өөр этгээдийг тухайн газартай холбоотой ашигт малтмалыг ашиглах, хайхтай холбоотой ямар нэгэн шийдвэр гарахаас хамгаалсан зохицуулалт. Нэхэмжлэгч тал түтгэлзүүлэх хүсэлт гаргаагүй учраас захиргааны хэргийн шүүх өөрөө санаачлагаараа тэрийг хийх боломж байхгүй. Ингээд энэ асуудал зөвхөн “М” ХХК болон Ашигт малтмалын газрын кадастрын газар хоёрын хооронд яваад байгаа боловч бүхэл бүтэн 8 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Ц сумын засаг, захиргаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд огт мэдэгдээгүй, сонсгоогүй. Шүүхээр эцсийн шийдвэр гарч сэргээх хүртэл өөрсдийн эрх ашигаа хамгаалж чадаагүй юм. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 263 дугаартай лиценз хүчингүй болсон байсан учраас энэ шийдвэр хэвээрээ байсан гэж үзэж болох боломжгүй болчоод байна. Тус газар болохоор Дэлгэрмөрөн голын ай савд багтдаг Гурван хүнхэр, Агар, Хужирт, Өвгөд, Шаварт зэрэг багууд оршин байдаг. 2360 га газрыг тэжээдэг Дунд хүнхрийн гол гэж тэр хавийг тэжээдэг ганц том гол юм. Энэ газрыг ашиглах юм бол Дунд хүнхрийн гол устаж үгүй болж, ойролцоох Агар, Өвгөд, Хужирт багийн бод малын бэлчээрийн гол хэсгийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл бий болох учраас тухайн сум орон нутгийн иргэдийн хурлын тогтоол гарсан юм. “М” ХХК манай хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна гэж байна. Тухайн үед иргэдийн хурлын тогтоол гарахад бол тогтоолоор эрх ашиг хөндөгдөх ямар нэгэн эрх бүхий хуулийн этгээд байхгүй байсан. Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн лиценз, шийдвэр хүчингүй болсон шүүх дээр маргаантай явж байсан. Хариуцагч тал буюу сум орон нутгийн удирдлагын төвшинд маргаантай шүүх дээр байна гэсэн ямар ч асуудлаар мэдэгдээгүй байгаа нь тогтоол гаргахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Тогтоол гаргахдаа сумын Засаг даргын  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/141 тоот тогтоол гаргуулахаар, орон нутгийн хамгаалтанд авахаар орон нутгийн Засаг дарга эрхийнхээ дагуу иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандсан байгаа түүнийг дэмжин хурал шийдвэрээ гаргаж кадастрын газрын хэлтэст бүртгүүлсэн байдаг. Энэ хүргүүлсэн бичиг бүртгэл яг хууль ёсны байна уу? бүртгэгдсэн байна уу? нөгөө талаар тухайн тогтоол хууль ёсны байна уу? гэдэг дээр нэхэмжлэгч тал маргаан үүсгэх ёстой. Гэвч Ашигт малтмалын кадастрын хэлтсийн газрын бүртгэлтэй бол маргаагүй байгаа нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тэгэхээр энэ бүртгэл хүчин төгөлдөр бол тогтоол мөн хүчин төгөлдөр хууль ёсны гэдгийг илэрхийлнэ. Нэхэмжлэлийн 2 дугаар хуудсан дээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны шийдвэр гаргаж орон нутгийн хамгаалтанд авсан газар нь уг шийдвэрийг гаргахаас өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон ашиглалтын талбай дээр гаргажээ гэсэн байна. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгогдчихоод 2018 оны  04 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болж цуцлагдсан байдаг. Тэгээд 2 шатны шүүхийн маргаанаар явж байх хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст бүртгүүлж, орон нутгийн хамгаалтанд авсан юм. Иймд бүртгэл болон тогтоол хууль ёсны хүчин төгөлдөр одоог хүртэл явж байна гэж харагдаж байна. Энд нэг зүйл нэмж хэлэхэд маргаан бол газар нутгийг хамгаалтанд авах нь газар нутгийн хууль, сайдын журам зөрчсөн гэж байна. Концевсийн хувьд харах юм бол энэ тогтоол хууль, журам зөрчсөн  байна уу? гэдгийг Ашигт малтмалын хэлтсийн кадастрын алба өөрөө бүртгэж аваад танай ашиглалтын талбайгаас хасж хийсэн байгаа тэгэхээр энэ бол хууль тогтоомж зөрчсөн тогтоол биш гэдгийг дахин баталж өгч байна. Нэхэмжлэлийн 5 дугаарт шийдвэр гаргах этгээдээс тайлбар аваагүй сонсох ажилгаа явуулаагүй гэж байгаа.  Үүн дээр дахин дахин хэлэхэд тухайн лиценз хүчингүй болсон байсан учраас заавал мэдэгдэх албагүй гэж үзэж байна. Шүүх дээр маргаан явж байгаа гэдгийг ямар нэгэн байдлаар тус сумын захиргааны байгууллагад огт мэдэгдээгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27 дугаар зүйлд зааснаар эрх ашиг хөндөгдөх бүхий этгээдэд сонсох ажиллагаа хийлгэх шаардлага байхгүй, яагаад гэвэл тус “М” ХХК-ний шийдвэр хүчингүй байсан. Тэгэхээр сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэгч өөрөө маргаантай байгаа асуудлаар мэдэгдээгүй, дээр хүчингүй болсон шийдвэр гарсан байсан учир заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хууль бус гэж үзэж буруутгах боломжгүйг өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүхэд хандах хугацааны хувьд Ашигт малтмалын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/16755  дугаартай албан бичиг дээр “М” ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 0919 тоот албан бичгийн хариуг өгсөн байна. Энэ албан бичиг харамсалтай нь хэрэгт авагдаагүй байна. Тэр албан бичгийн хувьд тогтоолд хэрхэн хандсан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны хувьд бас тодорхой заасан байх магадлалтай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тогтоолын үндэслэлүүдийг буруутгаж байх шиг байна. Энэ тогтоолыг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдэж архивлагдсан учраас буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст бүртгүүлсэн бүртгэл, хурлын тогтоол хоёрыг бүхэлд нь авч маргаан үүсгэсэн бол нэхэмжлэгчид маргах үндэслэл болох байсан. Тэгэхээр тогтоолыг дангаар авч маргаан үүсгэх нэхэмжлэл гаргах боломжгүй. Хамгийн гол нь шүүхийн 2 шатаар явж байх хугацаандаа мэдэгдээд түдгэлзүүлэх эрхийг хуулиар хамгаалуулаад авчихсан байсан бол ийм маргаан үүсэх ямар ч шалтгаан байхгүй байх боломж байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын МV-020885 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий “М” ХХКомпани нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолоор   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаагр зүйлийн 28.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн, Өвгөд багийн нутагт орших Цагаан-Ус, Хойд хүнхрүү, Ухаа, Хятаа даваа, Дунд хүнхрүү, Хөлөрт зэрэг газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалсан газар нутгийг “байгалийн нөөц газар”-ын ангиллаар 40 жилийн хугацаагаар Орон нутгийн хамгаалалтанд авч, уг газрын булангийн цэгийн солбилцол, холбогдох мэдээллийг  нэг тогтоолын 1 дүгээр хавсралтаар, Тойм зураглалыг 2 дугаар хавсралтаар   баталсан байна.

Уг хавсралтанд тус сумын нутаг дэвсгэрт хамаарах байршилд Хөвсгөл аймгийн Ц сумын Өвгөд баг, Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал: Байгалийн нөөц газар гэж нэрлэн заажээ.

Нэхэмжлэгч тал: “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайд хамаарч буй газрыг хариуцагчаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны акт эрх зүйн үндэслэлгүй, Захиргааны Ерөнхий хуульд заснаар мэдэгдэх соносгох ажиллагаа хийгээгүй хууль зөрчсөн” хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна.

 Хариуцагч тал: “Сумын Хурал нь газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн, тухайн үед энэ компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан учраас эрх ашиг нь хөндөгдөөгүй сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй” хэмээн тайлбарлан маргаж байна.

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д сумын Хурлын хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг хуульчилсан байх ба 18.1.2-ийн к-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д газрын харилцааны талаар сумын Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж, 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг ... сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д нутгийн өөрөө удирдах байгууллагын ашигт малтмалын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж, 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах,  Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т ... сум... өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж тус тус заажээ.

            Дээрх зохицуулалтаас үзвэл газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ сумын Хуралд олгогдсон байх ба уг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас 01 дүгээр тогтоолыг гаргасаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд “М” ХХК-ний ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны  газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар  шийдвэрээр хүчингүй болгосон нөхцөл байдлыг үндэслэн Цагаан-Уул сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлснээр уг асуудлыг  хариуцагч байгууллага хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  

  “М” ХХК нь Хөвсгөл аймгийн Ц сумын нутагт орших “Ц” нэртэй 2360,11 га талбайд ашигт малтмалын хайгуулын 16751х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтаан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тухайн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар тушаалаар уг талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон боловч Ашигт малтмал, газрын тосны  газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар  шийдвэрээр уг зөвшөөрөл хүчингүй болжээ.

Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0467дугаар шүүхийн шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны  газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, МV-020885 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэж, энэхүү шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхээр хянагдаж хүчин төгөлдөр болсон байна.

Иймээс шүүх хэргийн дээрхи нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа тул Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг захиргааны байгууллагаас /сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас/  дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч нь нутгийн захиргааы байгууллагад холбогдох газруудын шийдвэрүүдийг хүргүүлж, хуралдаанд мэдээлэх, хариуцагч талаас “М” ХХК-ний тухайн нөхцөл байдлыг, холбогдох баримтуудыг  шинжлэн судалж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Тодруулбал:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107  дугаар зүйлийн 107.6-д “энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан тул  хариуцагч байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасны дагуу хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлээгүй,  шүүхээс тогтоосон хугацааг хэтрүүлбэл  уг Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-д хамаарах заалт хүчингүй болно. 

Шүүх хуралдаанд нэр бүхий иргэдийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хариуцагч талаас ирүүлсэн боловч тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн байх тул харицагчаас гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурьдаж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2-ийн к, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан захиргааны байгууллагаас /Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан/ дахин шинэ акт гаргах хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-д хамаарах заалтыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан/ дахин шинэ акт гаргах хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын “М” ХХК-д хамаарах заалтыг нь хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН