| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0075/И |
| Дугаар | 85 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, E-MART худалдааны төвд тогооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Налайх дүүргийн, 5 дугаар хороо, 70 дугаар байрны, 07 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн, 23 дугаар хороо, 60 дугаар гудамжны, 18 тоотод түр оршин суух, Боржигон овгийн Эрдэнэтуяагийн Хоролсүрэн /РД:ФД88102900/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 70 дугаар байрны, 07 тоотод оршин суух, Боржигон овгийн Ганболдын Гантулга /РД:УЕ88011171/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Хоролсүрэн, хариуцагч Г.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Хоролсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2009 оноос эхлэн гэр бүл болсон. 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Эрдэнэтулга, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Г.Баяртулга нарыг төрүүлсэн. Бид 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Би хүүхдүүдээ харан гэртээ сууж, нөхөр Г.Гантулга хөдөө ажил хийдэг байсан. Би түүнийг ажилаа хийгээд явж байгаа байх гэж итгээд харддаггүй байсан. Бид 2015 он хүртэл хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан.
Харин нөхөр Г.Гантулга 3 хүүхэдтэй Б.Байгалмаа гэх эмэгтэйтэй нэр холбогдох болж, миний хажууд тэр эмэгтэйтэйгээ утсаар ярьж, мессэжээр харилцах болсон. Бид уг асуудлаас болж байнга хэрүүл маргаантай амьдрах болж, Г.Гантулга надад гар хүч, хүүхдүүдээ зодох болсон.
Би түүний уучилж дахин тэр хүүхэнтэй холбогдохгүй байхыг гуйсан боловч 7 хонохгүй гэрээсээ яваад өгдөг. Иймд би хүүхдүүдээ тэжээхэд хэцүү болсон тул хот руу нүүж ажилд орсон. Бид тус тусдаа амьдарч байх хугацаанд Г.Гантулга хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирж байгаагүй. Харин гуйлгаж байж нэг удаа нүүрс авчирч өгсөн. Г.Гантулга ажил хийж олсон мөнгөө тэр хүүхэн болон хүүхдүүдэд нь зарцуулдаг мөртлөө өөрийн хүүхдүүдээ тоодоггүй учир түүнд хоёр хүүхдээ өгөхгүй.
Хэрэв Г.Гантулга өөрийн буруугаа ойлгоод дахин тэр Байгалмаа гэх хүүхэнтэй уулзахгүй гэвэл би түүнийг уучлаад хүүхдүүдээ бодоод амьдрахад татгалзах зүйл байхгүй. Гэвч Г.Гантулгад намайг гэх хайр сэтгэл байхгүй, хүүхдүүдээ өрөвдөхгүй, зөвхөн өөрийн жаргалыг хөөж гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Одоо Г.Гантулга Байгалмаатай хамт амьдарч байгаа тул шүүх бидэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүн гарахгүй. Иймээс хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, түүнээс сар бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн талаар мараагүй байгаа гэв.
Хариуцагч Г.Гантулга шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2009 онд танилцсан. 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Эрдэнэтулга, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Г.Баяртулга нар төрсөн.
Би гэр бүлээ тэжээх гэж ганцаараа зүтгэж, нойр хоолгүй явж байхад Э.Хоролсүрэн ойлгохгүй хардаж хэрүүл маргаан хийж, гарт таарсан зүйлээ шиддэг байсан. Би тэгэхээр нь тэсэхгүй түүнд гар хүрчихдэг байсан.
Харин хүүхдүүдээ зоддог гэдэг нь худлаа. Сүүлд бид маргалдахад ах нь ирээд Э.Хоролсүрэнг хүүхдүүдийн хамт авч явсан. Мөн дүүгээ надтай суулгахгүй гэсэн. Одоо надад Э.Хоролсүрэнг гэх хайр сэтгэл, амьдрах хүсэл байхгүй болсон. Бид таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай байж байхаар салсан нь дээр гэж бодож байна. Би Байгалмаа гэх эмэгтэйтэй амьдарч байгаа нь үнэн. Иймд бид эвлэрэх ямарч боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Харин 2 хүүхдээ эхийн асрамжид үлдээж, сар бүр 500.000 төгрөг өгч байхаар Э.Хоролсүрэнтэй тохиролцсон. Бид эд хөрөнгийн талаар маргаагүй гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Хоролсүрэн хариуцагч Г.Гантулгаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгч Э.Хоролсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид 18 нас хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч Э.Хоролсүрэн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу хариуцагч Г.Гантулгын оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл: Нэхэмжлэгч Э.Хоролсүрэн хариуцагч Г.Гантулгатай 2009 онд танилцан, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Эрдэнэтулга, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Г.Баяртулга нар төрсөн, одоо хүүхдүүд эхийн асрамжинд эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь хүүхдийн №0000876338-270, №0000875129-528 дугаар төрсний гэрчилгээний хуулбарууд, хүний их эмч С.Болормаагийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-4-8/
Нэхэмжлэгч Э.Хоролсүрэн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...Г.Гантулгатай зан харьцааны хувьд таарч тохирохгүй болсон. Мөн тэрээр өөр хүнтэй хамтран амьдарч байгаа” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч Г.Гантулга “...Бид байнга хэрүүл маргаантай байсан. ...Одоо надад түүнийг гэх хайр сэтгэл, хамт амьдрах хүсэл байхгүй. ...би өөр хүнтэй хамт амьдарч байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх,...”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч зохигчид тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хариуцагч Г.Гантулага өөр бусадтай хамтын амьдралтай болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал нь эвлэрэх боломжгүй болохыг нотолж байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглосон үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэгч Э.Хоролсүрэн, хариуцагч Г.Гантулга нарыг хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Хоролсүрэнгийн асрамжид хүү Г.Эрдэнэтулга, Г.Баяртулга нар өнөөдрийг хүртэл эрүүл бойжиж байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул шүүх талуудын эвлэрлийг үндэслэн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Эрдэнэтулга, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Баяртулга нарыг эх Э.Хоролсүрэнгийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г.Гантулга бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймд гэрлэгчид үр хүүхдээ тэжээн тэтгэх тэтгэлэгийн хэмжээг эвлэрэн тогтоохдоо хуульд заасан нөхцөлөөс дордуулахгүйгээр тэтгэмжийн төрөл, хэмжээ, хугацааг тохиролцох боломжтой.
Хариуцагч Г.Гантулга хүү Г.Эрдэнэтулга, хүү Г.Баяртулга нарт тус бүрд нь сар болгон 250.000 төгрөгийн тэтгэлэг өгч байхаар нэхэмжлэгч Э.Хоролсүрэнтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1, 45 дугаар зүйлийн 45.1.-д заасан заалтад нийцэж байна.
Иймээс хариуцагч Г.Гантулгаас сар бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг гаргуулж хүү Г.Эрдэнэтулга, хүү Г.Баяртулга нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хариуцагч Г.Гантулга шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Э.Хоролсүрэн хүү Г.Эрдэнэтулга, хүү Г.Баяртулга нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Г.Гантулга зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй болно.
Хариуцагч Г.Гантулгаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /2 хүүхэд 500.000 төгрөг х 12 сар/ тооцож гаргасан 6.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн данс /ХААН банкны 5749909359/-нд төлүүлэх, мөн түүнээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хоролсүрэнд олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 19-ний гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Боржигон овгийн Эрдэнэтуяагийн Хоролсүрэн, хариуцагч Боржигон овгийн Ганболдын Гантулга нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Эрдэнэтулга, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Баяртулга нарыг эх Э.Хоролсүрэнгийн асрамжид байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 45 дугаар зүйлийн 45.3., 45.4.-т заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Эрдэнэтулга, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Баяртулга нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл эцэг Г.Гантулгаас тус бүрд нь 250.000 төгрөгийг сар болгон гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Г.Гантулга шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Э.Хоролсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гантулгаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хоролсүрэнд, мөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Даваажаргалд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС