Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Ч.Бат-Ерөөлт,

түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Чоймболсүрэнгийн Бат-Ерөөлтөд холбогдох эрүүгийн 2131000460051 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Чоймболсүрэнгийн Бат-Ерөөлт /М360062915/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Ч.Бат-Ерөөлт нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ерөө” голын “Цагаан тохой” гэх газарт мөсийг цөмлөж, гар уурга ашиглан зөвшөөрөлгүйгээр, ховор амьтны жагсаалтанд орсон “Тул” загасны төл 2 ширхэг “Тулбаг” загас барьж, байгаль экологид 590,800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Бат-Ерөөлт нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ерөө” голын “Цагаан тохой” гэх газарт мөсийг цөмлөж, гар уурга ашиглан зөвшөөрөлгүйгээр, ховор амьтны жагсаалтанд орсон “Тул” загасны төл 2 ширхэг “Тулбаг” загас барьж, байгаль экологид 590,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Бат-Ерөөлт гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бат-Ерөөлтийн өгсөн: “...

....” гэх мэдүүлэг[1],

            2.Хохирогч Л.Болормаагийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие төрийг төлөөлж уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хууль бусаар агнасан тул загасны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг[2],

            3. Гэрч Г.Алтантулгын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2015 оны 05 дугаар сард ажилд орсон. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил хийж байна. Миний ажил үүргийн хуваарь харьяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хамгаалан, зүй зохистой ашиглуулах, Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Би Ч.Бат-Ерөөлт гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ерөө суманд 2021 онд загас агнах зөвшөөрөл өгөгдөөгүй. Тиймээс Ч.Бат-Ерөөлт гэх хүн нь ямар нэгэн ан амьтан агнах зөвшөөрөл аваагүй. Монгол улсын “Амьтны тухай хууль”-ийн 9.2 дугаар зүйлийн 8-д заасан хугацаанд буюу хуулиар загас барихыг зөвшөөрсөн хугацаанд барьсан боловч барьсан гэх “Тул” загас нь Монгол улсад ховор амьтны жагсаалтанд орсон загас барьсан байна. Энэ үйлдэл нь хууль бус үйлдэл юм. Ч.Бат-Ерөөлт гэх хүн ямар нэгэн загас агнах зөвшөөрөл авахаар манай байгууллагад хүсэлт гаргаагүй...” гэх мэдүүлэг[3],

            4.Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зүүнхараа өртөөний дарга, Алтанхуяг, хамт ажилладаг Энхтүвшин, Батбилэг нарын хамт манай ажлын машин болох 06-94 СЭА улсын дугаартай машинд бид дөрөв, нөгөө машин болох Лоёнсүрэнгийн машинд Бат- Ерөөлт, Энхтүвшин, Лхагваа гэх хүмүүс суугаад “Ялбаг” гэх газар луу салхинд гарахаар яваад хэдэн загас барьсан юм. Очсон газрын нэрийг нь сайн мэдэхгүй ээ, “Ерөө” гол дээр очоод голын мөс өрөмдөж цоолоод загас барьсан. Хэн хэн гэж хүн нь хэдэн загас барьсан талаар би сайн мэдэхгүй тэд нар загас барьж суугаад би машиндаа унтаад л байж байсан. Анх гол дээр байж байгаад загасаа барьж дуусаад орой болсон, манайхан юмаа бэлдэж цэгцлээд машинд юмнуудаа ачсан, тэгэхэд машинд тортой загасаа хийсэн байх, шалгахад яг хэдэн загас гарсан мэдэхгүй, тортой загас гаргаж ирээд шалгаж байсан. Постонд шалгуулаад “тул” гээд ярихаар нь мэдсэн, өмнө нь харж байгаагүй, том амьтан байдаг л гэж төсөөлж байсан юм...” гэх мэдүүлэг[4],

            5.Гэрч М.Энхтүвшингийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Пүрэвсүрэнгийн 06-94 СЭА улсын дугаартай авто машинтай Алтанхуяг, Батбилэг бид нар хамт нэг машинд нөгөө машинд Бат-Ерөөлт, Лхагвасүрэн, Төвшин, Лоёнсүрэн нар явсан. Ерөө голын мөсийг цөмлөж загас барьсан. Ялбагийн “Цагаан тохой” гэх газраас “Зэвгэ” нэртэй 5 загас барьсан юм. Загас барих зөвшөөрөл аваагүй. Би бариагүй ээ, яг барьж байхыг хараагүй, Бат-Ерөөлт “би 2 ширхэг “тул” загасны төл “тулбаг” барьсан” гэж байсан. Манай 2 машинаас нийт 9 загас гарч ирсэн юм. Би шалгуулаад “2 ширхэг тулбаг байна” гэж ярьж байсан. Бидэнд ямар нэгэн захисан, захиалсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[5],

            6.Гэрч Б.Батбилэгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би өөрөө загас бариагүй хоол, унд хийгээд хөзөр тоглоод машинд сууж байсан. Хамт явсан Бат-Ерөөлт, Энхтүвшин нар загас барьсан...” гэх мэдүүлэг[6],

            7.Гэрч Т.Лхагвасүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өдөр ирээд хоол унд хийж идээд орой болох үед Бат-Ерөөлт ...хэдэн загас барьсан, Бат-Ерөөлт машин дээр ирэхээр нь “барьсан уу” гэсэн чинь “хэдэн юм барьсан” гээд багаажинд хийсэн...” гэх мэдүүлэг[7],

            8.Гэрч Д.Түвшингийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би машин дотор тоглоод сууж байсан. Бат-Ерөөлт, Энхтүвшин 2 голоос хэд хэдэн загас барьсан юм...” гэх мэдүүлэг[8],

            9.2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Тул загасны үр төл 1 тулбагийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 147,700 төгрөг буюу нийт 2 тулбагийн экологи-эдийн засгийн үнэлгээ нийт 295,400 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэх дүгнэлт[9],

            10. Шүүгдэгч Ч.Бат-Ерөөлтийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз нарын хамтаар салхинд гарахаар болж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” гэх газар луу явсан. Ингээд “Ялбаг” гэх газарт очоод “Ерөө” гол дээр очиход хүмүүс загас барьж байсан ба Ерөө голын мөсийг цоолоод өмнө загас барьсан газарт очоод дэгээ хийж загас барьсан. Тухайн үед би 2 загас барьсан ба орой болсон байсан тул шууд уутанд хийгээд машиндаа тавиад Мандал сум руу явсан. Тухайн үед би өөрийн барьсан 2 загасыг “Тул” загас байна гэж мэдээгүй. Ингээд “Ялбаг” гэх газрын пост дээр очоод шалгуулахад постны ажилтан “Тул” загас барьсан байна” гээд биднийг шалгасан. Би өөрийн найзууд болох Энхтүвшин, Батбилэг, Лхагвасүрэн нарын хамт “Ерөө” сумын “Ялбаг” гэх газарт салхинд гарч, Ерөө гол дээр загас барих зорилготой явсан. Тухайн үед би загас барих эрхийн бичиг зөвшөөрөлгүй явж байсан. Би зөвшөөрөл авахаар ямар нэгэн албан тушаалтанд хандаагүй. Тухайн үед би харанхуй шөнө байсан учир “Тул” загасны төл “Тулбага” нэртэй загас байсныг мэдээгүй. Пост дээр шалгуулахад “Тулбага” загас барьсан байсныг мэдсэн. Би 2 ширхэг загас барьсан тэр нь “Тулбага” байсан. Бусад загаснууд надтай хамт явж байсан Энхтүвшингийн загаснууд байгаа юм. Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын нутаг “Ялбага” гэх нэртэй газар Ерөө голоос тухайн загаснуудыг өвлийн цагт загас барих зориулалт бүхий жижиг гар дэгээгээр барьсан...” гэх мэдүүлэг[10],

            11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Бат-Ерөөлтийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Болормаа нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 590,800 төгрөг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ч.Бат-Ерөөлтөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Ерөөлтөд торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Ерөөлт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Ч.Бат-Ерөөлт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Чоймболсүрэнгийн Бат-Ерөөлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтныг тусгай зөвшөөрлгүйгээр барьсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чоймболсүрэнгийн Бат-Ерөөлтийг ... нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу ...0,000 /........... мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Ерөөлтийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Ерөөлт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 590,800 /таван зуун ерэн мянга найман зуун/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.

6.Шүүгдэгч Ч.Бат-Ерөөлт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

        

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУНТУНГАЛАГ