| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
хохирогч Б.Баярхишиг,
шүүгдэгч Д.Соёлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбын Соёлбаатарт холбогдох эрүүгийн 1931003070207 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дамбын Соёлбаатар /РД:MA63122018/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Соёлбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Онд орогч” гэх газарт “зөвшөөрөлгүй байгалийн ургамал түүлээ” гэх шалтгаанаар Б.Баярхишигтэй маргалдан, толгойн тус газар нь гараараа цохиж, биед нь хөлөөрөө өшиглөн, зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон, цээж, гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Соёлбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Соёлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Б.Баярхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Жаргалсайхан намайг хэдэн хүн явуулаад “Дэрвэгэр жирэгрүү” гэх ургамлын үр түүгээд ир гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгээс гараад ургамлын үр түүж байсан хүмүүст ус, хуушуур аваад очиход манай хүмүүс Д.Соёлбаатар ирээд уурлаад бид нарыг хөөгөөд гэж хэлсэн. Тэгээд очоод бригад руу нь очиж уулзах гээд ирэхэд Соёлоо өөрөө ирсэн. Уулзаад мэндэлсэн чинь “над руу уурлаж хоёулаа эр хүн шиг үзье” гэж хэлсэн. Тэгээд намайг машиндаа суулгаад явж байгаад нэг газар гэнэт зогсоод зодоон хийх болоод намайг хоёр алгаараа зэрэг алгадсан. Энгэрээс заамдаж аваад цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд нь миний гар утас газар унахад утсаа авах гэхэд намайг машинд суу гэхэд би машины ард нь суусан. Соёлбаатар миний цээж гуя руу өшиглөсөн. Тэгээд машинаа унаад хөдөлсөн. Хар зам руу ороод буугаад ир гэж намайг хэлэхэд нь би “хамаг бие өвдөөд байна буухгүй” гэсэн. Намайг татаад буулгасан. Соёлоо урт дуран гаргаж ирээд намайг эвдэлсэн гээд намайг харааж зүхсэн. Хоолой ам руу цохьсон. Тэгээд чигээрээ явсаар байгаад цагдаа орно гэж хэлсэн. Бид нарын машинаас хураасан өвсөө бариад орсон. Тэгээд цагдаа дээр ирээд дээшээ хоёр давхар руу гараад Мөнхсайхан гэх хүний өрөөнд Гал-Эрдэнэ гэх залууг дуудаад цагдаа дээр ирсэн. Надаас хоёр өрөөнд зэрэг байцаалт авсан. Түүсэн ургамлаа том томоор нь шуудайлсан байсныг дараа нь хиллэхэд 7 кг болсон. Одоо би Д.Соёлбаатараас болоод сонсгол муутай болсон. Тиймээс би гомдолтой байна. Д.Соёлбаатар нь зан ааш муутай, муу хүн. Намайг цохиогүй, гэрчгүй гэж хэлээд байна. Ийм муухай худлаа хэлж болохгүй. Үнэхээр их гомдолтой байна” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч Б.Баярхишигийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг эмийн ургамал түүлээ гэж Соёлбаатар ирээд намайг зодож гэмтээсэн тул би уг асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан юм. ...машинаас буулгаж ирээд хоёр чих рүү хоёр араараа алгадаж, хоёр удаа цохисон. Хоёр цохисны дараа хэсэг маргаж байгаад цамцны захнаас заамдаж барьж, мушгиж унагаагаад газарт унасны дараа цээж рүү баруун хөлөөрөө 3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг[3]
4. Гэрч М.Бямбасүрэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2-3 шуудай ургамал түүгээд байж байтал Соёлбаатар давхиж машинтайгаа ирээд “наадах чинь манай хадлангийн талбай, та нар Эндээс яв” гээд бид нарыг хөөсөн. Би Баярхишиг ах руу залгаад Соёлбаатар ирчихээд хөөгөөд байна гэхэд Баярхишиг ах “би одоо очиж байна, хүлээж бай" гэсэн. Тэгээд нэг их удалгүй ус, хуушуур аваад хүрээд ирсэн бөгөөд Соёлоотой уулзаад юм ярьж байгаад машинд нь суугаад явчихсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Г.Энхмаагийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хоёрын дунд болсон зодоон цохионы талаар бол би огт мэдэхгүй. Бид нарын нүдэн дээр бол зодолдож цохилдсон асуудал огт байхгүй. Хоорондоо бол маргалдаад байсан. Яг юу гэж хэлэлцэж байсныг нь бол би сайн сонсоогүй. Миний сонссоноор Баярхишиг нь “уучлаарай” гэж хэлж байсан. Соёлоо нь “эр хүн шиг үзчихье” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Ц.Уянгын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Баярхишиг ирэхдээ ямар ч шарх сорвигүй байсан. Бид нар дээр ирэхийнхээ өмнө хэн нэгэнтэй муудалцаж маргасан гэж огт яриагүй" гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Д.Гал-Эрдэний 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед Б.Баярхишиг гэх хүн "Соёлбаатар намайг зодсоны улмаас миний толгой өвдөж байна” гэж байсан. Харахад тухайн иргэний зүүн шанаа хэсэг нь овойж хавдсан харагдсан. Өөр ил харагдах хэсэгт нь гэмтэл байгаагүй байх...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Ц.Мөнхсайханы 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би тус өдөр ажил дээрээ байж байтал Шаамар сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар ургамал түүсэн хүнийг авч ирлээ гээд Соёлбаатар гэх хүн Нэг танихгүй хүнийг /Б.Баярхишигийг/ дагуулж орж ирсэн. Би энэ асуудлыг шалгаж тогтоо гэж эдийн засгийн мөрдөгч Өсөхбаярт үүрэг чиглэл өгөөд гаргасан бөгөөд Соёлбаатарын авч ирсэн гэх хүн тус өдөр “би Соёлбаатарт зодуулсан шүүх эмнэлэгт үзүүлнэ. Соёлбаатарт гомдолтой байна” гэж байсан тул би тэр хүнийг ахлах хэрэг бүртгэгч Батсүхтэй уулзуулж “таны бусдад зодуулсан гэх асуудлыг энэ хүн шалгах хүнийг нь томилж шийдвэрлэж өгнө, та энэ хүнтэй уулз” гэж хэлээд үлдээсэн. ...Б.Баярхишигийн аль нэг талын шанаа нь овойж хавдан, улайсан байсан. Өөрөөр гоожиж, асгарсан цус болон ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч Н.Өсөхбаярын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тус өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байсан бөгөөд Шаамар суманд хууль бусаар “дэрвэгэр жиргэрүү” нэртэй ургамлын үр түүсэн хүнийг авч ирлээ гээд Соёлбаатар нь Баярхишиг гэдэг хүнийг дагуулж орж ирсэн. Тус дуудлагын дагуу би ахлах дэслэгч Гал-Эрдэнийн хамтаар дуудлаганд очиж ажилласан. Баярхишиг тэр өдөр Соёлбаатарт зодуулсан гэж хэлж байсан ба тухайн өдөр Баярхишиг би бас өргөдөл өгч болох уу? гэж асууж байсан. Мөн зүүн шанаа нь хавдаж улайсан, Хөлөө бага зэрэг чирээд доголоод байх шиг анзаарагдсан” гэх мэдүүлэг[9],
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 220 дугаар “Б.Баярхишигийн биед зүүн чихний хэнгэргэн хальс цоорсон, цээж гуяны зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[10],
11. Яаралтай тусламжийн хуудас 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 00 цаг 40 минут “хэсэг газрын үзлэг: Зүүн шанаанд цус хурсан, цээжний баруун тал IV, V хавирга, 2 гуяны гадна талд зөөлөн эдийн няцралт үүссэн...” гэх үзлэгийн тэмдэглэл[11]
12. Шинжээч эмч С.Бүрэнжаргалын “...Уг гэмтэл нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Би Баярхишигийн өөрийнх нь асуумж хариулт болон Чих хамар хоолойн эмчийн үзлэг, өөрийн хийсэн үзлэг зэрэгт үндэслэн уг гэмтэл нь шинэ болохыг тодорхойлон гаргасан...” гэх мэдүүлэг[12]
13. Гэрч Ч.Гантогоогийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Яг Өдрийг нь сайн санахгүй байна. Манай ажлын хүмүүс “Баян" дэлгүүрийн баруун талын тойрог дээр зам засварын ажил хийгээд байж байхад орой 18 цагийн орчим шиг санаж байна Б.Баярхишиг ах явган хүрч ирээд надтай уулзаж "утсаа өгч байгаач ах нь утасгүй болчихоод байна” гэж хэлээд миний утсыг авч ярьсан юм. Тэгээд байж байхад манай ажлын Болдоо ах ирээд тэр хоёр уулзаад байсан. Тухайн үед надад хэлэхдээ хүнд зодуулаад, тэгээд утсаа алга болгочихлоо л гэж хэлсэн, яг ямар байдлаар утсаа алдсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг[13],
14. Гэрч Б.Болдбаатарын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баярхишиг ах Гантогоотой хамт байж байсан. Тэгээд надтай уулзаад "ах нь Соёлоод зодуулаад, гар утсыг маань Соёлоо авчхаад өгөхгүй байна, чи ахыгаа цагдаа руу хүргээд өгөөч” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[14],
15. Гэрч М.Жаргалсайханы 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай компани ирэвгэр жирэвгэр гэх ургамлын үр туух зөвшөөрлийг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас авсан юм. Тэгээд хэдэн сумдтай гэрээ байгуулаад, тэдний нэг Шаамар сум дахь гэрээний дагуу Баярхишигийг хэдэн хүн хөлслөөд ирэвгэр жирэвгэр ургамлын үр түүгээдхээч гээд гаргасан юм. Тэгээд үдээс хойш нь Баярхишигийн утас нь дуудаад авахгүй болохоор нь санаа зовоод байж байсан чинь орой нь уулзахдаа харин ургамлын үрээ түүгээд байж байхад Соёлбаатар ирээд зөвшөөрөлгүй үр түүлээ, тариан талбай дээгүүр явлаа гэж шалтаглан намайг зодсон, тэгж байхдаа миний утсыг булааж авсан гэж хэлсэн юм. Өөр нарийн ширийн юм яриагүй...” гэх мэдүүлэг[15],
16.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[16], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Соёлбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Баярхишигийн эмчилгээний зардалд 83,100 төгрөгийг шүүгдэгч Д.Соёлбаатараас гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Соёлбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчтой эвлэрэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Боржигон овогт Дамбын Соёлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Д.Соёлбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Соёлбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Дамбын Соёлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Д.Соёлбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан 83,100 төгрөгийг шүүгдэгч Д.Соёлбаатараас гаргуулан, хохирогч Б.Баярхишигт олгож, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
4. Шүүгдэгч Д.Соёлбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Соёлбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ