Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00813

 

З.Э-, Э.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02646 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 225 дугаар магадлалтай, 

З.Э-, Э.Э- нарын нэхэмжлэлтэй

АБ ХХК-д  холбогдох, 

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9.634.526 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж 12 918 848 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, С.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Бид АБнаас 2014 оны 7 сарын 03-ны өдөр 14/02-29 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээгээр 15.000.000 төгрөг, 2014 оны 11 сарын 10-ны өдөр 14/02-110 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээгээр 13.440.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр З.Энхжавхлан №2107001078 дугаар зээл болон барьцааны гэрээгээр 5.000.000 төгрөгийг swipe зээл зориулалтаар зээлсэн. З.Э- би дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийг графикийн дагуу хугацаанд нь банкинд төлж барагдуулж байсан. 2016 оны 5 сарын 25-ны өдөр бидний нэр дээрх №14/02-29 гэрээний үлдэгдэл 8.72.144 төгрөг, №14/02-110 гэрээний үлдэгдэл 8.485.490 төгрөг, №2107001078 гэрээний үлдэгдэл 4.072.856 төгрөг нийт 21.287.490 төгрөг байсан. Банкнаас намайг 2016 оны 5 сарын 25-ны өдөр дуудаад Э.Э-гийн нэр дээрх зээлийн гэрээнүүдийг нэмж, нэгтгэчихье гээд №2107002237 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Би 2 автомашин, 1 swife зээлээ төлж байна гэж бодож 2016 оны 5 сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэл №2107002237 дугаар зээлийн гэрээний дагуу 22.342.016 төгрөгийн эргэн төлөлт АБинд хийсэн. 2017 оны 12 сарын 18-ны өдөр банк надаас дахин 5.000.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд З.Э- миний бие АБинд 2016 оны 5 сарын 25-ны өдрөөс хойш нийт 22.342.016+5.000.000=27.346.016 төгрөг төлсөн. Э.Э- бид хоёр №14/02-29, №14/02-110, №2107001078 дугаар зээлийн гэрээний дагуу банкинд 21.287.490 төгрөг төлөх үлдэгдэлтэй байснаас би 27.346.016 төгрөг төлсөн зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон, илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулж авахаар байхад банк таны төлсөн 27.346.016 төгрөг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлсөн төлбөр тул №14/02-29, №14/02-110, №2107001078 дугаар гэрээний төлбөрөө бид авсан гэж үзэхгүй” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Банк №14/02-29, №14/02-110, №2107001078 дугаар гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж байна. Хууль зөрчсөн гэрээ байгуулсан явдалд банк өөрөө л буруутай. З.Э- би ямартаа ч банкинд төлөх ёстой мөнгөө төлж гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол үүрэг дуусгавар болохоор зохицуулсан. Иймд 2014 оны 7 сарын 03-ны өдрийн 14/02-29 дугаар, 2014 оны 11 сарын 10-ны өдрийн 14/02-110 дугаар, 2016 оны 3 сарын 19-ний өдрийн №2107001078 дугаар зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоож, гэрээгээр илүү төлсөн 9.634.526 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. АБ ХХК нь иргэн н.Энхжавхлантай 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 140229 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 15.000.000 төгрөгийг зээлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 110 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 13.440.000 төгрөгийг 27.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн н.Энхжавхлан 5.000.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр жилийн 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн иргэн н.Амаржаргал 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2107001105 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээл өгч 15.000.000 төгрөгийн зээлийг жилийн 42 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь буюу зээл төлөх хугацаа явагдаж байсан ч зээлдэгч н.Энхжавхлан, н.Амаржаргал нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөр нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог байсан. Ингээд нэхэмжлэгч З.Э- нь н.Амаржаргалын хамт н.Энхжавхлангийн нэр дээр 3 зээл байна, мөн миний нэр дээр байгаа зээл, нийт 4 зээлийг нийлүүлээд нэгтгэж нэг зээл болгож өгнө үү гэсэн хүсэлтийг банкинд тавьсан байдаг. Уг 4 зээлийн нэгтгэж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан буюу нэхэмжлэлийн шаардлагад хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа 2107002237 тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэ зээлийн гэрээний хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч З.Э- оролцсон. Зээл болон барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зээлийн хувийн хэргийн талаар зохицуулсан байдаг. Хувийн хэрэгт зээл авъя гэсэн хүсэлт байх ёстой. Зээлийн хүсэлтэд нь зээлийн хүү, зээлийн зориулалт, хугацаа ямар байх ёстойг тусгасан байдаг. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлийн дансанд гүйлгээ орсноор зээл олгосонд тооцно гэж заасан байдаг. Энэ гэрээний  33.500.000 төгрөгийн зээлэнд н.Амаржаргал үндсэн зээлдэгчээр, нэхэмжлэгч З.Э- нь хамтран зээлдэгчээр оролцсон. н.Амаржаргалын дансанд 33.500.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс зээл олгосны шимтгэл 167.500 төгрөгийг авсан, мөн зээлийн өргөдлийн хураамж 40.000 төгрөгийг авсан. Ингээд 33.287.500 төгрөгийг харилцагч н.Амаржаргал нь харилцахын данснаас зарлага гаргасан байдаг. Үүгээрээ 4 зээлийг төлсөн гэж ойлгож болох тул 4 зээлийг хаасан нь тодорхой. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болгосон гэж үзэхгүй, харин мөн хуулийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар үүргийг талууд харилцан тохиролцож сольсон асуудал гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийг 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн зээлийн дансны харилцах данс руу 15.000.000 төгрөг орсон. Уг данснаасаа нэхэмжлэгч нь мөнгөө авсан гэх дансны хуулга нь байгаа. Өмнөх нэхэмжлэгчийн депозит дансанд 5.000.0000 төгрөгийн үлдэгдэл байсан. Ингээд 15.000.000 төгрөгийн зээлийг нэмж олгоод нийт 20.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй данс байсныг зээл олгосон шимтгэлд 75.000 төгрөгийг суутгаж аваад 19.925.000 төгрөгийн зарлага гаргаж нэхэмжлэгч өөрөө авсан. Тиймээс гэрээний үүрэг дуусгавар болоогүй, шинэ зээлээр үүргийг сольчихсон тул зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Тус банк нь иргэн З.Э-, А.Амаржаргал, С.Даваасүрэн нартай 2016 оны 5 сарын 25-ны өдөр 2107002237 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж, 33.500.000 төгрөгийг, жилийн 37.2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлэн БЗД-ийн 5 хороо, 15 хороолол, байрны 21 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан. Мөн тус банк нь иргэн З.Э-тай 2017 оны 12 сарын 18-ны өдөр 2100004452 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулж, 15.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2017 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь хууль журмын дагуу хийгдсэн, нотариатчаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд зээлдэгч нараас №2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13.117.133.31 төгрөг, хүү 5.606.105.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 692.351.76 төгрөг, нийт 19.415.590 төгрөг гаргуулах, №2100004452 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 12.429.312.46 төгрөг, хүү 487.553, нэмэгдүүлсэн хүү 1.983.34 төгрөг, нийт 12.918.848 төгрөг гаргуулах, нийт 32.334.438 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Миний бие 2016 оны 5 сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээгээр АБнаас 33.500.000 төгрөг зээлж аваагүй. Тус гэрээ нь 14/02-29 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8.729.144.7 төгрөг, 14/02-110 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8.541.775.9 төгрөг, 2107001078 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4.072.856 төгрөг, А.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 11.429.695 төгрөгийг нэмж нэгтгэсэн зээлийн гэрээ юм. 2017 оны 12 сарын 07-ны өдөр З.Э- би АБинд гэрээ цуцлах тухай хүсэлт гаргаснаар 2107002237 тоот зээлийн гэрээ цуцлагдаж, 2100004452 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Банк 2100004452 тоот зээлийн гэрээг байгуулахдаа таны 14/02-29 тоот, 14/02-110 тоот, 2107001078 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 20.000.000 төгрөг байна гэсэн. Учир нь банкинд миний бие 2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт 22.342.016 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс 1.287.490 төгрөг л хасагдсан байсан. АБ 2107002237 тоот зээлийн гэрээгээр эхлээд зээлийн гэрээний үндсэн үүргийг биш, зөвхөн хүүг төлүүлж байснаас болж үндсэн зээл төлөгдөхгүй хуримтлагдсан байсан. Ингээд 2017 оны 12 сарын 18-ны өдөр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулахад банк таны барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна гээд надаас дахин 5.000.000 төгрөг бэлнээр авч, 2100004452 тоот зээлийн гэрээг байгуулсан. Мөн 2107002237 тоот зээлийн гэрээг цуцлахад А.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 13.117.133 төгрөг байсан. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болон 2107002237 тоот зээлийн гэрээний дансны хуулгаар нотлогдож байна. Иймд 2107002237 тоот зээлийн гэрээ нь цуцлагдсан, миний бие өөрийн болон Э.Э-гийн 14/02-29 тоот, 14/02-110 тоот, 2107001078 тоот зээлээ бүрэн төлж барагдуулсан тул 2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт 19.415.590 төгрөг төлөх үндэслэлгүй байна. Харин А.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 13.117.133 төгрөг байсан. АБ дээрх мөнгөө А.Амаржаргалаасаа барагдуулж авна уу. Дээр дурдсанчлан 2100004452 тоот зээлийн гэрээ байгуулагдах эрх зүйн үндэслэл байгаагүй, надад гэрээгээр мөнгө олгогдоогүй тул тус зээлийн гэрээний үүрэгт 12.429.312 төгрөг төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02646 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.10, 56.5, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 18-ны 2100004452 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдсөн 22 342 016 төгрөгийг  АБ ХХК-иас гаргуулж З.Э-д буцаан олгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1078 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийг дуусгавар болсныг тогтоож, илүү төлсөн 9 634 526 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч З.Э-, Э.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар  З.Э-гаас 2016.05.25-ны өдрийн 2107002237 дугаар зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, 12 918 848 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгө болох автомашин, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн АБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 112 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 389 823 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 558 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 225 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар нэхэмжлэгч З.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737.100 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389.823 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал, шүүхийн шийдвэрт “...2016.05.25-ны өдрөөс хойш 2107002237 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлт 22.342.016 төгрөгийг АБнаас гаргуулж 3.Энхтуяад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нарын 2014.07.03-ны өдрийн 14/02-29 дугаартай зээлийн гэрээ, 2014.11.10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ, 2016.03.19-ний өдрийн 1078 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийг дуусгавар болсныг тогтоож, илүү төлсөн 9.634.526 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Үндэслэл нь Э.Э-тай байгуулсан 3 удаагийн зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөлт, зээлийн тооцоог тус бүрээр дүгнэж, илүү төлөлт байгаа эсэхийг нягтлан зээлийн тооцоо нийлэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлгүй байна. З.Э- би 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2107002237 дугаар зээлийн гэрээний үүрэгт 22.342.016 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2100004452 дугаар зээлийн гэрээний үүрэгт 5.230.016 төгрөг нийт 32.572.032 төгрөг төлсөн болно. Шүүх 2107002237, 2100004452 дугаар хоёр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон атлаа 2100004452 дугаар зээлийн гэрээг байгуулахад төлсөн 5.000.000 төгрөг болон тус гэрээний дагуу төлсөн 5.230.016 төгрөг нийт 10.230.016 төгрөгийг тооцоогүй орхигдуулсан байна. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14/02-29 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 8.729.144.7 төгрөг, 14/02-110 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 8.541.775.9 төгрөг, 2107001078 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 4.072.856 төгрөг, нийт 21.343.775 төгрөг байсан. З.Э- би 2016 оны 5 сарын 25-ны өдөр гурван зээлийн гэрээг нэгтгэхээс өмнө 14/02-29 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.877.687 төгрөг, хүү 6.831.997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.956.87 төгрөг нийт 12.726.640 төгрөг, 14/02-110 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4.712.580 төгрөг, хүү 5.243.027 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.736 төгрөг, нийт 9.971.343.22 төгрөг төлсөн. Мөн 14/02-29 дугаар зээлийн гэрээний буцаан төлөх хуваариар 2016.05.03-ны өдрөөс хойш сарын 617.720*15=9.265.800 төгрөг, 14/02-110 дугаар зээлийн гэрээний буцаан төлөх хуваариар 2016.05.15-ны өдрөөс хойш сарын 563.180*18=10.137.240 төгрөг, 2107001078 дугаар зээлийн гэрээний кредит дансны хуулгаар 4.815.428 төгрөг, нийт 24.218.468 төгрөг төлөхөөр байна. Үүнээс миний төлсөн мөнгөнөөс төлөх ёстой мөнгийг хасч тооцвол 32.572.032-24.218.468= 8.353.564 төгрөг буцаан гаргуулж авахаар байна. Хариуцагч миний төлсөн мөнгийг 14/02-29, 14/02-110, 2107001078 дугаар 3 зээлийн гэрээний үүрэгт авсан гэж үзэхгүй, өөр гэрээний үүрэгт мөнгө төлж байсан, өнөөдрийг хүртэл 3 зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг авна гэдэг. Э.Э-гийн нэр дээрх 3 зээлийн гэрээг нэгтгэсэн, цуцалсан явдалд нэхэмжлэгч нар буруугүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 “хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүний хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг... үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу “хүү анз авах" эрхээ алдахаар зохицуулсан. Иймд 14/02-29 дугаар зээлийн гэрээ 2017.07.03-ны өдөр, 14/02-110 дугаар зээлийн гэрээ 2017.10.15-ны өдөр, 2107001078 дугаар зээлийн гэрээ 2016.08.20-ны өдрөөр дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч нар хугацаа хэтрүүлсэн гэж хүү төлөх үндэслэлгүй, хугацаа хэтэрсэн бол хариуцагч буруутай байна. Шүүх хэрэгт цугларсан баримтаар 14/02-29 дугаар зээлийн гэрээ, 14/02-110 дугаар зээлийн гэрээ, 2107001078 дугаар 3 зээлийн гэрээнүүдийн дуусах хугацаа, төлөх ёстой мөнгөн дүн, төлсөн мөнгөн дүн тодорхой байхад үүрэг дуусгавар болсныг тогтоолгүй, зээлийн тооцоо нийлэх шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх “... Хэргийн 210 дугаар талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор иргэн А.Амаржаргал, С.Даваасүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах талаар хүсэлт гаргажээ. Шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, улмаар зээлдэгч А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноор уг гэрээтэй холбоотойгоор зээлдэгч нараас тайлбар гаргах, гомдол гаргах эрхийг шүүхээс хязгаарласан гэж үзнэ” гэсэн нь үндэслэлгүй. З.Э- би АБинд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэгтгэсэн №2107002237 дугаар зээлийн гэрээг цуцалж, орон сууцны зээлийг нь А.Амаржаргал болон С.Даваасүрэн нарт нь хамаатуулж, зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулах хүсэлтийг гаргасан. Банк миний хүсэлтийг хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №2100004452 тоот зээлийн гэрээг байгуулсан. Иймээс №2107002237 дугаар зээлийн гэрээ шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө цуцлагдсан гэрээ болно. 2107002237 дугаар зээлийн гэрээ нэгэнт цуцлагдаж, үйлчлэлгүй болсон тул маргааныг шийдвэрлэхэд А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын эрх ашиг хөндөгдөхгүй, ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн А.Амаржаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Давж заалдах шатны шүүх №2100004452 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцоход А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын эрх ашиг хөндөгдөнө гэж дүгнэсэн үндэслэлгүй, тэд энэхүү гэрээний тал биш болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх З.Э-гийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, АБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэгч, магадлалыг эс зөвшөөрч “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах өөрчлөлт оруулах”-ыг хүссэн бөгөөд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

“...А.Амаржаргал, С.Даваасүрэн нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь хуульд нийцээгүй” гэсэн магадлалд заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчөөгүй байна.

АБ ХХК-тай байгуулсан З.Э-, Э.Э- нарын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 14/02-29 тоот санхүүгийн түрээсийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот санхүүгийн түрээсийн гэрээ, АБ ХХК-тай байгуулсан Э.Э-гийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 дугаар зээлийн гэрээ, эдгээрийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 21.287.490 төгрөг, мөн АБ ХХК-тай байгуулсан А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын орон сууцны зээлийн гэрээний төлбөл зохих үүрэг 11.500.000 төгрөгийг нэгтгэж, нэг талаас АБ ХХК, нөгөө талаас А.Амаржаргал, З.Э- нар 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нийт 33.500.000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Үүний дараа зээлдэгч нарын зээлийг салгаж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  АБ ХХК З.Э-тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны 15.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч З.Э- дээрх 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн болон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2 гэрээг “...анхнаасаа бусдын зээлийг хамтатган гэрээг шинэчилсэн, хүүг өндөр тогтоосон” учир хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9.634.526 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгч нараас 2016 оны 5 дугаар сарын 25-ны болон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг, зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийхэд А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын эрх ашигт нөлөөлөхөөр байна.

Иймд дээрх хүмүүсийг гуравдагч этгээдээр татах хариуцагчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзсэн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 225 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 737.100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ