Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Уянга,

цагаатгагдсан этгээд М.О,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 828 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 83 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.Од холбогдох эрүүгийн 1706002660982 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овогт М.О, 1969 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч М.О нь 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелын .... тоотод Э.Атай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Цорс овгийн Майдарын Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 Прокурор Д.Уянга улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй ба илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.О нь төрсөн эгчийнхээ охин болох Э.Ад “төрүүлсэн эхийгээ харж хандсангүй” гэж зүй ёсны шаардлага тавьсан. Хохирогч Э.А илтэд үл хүндэтгэсэн байдлаар харьцан маргалдсанаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байдаг.

Шүүх хэлэлцүүлэгтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.А, гэрч М.Б, Д.Э нарын өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсан.

Шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт “...хэргийн үйл баримтаас харахад 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Монелийн ..... тоотод М.О нь өөрийн төрсөн эгч О охин Э.Атай “төрүүлсэн ээжийгээ харж хандсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байна...” гэж дүгнэсэн байдаг.

М.О нь хохирогчтой “төрүүлсэн ээжийгээ харж хандсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг зодохдоо хүний эрх чөлөөнд халдан зодож байгаа үйлдлээ хууль бус гэдгийг мэдэж байсан атлаа зориуд хүсч, тухайн хор уршигт зориуд хүргэсэн байдаг ба хохирогчийн биед хөнгөн хохирол учруулахдаа түүнд хор уршиг учрахыг бүрэн ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан гэж үзэхээргүй байна. Түүнчлэн шүүхээс М.О нь төрсөн эгчийнхээ охин болох Э.Ад зүй ёсны шаардлага тавьсанд хохирогч нь илтэд үл хүндэтгэсэн байдлаар харьцсанаас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон нагац эгчтэйгээ маргалдсанаас зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд М.Оийн хохирогч Э.А биед санаатай халдаж зодсон гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсныг эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Гэтэл шүүхээс М.Оийн үйлдсэн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинж байдал, гэмт хэргийн хохирол, хор уршигийн талаар Эрүүгийн хуульд тодорхойлсон заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна.

Прокуророос хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 17.5 дугаар зүйлд заасан “зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д заасныг удирдлага болгон шүүхэд шилжүүлснээр шүүх шийдвэрлэсэн байтлаа прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 828 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр надад холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй  болгож цагаатган шийдвэрлэсэн тогтоолыг хэвээр нь шийдэж өгнө үү. Миний бие өөрийн эгчийн охин А уучлалт гуйж, бид хоорондоо бүрэн ойлголцож, ямар нэгэн гомдол саналгүй байгаа зэргийг харгалзан үзэж шүүгчийн гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна...” гэв.

                                                                 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх М.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд: 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33-246 тоотод М.О нь төрсөн эгч М.О охин Э.А “ээжийгээ харж хандсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, түүний биед “баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулжээ.

            Анхан шатны шүүх М.О нь төрсөн эгчийнхээ охин болох Э.Ад шаардлага тавихдаа зүй бус харьцаж, хохирогчийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд дүгнэлт хийхдээ уламжлагдан ирсэн зан заншилтай холбон тайлбарлаж, түүнийг гэм буруугүйгээр бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Өөрөөр хэлбэл М.О нь Э.Ад шаардлага тавьж, түүнийг хүлээж авсангүй гэж уурлан зодсон үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байснаас хор уршиг “гэм буруугүйгээр” учруулсан гэж үзэх үндэслэлгүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад нийцэхгүй байна.

            Мөн прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д заасныг удирдлага болгон шүүхэд шилжүүлснээр шүүх шийдвэрлэсэн байтлаа прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй  гэжээ.

            Хэдийгээр прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн боловч  анхан шатны шүүх өөрийн дотоод итгэлээр  хэргийн үйл баримтыг үнэлэх эрхтэй учраас прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байна.

            Иймд прокурор Д.Уянгын бичсэн эсэргүүцлээс “цагаатгасан этгээдийн гэм буруугийн” талаар гаргасан эсэргүүцэлтэй хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Од холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 828 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Од холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ