Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00004

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Засаг даргын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шинжээч Л.Э, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б нь Хөвсгөл аймийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчөөр 1990 оноос хойших хугацааад буюу 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ард иргэдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ирсэн. Хөвсгөл аймгийн шүүх, прокурор гэх хоёр байгууллагатай манай байгууллага 2004 онд хамт байдаг байж байгаад авилгатай тэмцэх хууль гарсан учраас Прокурор, Өмгөөлөлийн байгууллагыг шүүхийн байгууллагатай байх боломжгүй гэх хууль зүйн зохицуулалт явагдсан. Иймээс манай байгууллага эхэлж тусдаа гарсан байдаг юм. Үүнээс хойш түрээсийн харилцаагаар зохицуулагдаж өмгөөллийг үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ингээд 2009 оны 1 сарын эхээр газрын албанд газартай холбоотой хүсэлтээ өгсөн. Учир нь өмгөөллийн байгууллага нь прокурорын шовгор гэх байшинд үйл ажиллагаагаа явуулж байхад тухайн шовгор байшингийн цаад талынх нь газар нийтийн эзэмшлийн газар байсан юм. Иймээс бидний зүгээс нийтийн эзэмшлийн газар дээр зээмшил тогтоох хүсэлтээ гаргаж, өмгөөллийн байрыг барих зорилготой байсан учраас газрын тухай бүдүүвч зургийг газрын албанд хүсэлтийн хамт өгч байсан юм. Тухайн үед уг хүсэлтийг Ш дарга хүлээж аваад нөхцөл байдлыг судалж үзээд техникийн нөхцөл хангуулсны үндсэн дээр газар эзэмших харилцаа явагдах юм байна гэж үзсэн. Ингээд тухайн үед 10 гаруй тооны хүн техникийн нөхцөл олгох талаар зөвшөөрөл олгож гарыг үсэг зурж, тамга, тэмдэг дардаг байсан. Тухайн үедээ би зохих хэмжээний төлбөрийг нь төлсний үндсэн дээр кадастрын зургийг өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сууж байгаа З.Н гэх хүн надад хийж өгсөн. Иймээс холбогдох хүмүүс нь газрын кадастрын зурагт болон газартай ирж танилцаад мэргэжлийн зүгээс тодорхой хэмжээний зөвшөөрлийг олгож эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурж, тамга, тэмдэгээ дарсан учраас энэ талаар тухайн үед байсан аймгийн Засаг дарга Л.Ц гэх хүн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг юм. Ингээд тухайн үед газрын талаарх эрх зүйн акт гаргах л үлдэж байсан. Үүүнээс хойш 6 жил гаруй хугацаанд газрын эрх зүйн акт  гарахыг хүлээсэн. Иймд би энэ талаар аймгийн Засаг даргад 2 удаа хүсэлтээ өгөхөд асуудлыг ямар ч байсан шийдэж өгнө гэж хэлээд уг асуудлыг шийдэж чадалгүй бүрэн эрхийн хугацаа дуусч дараагийн Засаг дарга Л.Г гэх хүнд асуудлыг шийдэж өгөх талаар хэлээд явсан гэсэн тул би Л.Г даргатай очиж уулзахад  уг газрыг маргаантай гэж үзэж байгаа учир шүүхээр шийдвэрлүүлэх ёстой юм байна гэж хэлсэн учраас миний бие захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Уг газар  нь нийтийн эзэмшлийн газар гэдэг дээр ямар ч маргах зүйл байдаггүй. Тийм учраас мэргэжлийн хүмүүс нь өөрсдийн байр сууриа тухайн үедээ илэрхийлж байсан. Өмгөөллийн байгууллага  нь өөрөө төрийн бус байгууллага, 2 мянга гаруй гишүүнчлэлтэй байгууллагыг миний бие 18 жил орон нутгийн салбарыг нь толгойлон явж байсан учраас дээрх асуудлыг хөөцөлдсөн боловч  холбогдох удирдлагуудын зүгээс  өргөдлийг минь шийдэж өгөлгүй хүлээлт үүсгүүлж явсаар өдийг хүрсэн учир арга барагдаад захиргааны хэргийг шүүхэд акт гаргуулж даалгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Тухайн үед аймгийн Засаг дарга “аймгийн газрын алба газар эзэмшүүлэх боломжтой гэж зөвшөөрвөл эзэмшүүлэх боломжтой” хэмээн тайлбарлаж байсан юм. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8  дугаар баг, Тамир төв Хөвсгөл аймгийн шүүхийн хооронд байрлах Хөвсгөл аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд хамаарах 200 м2 газрыг /олгогдсон зөвшөөрөл бүхий схем зурагт заасан/ аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар Б.Б надад эзэмшүүлсэн шийдвэр гаргахаас татгалзсан Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, Б.Б надад тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.У миний бие иргэн Б.Б-ийн өөрийнх хүсэлтээр захиргааны хэргийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна.  Иргэн Б.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэлийн эрх ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар холбогдуулан нэхэмжлэл  гаргасан.   Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа үндэслэл нь иргэн Б.Б-д өмгөөллийн ажлын байрны зориулалтаар тухайн газрын зураглалд заасан буюу шүүхийн байгууллагын хажуу талд 200 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр зураглал хийж өгсөн байдаг. Төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтангуудын зөвшөөрөлтэй болон тамга, тэмдэгтэй зөвшөөрлийн зураглалыг хийж зөвшөөрөл олгосон байдаг. Кадастрын зургийг өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөр сууж байгаа З.Н гэх хүн үйлдэж холбогдох этгээдүүд гарын үсэг зурсан байдаг. Мөн аймгийн Засаг дарга төлөвлөгөөг баталж гарын үсэг зурсан. Аймгийн Засаг даргаар тухайн үед ажиллаж байсан Л.Ц гэх хүнийг гэрчээр асуулгахад “тухайн актыг гаргахад цаг хугацааны хувьд шийдвэр гаргахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн” гэх агуулгатай зүйл ярьсан болохоос нэхэмжлэлийг буруутгасан агуулгаатай зүйл яриагүй. Харин энэ хүн өөрөө тухайн шийдвэрийг гаргах боломжтой байсан гэх мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт мөн авагдсан байгаа. Ингээд төрийн байгууллага албан тушаалтан нь иргэнээс гаргасан Өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хуульд заасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан үйлдлүүдийг зөрчин өнөөдрийг хүрсэн байдаг. Мөн тухайн үед тухайн газар дээр газар эзэмших гэрчилгээ гарах боломжтой гэж холбогдох байгууллагууд нь үзсэн учраас тамга, тэмдэг гарын үсгээ зурж баталгаажуулсан байдлаас харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмийн хүрээнд нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулгаар нэхэмжлэл гаргах хууль ёсны эрх ашиг нь үүссэн байна гэж үзэх үндэслэл бий болж байна. Ингээд аймгийн Засаг даргад хандахад аймгийн Засаг дарга нь шийдвэрлэх боломжгүй байгаа учир шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа  хууль бус эс үйлдэхүй түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд захиргааны байгууллагын татгалзаж байгаа татгалзал нь хууль бус учраас иргэн Б.Б-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбаруудыг хүргүүлж байна.

            Иргэн Б.Б-ийн хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн дараах заалтуудаар шийдвэрлэх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул шийдвэрлэх боломжгүй байна. Иргэн Б.Б нь 2009 онд тус газрын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хавсаргав” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б-ийн хүсэлт гаргасан газар дээр байршлын схемийг тухайн үед буюу 2009 онд аймгийн хэмжээнд газрын кадастрын зургийн мэдээллийн санд зураг нь байгаагүй. Харин суурь дэвсгэр  ашиглагдаж хийгдсэн зураг байсан. Уг газар нь дээр шугам сүлжээ таарч байгаа эсэхийг тодруулах хуудсыг би гаргадаг байсан. Үүний дагуу иргэн Б.Б нь над дээр ирээд тухайн газрын схемыг авсан байдаг. Тухайн схем нь инженерийн шугам сүлжээ болон цахилгааны шугам сүлжээ давхцаж байгаа эсэхийг тодруулсан хуудас болхоос биш иргэн Б.Б-д газар олгоё гэсэн эрх зүйн акт биш юм. Тухайн газар нь шугам сүлжээний давхцалгүй болон бусдын эзэмшил газартай давхцаагүй  тохиолдолд төрийн байгууллага нь тухайн газрыг иргэний хүсэлтийн дагуу газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгаж, хурлаар дэмжигдсэн тохиолдолд газар олгох асуудлыг төрийн захиргааны байгууллага шийддэг. Иргэн Б.Б-ийн нэхэмжлээд байгаа газар нь иргэн, аж ахуйн нэгжийн  зориулалтай газар байгаа, уг газар нь ямар нэгэн эзэмшил газартай давхцаагүй тохиолдолд газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдан авах ажиллагаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгогдон. Иймээс газрын тухай хуульд зааснаар  дуудлага худалдаа явуулах зарчмаар олгох газар байгаа юм. Мөн тус газар нь бусдын эзэмшил газартай  давхацсан байдалтай харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хүсэлт байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Гуравдагч этгээд Л.С шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие анх “Х” ХХК-ийн захирал С.Н-ээс 2006 оны 3 дугаар сарын 25-нд 101793 дугаартай гэрээ бүхий газрын гэрчилгээг Монгол Улсын Газрын тухай хуулийн 38-ын 2, 3, 4  дүгээр заалт ёсоор материалаа бүрдүүлж 886.72 м2 газрыг шилжүүлэн бүртгүүлж авсан юм. Үүнийг дараах баримтуудаар нотолж байна.

            А. 2006 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт бичсэн өргөдөл,

            Б. 2006 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн “Х” ХХК-ийн захирлын 03/18 дугаартай албан тоот,

            В. 2006 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн одоогийн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын удирдлагын хэлтсийн дарга З.Н-ын газрын байршил хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг зэргээс 886.72 метр квадрат хэмжээний газрыг эрх эзэмшүүлэн шилжүүлэн авах ёстойг батална.

            Г. Газрын тухай хуулийн 34-ийн 8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна гэсэн заалтын дагуу 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний нөхцөлийн 2 дугаар хэсэгт тэр үед газрын даамал байсан Б.О 200 метр квадрат газарт инженерийн шугамтай” гэдгийг тайлбарласан. Мөн гэрээний 4-ийн 2-д 200 м2 газарт дулааны шугамтай учир барилга барихгүй гэж эрх үүргийг тодорхой заасан.

            Д. Гэрээний хавсралт болгож “Хөвсгөл-Оргил” ХХК-ийн олгосон газрын схемийг тодруулж надад олгосон газрыг ташуу зургаар, дулааны шугам байгаа гэх газрыг дөрвөлжин зургаар ялгаж зурсан схем зургаас тодорхой харж болно. Эдгээр баталгаатай баримт материалын дагуу нэхэмжлэгч Б.Б, эзэмшигч Л.С нар барилга барих эрхгүй гэдгийг хаана хаанаа ойлгосон байх хэрэгтэй юм.

            Нэхэмжлэгч Б.Б газар эзэмших гэрээ гэрчилгээгүй, ямар нэгэн эрхийн актгүй байж, кадастрын зураг хийлгэсэн гэдэг нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Нотлох баримтууд нь 2009 оны шүүхийн 44 дүгээр шийдвэрийн материалд бүрэн байгаа” гэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанд удаа дараа тайлбараа гаргасан учир дахин давтан ярих шаардлаггүй гэж үзэж байна. Учир нь миний өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан байр суурь минь өөрчлөгдөөгүй байгаа” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  14 багийн иргэн Б.Б  Хөвсгөл аймгийн Засаг даргад  холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

1. Анх иргэн Б.Б нь 2009.09.15-ны өдрийн огноотой “Тус аймгийн Өмгөөллөгчдийн байгууллага нь шүүхийн байгууллагад ажлын байраа өгснөөс хойш орон байргүй явж ирсэн талаар дурьдаад ... аймгийн шүүх прокурорын дэргэд байгаа инженерийн шугам сүлжээ бүхий нийтийн эзэмшлийн 200 м.кв газарт байршлын схем зураг хийлгүүлэн эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсан тул уг газрыг өмгөөлөгчийн ажлын байрны зориулалтаар өөрийн нэр дээр эзэмшүүлэх тухай” хүсэлтийг   газрын байршлын схемийн зургийн хамт Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц өөрт нь өгсөн гэх боловч “тухайн өдрийн огноотой “өргөдлөө буцаагаад авчих, яваандаа шийдвэрлэж өгье гэсэн учир буцааж авлаа” гэсэн бичвэртэй өргөдлийн эх хувийг нэхэмжлэгч өөртөө хадгалж байсан хэмээн тайлбарлан нэхэмжлэлдээ хавсарган  шүүхэд ирүүлсэн байна. /хх-3 дугаар хуудас/ 

2. Мөн иргэн Б.Б нь 2010.02.24-ний  өдрийн огноотой, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц-т  хаяглан “... мөн дээрх агуулгыг дурьдаад ... Засаг даргын эрх мэдлийн хүрээнд олговол зохих газар гэж үзэж байгаа тул уг газарт өмгөөлөгч надад ажлын байр барих зөвшөөрөл олгох тухай” хүсэлтийг мөн өөрт нь өгсөн гэх боловч “өгнөө өгнө, хүлээцтэй бай гэв, Л.Ц хэлэв” гэсэн Б.Б-ийн гарын үсэг бүхий бичвэрийг бичиж мөн өөртөө хадгалж байсан хэмээн  эх хувийг  шүүхэд ирүүлжээ. /ХХ-4 дүгээр хуудас/

3. Иргэн Б.Б-ийн “өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар  ажлын байр барих газрын байршлын схем”-ийг аймгийн Газрын албаны  тэмдэгээр баталгаажуулан, З.Н үйлдсэн /2009.01.22/ огноо бүхий, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрөл бүхий Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц баталсан зураг /ХХ-5 дугаар хуудас/ зэрэг дээрхи нөхцөл байдлаас дүгнэхэд:

а/. Иргэн Б.Б нь  2009, 2010 онуудад “Газар эзэмшүүлэх тухай” хүсэлтүүдээ зохих ёсоор холбогдох Газрын албанд өгөөгүй, зөвхөн албан тушаалтанд буюу аймгийн Засаг даргад  өөрт нь өгч амаар хариу авсан гэх, өөрөө тэмдэглэл үйлдэн өргөдөл, хүсэлтийг өөртөө хадгалж явсан хэмээн нь хэрэгт авагдсан баримтууд болон өөрийнх нь тайлбараар нотлогдож байх ба энэхүү байдал нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу  хүсэлтээ гаргаагүй болох нь нотлогдож байна.

4. Тодруулбал: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д  заасны дагуу иргэн Б.Б-ийн газар эзэмших  тухай хүсэлтийг   баримт бичгийн хамт  газрын даамал хүлээн авч аймгийн газрын албаны эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан Б.Б-д гаргаж өгөхөөр заасан тул энэхүү хуулийн шаардлагын дагуу Б.Б нь газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ гаргах байжээ. Иймээс түүнийг хуульд зааснаар зохих журмаар хүсэлтээ гаргалгүйгээр бичсэн хүсэлтэндээ өөрөө тэмдэглэл үйлдэн, өөртөө хадгалж явсныг нь зөвтгөн, шүүхээс хариуцагчийг буруутган, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй юм. Түүнчлэн: хэрвээ тухайн үед түүний гаргасан хүсэлтийг албан тушаалтан шийдвэрлэхгүй орхисон байдалд гомдолтой байсан бол хуульд заасны дагуу хуулийн хугацаанд гомдол гаргах байжээ.

5. Харин иргэн Б.Б нь 2019.01.03-ний  өдрийн огноотой, Хөвсгөл аймгийн Засаг даргад  хаяглан “... өмгөөллийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2009, 2010 онуудад бичгээр өргөдөл гаргасан боловч үе үеийн Засаг дарга нар “чамд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгнө гэж амаар хэлж байсан, өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж ирсэнд гомдолтой, олгогдсон зөвшөөрөл бүхий схем зурагт заасан газрыг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар Б.Б надад эзэмшүүлсэн шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйгээ таслан зогсоож, тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү” хэмээн гомдол гаргасныг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г 2019.03.22-ний өдрийн 1/455 дугаар албан бичгээр “Тухайн газар нь 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ... хуулийн дагуу эзэмшигчийг төсөл сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” хэмээн хариуг өгснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,3-т зааснаар иргэн Б.Б-ийн    шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна.

6. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т Аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "... газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ..." гэж заасан байна.

7. Иймд Мөрөн сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэрт  иргэн Л.С-ийн эзэмшлийн болон Шүүх, Прокурорын байрны дунд байршилтай инженерийн шугам сүлжээ бүхий нийтийн эзэмшлийн 200 м.кв  газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар бус аймгийн Засаг даргын захирамжаар шууд Б.Б-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль ёсны бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангах боломжгүй болно.

8. Иймд шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргад  холбогдох  “Хөвсгөл аймгийн Засаг даргын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад гуравдагч этгээдээр иргэн Л.С-г татан оролцуулсан боловч шүүхээс гарах шийдвэр нь  түүний эрх, ашиг хууль ёсны ашиг сонирхлыг  хөндөгдөөгүй болно.

10. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 159 дүгээр захирамжаар маргаан бүхий газарт “Шинжээчийн дүгнэлт гаргуулах”-аар шийдвэрлэсэн боловч  уг дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй, ач холбогдолгүй болсон учраас шинжээчийн дүгнэлтийг шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргад  холбогдох  “Хөвсгөл аймгийн Засаг даргын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай” шаардлага бүхий Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН