Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 66

 

 

                               

                        

 

 

 

 

                       

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , Н.Номинчимэг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Г.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогч Б.Одонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхөө бураа овогт Гаваагийн Мөнхдэлгэрт холбогдох эрүүгийн 201625030789 дугаартай, 105/2016/0056/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                            

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын  03-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн  12 дугаар хороо, булгийн  19 дүгээр  гудамжны 911 тоотод  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөх бураа  овогт Гаваагийн Мөнхдэлгэр / ЧМ81070366/

Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

     Г.Мөнхдэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 1-04 тоот хашаанд оршин суух иргэн Б.Одонцэцэгийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж 32 инжийн ТСL загварын зурагт, эмэгтэй хүний алтан бөгж, монетон ээмэг 1 хос, монетон гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй 3 хос пүүз, эмэгтэй 2 хос өндөр өсгийтэй гутал, хүүхдийн 2 ширхэг дээл зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                  

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.Мөнхдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

1.2. Хохирогч Б.Одонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт хулгай орсон байсан тул би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Тухайн үед манай гэрээс зурагт болон бусад эд зүйлүүд алдагдсан байсан. Би зурагтынхаа оронд зурагт авсан. Бусад хохиролд 1.500.000 төгрөг бэлнээр авсан тул хэргийг шүүхэд шилжихэд гомдол саналгүй гэж бичиг хийж өгсөн гэв.

    Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй  гэрч Х.Мөнх-Ирээдүйгийн:….Тэр өдрийн өглөө эрт 11:00 цагийн үед байхаа манай аав Батболд намайг дэлгүүр ороод тамхи аваад ир гээд явуулахаар нь зам дээр очоод дэлгүүр орсон боловч тамхийг нь авч чадаагүй. Би буцаад харих гээд явж байтал надтай хамт гадаа тоглодог Оргил гэдэг хүүхдийн хашааны үүдэнд нэг эгч зогсож байгаад намайг дуудаад эгчийн дүү энэ хашааг давж ороод хаалгыг нь дотроос нь онгойлгоод өг гэсэн. Тэгээд би Оргилын хашааны хажуу талаар нь хашааг нь дотроос нь онгойлгож өгсөн. Тэгтэл тэр эгч надад нэг ширхэг чацаргантай зайрмаг өгсөн. Тэрийг нь би идээгүй, гэрлүүгээ явж байгаад доод айлынхаа Болороо гэдэг хүүхдэд өгчихсөн гэх мэдүүлэг /хх 25-26/

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Төгөлдөрийн:....Мөнхдэлгэр эгчийг би манай ах Ариунболдтой суусан цагаас нь хойш мэднэ. Мөнхдэлгэр эгч төлөв томоотой, тайван дөлгөөн зантай ажилсаг, ар гэр, нөхөр, хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг, бусадтай нийтэч нөхөрсөг зан ааштай хүн байгаа юм. Энэ хэрэгт холбогдохдоо эрхэлсэн ажилгүй байсан. Мөнхдэлгэр эгч миний мэдэхээр хэрэгт холбогдож байгаагүй, архи, тамхи хэрэглэдэггүй гэх мэдүүлэг. /хх-28/, 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Ариунболдын:...Манай эхнэр Мөнхдэлгэр бол 1981 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, бид хоёр 2005 онд гэр бүл болсон, нэг охинтой, одоо 3 уулаа хамт амьдардаг.    Мөнхдэлгэр нь томоотой, тайван дөлгөөн зантай ажилсаг, ар гэр, нөхөр, хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг, бусадтай нийтэч нөхөрсөг зан ааштай хүн байгаа юм. Манай эхнэр хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хохиролд 1.500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг. /хх-30/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/235 тоот актын:

1. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 1-4 тоот хашаанд хулгай орж эд зүйл алдсан гэх хэргийн газраас ирүүлсэн 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх 4 ширхэг гарын мөр нь Папилон системд “2016-137-ЧД”-ийн гэж оруулахад нэгдсэн санд хадгалагдаж буй нийт сэжигтэн хохирогч гэх хүмүүсийн гарын 10 хурууны дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдэгээрээ хоорондоо тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүжинлхам гэх дүгнэлт. /хх 32-33/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Эд зүйлийн үнэлгээ /хх-15/,  эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 16-17/, эд зүйл болон хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18-20/, Г.Мөнхдэлгэрийг  сэжигтнээр тооцсон тогтоол, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь  шалгасан тухай тэмдэглэл /хх  48-52/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны  засаг даргын тодорхойлолт /хх-53/, иргэний үнэмлэхний  лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-55/ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Мөнхдэлгэр нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 1-04 тоот хашаанд оршин суух иргэн Б.Одонцэцэгийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж 32 инжийн ТСL загварын зурагт, эмэгтэй хүний алтан бөгж, монетон ээмэг 1 хос, монетон гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй 3 хос пүүз, эмэгтэй 2 хос өндөр өсгийтэй гутал, хүүхдийн 2 ширхэг дээл зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Б.Одонцэцэг, насанд  хүрээгүй гэрч Х.Мөнх-Ирээдүйгийн:…. Оргил гэдэг хүүхдийн хашааны үүдэнд нэг эгч зогсож байгаад намайг дуудаад эгчийн дүү энэ хашааг давж ороод хаалгыг нь дотроос нь онгойлгоод өг гэсэн. Тэгээд би Оргилын хашааны хажуу талаар нь хашааг нь дотроос нь онгойлгож өгсөн. Тэгтэл тэр эгч надад нэг ширхэг чацаргантай зайрмаг өгсөн. Тэрийг нь би идээгүй, гэрлүүгээ явж байгаад доод айлынхаа Болороо гэдэг хүүхдэд өгчихсөн гэх мэдүүлэг /хх 25-26/, шүүгдэгч Г.Мөнхдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 Шүүгдэгч Г.Мөнхдэлгэр нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнхдэлгэрт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мөнхдэлгэрийг  бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх  дүгнэв.  

Шүүгдэгч Г.Мөнхдэлгэрийн гэм буруутай үйлдлээс хохирогч Б.Одонцэцэгт  350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгний хохирол учирсан болох нь  эд зүйлийн үнэлгээгээр /хх-15 / тогтоогдов.                                                                        

 Г.Мөнхдэлгэр нь нийт 1.500.000 /нэг сая таван зуун тавин мянган/  төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна  гэж  шүүх  үзлээ.       

Хохирогч шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд  дахин  1.000.000 төгрөг нэхэмжилсэн  боловч хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй, хохирогч ямар үндэслэлээр 1.000.000 төгрөг  нэхэмжилж байгаагаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  шатанд  тайлбарлаж  чадахгүй  байх тул  хохирогчоос  нэхэмжилсэн  1.000.000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,   61.4-ийг хэрэглэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тустус  дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх бураа овогт Гаваагийн Мөнхдэлгэрийг бусдын орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч Г.Мөнхдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж,  2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар  оногдуулсан хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Мөнхдэлгэрт 50.000 /тавин/ мянган төгрөний эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхдэлгэрт  50.000 /тавин/ мянган төгрөний эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Чингэлтэй дүүргийн  Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

     5. Шүүгдэгч Г.Мөнхдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мөнхдэлгэрт урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнхдэлгэрт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ