| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1709/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1181 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1181
2021 11 03 2021/ШЦТ/1181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ /томилолтоор/,
Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт З-ын М-д холбогдох эрүүгийн 2006 03142 2277 дугаартай хэргийг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, Сэлбийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 240 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогт З-ын М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 737 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Д.С-тэй “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр хэсэгт цохиж, хацрыг нь хазах, хоолой боох, гарыг базах зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод завхи, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.С-гийн өгсөн мэдүүлэг /хх-13-14, 15-16/, гэрч Т.Ганшигмаагийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8082 дугаартай дүгнэлт /хх-22-23/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэг /хх-26-27/, З.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29-46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 737 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Д.С-тэй “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр хэсэгт цохиж, хацрыг нь хазах, хоолой боох, гарыг базах зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод завхи, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.С-гийн өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 47-1039 тоотод байрлах гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд хоол хийгээд байж байтал хамтран амьдрагч Мишка гэрт согтуу ороод ирэхээр нь би чи яагаад архи уусан юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд хүрч ирээд миний баруун талын нүд рүү цохиод дахиад миний хамар руу цохичихсон. Тэгээд миний хамарнаас цус гараад шалан дээр унасан чинь намайг багалзуурдаад зүүн талын хацар хэсгээс хазсан. Тэгээд би гэрээсээ зугтаж гараад хажуу талын эгчид хэлээд цагдаад дуудлага өгсөн... Миний баруун нүд тагларч хавдсан. Зүүн хацар хавдсан байна. Бас миний хүзүү улайсан, зүүн гар мушигаад дарсан болохоор бас хавдаад гэмтсэн юм шиг байна.” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8082 дугаартай:
1. Д.С-ийн биед баруун нүдний дээд доод зовхи. баруун хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн: “...зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн.” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Шүүгдэгч З.М-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-29-46/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 737 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Д.С-тэй “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр хэсэгт цохиж, хацрыг нь хазах, хоолой боох, гарыг базах зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод завхи, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч З.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч Д.С нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид эмчилгээний болон гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч З.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх маргаагүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.С нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй байх учир тэдэнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч З.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З-ын М-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.М-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Хохирогч Д.С нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй, З.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС