Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1189

 

 

 

 

 

 

 

  2021         11         04                                    2021/ШЦТ/1189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт У-ийн Б-д холбогдох эрүүгийн 2106 02198 1665 дугаартай хэргийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн системийн 2 дугаар дамжааны оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Баянзүрх хотхон 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Б овогт У.Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч У.Б нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 108 дугаар байрны 26 тоот гэртээ хохирогч Ц.Н-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь цохих зэрээр зодож биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Ц.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-9-12/, гэрч М.Мөнхбадралын өгсөн мэдүүлэг /хх-23-24/, гэрч Е.Цогтбаярын өгсөн мэдүүлэг /хх-14-16/, гэрч М.Гэрэлтийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/, гэрч Ц.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-27-28/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35/, шинжээч эмч Н.Туяагийн өгсөн мэдүүлэг /хх-36/, У.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53-54/, У.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, У.Б-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-58/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.Б-ийн нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх хотхоны 108 дугаар байрны 26 тоот гэртээ хохирогч Ц.Н-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь цохих зэрээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Н-ийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 14-ний орой...У.Батбилэгийн гэрт очиход... хоёр найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан... У.Б намайг 00-ын өрөө рүү дагуулж ороод “өмнө нь дажгүй найзууд байсан, муудалцаад харьцахаа больсон” гэж хэлээд шанаа хэсэгт гараараа алгадаад гараа атгаж байгаад зүүн шанаа хэсэгт цохисон. ... байргаас гараад У.Б зүүн мөр, цээж хэсэгт гараараа нэг нэг удаа цохисон. ... араас У.Б орж миний нүүрний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиод хоолойноос боогоод би унасан. ... эмчилгээний зардал 130.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-9-12/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхбадралын өгсөн: “...Тухайн хэрэг болоход У.Б Ц.Н-той цуг нойл орсон. У.Б дараа гарч ирээд Ц.Н-ийн хацар, шанаа хэсэгт нь 2-3 удаа алгадсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-23-24/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Е.Цогтбаярын өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 02:00 цагийн орчимд эхнэрийн гар утас руу Ц.Н-ийн найз М.Гэрэлт залгаад “Ц.Н- айлд зодуулсан, хүчээр архи уулгасан байна” нэхэхээр нь... Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо... байранд ирэхэд... манай хүүхэд Ц.Н-ийн зүүн шанаа хэсэг нь хавдсан, ... цээж хэсэг нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-14-16/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Гэрэлтийн өгсөн: “...У.Б Ц.Н- хоёр нойлын өрөөнд орсон, нойлын өрөөнөөс юм цохиж байх шиг чимээ сонсогдож байсан. 23:00 цагийн орчимд тэр хоёр гарч ирэхэд Ц.Н-ийн нүүрний зүүн талын хацар, шанаа хэсгээр улаан болсон байдалтай Ц.Н-ид “Би зөөлхөн алгадсан биз дээ, дахиж алгадах уу” гэж хэлсэн. ... Ц.Н-ийн зүүн хацарт нь нэг удаа алгадсан. ...Тухайн өдөр Ц.Н-ийг У.Б нойлын өрөөнд оруулж байгаад цохиж зодсон. У.Б Ц.Н-ид “Би чамайг 10 удаа алгадсан шүү, дахиж алгадуулах юм уу, яах юм” гэж хэлсэн”. гэх мэдүүлэг /хх-30-31/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тухайн хэрэг болоход У.Б Ц.Н-той цуг нойл орсон. У.Б дараа гарч ирээд Ц.Н-ийн хацар, шанаа хэсэгт нь 2-3 удаа алгадсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-27-28/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 6344 дугаартай:

1. Ц.Н-ийн биед хацар, шанаа, бугалаганд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” /хх-34-35/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад би Ц.Н-ид “Чи надтай асуудалтай байгаа биз дээ асуудлаа шийдье” гэхэд “тэгье” гээд бид хоёр нойлын өрөө рүү ороод би Ц.Н-той “Миний мөнгийг хэзээ өгөх гэж байна” гэхэд “олж өгнөө” гэж хэлж байсан.Тэгэхэд миний уур хүрээд нүүрний хацар хэсэгт нь нэг удаа цохиод дараа нь тус газарт нь 2-3 удаа алгадсан. Би хохирогчид учруулсан хохирлоо барагдуулна. ...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-53-54/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-45/,

Эмчилгээний баримтууд /хх-46/,

Шүүгдэгч У.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч У.Б-ийн 2021 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо  Баянзүрх хотхоны 108 дугаар байрны 26 тоот гэртээ хохирогч Ц.Н-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч У.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Шүүгдэгч У.Б нь хохирогч Ц.Н-ид 130.000 төгрөгийг нөхөн төлсөн хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч У.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч У.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт У-ийн Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар У.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар У.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, У.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба У.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС