Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/419

 

 

 

 

 

 

 

 

    2021       07             30                                     2021/ШЦТ/419

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,   

улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Ө Ад холбогдох эрүүгийн 1941000450170 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Азбат” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт /УХ00000/тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Ө А /РД:0000 /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.А нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улс хоорондын шуудан илгээмжээр Америкийн Нэгдсэн Улсаас 120 ширхэг гар утас, 135 ширхэг чихэвч, 81 ширхэг ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг Монгол Улсад оруулж ирсэн боловч 501.104.282.42 төгрөгийн борлуулалтад ногдох Гаалийн татвар 25.055.214.12 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 52.615.949.66 төгрөг, нийт 77.671.163.78 төгрөгийн татварыг Гаалийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улс хоорондын шуудан илгээмжийн газарт мэдүүлэлгүй, их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.А нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улс хоорондын шуудан илгээмжээр Америкийн Нэгдсэн Улсаас 120 ширхэг гар утас, 135 ширхэг чихэвч, 81 ширхэг ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг Монгол Улсад оруулж ирсэн боловч 501.104.282.42 төгрөгийн борлуулалтад ногдох Гаалийн татвар 25.055.214.12 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 52.615.949.66 төгрөг, нийт 77.671.163.78 төгрөгийн татварыг Гаалийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улс хоорондын шуудан илгээмжийн газарт мэдүүлэлгүй, их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь:

  1. Шүүгдэгч Ө.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Азбат" ХХК-ийн "Айфон" центр” худалдааны төвд нэгжлэг хийсэн тухай: “...тухайн ай фон центр нь 3 лангуутай, лангуу тус бүр дээр ай фон маркийн гар утаснуудыг байрлуулан тавьсан байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-26/

3. Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай худалдан борлуулж байгаа гар утаснууд Америкийн Нэгдсэн улсаас ирдэг бөгөөд манай захирал А өөрөө явж авчирдаг юм. Гар утас худалдан борлуулахдаа "Ресевт" гэсэн Америкийн Нэгдсэн Улсаас гар утас худалдан авахад дагалдуулж өгдөг баримтыг үзүүлж хүмүүст худалддаг. Ихэвчлэн "Айанлокр.нет" гэх сайтаас утсыг урьд нь ашиглаж байгаагүй, шинэ гэдгийг нь харуулж худалддаг." гэсэн мэдүүлэг /3хх-ийн 139/

4. Гэрч Б.Бадмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Айфон центр" төвд 2017 оноос хойш ажиллаж байгаа юм. Манайх гар утсаа Америкийн Нэгдсэн улсаас оруулж ирдэг бөгөөд манай захирал А нь өөрөө явж авчирдаг. Татвартай холбоотой нарийн зүйлсийг би сайн мэдэхгүй байна." гэсэн мэдүүлэг /3хх-ийн 140-141/,

5. Гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх шинэ утаснуудыг Америкийн Нэгдсэн улсаас оруулж ирдэг. Хуучин утаснуудыг бол иргэдийн гар дээрээс авч худалдан борлуулдаг.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 143-144/

6. Гэрч Ц.Минжинсорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би "Айфон центр" төвд 2019 оны 12 дугаар сараас эхэлж ажиллаж байна. Худалдаанд байгаа шинэ гар утсыг Америкийн Нэгдсэн Улсаас оруулж ирдэг юм. Манай ажлын шинэ утас хариуцсан Бямбасүрэн эгч карго үйлчилгээгээр авчирдаг гэсэн. Каргоны савлагаа боодолтойгоор авчирдаг. Хуучин гар утаснуудыг бол иргэдийн гар дээрээс худалдан авч борлуулдаг. Бугуйн цаг, утасгүй чихэвч зэргийг Америкийн Нэгдсэн Улсаас оруулж ирдэг бөгөөд зарим үед гар утастайгаа, зарим үед дангаараа ирдэг юм. ...Манайх иргэдийн гар дээрээс хуучин утсыг нь авч шинэ утас зарах юм уу зөрүү авч худалддаг. Бас хааяа Аагий ах утсаар залгаад одоо нэг хүн очно утсыг нь шалгаж үзээд урьд ашиглаагүй шинэ утас байвал мөнгийг нь өгөөд авчих гэж хэлээд явуулдаг." гэсэн мэдүүлэг /3хх-ийн 145-146, 153-155/

7.  Шинжээч Г.Өнөрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Азбат" ХХК-ийн хувьд санхүүгийн тайлан, анхан шатны баримт болох гаалийн мэдүүлэгт тулгуурлан тайлангаа гаргасан. Бараа материалын тайлангаа “И” баримтад тулгуурлан гаргадаг. “Азбат” ХХК нь компанийн дансаар ямар нэгэн гадаад шилжүүлэг хийдэггүй. Аийн хувийн дансаар орлого болон зарлагын гүйлгээг хийдэг. Захирал А нь данснаасаа өөрөө зарлага болгон гаргадаг. Санхүүгийн баримтаас нь шалгалт хийхэд хангалтгүй байсан учраас шалгалтад хамруулсан бусад баримтыг үзэхэд гаалийн байгууллагад мэдүүлээгүй санхүүгийн тайлан болон бараа материалын тайлан тусгаагүй, зарж борлуулсан бараа болох гар утас, чихэвч, цагнууд байсан. Бусад баримт болох хар дэвтрийн бүртгэлд тухайн гар утсыг каргогоор он, сараар бүртгэж аваад тодорхой хугацаанд зарж борлуулан баталгааны хуудас болгоод “Азбат” ХХК-ийн захирал Аийн хувийн дансаар төлбөр нь орж ирдэг нь баримтаар нотлогдсон." гэсэн мэдүүлэг /3хх-ийн 170-172 дугаар хуудас/

8. Гэрч Д.Идэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 10 сард А нь над руу залгаад "чиний нэр дээр гар утас авч ирэх гэсэн юм. Регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаягаа хэлчих" гэсэн. Удалгүй карго ч ирж намайг тээврийн товчоон дээр байрлах “Амекс" каргоноос илгээмж аваад ирээч гэсэн. Тухайн үед А нь хамт карго дээр очиж илгээмжийг авахад миний нэр, гар утасны дугаар зэргийг тэмдэглэж скочдсон байсан. Би гарын үсгээ зурж паспортоо үзүүлж тухайн каргоноос илгээмжийг авч Ад өгсөн. А нь 1 удаа л гар утас авахуулж байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 173-175/

9. Гэрч С.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сард Ө.А нь над руу 99093188 дугаарын утаснаас залгаж, “таны нэр дээр Америкийн Нэгдсэн Улсаас илгээмж авах гэсэн юм" гэж ярьсан. Тэгээд бид 2 Тээврийн товчоон дээр байрлах “Амекс” шуудангийн газраас боодолтой илгээмжийг би гарын үсэг зурж авч, тухайн илгээмжийг А өөрөө аваад явсан." гэсэн мэдүүлэг /3хх-ийн 176-178/

10. Гэрч Л.Дашдондогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 10, 11 дүгээр сард байсан байх А нь над руу залгаад “Таны нэр дээр Америкийн Нэгдсэн Улсаас илгээмж ирсэн байгаа. Түүнийг тээврийн товчоон дээр байрлах “Амекс” шуудангийн газраас авчих” гэж хэлсэн. Би тэгээд тухайн газар нь очоод дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй боодолтой илгээмж байсан бөгөөд надад А “утас" гэж хэлсэн болохоор задалж үзээгүй. Аийн “Айфон центр” дээр аваачиж худалдагч охинд өгсөн.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 179-181/

11. Гэрч Г.Гармаасэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Бямбасүрэн нь 2019 оны 09-10 дугаар сарын үед намайг каргоноос утас авчихаарай таны нэр дээр манай ажлын газрын хүн утас захисан байгаа шүү гэж хэлж байсан. Тухайн гар утсыг аваад би “Тэди” төв дээр аваачиж өгсөн. Миний хувьд бол Америкийн Нэгдсэн Улсаас утас захиж авчруулсан зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг /3хх-ийн 182-184/

12. Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нь илгээмжээр өөрийнхөө нэр дээр болон бусдын нэр дээр утас авдаг байсан. Мөн “Азбат” ХХК-ийн нэр дээр авч байсан. Компаниар авахдаа гаалийн бүрдүүлэлт хийдэг.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 194-196/

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №11 дугаартай:

“Азбат ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гар утас 2148 ширхэг, ухаалаг чихэвч 294 ширхэг, цаг 229 ширхэгийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан. Нийт 932.941.997.0 төгрөгийн татвар төлөхөөр байна гэсэн тооцоолол нь баримтаар нотлогдохгүй байна. Шинжээчид ирүүлсэн баримтын хүрээнд хураагдсан бараануудын үнийн дүн 501.104.282.42 төгрөгийн зөрчилд тооцсон татвар, торгуулийн дүн 100.972.513.2 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /4хх-ийн 205-216/

14. Шинжээч Ж.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гаалийн байцаагч нарын дүгнэлт гаргахдаа ашигласан гар бүртгэлийн дэвтэр нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй учир шинжилгээний байгууллага ашигладаггүй. Иймд Гаалийн байгууллагын дүгнэлтээр 932.941.997.0 төгрөг гэсэн нь үндэслэлгүй юм. ...Хураагдсан бараанаас 20 ширхэг Самсунг маркийн гар утас, Ай фон-11 маркийн гар утас 10 ширхэг, 11 про 256 багтаамжтай 25 ширхэг утасны гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийн дүнг нийлүүлбэл 22.832.583.34 төгрөг хасагдахаар байна. ...Дүгнэлтээр нийт улсад төлөх ёстой байсан татварын дүн нь 77.671.163.78 төгрөг. Ямар учраас 100.972.513.2 төгрөг вэ гэхээр тухайн дүнд 23.301.349.13 төгрөгийн торгууль орсон. Эрүүгийн хэрэгт бодит хохиролд НӨАТ болон гаалийн татвар буюу 77.671.163.78 төгрөгийг тооцохоор байна.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 219-224/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-87/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, шинжээчийн /№11/ дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Монгол Улсын үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэгт хамаарахаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл хамаарна.

Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа ямар нэг хэмжээгээр багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг ойлголдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ө.А нь “Азбат” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Америкийн Нэгдсэн Улсаас 120 ширхэг гар утас, 135 ширхэг чихэвч, 81 ширхэг ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг Монгол Улсад оруулж ирсэн боловч 501.104.282.42 төгрөгийн борлуулалтад ногдох Гаалийн татвар 25.055.214.12 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 52.615.949.66 төгрөг, нийт 77.671.163.78 төгрөгийн татварыг Гаалийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улс хоорондын шуудан илгээмжийн газарт мэдүүлээгүй буюу Монгол Улсын үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.       

Иймд шүүгдэгч Ө.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсад 77.671.163.78 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг татварыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт /4хх-ийн 102, 5хх-ийн 113/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзсэн болно.

             Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал /...41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Азбат” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../, өвчтэй хүүхдээ асардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Саарал адуу овогт Өлзийбатын Аийг улсын яллагчийн санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 /нэг/ жилий хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

             Шүүгдэгч Ө.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэргүүдийг заасан бөгөөд 9.2 дугаар зүйлд “Эдийн засгийн гэмт хэрэг” /Арван наймдугаар бүлэг/ гэжээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Ад холбогдох гэмт хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл хэсгийг хэрэглэх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Mac Pro” загварын зөөврийн компьютер нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг Ө.Ад буцаан олгож, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Ө.Аийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скуар” хотхоны 509 дүгээр байрны 1403 тоот 142.6 метр квадрат талбай бүхий 4 өрөө орон сууц, Ү-2204001322 дугаартай Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 11 дүгээр байрны 108 тоот 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ө.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С овогт Ө Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Ө Аийг 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ад оногдуулсан 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Ө.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Mac Pro” загварын зөөврийн компьютер нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг Ө.Ад буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Ө.Аийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Т” хотхоны 00 дүгээр байрны 00 тоот 142.6 метр квадрат талбай бүхий 4 өрөө орон сууц, Ү-0000 дугаартай Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хорооллын 0 дүгээр байрны 0 тоот 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ө.Ад сануулсугай. 
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  9.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР