Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1633

 

 

 

 

 

      2017          07            21

                       1633

 

 

 “Хадгаламж банк” ХХК дахь эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01749 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Баасанжав, Б.Долгорсүрэн нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 202 968.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Зээлдэгч Б.Баасанжав, хамтран зээлдэгч Б.Долгорсүрэн нар нь Хадгаламж банктай 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №596 тоот зээлийн  болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 6 000 000 төгрөгийг сарын 2.3 хувь, жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авч ашигласан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Б.Баасанжав өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204027870 дугааргай, гэрчилгээ №000223523 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлайн 11 дүгээр гудамжны 15 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 144 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт орших зээлдэгч Б.Баасанжавын өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2204010639 дугаартай, гэрчилгээ №000107375 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 500 м.кв талбайтай газар /хашаа байшин/ зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Б.Баасанжав, хамтран зээлдэгч Б.Долгорсүрэн нар нь уг зээлийг авч ашигласнаас хойш 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 2 113 345.55 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүд 1 116 254.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 249 736 төгрөг нийт 3 479 336 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан.

Зээлдэгч Б.Баасанжав, хамтран зээлдэгч Б.Долгорсүрэн нар нь хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 000 төгрөгийг төлснөөс хойш дахин ямар нэгэн төлөлт хийлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, банкийг илт хохироож байна.

Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж хугацаа олгосон боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3 886 654.45 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 3 776 095.36 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 540 219.02 төгрөг, нийт 8 202 968.83 төгрөгийг хариуцагч Б.Баасанжав, хамтран зээлдэгч Б.Долгорсүрэн нараас гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 596 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тусгасан үл хөдлөх хөрөнгүүдээс хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хариуцагч нарын бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Баасанжавын болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Б.Баасанжав миний бие 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 дугаар хороололын Хадгаламж банкнаас сарын 2.3 хувь буюу жилийн 27.6 хувийн хүүтэй бизнес зээлийг 24 сарын хугацаатай авсан. Энэ зээлээс 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 4 216 350 төгрөгийг төлсөн. Гэвч төлсөн гэх 4 216 350 төгрөгөөс одонгийн мөнгө болон хүүхдийн мөнгө олгогдсон үед Б.Баасанжав өөрийн биеэр банкнаас авч байсан болно. Б.Баасанжав нь банкнаас авсан зээлээс дүү Б.Долгорсүрэнд өгсөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ тэр зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Банкны эрх хүлээн авагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 3 886 654.45 төгрөг гэдэгтэй маргахгүй бөгөөд зөвшөөрч байна. Харин алданги нь үнийн дүнгийн буюу үндсэн мөнгөний 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн Иргэний хуульд заасны дагуу хүүд 1 943 327.22 төгрөг, нийт 5 829 981.67 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 2 372 987 төгрөгийг зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээний талаар маргах зүйлгүй, гэрээ байгуулсан. Гэхдээ тэнд амьдарч байгаа бага насны хүүхдүүдийн эрхийг хөндөхгүй байхыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Б.Долгорсүрэнгийн тайлбарт: Би Б.Баасанжавын авсан зээлд батлан даагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед Б.Баасанжав нь бизнесийн үйл ажиллагаатай байж байгаад хүүхэд төрүүлж, үйл ажиллагаа нь зогссон. Гэвч энэ хугацаанд банкнаас над руу нэг ч удаа ярьж гомдол гаргаагүй учир зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж байгаа гэж ойлгосон. Би шүүхийн шийдвэрээс ирсэн хохирлыг барагдуулахад нь хяналт тавьж ажиллах боловч зээлийг биечлэн төлж чадаагүй. Миний бие нь 5 ам бүлээ тэжээдэг цорын ганц орлоготой, би өөрөө 10 хувийн зээл төлдөг бөгөөд “Хас банк” ХХК, “Сиби инерти” ХХК, “Авто ойл” ХХК-д тус тус маш их өртэй.  Иймд зээлдэгч Б.Баасанжавын зээлийг төлж барагдуулах чадвар надад байхгүйг нотолж иргэн Б.Долгорсүрэнгийн баримтад тулгуурлан чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Баасанжаваас үндсэн зээлд 3 886 654.45 төгрөг, хүүд 3 185 107 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 540 219 02 төгрөг, нийт 7 611 980.47 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 590 988 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Баасанжав нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204010639 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлайн 11 дүгээр гудамж, 15 тоотод байрлах 500 м.кв талбайтай, Д-000107375 тоот гэрчилгээтэй газар,

мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204027870 дугаарт бүртгэгдсэн Д-000223523 тоот гэрчилгээтэй, 144 м.кв талбай бүхий, 2 давхар хувийн сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ гудамж 199 тоот хаягт орших “Дөрвөн Өлзий” ХХК-ийн техникийн захын №2 тоот чингэлэг дэх бараа материал, гэрийн бүх эд хогшил зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Б.Баасанжаваас улсын тэмдэгтийн хураамжид 136 742 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Баасанжав давж заалдах гомдолдоо: Шүүх надаас 7 611 980.47 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Би үндсэн зээл 3 886 654.45 төгрөг, хугацаа хэтэрсний 839 хоногийн 2 500 220 төгрөг нийт 6 386 874.45 төгрөгийг зөвшөөрч байгаа тул энэ дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Баасанжав, Б.Долгорсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 202 968 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, анх шүүхэд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Баасанжав, Б.Долгорсүрэн нарын бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна. 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан 8 202 968 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 3 886 654 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 3 776 095 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 540 219 төгрөг гэж тайлбарласан бөгөөд шүүх гэрээний хугацаанд зээлдэгчээс төлөгдсөн мөнгөн төлбөрийн дүнг хасч тооцоолон нийт 7 611 980 төгрөг хариуцагч Б.Баасанжаваас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Долгосүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 Зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч тал 6 000 000 төгрөг 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувь, сарын 2.3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч нь зээлийн барьцаанд эрхийн улсын Г-2204010639 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлайн 11 дүгээр гудамж, 15 тоотод байрлах 500 м.кв талбайтай, Д-000107375 тоот гэрчилгээтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027870 дугаарт бүртгэгдсэн Д-000223523 тоот гэрчилгээтэй, 144 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, гэрийн бүх эд хогшил, Баянзүрх дүүрэгт байрлах, Дөрвөн өлзий ХХК-ийн тос тосолгооны бөөний төвийн №2 контейнер зэрэг эд зүйлийг  барьцаалж, хуваарийн дагуу зээл, хүүг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 2 113 345 төгрөг, зээлийн хүүд 1 116 254 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 249 736 төгрөг нийт 3 479 336 төгрөг, гэрээний хугацаа хэтэрснээс хойш буюу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 000 төгрөг төлсөн, 3 886 654 төгрөгийн дүн бүхий үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна.

 

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн зээл 3 886 654 төгрөг, гэрээний хугацаанд төлөх ёстой хүүгийн үлдэгдэл 684 887 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 2 500 220 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 540 219 төгрөг, нийт 7 611 980 төгрөг төлүүлж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгтэй нийцсэн байна.

Зээлийн гэрээний 2.1.5, 2.2.5-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлөх үүрэг хүлээсэн байх ба зээлдүүлэгч уг үүргийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх тул шүүх хариуцагчаар гэрээний болон хэтэрсэн хугацаанд төлөгдөх зээлийн хүү, уг дүнгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр тооцоолсон нь зөв байна.

 Хариуцагч Б.Баасанжав үндсэн зээлийн үлдэгдэл 3 886 654 төгрөг, хэтэрсэн хугацаа буюу 839 хоногийн хүү 2 500 220 төгрөг нийт 6 386 874 төгрөг төлнө гэж давж заалдах гомдол гаргасныг хангах хуулийн үндэслэлгүй болно. Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол хэтэрсэн болон гэрээний хугацаанд төлөгдөх хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,  үндсэн зээлийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүүнээс гадна, гэрээний хугацаанд төлөгдөх хүүгийн үлдэгдэл 684 887 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 540 219 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хариуцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдох хэсгийг “зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Б.Долгорсүрэнд шилжүүлэн өгөөгүй, энэ талаар нотлох баримтгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч уг шийдвэрт гомдол гаргаагүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыггомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Баасанжав, Б.Долгорсүрэн нарт холбогдох 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/11179 дугаарр захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

                                                    

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                   ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

 

                                                                                           А.МӨНХЗУЛ