Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

Улсын яллагч Л.Цэндсүрэн,

Иргэдийн төлөөлөгч С.Түмэндэлгэр,

Хохирогч Х.Бямбажав, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Пүрэвгарьд, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

Гэрч С.Батхуяг, О.Доржханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорин хоёр овогт Будхүүгийн Пүрэвгарьдад холбогдох 201626030056 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “МЭГТ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, 12 настай хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 10-р гудамж, 115 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хорин хоёр овогт Будхүүгийн Пүрэвгарьд /РД:ИЮ78040690/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Пүрэвгарьд нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 56 тоотод иргэн С.Батхуягийн гэрт шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр Х.Бямбажавын ар нуруу хэсэгт нь нэг удаа хутгалж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Б.Пүрэвгарьдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 100 айлд байрлах өөрийн цех дээрээ ажиллаж байгаад зүүн гарынхаа 3 хурууг хөрөө рааманд авчихсан юм. Тэгээд би гараа боолгуулах гээд найз Батхуягийнд очиход гэрт нь 3 танихгүй залуу байсан. Би найзындаа ороод “хөрөө рааманд гараа авчихлаа” гэхэд Батхуягийн эхнэр Доржханд надад хоол, унд хийж өгөөд би гал тогооны хэсэгт байж байсан. Гэтэл гарнаас цус гоожоод, гараад байхаар нь боолтоо солиулах гээд авах гэтэл цустайгаа наалдсан байсан. Тэгээд Доржханд боолтыг сольж боож  өгсөн. Боолтоо солиулаад удаагүй байтал дахиад л цус гарсан. Тэр үед тэднийд байсан 3 залуугаас арай том биетэй бүдүүн залуу нь надад архи хийгээд Батхуяг хундагатай архи өгөхөд нь би “уухгүй” гэсэн чинь тэр залуу “асгачихгүй юу” гэхэд би уухгүй гээд  гараараа түлхэхэд хундагатай архи халгиж асгарсан. Тэгээд дахиад хийгээд өгөхөөр нь би уусан. Тэр залуу намайг “...чи айлд цус нөжөө гоожуулаад орж ирлээ, хаанаас ирсэн газрын гай вэ, гар, зайл” гэх зэргээр дээрэнгүй харьцаж хэлсэн.

Мөн хохирогч залуу манай найзын эхнэр Доржхандыг гал тогоонд юм хийж байхад нь үнсээд байсан. Энэ үед нь миний дургүй хүрээд “чи болиоч” гэж хэлэхэд сонссон, үгүйг мэдэхгүй байна.  Тэр хамт байсан бүдүүн залуутай нь  эхлээд маргалдсан.

Гарнаас цус гараад боолттой наалдсан байсан тул боолтоо дахин солихоор гал тогооны ширээн дээр байсан хутгыг хэрэглэсэн. Гэтэл Батхуяг намайг “хүн хутгалчихлаа” гэсэн. Хохирогч эмчилгээний зардалд 5.0 сая төгрөг нэхэмжилсэнээс 2.0 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл хохиролд тооцож автомашин өгөөд, зөрүү хэдэн төгрөг нэмж хохирлоо барагдуулах санал тавьсан боловч хохирогч зөвшөөрөөгүй. Тухайн үед би ажил дээрээ гараа хөрөө рааманд авчихаад боохдоо архиар цэвэрлээд, тэрнээсээ 100 гр орчим уусан байсан. Найз Батхуягийнд ирээд бас 100 гр орчим уусан байсан. Нэг их согтоогүй байсан. Би санаатайгаар хохирогч Х.Бямбажавыг хутгалаагүй боловч өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Х.Бямбажавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Манай ажлынхан ажлаа тараад Батхуягийн гэрт нь очиж архи, пиво ууж байхад гаднаас Пүрэвгарьд орж ирсэн гэдэг. Түүнийг орж ирснийг би хараагүй. Би Батхуягийн эхнэрт “...сайхан танилцлаа...” гээд баярласан талархсанаа илэрхийлж үнссэн боловч бидний хооронд цаад өрөөнд орж маргалдсан зүйл болоогүй. Б.Пүрэвгарьдын хутгалсан хутга нь миний ар нуруунаас өрц рүү, тэгээд элэг рүү орсон тул оёдол тавиулсан. 850.000 төгрөг нь хагалгаанд орсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал юм. Эмнэлгээс гарахад эмч намайг цаашдаа курс эмчилгээнд ороорой гэж хэлсэн боловч би мөнгөгүй учраас одоог хүртэл эмчилгээгээ бүрэн хийлгэж чадаагүй байгаа. Энэ гэмтлээс болж би удаан хугацаагаар явж, хүнд ажил хийхэд амьсгаадаж, хэвлийгээр хөндүүрлэж өвддөг болсон. Баримттай гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч бүрэн төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 3.0 сая төгрөгт миний ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин, мөн цаашид гарах эмчилгээний зардал орж тооцогдох юм. Эмчилгээний төлбөрөө бүрэн авчихвал гомдол санал гээд байх юм байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч О.Доржхандын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Тэр өдөр манай нөхөр Батхуяг нь Бямбажав, Баттулга, Дэлгэрсүрэн гэсэн 3 найзаа дагуулаад оройны 19.00 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэднийг ирэхэд нь 0,75 граммын шилтэй архи өгөөд, би өөрөө гал тогооны өрөөндөө хоолоо хийж байсан юм. 0,75 граммын шилтэй архиа ууж дуусгачихаад дахиад уух гээд байхаар нь би нөхөр Батхуягтаа ярилцаж байгаад 0,5 граммын шилтэй архи авч өгсөн. Тэд нилээд халаад сууж байтал Б.Пүрэвгарьд “3 хуруугаа хөрөө рааманд авчихлаа” гээд гаднаас орж ирээд гадуур хувцсаа ч тайлж чадахгүй байсан.

Би тэгээд боолтыг нь сольж өгөх гэтэл цустайгаа боолт нь наалдчихсан авахад маш хэцүү байсан болохоор дунд хурууны боолтыг нь авсан, харин бусад хурууны боолтыг нь авч чадаагүй. Би Б.Пүрэвгарьдыг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү явъя гэж бодсон боловч гэрт согтуу хүмүүс байсан тул яваагүй. Нөгөө хэд цаад талын өрөөнд байсан бөгөөд тэндээс өндөр Баттулга нь Б.Пүрэвгарьдын боолтыг сольж өгч байхыг харчихаад “айлд цусаа гоожуулж ирлээ, чиний гар зүгээр л байна” гэж хэлсэн. Би гал тогооны өрөөнд плитка дээр хоол хийж байсан тул Б.Пүрэвгарьдын боолтыг сольчихоод гал тогооны өрөө рүүгээ орсон. Тэр үед энэ хэд маргалдаж эхэлсэн. Батхуяг архи хийж өгөхөд Б.Пүрэвгарьд “уухгүй” гэсэн чинь цаанаас Баттулга “чи өгсөн архийг нь голлоо” гэж маргалдсан. Тухайн үед бүгд л халамцуу байсан тул жаахан л эвгүй үг гарвал зодолдох гээд байсан.

Гэтэл цаанаас нэг нь бид нар найзуудынхаа эхнэрийг үнсчихдэг шүү дээ гэхэд Х.Бямбажав босч ирээд намайг үнссэн. Үүнээс өмнө би ирсэн зочин болох Баттулга, Бямбажав, Дэлгэрсүрэн нарт гэр бүлийн зургийн цомог үзүүлэхэд Бямбажав, би эхнэр 2 хүүхэдтэй гэж танилцаж байсан. Намайг үнсэхэд нь за, согтуу хүний өмнөөс юу хэлэхэв дээ гэж бодоод дуугараагүй. Тэрийг харсан Б.Пүрэвгарьд бас л маргалдах гээд байсан. Нөгөө өрөөнд манай аав, хоёр хүүхэд байсан бөгөөд аав дүлий тул хэрүүл маргааныг сонсоогүй байх зурагт үзэж байсан.

Нөгөө хэдийг маргалдаад байхаар нь манай нөхөр босч ирээд “та нар манайд ирчихээд яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Энэ хэдийг явах тийшээ хандах үед нь би цаад талын өрөөнд орчихсон байсан тул Б.Пүрэвгарьд Х.Бямбажавыг хутгалж байхыг би хараагүй. Намайг цаад талын өрөөнд байх хойгуур л хутгалсан байсан. Намайг өрөөнөөс гарч ирэхэд Б.Пүрэвгарьд  Х.Бямбажавыг араас нь хутгалчихсан байсан. 

Ер нь бол Бямбажавыг намайг үнсчихээд гарахад нь Пүрэвгарьд миний хоол хийж байсан хутгыг аваад хутгалсан. Пүрэвгарьд хэрэг гардаг өдөр оройны 21.00 цагийн үед согтуу ирсэн, түүнийг ирээд удаагүй 30-аад минутын дараа энэ хэрэг гарсан. Пүрэвгарьдын хурууны боолт нь салахгүй наалдсан байсан учраас салгахын тулд хутга хэрэглэх шаардлага байсан...” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч С.Батхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Хэрэг гардаг өдрийн өглөө би, Бямбажав, Баттулга, Дэлгэрсүрэн гээд манай ажлынхан 10.00 цагийн үед хуралдаа орж гарч ирээд гаднах цасаа цэвэрлэсэн юм. Цасаа цэвэрлэж дуусчихаад Баттулга, Дэлгэрсүрэн, Бямбажав нарын хамт би гэр рүүгээ явсан. Манайд очоод хоол, цай идээд 0,75 литрийн шилтэй архи эхэлж уусан. Түүнийгээ ууж дуусгачихаад дахиад 0,5 литрийн шилтэй архи хувааж уугаад байж байтал гаднаас Б.Пүрэвгарьд хөрөө рааманд 3 хуруугаа авчихлаа гээд орж ирэхэд нь манай эхнэр Доржханд түүний гарыг боочихоод хоол, цай хийж өгсөн.

Тухайн үед Баттулга Б.Пүрэвгарьдыг “айлд цусаа гоожуулж ирлээ” гээд түүнтэй жаахан маргалдаж байсан. Тэр үед Баттулга “намайг чи найздаа архи хийж өг” гэхээр нь хийж өгөхөд Б.Пүрэвгарьд уухгүй гэсэн. Гэтэл Баттулга “чи уухгүй бол асгачих” гэж хэлэхэд Пүрэвгарьд архийг асгачихсан юм. Тэгээд Баттулга, Даваажав, Дэлгэрсүрэн нар явна гээд үүдэнд хувцсаа өмсөж байтал Б.Пүрэвгарьд хутга бариад Бямбажавыг хутгалчихлаа гэж манай эхнэр Доржханд хэлэхээр нь Б.Пүрэвгарьдын барьж байсан хутгыг аваад түргэн тусламж болон цагдаа дуудсан.

Би нилээн согтсон байсан болохоор болсон үйл явдлын зарим зүйлийг санаад, зарим зүйлийг санахгүй байна. Хэрэг гарснаас хойш Бямбажав ажлаа хийгээгүй. Би 28 хоног ажиллаад гар дээрээ 800.000 төгрөг авдаг байсан. Тэр өдөр Б.Пүрэвгарьд Х.Бямбажавтай маргалдаагүй, Баттулгатай л жаахан маргалдсан. Би Пүрэвгарьдын хутгалсаныг хараагүй. Б.Пүрэвгарьдыг хутга барьсан байхаар нь хутгыг  нь түүнээс авсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. Б.Пүрэвгарьд Х.Бямбажавыг маргааны явцад хутгалсан байх...” гэсэн мэдүүлэг.  

 

Эрүүгийн 201626030056 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Х.Бямбажавын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай “Гурван икс” ГХХА-ын хурал болоод тарсан. Ингээд манай найз Батхуягийнх шинэ байранд орсон гээд Дэлгэрсүрэн, Баттулга бид гурав тэдний гэрт ирээд байж байтал гэрийн эзэн Батхуяг 0,75 граммын Альфа гэх архи гаргасан. Ингээд бид нар архиа уугаад дахин Альфа нэртэй архи авсан. Тэр архиа уугаад талдаа орж байтал гаднаас Батхуягийн таньдаг найз нь гэх залуу гараа хөрөө рааманд авчихлаа гэсээр орж ирсэн.

Бид нар явах болоод би Батхуягийн эхнэрт нь баярлалаа гээд хацар дээр нь үнссэн. Хамт явж байсан Баттулга, Дэлгэрсүрэн хоёр гараад явахаар нь араас нь гарах гээд хувцасаа өмсөөд үүдэнд арагшаа хараад зогсож байхад араас нэг хүн намайг цохих шиг болсон. Тэгээд би доошоо суухад манай найз Батхуяг бид нарыг гаргаж өгөх гээд хажууд байсан болохоор нөгөө залууг барьж аваад дараад газар унагаасан.

Эхнэр нь чи хутгалсан байна шүү дээ гээд байж байтал удалгүй түргэний машин ирээд намайг цэргийн эмнэлэг рүү авч явсан. Миний хувьд Пүрэвгарьд гэх залуутай маргалдсан, ярилцсан зүйл огт байхгүй. Миний эмчилгээнд 855.000 төгрөг болсон, унааны зардалд 250.000 төгрөг, өмсөж явсан хувцас куртик, цамц, футболка зэрэг цус болоод өмсөх боломжгүй болсон тул 220.000 төгрөг тус тус нэхэмжилж байна....” /хэргийн 41-42х/

...Нийт эмчилгээний зардалд Пүрэвгарьдаас 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 2.000.000 төгрөг авсан. Үлдсэн 3.000.000 төгрөгөө өгчих юм бол ямар нэгэн гомдол, саналгүй. Тухайн үед миний өмсөж байсан хувцаснууд нил цус болсон хувцсыг манай гэрийнхэн шатаасан байна лээ. Пүрэвгарьд гарынхаа боолтыг хутгаар тайлах гэж байгаад санаандгүй намайг дүрсэн гэдэг бол худлаа, би том өрөөнд нь хувцасаа өмсөөд зогсож байсан. Пүрэвгарьд өөрөө миний араас ирж намайг хутгалсан. Түүнээс биш санаандгүй хутгаар дүрээгүй. Би Пүрэвгарьдаас хол зайтай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43х/,

 

2. Гэрч О.Доржхандын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“...Пүрэвгарьд гаднаас ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ гараа цахилгаан хөрөөнд авчихлаа гээд боочихсон байсан. Тэгээд хувцасаа тайлах гэтэл өөрөө тайлж чадахгүй болохоор нь би тайлж өгсөн. Ингээд Пүрэвгарьд хоолны ширээний хажууд сууж байсан. Бид нар гарыг нь хараад боолтыг нь аваад шинээр боогоод өгье гэж бодоод боолтыг нь тайлах гэсэн чинь наалдаад салахгүй байхаар нь зулгааж байгаад тайлаад дахин боож өгсөн. Би түүнд хоол халааж өгөх гээд байж байтал манай нөхөр Батхуяг Пүрэвгарьдад архи хийж өгөөд нэг татчих гэсэн чинь уухгүй гэж түлхээд архийг нь асгасан. Тэгсэн чинь цаана сууж байсан Баттулга гэх залуу нь босож ирээд “чи айлд орж ирээд хүний өгсөн архи асгаад байхдаа яадаг юм, чамд өгөх албагүй” гээд архиа авсан. Ингээд үлдсэн архиа хувааж уугаад дуусаж байхад Баттулга гэх залуу “чи ер нь айлд харанхуй шөнө орж ирээд ийм зан гаргаад байх шаардлагагүй шүү” гээд Баттулга, Пүрэвгарьд нар ам зөрөөд байсан. Пүрэвгарьд “чамд хамаагүй би найзындаа байна” гэж хэлсэн.

Тэгээд нөгөө хүмүүс явахаар болоод хувцасаа өмсөж байтал гэнэт Пүрэвгарьд ширээн дээр байсан миний хоол хийж байсан хутгыг аваад яах ийхийн зуургүй Бямбажав гэх залууг хутгаар дүрчихсэн. Манай нөхөр хажууд нь зогсож байгаад Пүрэвгарьдын хутгатай гарыг дээрээс дараад газар унагаасан. Би Пүрэвгарьдын гарнаас нь хутгыг нь салгаж авсан. Ингээд цагдаа болон түргэн дуудсан. Намайг хоол аягалаад зогсож байхад Бямбажав орон дээр сууж байгаад босож ирснээ намайг нэг удаа хацар дээр үнссэн юм. Тэгээд цаашаа яваад хувцсаа өмсөх гээд байж байхад нь Пүрэвгарьд хутгаар дүрсэн. Тэр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй, Пүрэвгарьд согтуу байсан. Гараа цахилгаан хөрөөнд авах үед нь хамт ажиллаж байсан хүмүүс өвчинг нь намдаах гээд архи аваад өгсөн гэж өөрөө ярьж байсан…” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45х/,

 

3. Гэрч С.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“...Манай эхнэр гал тогооны ширээн дээр Пүрэвгарьдыг суулгаад гарны боолтыг нь сольж өгөөд байж байхад бид нар очиж гарыг нь харсан. Тэгээд гайгүй авсан байна гэж ярилцаж байхад Баттулга надад нэг хундаганд архи хийж өгөөд найз чинь орж ирсэн юм байна өгчих гэхээр нь би Пүрэвгарьдад өгсөн чинь уугаагүй асгасан. Тэгээд манайхан за явцгаая гээд Дэлгэрсүрэн, Баттулга хоёр хувцасаа өмсөж дуусаад, Бямбажав хувцасаа өмсөж байхад Пүрэвгарьд гэнэт манай хоол хийдэг модон иштэй хутгыг аваад Бямбажавын араас нь хутгалсан. Би хажууд нь байсан болохоор Пүрэвгарьдын хутгыг нь булааж аваад дарж газар унагаасан. Тэр үед манай эхнэр Доржханд хутгыг нь гарнаас нь аваад цагдаа, түргэн дуудсан. Ямар ч хэрүүл болоогүй, Пүрэвгарьд сандал дээр зүгээр сууж байгаад гэнэт босож ирээд Бямбажавын араас нь нэг удаа хутгаар дүрсэн…” гэсэн мэдүүлэг /хэргийн 47х/,

 

4. Гэрч С.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:

 

“...Батхуягийн гэрт нь сууж байтал түүний найз гэх залуу гараа хөрөөнд авчихлаа гээд марлиар ороочихсон, цус нь гоожсон байдалтай орж ирсэн. Тэр үед Батхуягийн эхнэр гарыг нь боож өгөөд байж байхад гэрийн эзэн Батхуяг нөгөө найздаа 100 грамм архи хийж өгөөд уучих гэсэн чинь нөгөө залуу архийг нь асгачихсан. Тэгээд бид нар Дэлгэрсүрэнгийн гэрт нь очихоор болоод явъя гээд босоод хувцасаа өмсөөд эргээд хартал жолооч Дэлгэрсүрэн энэ хүн хутгалчихлаа гээд Бямбажавыг түшээд авсан. Бид нар хоорондоо ямар нэгэн маргаан болоогүй, ямар нэгэн харьцаа үүсгээгүй, тэр залуу бид нарыг гарах үед Бямбажавын араас нэг удаа хутгалсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,

 

5. Гэрч Д.Дэлгэрсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

“...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай ГХХА-ны тайлангийн хурал болсон юм. Тэгээд тараад Бямбажав, Батхуяг, Баттулга бид нар Батхуягийн гэрт архи уусан. Тухайн үед би тасарсан байсан. Намайг Баттулга явъя гэж сэрээсэн. Тэгээд л хувцсаа өмсөж байх хооронд л Бямбажавын араас Батхуягийн найз нь гэх залуу хэзээ орж ирснийг нь би мэдэхгүй гал тогооны ширээн дээр сууж байгаад гэнэт араас нь хутгалсан. Тэгээд л Батхуяг хүн хутгалчихлаа гээд Батхуяг нөгөө залууг газар унагаагаад дээрээс нь дарчихсан байж байсан. Тэгээд л Батхуягийн эхнэр нь цагдаа, эмнэлэг дуудсан. Түргэн ирээд Бямбажавыг аваад явсан. Харин цагдаа нөгөө залуу болон бид нарыг цагдаа дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54х/,

 

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 900 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын:

1. Бямбажавын биед нурууны шарх, цээж, хэвлий нэвтэрсэн шарх, өрц элэгний сигмент гэмтээсэн шарх, элэгний капсул доорх цус хуралт, цээж хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 55х/,

 

7. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-7х/,

 

8. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 15х/,

 

9. Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 72х/,

 

10. Хохирогч Х.Бямбажав эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн өвчний түүх, хохирлын баримтууд /хэргийн 18-28х, 29-39х/,

 

11. Шүүгдэгч Б.Пүрэвгарьдын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн мужаан цех дээр 100-н айлд шарилын хайрцаг хийж байгаад гараа босоо призерт авсан. Тэгсэн манай найз нар гар боож өгөөд, цус нь тогтохгүй болохоор өвчин намдаана гээд архи надад уулгасан. Тэгээд би зун найз Батхуягт 400.000 төгрөг зээлсэн байсан, би тэр өглөө нь Батхуяг руу яриад мөнгө хэрэгтэй байна. Чи надад ядаж 10.000-20.000 төгрөг өгөөч гэхэд цалин буусангүй гээд өдөр нь хэлсэн. Тэгээд байж байхад орой нь Батхуяг залгаад намайг “гэрт хүрээд ир” гэсэн би тэр орой 20 цагийн үед Батхуягийн гэрт ирсэн. Тэгсэн гэрт нь ажлын газрынх нь хүмүүс гээд 3 танихгүй залуу архи уугаад сууж байсан.

Тэгээд би найз нь гараа авчихлаа гээд Батхуягийн эхнэр Доржханд миний гарны боолтыг сольж өгөөд байж байхад том биетэй нэг залуу нь надад архи хийж өгсөн. Тэр үед би “архи уухгүй” гэсэн чинь тэр залуу “чи уухгүй бол асгачихгүй юу” гэхээр нь би архийг нь асгасан. Тэгсэн чинь том биетэй залуу нь дахин 2 дахь удаагаа хийж өгөөд “мөнгөөр авсан дахин асгах юм бол ална шүү” гэхээр нь би тэрийг тоогоогүй уучихсан. Тэгээд би 00 ороод гараад ирсэн чинь манай найз Батхуягийн эхнэр Доржхандыг гал тогоонд Бямбажав гэх залуу нь үнсээд зогсож байхаар нь би “чи болиоч” гээд сандал дээр суусан. Тэр үед эхнэр Доржханд нь надад хоол хийж өгсөн. Тэгээд би хоолоо идэх гэтэл гарнаас цус гоожоод байхаар нь би хутга аваад боолтоо тайлах гэтэл зангирсан байсан.

Тэгээд би гал тогооны ширээн дээр байсан модон иштэй хутга аваад боолтоо тайлах гээд хутгаар боолтоо татсан чинь “чи хүн хутгалчихлаа” гээд Батхуяг намайг газар дараад унагаасан. Ингээд би энэ хүн рүү хутга орсон юм бол эмнэлэгийн туслалцаа үзүүлье гээд баруун гарнаас нь сугадаад нэг давхар руу хамт бууж байхад урдаас цагдаа нар гарч ирсэн. Тэгээд л би цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-67х, 69-70х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 73х/, гадаад паспортын хуулбар /хэргийн 74х/, Хан-Уул дүүргийн 9-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 75х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 77х/, хохирол төлсөн Хаан банкны орлогын мэдүүлэг баримтууд  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх бөгөөд шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пүрэвгарьдад Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Пүрэвгарьд нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 56 тоотод иргэн С.Батхуягийн гэрт Х.Бямбажавын ар нуруу хэсэгт нь нэг удаа хутгалж, бие махбодид нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

- хохирогч Х.Бямбажавын: “...архиа уугаад талдаа орж байтал гаднаас Батхуягийн таньдаг найз нь гэх залуу гараа хөрөө рааманд авчихлаа гэсээр орж ирсэн. Бид нар явах болоод би Батхуягийн эхнэрт нь баярлалаа гээд хацар дээр нь үнссэн. Хамт явж байсан Баттулга, Дэлгэрсүрэн хоёр гараад явахаар нь араас нь гарах гээд хувцасаа өмсөөд үүдэнд арагшаа хараад зогсож байхад араас нэг хүн намайг цохих шиг болсон. Тэгээд би доошоо суухад манай найз Батхуяг бид нарыг гаргаж өгөх гээд хажууд байсан болохоор нөгөө залууг барьж аваад дараад газар унагаасан. Батхуягийн эхнэр нь Пүрэвгарьд гэх залууд чи хүн хутгалсан байна шүү дээ гээд байж байтал удалгүй түргэний машин ирээд намайг цэргийн эмнэлэг рүү авч явсан. Пүрэвгарьдын хутгалсан хутга нь миний ар нуруунаас өрц рүү, тэгээд элэг рүү орсон тул оёдол тавиулсан. Хагалгаанд орсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч О.Доржхандын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай нөхөр Батхуяг нь Бямбажав, Баттулга, Дэлгэрсүрэн гэсэн 3 найзаа дагуулаад оройны 19.00 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэднийг ирэхэд нь 0,75 литрийн шилтэй архи өгөөд, би өөрөө гал тогооны өрөөндөө хоолоо хийж байсан юм. 0,75 литрийн шилтэй архиа ууж дуусгачихаад дахиад уух гээд байхаар нь би нөхөр Батхуягтаа ярилцаж байгаад 0,5 литрийн шилтэй архи авч өгсөн. Тэд нилээд халаад сууж байтал Б.Пүрэвгарьд “3 хуруугаа хөрөө рааманд авчихлаа” гээд гаднаас орж ирээд, гадуур хувцасаа ч тайлж чадахгүй байсан.

Би тэгээд боолтыг нь сольж өгөх гэтэл цустайгаа боолт нь наалдчихсан авахад маш хэцүү байсан болохоор дунд хурууны боолтыг нь авсан, харин бусад хурууны боолтыг нь авч чадаагүй. ...Нөгөө хэд цаад талын өрөөнд байсан бөгөөд тэндээс өндөр Баттулга нь Б.Пүрэвгарьдын боолтыг сольж өгч байхыг харчихаад “айлд цусаа гоожуулж ирлээ, чиний гар зүгээр л байна” гэж хэлсэн. Би гал тогооны өрөөнд плитка дээр хоол хийж байсан тул Б.Пүрэвгарьдын боолтыг сольчихоод гал тогооны өрөө рүүгээ орсон. Тэр үед энэ хэд маргалдаж эхэлсэн. Батхуяг архи хийж өгөхөд Б.Пүрэвгарьд “уухгүй” гэсэн чинь цаанаас Баттулга “чи өгсөн архийг нь голлоо” гэж маргалдсан. Тухайн үед бүгд л халамцуу байсан тул жаахан л эвгүй үг гарвал зодолдчих гээд байсан. Гэтэл цаанаас нэг нь бид нар найзуудынхаа эхнэрийг үнсчихдэг шүү дээ гэхэд Х.Бямбажав босч ирээд намайг үнссэн. ...Намайг үнсэхэд нь за, согтуу хүний өмнөөс юу хэлэхэв дээ гэж бодоод дуугараагүй. Тэрийг харсан Б.Пүрэвгарьд бас л маргалдах гээд байсан. Нөгөө хэдийг маргалдаад байхаар нь манай нөхөр босч ирээд “та нар манайд ирчихээд яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Энэ хэдийг явах тийшээ хандах үед нь би цаад талын өрөөнд орчихсон байсан. ...Ер нь бол Бямбажавыг намайг үнсчихээд гарахад нь Пүрэвгарьд миний хоол хийж байсан хутгыг аваад хутгалсан...” гэсэн мэдүүлэг,

- гэрч С.Батхуягийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг гардаг өдрийн өглөө би, Бямбажав, Баттулга, Дэлгэрсүрэн гээд манай ажлынхан 10.00 цагийн үед хуралдаа орж гарч ирээд гаднах цасаа цэвэрлэсэн юм. Цасаа цэвэрлэж дуусчихаад Баттулга, Дэлгэрсүрэн, Бямбажав нарын хамт би гэр рүүгээ явсан. Манайд очоод хоол, цай идээд 0,75 литрийн шилтэй архи эхэлж уусан. Түүнийгээ ууж дуусгачихаад дахиад 0,5 литрийн шилтэй архи хувааж уугаад байж байтал гаднаас Б.Пүрэвгарьд хөрөө рааманд 3 хуруугаа авчихлаа гээд орж ирэхэд нь манай эхнэр Доржханд түүний гарыг боочихоод хоол, цай хийж өгсөн.

Тухайн үед Баттулга Б.Пүрэвгарьдыг “айлд цусаа гоожуулж ирлээ” гээд түүнтэй жаахан маргалдаж байсан. Тэр үед Баттулга “намайг чи найздаа архи хийж өг” гэхээр нь хийж өгтөл Б.Пүрэвгарьд “уухгүй” гэсэн. Гэтэл Баттулга “чи уухгүй бол асгачих” гэж хэлэхэд Пүрэвгарьд архийг асгачихсан юм. Тэгээд Баттулга, Даваажав, Дэлгэрсүрэн нар явна гээд үүдэнд хувцсаа өмсөж байтал Б.Пүрэвгарьд хутга бариад Бямбажавыг хутгалчихлаа гэж манай эхнэр Доржханд хэлэхээр нь Б.Пүрэвгарьдын барьж байсан хутгыг аваад түргэн тусламж болон цагдаа дуудсан. Би нилээн согтсон байсан болохоор болсон үйл явдлын зарим зүйлийг санаад, зарим зүйлийг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг,  Пүрэвгарьдын хутгалсаныг хараагүй. Б.Пүрэвгарьдыг хутга барьсан байхаар нь хутгыг  нь түүнээс авсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. Б.Пүрэвгарьд Х.Бямбажавыг маргааны явцад л хутгалсан байх...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.Баттулгын: “...Дэлгэрсүрэнгийн гэрт нь очихоор болоод явъя гээд босоод хувцсаа өмсөөд эргээд хартал жолооч Дэлгэрсүрэн энэ хүн хутгалчихлаа гээд Бямбажавыг түшээд авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,

- Гэрч Д.Дэлгэрсүрэнгийн: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... Бямбажав, Батхуяг, Баттулга бид нар Батхуягийн гэрт архи уусан. Тухайн үед би тасарсан байсан гэтэл намайг Баттулга явъя гэж сэрээсэн. Тэгээд л хувцсаа өмсөж байх хооронд л Бямбажавын араас Батхуягийн найз нь гэх залуу хэзээ орж ирснийг нь би мэдэхгүй гал тогооны ширээн дээр сууж байгаад гэнэт араас нь хутгалсан. Тэгээд л Батхуяг хүн хутгалчихлаа гээд Батхуяг нөгөө залууг газар унагаагаад дээрээс нь дарчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 900 тоот актын “..Бямбажавын биед нурууны шарх, цээж, хэвлий нэвтэрсэн шарх, өрц элэгний сигмент гэмтээсэн шарх, элэгний капсул доорх цус хуралт, цээж хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 55х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7х/, хутгалсан гэх шар өнгийн модон бариултай 23 см урттай, хутгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 15х/, хохирогч Х.Бямбажавын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 18-28х/ зэрэг хэрэг цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Пүрэвгарьдын хувьд дээрх гэмт хэргийг “шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр” үйлдсэн гэх байдал хангалттай тогтоогдоогүйгээс гадна түүний үйлдэлд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгах гэсэн танхайн сэдэлт бүхий субъектив санаа зорилго тогтоогдохгүй байна.

 

Харин гэмт хэрэг гарах үед шүүгдэгч зүүн гарын 3 хуруугаа хөрөө рааманд авхуулсан зовиуртай, найз С.Батхуягийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, 29 дүгээр байрны 56 тоотод байх гэрт нь ирсэн, С.Батхуягийн эхнэр О.Доржханд түүний хурууны боолтыг сольж өгсөн хэдий ч цус гараад тогтохгүй байдалтай байхад гэрт байсан зочид болон гэрийн эзэн түүнд архи хундаглан өгөхөд “уухгүй” гэснээс болж архийг нь асгах, мөн цусаа гоожуулаад айлд ирсэн чи хэн бэ, гар, зайл гэж гэрт байсан бүдүүн залуу /Баттулга/ хэлсэн гэх, найзын /Батхуягийн/  эхнэрийг хохирогч Х.Бямбажав нь үнсэхэд шүүгдэгч “болиоч” гэж хэлэхэд тоогоогүй зэрэгт бухимдсан, уурласан, хувийн сэдэлттэй таарамжгүй харилцаа байсныг хохирогч, шүүгдэгч, шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Доржханд, С.Батхуяг нар үгүйсгээгүй байна.   

 

Иймээс Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пүрэвгарьдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн энэ зүйл, хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч Б.Пүрэвгарьд нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 76х/ тогтоогдсон байна.

   

Х.Бямбажав нь эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 5.000.000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжилсэн хэдий ч хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн баримтаар эмчилгээ үйлчилгээний зардалтай холбоотой 783.222 төгрөгийн /хэргийн 18-33х/, шатахууны 219.800 төгрөгийн, үүрэн холбооны нэгжний үнэ 10.000 төгрөгийн, бусдад хутгалагдах үедээ хохирогчийн өмсөж явсан хувцас эд зүйлийн үнэлгээгээр 170.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хэргийн 72х/, бүгд 1.183.022 төгрөгийн баримт байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь эмчилгээний болон бусад зардлын хохиролд тооцон 2.000.000 төгрөг хохирогч Х.Бямбажавт нөхөн төлсөн талаар мэдүүлж, мөнгө шилжүүлсэн Хаан банкны орлогын 3 ширхэг баримт гаргасан бөгөөд хохирогч 2.000.000 төгрөг хүлээн авсан болохоо мэдүүлж, маргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг баримтаар нотдлогдсон хэмжээнд нөхөн төлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирогч цаашид хийгдэх эмчилгээний зардал болон ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар хохирогчоос хэрэгт өгсөн “Союз номин” ХХК-ийн тодорхойлолт баримт хангалтгүй, цалингын данс, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр болон эмчлэгч эмчээс цаашид хийгдэх эмчилгээний талаар зааварчилсан зааварчилгаа, зөвлөмж, өвчтөний гар карт, хийгдэх эмчилгээ үйлчилгээний үнийн санал зэрэг баримтгүй байх тул уг шаардлагыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймээс хохирогч Х.Бямбажав нь цаашид хийгдэх эмчилгээ сувилгаа болон ажилгүй байсан хугацааны цалин олговортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.

 

  Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Х.Бямбажавд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан  эмчилгээний болон бусад зардлын хохирол төлбөрт нийт 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь насанд хүрээгүй бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг болон 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

  

Шүүгдэгч Б.Пүрэвгарьд нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 10-115 тоотод хүүгийн хамт ам бүл 2 оршин суудаг тухай тус хорооны Засаг дарга тодорхойлсон /хэргийн 75х/ бөгөөд Б.Пүрэвгарьдын Ганхөлөг 2004 оны 07 дугаар сарын 24-нд /РД:УЖ04272438/ төрсөн, хүүхэд нь насанд хүрээгүй болох нь төрсний гэрчилгээний хуулбар баримтаар /хэргийн 77х/ нотлогдсон байх тул насанд хүрээгүй хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг зохих этгээдэд даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “23 см урттай, шар өнгийн модон бариултай 1 /нэг/ ширхэг хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасан журмын дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Б.Пүрэвгарьд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.Пүрэвгарьдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Хорин хоёр овогт Будхүүгийн Пүрэвгарьдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвгарьдыг 03 /гурав/ жил  06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвгарьдад оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Пүрэвгарьд нь гэм хорын хохиролд хохирогч Х.Бямбажавд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, хохирогч Х.Бямбажав нь ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлс болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай, шар өнгийн модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Пүрэвгарьд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2004 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Пүрэвгарьдын Ганхөлөгт /РД:УЖ04272438/ асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Пүрэвгарьдад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Пүрэвгарьдад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАЗАРХАНД

 

                                     ШҮҮГЧИД                                         Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                 Х.ОДБАЯР