Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ч, А.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхмэнд,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзоригийн даргалж, хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батбаярын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.А, С.Ч нарт холбогдох эрүүгийн 1807000740061 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овогт С.Ч, 1993 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, ах, дүү нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын ... тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан,

Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1250 дугаар дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүйд тооцогдсон, /РД:.../,

Х овогт А.А, 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Яллагдагч С.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ:

 2018 оны 1 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн цонхоор нэвтэрч Б.З Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авч 336,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны зогсоолд байрлуулсан .... УБЗ улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн авто машинаас Д.А эзэмшлийн ТОЗ-8 маркийн буу, хар өнгийн дайзтай 12 ширхэг сумыг өсвөр насны яллагдагч А.Атэй бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,322,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Уурхайчдын 1а” гудамжны ..... тоотод оршин суух Т.И гэрт нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 505200 төгрөгийн хохирол учруулсан,

 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын .... тоотод байрлах “....” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 263,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

Өсвөр насны яллагдагч А.А нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны зогсоолд байрлуулсан .... УБЗ улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн авто машинаас Д.А эзэмшлийн ТОЗ-8 маркийн буу, хар өнгийн дайзтай 12 ширхэг сумыг яллагдагч С.Чтай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,322,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Чид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

А.Аэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, мөн хэсгийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Чийн өмгөөлөгч Д.Март: “Яллах дүгнэлтийг гардуулсан баримтад гарын үсэг зуруулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн зөрчлийг прокурорын шатанд буцааж, зөрчилгүй болгож, шүүхээр дараа нь эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн хүсэлтэд улсын яллагч Б.Батбаяр “Баримтад гарын үсэг зуруулаагүй байгаа нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн асуудал биш юм. Гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн заалт байхгүй тул яллах дүгнэлтийг гардаж авсан гэж үзэх боломжтой” гэсэн тайлбар гаргажээ.

Прокурор нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй яллагдагч С.Чид яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулахдаа дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчин өмгөөлөгчийг байлцуулаагүй, ингэснээр шүүхийн хэлэлцүүлэгт ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мөн шинжлэн судлах нотлох баримтаа мэдэхгүй байгаа нь тухайн баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, үгүйсгэх, няцаах боломжийг хязгаарлаж шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хангаагүй байна гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах нь хэрэгт ач холбогдолтой  тул шүүгдэгч С.Ч, насанд хүрээгүй шүүгдэгч А.А нарт холбогдох эрүүгийн хэргийн прокурорт буцаах нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол С.Ч, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заажээ.

Прокурор Б.Батбаяр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар улсын яллагчийн эсэргүүцэлдээ:

“...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь С.Ч, А.А нарт холбогдох 1807000740061 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч захирамж гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Улмаар 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэм буруугийн хурлыг товлон хуралдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна. /Эрүүгийн 1807000740061 дугаартай хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн ердийн болон тусгай журмыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулагдсан/

С.Ч, А.А нарт холбогдох 1807000740061 дугаартай хэргийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан “шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан, яллах дүгнэлтийн хуулбарыг өгсөн эсэхийг шалгах” ажиллагааг явуулж дуусгаад шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааныг түр завсарлуулж, цааш шүүх хуралдааныг үргэлжлүүлэлгүй шууд шүүгчийн захирамж гарган хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.3, 34.15 дугаар зүйл болон 19, 35 дугаар бүлэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч С.Чид 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 108 дугаартай 8 хуудас яллах дүгнэлтийг өмгөөлөгч Д.Мартыг байлцуулан гардуулан өгч яллагдагч С.Чаар гарын үсэг зуруулан өгсөн болох нь Эрүүгийн 1807000740061 дугаартай хэрэгт авагдсан яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл болон анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Чийн “яллах дүгнэлтийг өмгөөлөгчийн хамт гардаж авсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мартын “яллах дүгнэлтийг гардуулахад миний бие байсан. Харин гарын үсэг зураагүй байна” гэсэн тайлбар зэргээр тогтоогдсоор байхад шүүгч уг тайлбар, баримтуудыг анхаарч үзээгүй, тайлбаруудыг үгүйсгэсэн үндэслэлээ дүгнэлтэндээ дурдаагүй байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж байгаа ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталсан нь ойлгомжгүй.

Иймд шүүгдэгч С.Ч, өсвөр насны шүүгдэгч А.А нарт холбогдох Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Прокурор Б.Батбаярын бичсэн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь шүүх хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл буюу урьдчилсан хэлэлцүүлгийн заалтыг баримталж хэргийг буцаасан. 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа яллах дүгнэлтийг өмгөөлөгчийн хамтаар гардуулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж буцаасан. Гэтэл өмгөөлөгчийг байлцуулж яллах дүгнэлтийг шүүгдэгч С.Чид гардуулсан нь хавтас хэрэгт авагдсан үйл баримт, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа. Шүүх энэ хэргийг хэлэлцээд буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-нд заасан журмыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байгаа. Яллах дүгнэлт авсан эсэхийг тодруулах ажиллагаа хийгээд завсарлаж, хэргийг буцааж шийдвэрлэсэн. Мөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эсэхийг асуудлыг шийдвэрлэх, хэрэг хариуцах чадваргүй хүнтэй холбоотой заалтуудыг давхар зөрчиж, хэргийг буцаасан. Тийм учраас эсэргүүцлийг хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдаан хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Шүүгдэгч С.Ч нь Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1250 дугаар дүгнэлтээр сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж заасны дагуу С.Чийн ээж Ш.С хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, мөн хэсгийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтний, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэжээ.

Гэтэл прокуророос сэтгэцийн эмгэгтэй шүүгдэгч С.Чид яллах дүгнэлтийн хувийг хууль ёсны төлөөлөгч болон  өмгөөлөгчгүйгээр гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн бөгөөд энэ зөрчлийг арилгахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Прокуророос “ шүүгдэгч С.Чид 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 108 дугаартай 8 хуудас яллах дүгнэлтийг өмгөөлөгч Д.Мартыг байлцуулан яллагдагч С.Чаар гарын үсэг зуруулан гардуулсан” гэж эсэргүүцэл бичсэн байх боловч хэрэгт буй баримтаас үзэхэд сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй шүүгдэгч С.Чийн мэдүүлэг, яллах дүгнэлт гардуулсан баримтанд гарын үсэг зурагдаагүй өмгөөлөгч Д.Март нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  яллах дүгнэлт хуулийн дагуу гардуулсан гэж үзэх үндэслэлгүй, энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй байна.

  Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж, прокурор Б.Батбаярын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 280 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

О.ЧУЛУУНЦЭЦЭГ