Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0325/З |
Дугаар | 221/МА2023/0558 |
Огноо | 2023-08-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0558
Д.Гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д,
Нэхэмжлэгч: Д.Г
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: Н.М, Г.А, Г.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, **** дүгээр байр ****тоот хаягт байрлалтай 54,88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт хууль ёсны өмчлөгчөөр нэмж бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 523 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д,
Гуравдагч этгээд буюу гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Ш.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2023/0325/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2-т тус тус заасныг баримтлан Д.Гын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, ** дүгээр хороолол *** дүгээр байр *** тоот хаягт байрлалтай 54,88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт намайг хууль ёсны өмчлөгчөөр нэмж бүртгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “...Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хууль буруу хэрэглэв. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 1 хэсгийн 4, тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т бүртгэл үнэн зөв байх тухай заасан. Мөн Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-д эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийхийг улсын бүртгэгчийн үүрэг болгон заажээ. Шүүх хуулийн эдгээр заалтыг хэрэглэсэн бол нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэх байлаа. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дээр дурдсан болон бусад хуулийн нэлээд заалтыг оруулсан байгаа боловч зөв хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий бүртгэгчид гомдол гаргасан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий бүртгэгч гомдлын дагуу Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэлийг хангах мөн нэг үндэслэл юм.
2.2. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу үнэлсэнгүй. Гуравдагч этгээд Н.Мын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд гаргасан мэдүүлэгт нэхэмжлэгчийн нэр бичигдсэн байгаа. Гэтэл улсын бүртгэгч уг нэрийг улсын бүртгэлд бүртгэлгүй орхигдуулсан байгаад шүүх хуулийн дагуу үнэлж дүгнэлт хийсэнгүй. Захиргааны хэрэгт авагдсан бусад бичмэл баримтууд ч нэхэмжлэгч Д.Г нь өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэх эрхтэйг харуулж байгаа.
2.3. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0523 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Д.Гоос Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, **** дүгээр байр ****тоот хаягт байрлалтай 54,88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт хууль ёсны өмчлөгчөөр нэмж бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.3-д “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна”, 13.5. “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд хавсаргах баримт бичгийг тодорхойлон заасан бөгөөд мөн хуулийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө”, 13.10-д “Гэрээ, хэлцэлд оролцогч талууд нотариатчаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна” гэж, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмаар тус бүртгэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.
2.3. Тухайлбал, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог хуулийн зохицуулалттай.
2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх маягтад Д.Гын нэрийг дурьдсан байсан хэдий ч энэ нь тухайн бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй, ... нэхэмжлэгч тухайн өргөдөл гарын үсэг зураагүй болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гуравдагч этгээдээс бүртгэлийн маягтад Д.Гын нэрийг бичсэн байснаа өөрөө дарсан талаар хүлээн зөвшөөрсөн, мөн түүний 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гараар бичсэн өргөдөл зэргээр тус тус нотлогдож байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гуравдагч этгээд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт Д.Гын нэрийг бичсэн боловч түүнийгээ дарсан гэх ба Д.Гын нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх нотлох баримт байхгүй зэргээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэл хийснийг буруутгах үндэслэлгүй.
2.6. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь мэдүүлэг гаргагч Н.Маас хамтран өмчлөгчөөр Г.А, Г.Б нарыг бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэг, түүний өргөдөл, Н.М, Г.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар, “БОК” ХХК-ийн албан бичиг, Н.Мын нэр дээр хийгдсэн Орон сууцны барилга захиалгын гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл технологийн хэлтсийн тодорхойлолт, тухайн орон сууцны фото болон схем зураг зэрэг баримтуудыг хүлээн авч, хуулийн шаардлага хангасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй гэж үзэн, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** дүгээр байр, *** айлын орон сууц, ** дүгээр орц, *** дугаар давхар, *** тоотод 58 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.М, Г.А, Г.Б нарыг бүртгэж, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.8, 13.10, 15 дугаар зүйлийн 15.2, 17, 18 дугаар зүйлд заасантай нийцсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бүртгэлийн ажиллагаа хууль, журмын дагуу зохих ёсоор явагдсан байна.
2.7. Нөгөөтэйгүүр тус үл хөдлөх эд хөрөнгийг “БОК” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулан захиалсан Н.Мын хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэний нэр дээр бүртгүүлэх эрх нь гуравдагч этгээдэд үүссэн буюу түүний хүсэл зоригоос шалтгаалахаар байхад үүнийг шүүхээс даалгах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА