Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 05

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ф” ХХК  

            Хариуцагч: ОАТХ-т холбогдох

          “2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт “Ф” ХХК-д олгохыг ОАТХ-т даалгах, “Ф” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгох, нөхөн төлбөр буюу 6000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх”-ийг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0019/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ф” ХХК-ний захирал H, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Нэмэгдсөн өртгийн албан татварын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болсон. Шинэ хуулийн дагуу орлогын босго 10 сая байснаас 50 сая төгрөг болсон учраас “Ф” ХХК НӨАТ-ын татвар төлөгч биш болсон. Үүнийг ТХ-т 2016 он 03 дугаар сард албан ёсоор мэдэгдсэн. Тийм учраас НӨАТ-ын татвар төлөгчийн жагсаалтаас “Ф” ХХК-ийг хассан. Дараа нь 2013, 2014, 2015 оны тооцоог ТХ-т шалгаж 2 акт гаргаж торгосон. Үүний дараа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Ф” ХХК энэ актыг үзээд НӨАТ-ын илүү төлөлтийн үлдэгдлийг шаардсан. Яагаад илүү төлөлт байсан гэхээр НӨАТ-ыг сар болгон төлдөг. Бодит амьдрал дээр заримдаа татвараа хоцорч төлж торгуулдаг. Тиймээс хоцорсон ч гэсэн албан татварыг төлчихсөн юм чинь биднийг торгох үндэслэлгүй гэж бодоод илүү төлөлттэй явдаг байсан. ТХ 2016 оны данс тооцоог хянаж шалгасан. Бид ТХ-т санхүүгийн бүх тооцооны баримтаа хүргүүлдэг. Гэвч баталгаажуулсан актыг манайд өгөөгүй. 2017 онд тооцооны бүх баримтыг шалгасан. Баталгаажуулсан актыг бид нарт өгөөгүй. 2017 оноос хойш хэд, хэдэн удаа илүү төлөлтөөр төлбөрөө дуусгая гэж бичгээр болон амаар хүссэн. 2019 онд дахиад үүнийг асуусан. 2019 оны 03 сард бичгээр хариу ирүүлсэн. Дандаа хоёр төрлийн хариу ирдэг байсан. Илүү төлөлтийг буцааж авъя гэсэн хүсэлтийн хариуд баталгаажуулах хүсэлт гаргаарай гэдэг байсан. Тооцоог баталгаажуулах хүсэлт гаргасан илүү төлөлтийг буцааж авах хүсэлт гаргаарай гэсэн хариу өгдөг байсан. Ингээд 4 жилийн турш Татварын илүү төлөлтийг манайд буцааж төлөөгүй. 2019 оны 10 дугаар сард ТУБ надад мэдэгдэх хуудас өгсөн. 10 хоногийн дотор манай компанийг өр барагдуулах ёстой гэсэн. 63.463.53 мөнгө байна. Харин ТХ 4 жилийн хугацаанд НӨАТ-т илүү төлсөн 600 000 мянган төгрөгийг манайд өгөөгүй. Гэтэл намайг 10 хоногийн дотор 63.463.53 төгрөг төлөх ёстой гэсэн. Би бичгээр гомдол гаргахаас гадна амаар гомдол гаргасан. ОАТХБ нар хэзээ ч амаар гаргасан гомдлыг тэмдэглэж авдаггүй. Захиргааны тухай хуульд иргэн, компани амаар гомдол гаргах эрхтэй. Амаар гаргасан гомдлыг тэмдэглэж аваад гарын үсэг зуруулах ёстой байдаг. Манай компаний 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх архивыг ТХ шалгасан. Тэгсэн ч гэсэн дахиад тэр санхүүгийн баримтуудыг ирүүлж дахин шалгах хэрэгтэй гэсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д “Төрийн хяналт шалгалтыг хийхэд дараахи зарчмыг баримтална. Үүнд хяналт, шалгалтыг давхардуулахгүй гэсэн байна. Тийм учраас өмнө нь шалгасан бол дараа дахин шалгахгүй гэсэн байгаа. Мөн Захиргааны ерөнхий хууль дараах тусгай зарчмыг баримтлан. Үүнд түргэн шуурхай, тасралтгүй, үр дүнтэй байх гэсэн зарчмыг баримтлана гэж заасан байна. ТХ-ээс өгсөн хариунуудын нэг гол шинж хэзээ ч тодорхой хууль, тушаал, зүйл заалт байдаггүй. Бид хууль тогтоолын дагуу явдаг гэдэг. Гэтэл ямар хууль, ямар заалт хаана байгааг хэн ч мэдэхгүй. Тооцоог баталгаажуулах ёстой гээд байгаа. Энэ шаардлага хаанаас гарч ирээд байгаа юм бэ. Тэнгэрээс ОАТХ дээр буусан юм уу. ОАТХ хуульд үндэслэж шийдвэр гаргадаггүй. Түргэн шуурхай ажилладаггүй. 4 жил чирэгдэл учруулж, хүнд сурталтай байна. Бид ОАТХ-ийн дэргэдэх Маргаан таслах комисст гомдолд гаргасан. Гэвч манайд бичгэн хариу ирээгүй. Аман хариу ирсэн. Энэ акт байхгүй гэсэн. Тийм учраас манай зөвлөлийг цуглуулж болохгүй гэсэн. ТХ-ээс гаргасан шийдвэр нь акт мөн. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байна. Тэгэхээр ТХ-ийн энэ хуудас бол захиргааны акт мөн. Гадагшаа чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон. Биднийг 10 хоногийн дотор 63.463.53 төгрөг төлөх ёстой гэсэн мэдэгдэл бол захиргааны акт мөн байна. Тиймээс ОАТХ-ийн дэргэдэх маргаан таслах комисс энэ маргааныг шийдэхгүй байх ямар үндэслэл байгааг мэдэхгүй байна.  Бидэнд бас хариулахдаа тооцоог баталгаажуулах хүсэлт гаргаарай гэсэн хариу өгсөн. Энэ бол бас захиргааны акт юм. Татварын байгууллагаас гаргасан шийдвэр нь гадагшаа чиглэсэн, бодит үр дагаврыг бий болгосон байна. Би ТХ-т илүү төлсөн мөнгөө авъя гэсэн хүсэлт гаргасан. Миний хүсэлтэнд өгсөн хариу нь шууд үр дагавар бий болгосон. Мөнгийг чинь өгөхгүй. Дахиад нэг хүсэлт гаргах ёстой гэж байна. Энэ бас Захиргааны акт юм. ТХ-ийн акт нь үндэслэлгүй болгох бас нэг үндэслэл байгаа. Нэгдүгээрт илүү төлөлтийг буцааж авахын тулд баталгаажуулах хүсэлт гаргах ямар ч шаардлагагүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Нийтлэг журам дурдсан. Энэ ямар журам нь илүү төлсөн татварыг суутгасан, буцааж олгосон бүртгэлийг хөтлөх, хянах журам гэж байгаа. Тэр журам одоо хүртэл хүчин төгөлдөр болоогүй байна. Татварын Ерөнхий газрын дарга үүнийг баталгаажуулаагүй. Нэхэмжлэгч нь НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасагдсанаас хойш ТХ-т 2 удаа татвар төлөхийг шаардсан. Тэгээд хариуцагч 2.2-д заасан Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Хувь хүний орлогын албан татварын илүү төлсөн татварыг буцааж олгохоор тусгайлан баталсан журмыг дагаж мөрдөнө гэсэн. Тийм учраас тэр журам дотор баталгаажуулах гэсэн журам байхгүй байна. Баталгаажуулах гэсэн ямар журам байдаг нь одоо хүртэл тодорхойгүй явсаар 4 жил болж байна. Тийм учраас алдаа гаргасан байна. Тооцоо шалгаж, баталгаажуулах акт гэж ерөөсөө байхгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуульд 47.1-т захиргааны акт ил хууль бус болох үндэслэлийг заасан байна. 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байна. 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн хүчингүй болгоно” гэж заасан байна. Тиймээс хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хариу илт хууль бус захиргааны акт учраас гарсан цагаасаа эхэлж үйлчлэхгүй, хүчингүй болох ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 40.2,3,4-д зааснаар Захиргааны байгууллага захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах ёстой байсан. ТХ-ийн актууд дээр нэр хаяг байхгүй, гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заадаггүй. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хариу нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хариуг буруу гэж дүгнэсэн. Мэдээж захиргааны байгууллагын нэр хаяг, гомдол гаргах хугацаагаа заагаагүй байна. Тийм учраас хуульд заасан утга агуулгыг агуулаагүй байна. Тийм учраас ТХ-ийн актууд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна. ТХ намайг 63.463.53 төгрөгийн өр барагдуулаарай гэсэн. Харин би илүү төлөлтөөс татварын өрийг суутгаж бидний өрийг барагдуулаарай гэж хэлж байсан. Тэгээд хариулсан байна. Тэрний хариу үндэслэлгүй байсан гэж хэлмээр байна. Татварын илүү төлсөн төлөлтөөс татварын өрийг суутгаж авах журмыг ТХ-т хэрэгжүүлээгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин 2 дахь шаардлага болох “2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулсан төлөлтийг баталгаажуулсан актыг ТХ-ээс гаргаж манай компанид олгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.“Ф” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулахгүй, дахин хүсэлт шаардлага тавихгүй, НӨАТ-ын илүү төлөлтөөс татварын өрийг барагдуулж үлдэгдлийг хувь хүнд олгосон орлогоос татварын данс руу шилжүүлж НӨАТ-ын дансыг үлдэгдэлгүй болгохыг шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлага хэвээрээ. Хугацаа нэмсэн байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор тэр мөнгийг шилжүүлж өгнө үү гэж. Мөн нөхөн төлбөр буюу 6000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа.” гэв.                         

Хариуцагч ОАТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ф” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба хууль зүйн үндэслэлгүй, Татварын ерөнхий хууль болон түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмыг зөрчиж байна хэмээн үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудас нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг юм. Тус хуулийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид тэмдэглэл гэх/ үйлдэнэ.” гэж заасан бөгөөд татварын өрийг мэдэгдэх хуудсаар хураан барагдуулах тухай зааврыг Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 154 дугаар тушаалаар баталсан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан зааж хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. “Ф” ХХК-д холбогдох нэмэгдсэн өртгийн илүү төлөлтийг баталгаажуулахаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хугацаатай томилолтыг үүсгэсэн бөгөөд захирлын иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014-2016 онуудад хамаарах санхүүгийн баримтуудыг тус хэлтэст авч ирэх шаардлагатайг албан бичгээр мэдэгдсэн.

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт татварын улсын байцаагчийн актаар баталгаажсан тохиолдолд бусад татварын өрөнд суутгах, татвар төлөгчид буцаан олгох нь Татварын ерөнхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу шийдвэрлэгдэх боломжтой.

            Татварын алба, түүний албан хаагчид нь хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аливаа хууль зөрчсөн, бусдад ямар нэгэн хохирол учруулсан гэж үзэхгүй байгаа тул татвар төлөгч этгээдэд аливаа нэгэн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч ОАТХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын Ерөнхий хуулийн 28-р зүйлд Татварын албаны бүрэн эрх, 29-р зүйлд Татварын Улсын байцаагчийн бүрэн эрхийн тухай заасан байдаг. Мэдэгдэх хуудас бол хууль тогтоогчдын баталсан хууль, дүрэм, журмын дагуу ТУБ нарын өдөр тутамдаа хийдэг хэдэн зуугаар нь эрхийн акт. Энэ бол аливаа нэгэн зөрчил үүсгэхээс урьдчилан сэргийлсэн давуу онцлогтой. Монгол Улс хууль, эрх зүйн хувьд бусад улсыг бодвол арай онцлог хуулийн тогтолцоотой. Үүнийг дагаж мөрдөх ёстой. Нэхэмжлэгч 4 жил хүлээсэн гэж байна. Та өөрөө үүргээ биелүүлэхгүй байгаа учраас 4, 5 жил хүлээсэн байна. Татварын Ерөнхий хуулийн 33-р зүйлд Татварын Улсын байцаагчийн үйлдэх баримт бичгийг тодорхой хуульчилж өгсөн байна. Мэдэгдэх хуудас бол таныг Татварын өртэй байна, хуульд заасны дагуу Татварын өр төлбөрөө төлнө үү гэсэн баримт бичиг байгаа. Таны цаашдын нэр хүнд, эрх ашигт ноцтой халдсан ажиллагаа биш. Таны ойлгож байгаагаар Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй учраас төлөх шаардлагагүй гэж байх шиг байна. Татварын алба бол Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх хууль хэрэгжүүлэгч байгууллага юм. Нэг ч хууль зохиохгүй, нэг ч хууль батлах эрхгүй. Хууль хэрэгжүүлэх байгууллагаас баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллага. Төрийн албан хаагч хууль журмыг дээдлэх тангараг өргөсөн байгаа. Мэдэгдэх хуудас өгснөөр таны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн асуудал байхгүй. Мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосноор таны эрх ашиг, нэр төр сэргэнэ гэсэн ойлголт байхгүй. ТУБ ажил үүргээ хэрэгжүүлж танд мэдэгдэх хуудас өгсөн байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан. Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага нь 6000 төгрөг гаргуулах байгаа. Аливаа нэг төрийн байгууллага хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, харьяа агентлагийн дарга нарын дотооддоо мөрдөх ёстой журмуудыг бүх төрийн байгууллага дагаж мөрдөх ёстой. Энэ нь ямар зорилго агуулгатай вэ гэхээр хэн, нэгэн татвар төлөгч, үйлчлүүлэгчийнхээ ямар ч суурь эрх ашгийг зөрчихгүй байх үндсэн зорилготой. Тийм учраас аливаа нэг Төрийн байгууллагын ажилтан үйл ажиллагаа явуулсныхаа төлөө бусдад хохирол учруулна. Тэгэхээр энэ хохирлыг төр, төрийн байгууллага ямар нэгэн байдлаар барагдуулж байх зорилгоор тусгайлсан танд зарцуулах мөнгө батлагдахгүй. Тийм учраас нөхөн төлбөрийг барагдуулах 6000 төгрөг бидэнд байхгүй. Бид бүхэн ажлаа хийснийхээ төлөө нөхөн төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. ТУБ хуульд заасныхаа дагуу ажлаа хийсэн байна. Татварын алба “Ф” ХХК-ийн илүү төлсөн төлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа.

Татварын Ерөнхий хуульд мэдэгдэх хуудсанд заасан өр төлбөрийг татвар төлөгч төлчихсөн байвал өр төлбөргүй байна. НӨАТ-ын баталгаажуулалт хийлгэх хүсэлт гаргаад таны өр төлбөр барагдана. Үлдсэн мөнгө нь таны дансанд орно. Татварын ерөнхий хуулийн 34.1-д татвар төлөх тайлангийн эцсийн хугацаа 1 өдөр байдаг. Та тайлангаа гаргаад шууд төлөх ёстой байсан. Дараа төлнө гэж бодож болохгүй. Та эцсийн хугацаандаа багтаагаад татвараа төлчихсөн байх ёстой. Тийм учраас ТУБ мэдэгдэл өгсөн. Татвараа төлчихсөн байсан бол 63.463.53 төгрөг суутгуулна гэж ярьж зогсохгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.1-д “Албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ” гэж заасан байгаа. “Ф” ХХК-ийн ганцаараа Татварын албанаас буцаан олголт авдаггүй. Бусад аж ахуйн нэгжүүд бас буцаан олголт авдаг. Буцаан олголт авах гэж байгаа бол Татварын албанд бичгээр хүсэлт гаргаарай гэсэн шаардлага тавьдаг. Бичгээр хүсэлт өгөхгүй гэж явсаар байгаад өдий хүрсэн. Та буцаан олголтоо авъя гэж байгаа бол хүсэлтээ өг гэхээр хүсэлт өгөхгүй. Манай илүү төлөлттэй байгаа учраас танайх 10 хоногийн дотор миний илүү төлөлтийн буцаан олголтыг өг гэдэг байдлаар хандаж ирсэн. Бид бол энэ хүнийг ойлгоод байгаа. Татварт илүү мөнгө төлсөн байна. Тэр илүү төлсөн мөнгө авна, мөн илүү төлсөн мөнгөнөөсөө татварын өрөө суутгуулах гээд хүсээд байгааг нь ойлгож байгаа. Гол нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Манайд хүсэлт гаргахгүй, албан шаардлага гаргаад яваад байгаа. Гол нь хуульд заасан буцаан олголт авах хүсэлтээ өгөхгүй байна. Бид нар зөвлөгөөн хийж байгаад ерөөсөө энэ бичгийг чинь хүсэлт гээд бодчихъё гэхээр яг хүсэлт гаргаж байна гэсэн зүйл байхгүй, гомдож байна, шаардаж байна гэсэн утгатай зүйл бичиж өгдөг. Үүнийгээ хүсэлт гэж ойлгоод Татварын Ерөнхий газар руу явуулсан байна. Өөрөө ч гэсэн Татварын Ерөнхий газар дээр очиж уулзсан. Татварын Ерөнхий газраас манай ажлыг шалгадаг. Та нар хүсэлт гаргаагүй байхад яагаад аж ахуйн нэгжүүдийн илүү төлөлтийг баталгаажуулаад байгаа юм гэж. Бид Татварын Ерөнхий газарт энэ бичгийг нь хүсэлт гэж үзээд илүү төлөлтийг нь олгочих уу гэж зөвшөөрөл авсан. 2016, 2017 оны баримтуудыг аваад ир гэж шаардсан. Энэ баримтуудыг авчирвал зарим зүйлийг тодруулъя гэсэн. Татварын шалгалт хийх хугацаа 5 жил  байдаг. Бүхэлд нь, хэсэгчлэн, иж бүрэн шалгана гэж Татварын хуульд заасан байгаа. Үүнийг Татварын алба өөрөө хүсч шалгадаг юм. Таны хүсэл зориг үүнд хамаарахгүй. Манайх Ерөнхий газраас зөвшөөрөл авч баталгаажуулаагүй байсан бол өнөөдөр манайхыг баталгаажуулалтыг хийж өгөхийг даалгаж өгнө үү гээд шүүхэд өгч шүүхээс ямар шийдвэр гарах байсныг бид мэдэхгүй. НӨАТ-ын илүү гарсан төлөлтийг олгоход баталгаажуулах акт үйлдэж Татварын Ерөнхий газар руу хүргүүлсэн. Татварын баталгаажуулах акт үйлдсэнээс хойш 45 хоногийн дотор Сангийн яам мөнгийг нь шилжүүлнэ гэсэн журам байгаа. Тэгэхээр баталгаажуулалтын акт манайхаас гаргаад Татварын Ерөнхий газар руу явуулсан. Татварын Ерөнхий газар Сангийн яам руу хүргүүлсэн байгаа. Төсвөөс мөнгө буцаж гарна гэдэг бол маш том асуудал. Өнөөдөр акт явуулаад маргааш мөнгө гаргаад өгчихдөг асуудал байхгүй. Жилийнхээ төсвийг өмнөх жил нь баталчихсан байдаг учраас шууд мөнгө гаргана гэсэн ойлголт байхгүй. Ийм л процесс явагдаж байгаа. Хүсэлт гаргаагүй байхад илүү төлөлтийг нь баталгаажуулж өгсөн. Нэхэмжлэгч магадгүй 1, 2 жилийн өмнө хүсэлт гээд ойлгочихгүй яасан юм гэж тайлбарлаж магадгүй. Татварын алба бол шат дараалалтай ажиллагаа хийсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                                                                               ҮНДЭСЛЭХ нь:  

            Нэхэмжлэгч “Ф” ХХК ОАТХ-т холбогдуулан “ОАТХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгох, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт “Ф” ХХК-д олгохыг ОАТХ-т даалгах, “Ф” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгох, нөхөн төлбөр буюу 4500 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх тухай нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргасан бөгөөд

            нөхөн төлбөр 4500 төгрөгийн хэмжээг 6000 төгрөг болгон ихэсгэсэн ба нэхэмжлэлийн “Ф” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгохыг 10 хоногийн дотор шийдвэрлэж өгнө үү” гэж өөрчилсөн болно.

            1. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч  “Ф” ХХК “2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт “Ф” ХХК-д олгохыг ОАТХ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ. 

            Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх хэсэгт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэлээ.

            2. “ОАТХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

            ОАТХ-ийн даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/13 дугаар тушаалаар “Ф” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан, нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байхдаа НӨАТ-ыг илүү төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдлоо.

            ОАТХ 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-аар  “Ф” ХХК-ийг хувь хүний орлогын албан татвар 63463.53 төгрөгийг 10 өдөрт багтаан төлөхийг шаардсан ба нэхэмжлэгч илүү төлсөн НӨАТ-аас суутгаж тооцохгүйгээр 10 хоногт багтаан төл гэж ТХ шаардсан нь буруу гэж маргасан болно.

            Татварын Ерөнхий хуулийн /2008 оны/ “Татварын улсын байцаагчийн бүрэн эрх” гэсэн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “ татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавалгаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ.”, 33.2-д “Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг ... тусгагдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

             ТХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” нь дээрхи хуулийн заалтуудтай нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт гэж шүүх үзлээ. 

            Харин нэхэмжлэгч компани нь дээрхи мэдэгдэх хуудас түүнд дурдсан төлбөрийн хэмжээний талаар маргаагүй ба төлбөр төлөх арга журмын талаар өөрөөр хэлбэл НӨАТ илүү төлсөн 658.370.9 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвараар оногдуулсан 63.463.53 төгрөгийг суутган тооцуулах хүсэлттэй байгаа нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараар тогтоогдлоо.

            Иймээс ОАТХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн

дотор “Ф” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт

шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар олгоно.”, 15.1.1-д “албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ.” 15.1.2-д “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянаж баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.

            Дээрхи хуулийн заалтуудын дагуу ОАТХ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/218 дугаар албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/174 дугаар албан бичгүүдээр нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгоход Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн илүү төлөлтийг шалгаж баталгаажуулсан актыг үндэслэдэг учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг шалган баталгаажуулах хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

            Хэдийгээр “Ф” ХХК нь хуулинд заасан шаардлагыг хангаж хүсэлтээ ирүүлээгүй боловч нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20001918 дугаар актаар баталгаажуулж, уг актыг хянуулахаар Татварын ерөнхий газарт хүргүүлсэн болох нь ОАТХ-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/1097 дугаар албан бичгээр тогтоогдлоо.

            Мөн Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ыг баталсан байна.

            Журмын “Албан татварыг буцаан олгох, бусад татварын өрөнд суутган тооцох” гэсэн 5 дугаар зүйлийн 5.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.4, 4.5-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:” 5.1.1-д “ Төсвийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж нь саналыг хүлээн авснаас хойш ажлын 40 хоногт багтаан саналыг хянаж, буцаан олголт хүссэн этгээдэд албан татвар буцаан олгох болон бусад татварын өрөнд суутган тооцох санхүүжилтийн эрхийг нээн, санхүүжилтийн мэдэгдлийг дөрөвдүгээр хавсралтын дагуу бичиж, санхүүжилт хариуцсан Төрийн сангийн нэгжид хүргүүлнэ.” гэж тус тус журамлажээ.

             ОАТХ нь хуульд заасны дагуу нэхэмжлэгч компанийн НӨАТ илүү төлснийг баталгаажуулан акт гарган төрийн захиргааны төв байгуулагад хүргүүлсэн ба Сангийн сайдын 333 дугаар тушаалаар баталсан журмын дагуу Татварын ерөнхий газар, Сангийн яам НӨАТ-ын илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.

            Иймээс нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн ОАТХ-т холбогдуулан гаргасан 3.         “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор “Ф” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

            4. Нөхөн төлбөр 6000 төгрөгийг ОАТХ-ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч “Ф” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаа нотириатаар батлуулсан гэж нөхөн төлбөр 6000 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжилсэн.

            Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас хариуцагч захиргааны байгууллагаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлсэн материалуудын хуулбар болон нотариатаар баталгаажуулахад зарцуулсан 6000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй болно.

            Харин нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4500 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф” ХХК-ний “2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт “Ф” ХХК-д олгохыг ОАТХ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг  баталж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.4, 54 дүгээр зүйлийн 54.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “ ОАТХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгох”, “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор “Ф” ХХК-д дахин хүндрэл чирэгдэл учруулалгүй, дахин хүсэлт шаардалгүй нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс бусад татварын өрийг барагдуулж, үлдэгдлийг нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын данс руу шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын дансыг үлдэгдэлгүй болгох”, “нөхөн төлбөр 6000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч “Ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74700 төгрөгнөөс илүү төлсөн 4500 төгрөгийг төрийн сангийн 1165117377 дугаар данснаас гаргуулж “Ф” ХХК-д буцаан олгож, үлдсэн 70200 төгрөгийг  Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА