Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 130

 

                           Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 3-9 тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох

NР10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Г. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240 000 төгрөгийн үнэтэй, NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай худалдаж авахдаа урьдчилгаанд 20 000 төгрөг төлсөн.

Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө 12 сарын хугацаанд төлөх ба сар бүрийн 17-ны өдөр 20 000 төгрөг төлж байх ёстой байсан.

Гэтэл Г. үлдэгдэл төлбөр 120 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтгүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход 60 000 төгрөг болж байна. Иймд Г.ээс нийт 180 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Шүүхийн шатанд хариуцагч Г. 120 000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 60 000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Г.ээс NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 120 000 төгрөг болгон багасгаж, 60 000 төгрөгийн алдангиас татгалзсан.

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Г.ээс NP10 төхөөрөмжийн үнэ 180 000 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх үүсч байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Г.ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-7-8/

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч Г. NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 411028 дугаар  төлбөрийн баримтын хуулбар хувиар нотлогдож байна.

Хариуцагч Г.Наранэгэрэл NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болдог тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 6 050 төгрөгийн 50 хувь болох 3 025 төгрөгийг хариуцагч Г.ээс, 3 025 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:     

1. Хариуцагч ******* овогт *******ийн NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120 000 төгрөгийг /нэг зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгөөс 3 025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг улсын орлогоос, 3 025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг хариуцагч Г.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                             ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС