Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/880

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

иргэдийн төлөөлөгч Д.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шинжээч Н.Э /цахимаар/,

насанд хүрээгүй гэрч У.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ш овогт З-ийн Г-ад холбогдох эрүүгийн 2108000630024 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д ш овогт З-ийн Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ээж Б.У-ийг согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож  түүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулж, хүнийг санаатай  алсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ээжтэйгээ хамт амьдардаг байсан ба ээж хааяа архи уудаг байсан. Тухайн өдөр сэтгэл санаа огцом  болоод хийсэн үйлдлээ сайн санахгүй байна. Биеэ барьж чадаагүй юм. Би өмнө ээжийгээ зодож байсан удаагүй. Би ээжийг өшиглөөгүй, 2-3 удаа нүүр  лүү нь цохисон. Сэтгэл санаа цочролд ороод  тэгсэн. Болсон явдлыг бүгдийг сайн санаж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэргийн тухайд гомдол санал байхгүй. Г нь багадаа аваарт орж тархины  суурь ясны хугарал өвчтэй болсон. Хууч өвчин нь хэрэг гарахад нөлөөлсөн байх. Энэ хүүхдээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гуйх юм нь гэвэл энэ хүүхдийг шоронд явуулахгүй байх тал дээр анхаарч өгнө үү” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй гэрч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ээж гарч яваад орж ирэхдээ согтуу орж ирсэн. Агаа “хэнтэй архи уусан бэ” гэж асуухад ээж “би архи уугаагүй” гэж хэлж ахын уурыг хүргэсэн. Тэгээд агаа ээжийн хацар луу нэг удаа цохисон. Тэгээд ээж “яагаад байгаа юм бэ” гэхэд агаа газар унагасан. Үүний дараа гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд агаа ээжийг босгож ирээд дахин газар унагасан. Тэгээд ээж босож ирээд орон дээр хэвтсэн. Тухайн үед нүүр нь хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Маргааш нь сэрэхэд ээж газар уначихсан, ам, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Агаа сэрж эмнэлэг дуудаж өгсөн. Агаа ээжийн нүүр лүү цохисон, ор луу шидээгүй, нүүрэн дээр нь дэвсээгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шинжээч эмч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишлын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан. Өөрөөр хэлбэл тархины гэмтлийн хүндрэлээр нас барсан. Амь хохирогч Уийн биед учирсан гавал тархины гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогч тархиндаа гэмтэл авсны дараа эмнэлэгт ухаангүй ирсэн. Шаардлагатай эмчилгээнүүдийг хийхэд сэргээгүй. Хожимдож эмнэлэгт ирсэн гэсэн үг. Тархины няцралтай болсон учраас амьд гарах боломж муу байдаг. Эмнэлэгт удаан хэвтсэнээс болж уушгины зогсонгшил үүссэн. Зогсонгшил үүсээгүй ч гэсэн  амьд гарах боломж  бага. Хохирогч нь ухаангүй байдалтай байсаар байгаад нас барсан байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,     

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын “ ... Манай эгч У нь гурван хүүхэдтэй айлын том нь байгаа юм. ...Ах дүү нараас надаас өөр ирэх хүн байхгүй учир би хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. У нь З гэх хүнтэй 1995 оны орчин гэр бүл болж том хүү Г 1996 онд төрсөн. ...Миний мэдэхээр У эгч хүү Г-тайгаа энгийн ээж хүү шиг л харилцаатай байдаг байсан. ...Манай зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17х/,

Насанд хүрээгүй гэрч У.Г-ын:

-2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр: “ ...Би ээж У, эгч Г, ах Г нартай хамт амьдардаг. Өчигдөр манай ээж У гэрээс гарч явсан, удалгүй гэртээ ирсэн. Гэрт буцаж ирэхдээ халамцуу ганцаараа ирсэн. Би ээжийг архи уусан  байгааг нь байгаа  байдлаар нь хараад мэддэг. Ээжийг баруун талын орон дээр сууж байхад Г ах  цээж рүү нь хөлөөрөө нэг удаа  өшиглөсөн. Ээж  толгойн ар хэсгээрээ  орны  модон  түшлэг мөргөсөн. Манай ээж  цээжээ гараараа тэврээд хэвтээд байсан. Тэгээд ээж  гарч бие засчхаад орж ирээд  Г ахыг  утсаар ярьж байхад нь  “чи дэмий тэнэдэг хэн бэ,  гадуур коронатой байхад  корона авчихвал дэмий шүү архичин минь”  гэж хэлэхэд Г ах  утсаа салгаад  ээжийн нүүр лүү  гараараа 2 удаа цохисон. Ээж нүүр лүүгээ цохиулчхаад  орон дээр хэвтээд уйлсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26х/,

-2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр:  “...Тэр өдөр би Г ах, ээж, У нартай байж байсан чинь Д гэдэг ах орж ирээд ээжийг дагуулаад гараад явсан. Агаа бид хоёр гэртээ байж байсан чинь ээж согтуу ганцаараа орж ирсэн. Г ах “Чи муу хаашаа алга болчхоод ирж байгаа юм бэ” гээд ээжийг заамдаж аваад хажуу тийшээгээ орны тийшээ шидчихсэн. Тэгсэн чинь ээж орны урд газарт унасан, толгойгоороо газар унасан. Тэгсэн чинь Г ах ээжийн араас очиж нуруу руу нь өшиглөх үед ээж эргээд харж таарч Г ах ээжийн гэдэс рүү 2,3 удаа өшиглөөд, ээжийг өргөж босгож ирээд гараараа шанаа руу нь нэг удаа цохисон. Ээжийн хамраас цус гараад гоожсон. Тэгээд ээжийг тавьсан чинь ээж газарт унаад өгсөн. Ээжийг газарт хэвтэж байхад толгой руу нь хөлөөрөө 3 удаа дэвссэн. Тэгсэн чинь ээжийн хамар, амнаас цус гарсан. Г ах ээжийн ор руу өргөж шидчихээд өөрөө унтаад өгсөн. Тэрнээс хойш ээж босоогүй ба би унтаад өгсөн. Өглөө нь боссон чинь ээжийн амнаас аймар их цус гарчихсан байсан, ээж таталт өгөөд байсан. Хөл нь татаад байсан. ...Ээж гэртээ байхдаа эрүүл байсан бие нь өвдөөгүй байсан. Тэгээд гарч яваад орж ирэхдээ халамцуу орж ирсэн, тасраагүй, зодуулаагүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28х/,

-2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр: ...Тухайн хэрэг болдог өдөр манай ээж Б.У өдөр гэрээс нэг ахтай хамт гарч яваад орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирэхэд З.Г ах бид хоёр хоол хийгээд байж байсан. З.Г ах ээжийг архи уугаад согтуу орж ирлээ гээд гэдэс рүү нь хоёр гурван удаа цохиж, хөлөөрөө цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд өргөж босгож ирээд гараараа шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд өглөө босоод ирсэн чинь ээж орноосоо уначихсан хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд ах түргэн дуудаад эмнэлэг авч явсан. Ээж Б.У нь тухайн үед орны модон түшлэг толгойгоороо мөргөж унахдаа толгойгоороо унасан. Тухайн үед З.Г ах ээж Б.У-ийн  нүүрэн тус газар нь  гараараа  1, 2 удаа цохиж  байх шиг байсан. Би яг хэдэн удаа   гэдгийг хэлж мэдэхгүй байна. З.Г  ах ээжийг газар хэвтэж байхад нь толгой руу нь хөлөөрөө гурван удаа дэвсэж байсан. Харин би анх мэдүүлэг өгөхдөө хэлэхээ мартсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 6-7х/,

Насанд хүрээгүй гэрч З.Г-гийн: “...Манай ээж У, ах Г нар ердийн үедээ хоорондоо маргалдаж муудалцаад байдаггүй. Манай ах Г-ын өмнө үерхэж байсан найз охинд нь ээж дургүй ахыг нийлж архи уудаг, чамайг уруу татдаг гэх мэт зүйлс хэлэхэд Г ах уурлаж их дургүйцдэг байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ээж Г ахыг утсаар ярьж байхад нь ээж нэг юм хэлэх шиг болсон. Би яг юу гэж хэлснийг нь анзаарч сонсоогүй. Агаа “хөөш гичий минь амаа хамхи” гэж хэлээд ээжийн нүүр лүү нь гараараа цохих гэх үед ээж гараараа нүүрээ хамгаалсан ба Г ахыг 4-5 удаа гараараа цохисон, сүүлд харахад ээжийн зүүн гарын сарвуу орчимд нь хавдсан байсан. ... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Г ахын найз охин У ...ээжийг гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орж байгаа, яг одоо гэмтэл дээр хүрээд ирэх боломж байна уу гэж асуухаар нь гэмтлийн эмнэлэгт 16-17 цагийн орчим очсон. ...Би өнөөдөр гэмтлийн эмнэлэгт очсоны дараа гэртээ очсон ба манай ээжийн унтдаг хэсэгт цус болсон, мөн ээжийн унтдаг орны урд газар дэвссэн байдаг шаргал өнгийн хивсэн дээр цус болсон, мөн ээжийн унтдаг орны дээд хэсэгт буюу толгой тавьж унтдаг хэсэгт цус болсон байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31х, 32-33х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 545 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

“...Б.У-ийн биед зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн  тархины эдийн  гүн дэх  цусан хураа, нүүрний  зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай  тул гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна.  Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь  эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” /1хх-ийн 41-43х/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 283 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

“1. Талийгаач Б.У-ийн цогцост тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн хажуугийн ховдлын урд эврийн хананы тархины эд, тархины багана хэсгийн тархины эдийн цус харвалт, зөөлрөл, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 4. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилийн шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь ГССҮТ-н өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр О (I) бүлгийн цустай байна. 7. Талийгаачид шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ба амь нас аврагдах боломж муутай байжээ...” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 46-59х/,

Шинжээч Н.Э-гийн: “...талийгаач нь гавал тархины  битүү гэмтэл болох  зүүн тал  бөмбөлгийн тархины эдийн цусан хураа,  зүүн тал бөмбөлгийн  хажуугийн  ховдлын урд эврийн хананы тархины эд тархины багана  хэсгийн  цус харвалт гэмтэл тогтоогдсон. Дээрх гавал  тархи нь мохоо зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /2хх-ийн 4х/,

Шүүгдэгч З.Г-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд ээж У гэрээсээ эрүүл байдалтай гарч яваад орой 22 цаг 30 минутын орчимд гэрт орж ирэхдээ согтуу байдалтай орж ирсэн. Ээжийг харахад жаахан гуйвсан байдалтай боловч бүр тасарчхаагүй халамцуу байдалтай орж ирж байсан. ...Ээж У нь орж ирэнгүүтээ намайг хараад “Чи юугаа хийж сууж байгаа юм, зайлаач” гэх хэлэхээр нь би “Зайлнаа, угаасаа удахгүй зайлна” гэж хэлсэн чинь ээж У над руу “Яг одоо гараад зайл” гэж хэлэхээр нь би уурлаад бид хоёр хэрэлдсэн. ...Миний уур хүрээд ээжийн нүүрэнд нь гараараа хоёр удаа алгадаж аваад, гараа зангидаж байгаад нүүрэнд нь зүүн шанаа орчимд нь нэг удаа цохиж авсан. Тэгтэл ээж миний өөдөөс “Чи яг одоо зайл” гэж хэлэхээр нь би гараа зангидаж байгаад дахиад нэг удаа зүүн шанаа орчимд цохиж авсан чинь ээж баруун тал руугаа газар руу унаад өгсөн. Ээж газарт уначхаад дуугарахгүй байгаад байхаар нь би ээжийг өргөж гэрийн хойд талын буйдан дээр хэвтүүлчхээд “Ээж намайг уучлаарай” гэж хэлсэн. ...Унтаж байтал ээж шөнө хурхирч байгаа юм шиг эвгүй дуугараад байсан. Тухайн үед надад ямар нэгэн юм бодогдоогүй учир тэгээд унтсан. Маргааш өглөө нь сэрээд харахад ээж буйдангаас уначихсан газарт хэвтэж байсан. Би ээжийг өргөөд орон дээр хэвтүүлсэн чинь ээжийн хоёр гар нь татчихсан байдалтай байхаар нь би гэрээс гараад 103 дуудаж үзүүлээд эмч ирээд гэмтэл рүү авч явсан юм. ...Би ээжийн нүүрэнд эхлээд гараараа хоёр удаа алгадсан. Дараа нь гараа зангидаж байгаад нүүрэнд нь зүүн шанаа орчимд нэг удаа цохиж авсан чинь намайг зайл гэж хэлэхээр нь дахин гараа зангидаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Хамгийн сүүлд ээжийг цохиж авахад ээж баруун тал руугаа унаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99х/

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 23 дугаар дүгнэлт: “З.Г нь Бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. З.Г-ын дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно, З.Г нь гэмт хэрэг үйлдэх /үйлдэгдэх/ үед Бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна, З.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, З.Г нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна, З.Г нь хэрэг хариуцах чадвартай байна, З.Г нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 66-68х/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 398 дугаартай: У.Г нь одоогоор сэтгэцийн  эмгэгтэй гэх шинж тэмдэг үгүй байна. У.Г нь  үзсэн харсан сонссон зүйлээ өөрийн насны түвшинд тусган  авч үгээр  болон үйл хөдлөлөөр илэрхийлэх чадвартай  байна. У.Г нь сэтгэхүйн  хөгжлийн хоцрогдолгүй байна” гэх дүгнэлт /1хх-ийн 249-250х/,

Шүүгдэгч З.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 116х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 121х/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч З.Г-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэж,

Иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй” гэж,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч “... З.Г-ын үйлдэлд алъя гэсэн санаа зорилготой байсан нь нотлогдож тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Г-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч З.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ээж Б.У-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, согтолттой  орж ирсэн энэ байдалд нь дургүйцэн амь хохирогчийг өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг  мэдсээр байж түүний нүүр, шанаа руу нь цохих, газар унагаах, гэдэс рүү нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсоны улмаас Б.У-ийн биед “зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн  тархины эдийн гүн дэх цусан хураа, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг алсан болох нь:

Насанд хүрээгүй гэрч У.Г-ын: “...Би  ээж У,  эгч Г, ах Г нартай хамт амьдардаг. Өчигдөр манай ээж  У  гэрээс гарч явсан, гэрт буцаж ирэхдээ халамцуу ганцаараа ирсэн. Агаа “хэнтэй архи уусан бэ” гэж асуухад ээж “би архи уугаагүй” гэж хэлж ахын уурыг хүргэсэн. Тэгээд агаа ээжийн хацар луу нэг удаа цохисон,  газар унагаасан. Үүний дараа гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд агаа ээжийг босгож ирээд дахин газар унагасан. Тэгээд ээж босож ирээд орон дээр хэвтсэн. Тухайн үед нүүр нь хавдсан, хамраас нь цус гарсан байсан.Тэгээд унтацгаасан ба сэрэхэд ээж газар унасан байсан, гар хөл нь татаад байсан чинь агаа түргэн дуудсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-27х, 2хх-ийн 6-7х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Насанд хүрээгүй гэрч З.Г-гийн: “...Манай ээж У, ах Г нар ердийн үедээ хоорондоо маргалдаж муудалцаад байдаггүй. Манай ах Г-ын өмнө үерхэж байсан найз охинд нь ээж дургүй ахыг нийлж архи уудаг, чамайг уруу татдаг гэх мэт зүйлс хэлэхэд Г ах уурлаж их дургүйцдэг байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ээж Г ахыг утсаар ярьж байхад нь ээж нэг юм хэлэх шиг болсон. Би яг юу гэж хэлснийг нь анзаарч сонсоогүй. Агаа “хөөш гичий минь амаа хамхи” гэж хэлээд ээжийн нүүр лүү нь гараараа цохих гэх үед ээж гараараа нүүрээ хамгаалсан ба Г ахыг 4-5 удаа гараараа цохисон, сүүлд харахад ээжийн зүүн гарын сарвуу орчимд нь хавдсан байсан. ... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Г ахын найз охин У ...ээжийг гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орж байгаа, яг одоо гэмтэл дээр хүрээд ирэх боломж байна уу гэж асуухаар нь гэмтлийн эмнэлэгт 16-17 цагийн орчим очсон. ...Би өнөөдөр гэмтлийн эмнэлэгт очсоны дараа гэртээ очсон ба манай ээжийн унтдаг хэсэгт цус болсон, мөн ээжийн унтдаг орны урд газар дэвссэн байдаг шаргал өнгийн хивсэн дээр цус болсон, мөн ээжийн унтдаг орны дээд хэсэгт буюу толгой тавьж унтдаг хэсэгт цус болсон байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31х, 32-33х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 283 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

“1. Талийгаач Б.У-ийн цогцост тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн хажуугийн ховдлын урд эврийн хананы тархины эд, тархины багана хэсгийн тархины эдийн цус харвалт, зөөлрөл, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 4. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилийн шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь ГССҮТ-н өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр О (I) бүлгийн цустай байна. 7. Талийгаачид шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ба амь нас аврагдах боломж муутай байжээ...” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 46-59х/,

Шинжээч Н.Э-гийн: “...Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишлын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан. Өөрөөр хэлбэл, тархины гэмтлийн хүндрэлээр нас барсан. Амь хохирогч У-ийн биед учирсан гавал тархины гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогч тархиндаа гэмтэл авсны дараа эмнэлэгт ухаангүй ирсэн. Шаардлагатай эмчилгээнүүдийг хийхэд сэргээгүй. Хожимдож эмнэлэгт ирсэн гэсэн үг. Тархины няцралтай болсон учраас амьд гарах боломж муу байдаг. Эмнэлэгт удаан хэвтсэнээс болж уушгины зогсонгшил үүссэн. Зогсонгшил үүсээгүй ч гэсэн  амьд гарах боломж  бага. Хохирогч нь ухаангүй байдалтай байсаар байгаад нас барсан байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 4х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч З.Г-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд ээж У гэрээсээ эрүүл байдалтай гарч яваад орой 22 цаг 30 минутын орчимд гэрт орж ирэхдээ согтуу байдалтай орж ирсэн. Ээжийг харахад жаахан гуйвсан байдалтай боловч бүр тасарчхаагүй халамцуу байдалтай орж ирж байсан. ...Ээж У нь орж ирэнгүүтээ намайг хараад “Чи юугаа хийж сууж байгаа юм, зайлаач” гэх хэлэхээр нь би “Зайлнаа, угаасаа удахгүй зайлна” гэж хэлсэн чинь ээж У над руу “Яг одоо гараад зайл” гэж хэлэхээр нь би уурлаад бид хоёр хэрэлдсэн. ...Миний уур хүрээд ээжийн нүүрэнд нь гараараа хоёр удаа алгадаж аваад, гараа зангидаж байгаад нүүрэнд нь зүүн шанаа орчимд нь нэг удаа цохиж авсан. Тэгтэл ээж миний өөдөөс “Чи яг одоо зайл” гэж хэлэхээр нь би гараа зангидаж байгаад дахиад нэг удаа зүүн шанаа орчимд цохиж авсан чинь ээж баруун тал руугаа газар руу унаад өгсөн. Ээж газарт уначхаад дуугарахгүй байгаад байхаар нь би ээжийг өргөж гэрийн хойд талын буйдан дээр хэвтүүлчхээд “Ээж намайг уучлаарай” гэж хэлсэн. ...Унтаж байтал ээж шөнө хурхирч байгаа юм шиг эвгүй дуугараад байсан. Тухайн үед надад ямар нэгэн юм бодогдоогүй учир тэгээд унтсан. Маргааш өглөө нь сэрээд харахад ээж буйдангаас уначихсан газарт хэвтэж байсан. Би ээжийг өргөөд орон дээр хэвтүүлсэн чинь ээжийн хоёр гар нь татчихсан байдалтай байхаар нь би гэрээс гараад 103 дуудаж үзүүлээд эмч ирээд гэмтэл рүү авч явсан юм. ...Би ээжийн нүүрэнд эхлээд гараараа хоёр удаа алгадсан. Дараа нь гараа зангидаж байгаад нүүрэнд нь зүүн шанаа орчимд нэг удаа цохиж авсан чинь намайг зайл гэж хэлэхээр нь дахин гараа зангидаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Хамгийн сүүлд ээжийг цохиж авахад ээж баруун тал руугаа унаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгвөл, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод амь хохирогч Б.У нь өөрийн 3 хүүхэд болох З.Г, З.Г, У.Г нарын хамт амьдардаг байх бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанд гэрт З.Г, Б.У, У.Г нар байсан, энэ үед Б.У, З.Г нарын хооронд “Б.У-ийг гэртээ архи уусан байдалтай ирлээ” гэх асуудлаас үүдэлтэйгээр хэрэг маргаан болсныг бага насны гэрч У.Г нь гэрчилж мэдүүлсэн байна.

У.Г нь 2010 онд төрсөн, 11 настай, бага насны хүүхэд байх бөгөөд тэрбээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 4 удаа гэрчээр мэдүүлэг өгсөн, түүнд тухай бүрт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг  тайлбарлан өгсөн баримттай байна.

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд энэхүү бага насны хүүхдийн сэтгэц хэвийн эсэх, мэдүүлэг өгөх чадвартай эсэх асуудлыг хөндөн тавьсны дагуу У.Г-ын сэтгэцийн байдлыг шалгуулж дүгнэлт гаргуулсан байх бөгөөд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 398 дугаар дүгнэлтээр У.Г-ад сэтгэцийн эмгэгтэй гэх шинж тэмдэг илрээгүй, сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолгүй, улмаар У.Г нь үзсэн, харсан, сонссон зүйлээ өөрийн насны түвшинд тусган авч үгээр болон үйл хөдлөлөөр илэрхийлэх чадвартай болохыг тогтоосон байна. /1хх-ийн 249-250х/

У.Г нь 4 удаагийн мэдүүлэгтээ зарим үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн байх хэдий боловч “З.Г ээжийн нүүр, шанаа руу цохисон, гэдэс рүү нь өшиглөсөн, газар унагаасан, ээжийн нүүр ам хавдсан байсан, хамраас нь цус гарсан” тухай мэдүүлгийг мэдүүлэг бүртээ дурдаж тогтвортой мэдүүлсээр ирсэн, түүний “ээжийн нүүр, шанаа руу цохисон, газар унагаасан” гэх мэдүүлэг нь З.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн “...Би ээжийн нүүрэнд эхлээд гараараа хоёр удаа алгадсан. Дараа нь гараа зангидаж байгаад нүүрэнд нь зүүн шанаа орчимд нэг удаа цохиж авсан чинь намайг зайл гэж хэлэхээр нь дахин гараа зангидаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Хамгийн сүүлд ээжийг цохиж авахад ээж баруун тал руугаа унаад өгсөн юм” гэсэн мэдүүлэгтэй агуулгын хувьд ижил байх тул бага насны гэрч У.Г-ын дээрх мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлсэн.

Хэдийгээр шүүгдэгч З.Г-ын мэдүүлэг нь дангаар түүнийг яллах баримт болохгүй боловч түүний дээрх мэдүүлэг нь бага насны гэрч У.Г-ын мэдүүлгээр нотлогдсон, мөн насанд хүрээгүй гэрч З.Г-гийн “....эмнэлэгт очсоны дараа гэртээ очсон чинь манай ээжийн унтдаг хэсэгт цус болсон, мөн ээжийн унтдаг орны урд газар дэвссэн байдаг шаргал өнгийн хивсэн дээр цус болсон байдалтай харагдсан” гэсэн мэдүүлгээр дамжмал байдлаар гэрчлэгдсэн тул шүүгдэгч З.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл, бага насны гэрч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нараас өгсөн дээрх мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, бие биеийнхээ мэдүүлгийг харилцан нотолсон шинжтэй байгаа тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч З.Г-ын үйлдлээс амь хохирогч Б.У-ийн биед тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн хажуугийн ховдлын урд эврийн хананы тархины эд, тархины багана хэсгийн тархины эдийн цус харвалт, зөөлрөл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл гэмтэл учирсан, амь хохирогч нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын шалтгаант уушгины үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан ба амь насыг нь аврах боломж муутай байсан нь шинжээчийн 283 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэгт тусгагдсан байна.

Амь хохирогч Б.У нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний орой З.Г-ад зодуулж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ГССҮТөвд хүргэгдэн мэс засалд орж, холбогдох эмчилгээг хийлгэсэн ч 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тархины гэмтлийн хүндрэлээр нас барсан, энэ хугацаанд Б.У нь ухаангүй, таталт өгсөн, комын байдалтай байсан нь Гэмтэл согог судлалын 96 дугаартай өвчний түүхэд тэмдэглэгдсэн байх ажээ.           

Шүүгдэгч З.Г нь өөрийн үйлдлээс амь хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд гэмтэл учрах боломжтойг цаашилбал амь нас хохироход хүргэх хор уршигтай мэдсээр байж хохирогчийн эсрэг удаа дараа хүч хэрэглэж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан, амь хохирогчид учирсан гэмтэлд нь эмчилгээ хийсэн ч аврагдах боломж муутай байсан буюу эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэснээр амь хохирогчийн үхлийг тодорхой хугацаагаар хойшлуулснаас бус амь насыг нь аврах боломж, баталгаа муу байсан /шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт дурдагдсан/ байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон, “хүнийг алах” гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Хүнийг алах гэмт хэрэг нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байхыг хэлэх ба шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг бөгөөд энэ хэргийн тухайд, шүүгдэгч З.Г-ын үйлдэл, хохирогч Б.У-ийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, хэсэг хугацааны дараа амь хохирогч нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзсэн.

Ингэхдээ шүүгдэгч З.Г-ыг “хүнийг алах” гэмт хэргийг  хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн байна гэж дүгнэсэн. Учир нь,

Хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан бага насны гэрч У.Г, шүүгдэгч З.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийн агуулгаас үзвэл, Б.У архи уусан, согтолттой байдалтай гэртээ ирсэн даруйдаа шүүгдэгч З.Г-ад зодуулсан байх бөгөөд зодуулж байхдаа шүүгдэгчийн эсрэг ямар нэгэн үг хэллэг, хэрүүл маргаан, өөрийгөө хамгаалах үйл хөдлөл хийсэн байдал тогтоогдоогүй, эсрэгээрээ шүүгдэгчийн цохилтын хүчнээс үүдэн удаа дараа газарт унах, шүүгдэгч нь түүнийг газраас татаж босгон дахин цохих зэргээр хүч хэрэглэсэн  буюу Б.У нь шүүгдэгчийн үйлдлийн аясаар унаж, татагдаж босох зэрэг байдалтай байсан нь дурдагдсан байна. Энэ байдалд амь хохирогч Б.У-ийн согтолтын байдал нөлөөснөөс гадна  түүний биеийн хүчний хувьд сул дорой байдал, хүйс, насны байдал зэрэг нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхээргүй байна.  Иймээс шүүгдэгч З.Г-ыг амь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг   мэдсээр байж алсан гэж дүгнэх үндэслэл болсон.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;” ойлгохоор, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгчээ.

Хэрэгт авагдсан баримтуудад дурдсанаар, амь хохирогч Б.У, шүүгдэгч З.Г нар нь эх, үрийн харилцаа холбоотой, хамт амьдарцгаадаг хүмүүс байх бөгөөд шүүгдэгч З.Г  өмнө нь өөрийн эх Б.У-ийн гар луу цохиж хавтгаж байсан тухай насанд хүрээгүй гэрч З.Г-гийн мэдүүлэгт дурдагдсан, мөн тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 861 дугаартай шийтгэврээр “төрсөн эх Б.У-ийн дух руу цохиж зодсон” гэх зөрчлийн хэргээр 12 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авч /1хх-ийн 122х/ байсан баримттай байна. Энэ байдлаас үзвэл, шүүгдэгч З.Г нь өөрийн төрсөн эх Б.У-т биемахбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хийсээр ирсэн төдийгүй тухай хэрэг гарах цаг хугацаанд ч мөн адил амь хохирогчийн биемахбодид халдаж амь насыг нь хохирооход чиглэсэн хүч хэрэглэсэн санаатай үйлдэл хийсэн байх тул шүүгдэгч З.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймээс шүүгдэгч З.Г-ыг “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжүүдээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Дээрх байдлаас үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г нь “...Тухайн өдөр  сэтгэл санаа огцом  болоод хийсэн үйлдлээ сайн санахгүй байна. Биеэ барьж чадаагүй юм. Сэтгэл санаа цочролд ороод  тэгсэн” гэх байдлаар мэдүүлж, зүйлчлэлийг өөрчилж, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэсэн зүйл ангиар зүйлчлүүлэх талаар хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь,

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд буюу баримт сэлт, мэдээллээс үзэхэд шүүгдэгч өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдах, хяналт тавих чадвар, боломж нь алдагдаж, агшин зуур сэтгэл санааны гүн цочролд орсон гэж үзэх үндэслэл, мөн түүнийг цочролд орох хэмжээний үйл баримт болсон нь тогтоогдоогүй байна. Харин шүүгдэгч нь өөрийн хүссэн буюу чиглэсэн үйлдлүүдийг хохирогчийн эсрэг хийсэн, хохирогчийн хаана хаана, хэрхэн яаж цохиж, зодсон үйлдлээ санаж мэдүүлсэн байдал, өөрийгөө тухайн үед ямар үйлдэл хийснээ мэдэж байна гэх байдал нь түүнийг хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл болохгүй байна. 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь тус хэрэгт оршуулгын зардал нэхэмжлэхээс татгалзаж, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч З.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Гад 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...З.Г-ын залуу нас, эрүүл мэндийг бодолцон бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээр байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэж,

Шүүгдэгч “...Миний залуу насыг харгалзан үзэж бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч З.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр өөрийг нь төрүүлсэн эхийгээ асрах, халамжлахын оронд зодож, амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл учруулж алсан, тухайн хэргээс учирсан хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал, хохирогч талаас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, мөн шүүгдэгч З.Г-ын хувийн байдал /бага насандаа зам тээврийн осолд өртөж толгойдоо гэмтэл авч байсан, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй оношлогдсон/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч З.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 12 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг /эрүүл мэндийн байдал/ харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05 хүртэл /1хх-ийн 90-91, 104, 110, 188х/ 59 хоног, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 161 хоног, /1хх-ийн 204, 226-228, 233, 242, 2хх-ийн 15, 33х/,  нийт 220 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Амь хохирогч Б.У-ийн төрсөн хүү ... оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн У.Г, ... оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн З.Г нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ш овогт З-ийн Г-ыг “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Г-ад 12 (арван хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ын цагдан хоригдсон 220 (хоёр зуун хорь) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Б.У-ийн хүүхдүүд болох 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн У.Г, 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн З.Г нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.Г-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ

 

               ШҮҮГЧИД                                Б.ДАШДОНДОВ

 

                                                     Л.БААТАР