Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 06

 

П. Б нарт холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, 

Прокурор Б.Батнасан, 

Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч П-ийн өмгөөлөгч Б.Болормаа, Д.Ариун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нарын давж заалдах гомдлоор, П, Б  нарт холбогдох 17160006800031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд П-тэй зодолдож, П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт,

 

П нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Ц, Э.Болдбаатар нарыг “та намайг гар утас хулгайлсан гэлээ” гэх шалтгаанаар зодож, Ц, Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: П-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П-ийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар   шүүгдэгч Б-г 450  нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг Б-д танилцуулахыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б-н өвчний түүхийн бичлэг 1 ширхэг, 2 ширхэг рентген зургийг буцаан олгохыг дурдаж, Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан   шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Пнь хохирогч Ц-д 3.209.580 төгрөг, Б-д 2.312.420 төгрөгийг эмчилгээний зардалд тус тус   төлсөн,  П   нь Б-с хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П-г цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэч П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие П нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Мөн миний бие хийсэн хэргээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нарын эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж барагдуулсан. Хохирогч нар надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байдаг. 

Иймд надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

 

Өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:             П-д холбогдох эрүүгийн 17160006800031 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.

Говь-Алтай аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П-д 5 жилийн ял оногдуулсан нь хүндээр тусч байна. П нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохиролоо нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6 7-р зүйлийн 1.4 хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч П-н өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын байгууллага дээр хэрэг байхад удаа дараа шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргуулаагүй. Одоо болтол би шинжээчийн дүгнэлтэн дээр эргэлзээтэй байгаа. Яагаад эргэлзээтэй байна вэ гэхээр 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 283, 284 дугаартай дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан дүгнэлтүүд гэхэд эргэлзээ төрж байгаа. Энэ 2 хүний  уушиг шалчийсан гэдэг. Тухайн үед хий агаар оролт үүсээд шалчийсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15 зааснаар амь насанд аюултай гэмтэл үүссэн гэж үздэг. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа эмнэлгийн бичиг баримт үндэслээд гаргасан гэдэг боловч эмнэлгийн бичиг баримтанд одоо болтол эргэлзээтэй зүйлүүд байгаа. Уушиг шалчийсан амь насанд нь аюултай гэмтэл учирсан гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад ч тэр аль аль талдаа энэ 2 хүн эрүүл, саруул сууж байсан гэдгийг нь хүн болгон харж байсан. Өмгөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулья гэсэн саналтай байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдүүлэх саналтай байна гэв. 

 

Шүүгдэгч П-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлт хөтөлбөргүй байх боломжгүй байна. Яагаад гэхээр эмнэлгийн бичиг баримтаас гээд шинжээч үзлэг хийсэн байдаг. Эмнэлгийн бичиг баримтыг хуулбарлахдаа сторт байхгүй зүйлүүдийг биччихсэн байдаг. Уушиг шалчийлт гэх зүйл сторт байдаггүй. Рентген зураг хараад тайлбарлаж сторт бичигдсэн зүйлд уушиг шалчийлт гэх зүйл байдаггүй, хий хуралдалт гэж байдаг. Гэтэл хий хуралдалт уушиг шалтийлт гэдэг нь 2 өөр зүйл байдаг юм байна. Тийм учраас шинжилгээг нарийн мэргэжлийн эмч нараар рентген зургыг сарын 23-ны өдөр эмнэлэгт ирэх үеийн зовиур цээжний зүүн талаар амьсгалах үед хатгаж өвдөнө, дотор муухай оргино толгой өвдөнө, хэсэг газрын үзлэгт зүүн нүд хөхөрсөн, дээд уруул шархтай, баруун зүүн шанаа хавдсан цээж тэмтэрхэд зүүн уншуулаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нарийн мэргэжлийн эмч нараар шинжилгээг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Рентген зураг нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байгаа. Яагаад гэхээр эмнэлгийн бичиг баримтанд хавирга хугарал гээд бичигдсэн байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд хавирга хугарал гэж байдаггүй. Тэгсэн хэрнээ уушиг шалчийлт, уушигны цус хуралт гээд оруулаад ирсэн байгаа шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болж байгаа зүйл буюу стороосоо дүгнэлт нь зөрж байна. Ийм учраас нарийн мэргэжлийн шинжээч эмч нараар дүгнэлт гаргаж өгнө үү. Шинжээч эмч Т.Алтайбаатарын 284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62-63-рт/, Цэрэндолгорын биед цээжний хөндийн хий хуралт, зүүн уушгины шалчийлт, зүүн уушгины няцрал цээж хүзүүний арьсан доогуур хий хуралдалт гэсэн гэмтэл байгаа. Гэтэл эмнэлгийн бичиг баримтад 09 дүгээр талд эмзэглэлтэй, онош: цээжний хөндийд хүнд гэмтэл зүүн уушгины няцрал цус хий хуралт, хүзүү цээжний  арьсан доор хий хуралдалт, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн уушги цээжний зүүн талд их хэмжээний хий хурсан, зүүн уушгины аплектаци болсон голтын эрхтэн дагасан хий хурсан, зүүн уушги няцралтай зүүн талын гялтан хальс шингэнтэй, баруун уушгинд голомтод болон эзлэхүүнд өөрчлөлтгүй, баруун цээжний хөндийд бага зэргийн хий хурсан, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн рентген харалт голомтод өөрчлөлтгүй зүүн делеврийн хий дагасан, баруун цээжний хөндийд хий хурсан, шингэн эрс багасаж сул шингэн бараг арилсан, баруун синус чөлөөтэй зүүн синус хаалттай гэсэн байна. Тэгэхээр өвчтөний түүхүүд дээр 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн рентген харалтат няцрал байхгүй. Хх-82-рт Б-н  рентген харалт, өвчтөний түүх 09 дүгээр сарын 27-нд үзлэг хийсэн хэсэгт  8 дугаар хавирга хугарсан зөрөөгүй гэсэн байгаа. Эмнэлгийн бичиг баримтад хугарсан зөрөөгүй гэж бичсэн гэтэл шинжээчийн дүгнэлтэд хавирга хугараагүй гэж бичсэн. Тэгэхээр эмнэлгийн бичиг баримтаас авч бичсэн эсэх нь эргэлзээтэй. Хх-91-рт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэг зүүн уушгины хий шингэнтэй, уушги тэлж хэвийн байдалдаа орсон, агааржилт сайн байна. Өнөөдөр бид нарийн мэргэжлийн эмч биш уушгиний хий хуралт, няцрал 2 нь хоорондоо эрс зөрүүтэй ойлголт, Няцрал гэдэг нь хавирга хугараад уушгинд шаагаад тэр цоорол үүссэн тохиолдолд тэр уушгиний шалчийлт явагддаг гэж мэргэжлийн эмч тайлбарласан .Тэгэхээр энэ эргэлзээг гаргахын тулд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Рентген зургийг манай аймагт эмч нар уншдаггүй юм байна гэсэн ойлголттой байна. Рентген зургийг шүүх шинжилгээний нарийн мэргэжлийн эмчээр уншуулж байж тухайн уушги шалчийсан эсэхийг шалгах иймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Нэг шинжээч эмчийн дүгнэлтээр шийдэгдэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Б-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Хэргийн бодит нөхцөл байдлын талаар хавтаст хэрэгт  зөрүүтэй байдал харагддаг. Мотоциклтой хүн ирсэн дайрсан гэдэг зүйлийг ярьж байгаа хэдий ч Б явж байгаад эргээд харахад мотоциклтой хүн ирсэн байсан гэдэг зүйлийг хэлсэн. Хэрэг болсон газар хэдэн хүн ирсэн юм бэ? мотоциклтой ирсэн гэдэг хүн бнь би алхаж ирсэн гэдэг тэгэхээр алхаж ирсэн бол Цээл сумын төвөөс хэрэг болдог газар хэдэн километрийн зайтай байдаг юм бэ? хэдэн километрийн зайтай болоод энэ хүмүүс ар араасаа алхаж очоод байгаа юм бэ? тухайн үед тэр газар нь утасны сүлжээ барьдаг байсан юм уу ? зэргийг тодруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгч П тайлбартаа:  Ц, Б нартай хамт Алтай сум руу алтанд явсан. Цээл сум дээр очоод бид 3 цайны газар орж хоол идэж байхад манай найз Г ирсэн. Г ирээд хаа хүрч яваа юм бэ? гэхээр нь бид хэд Алтай сум руу алтанд явж байна гэж хэлсэн тэгэхэд би эргээд ирье гэж хэлсэн. Тэгээд бид гурвыг хоолоо идчихээд явах гэж байхад Г ирээд явах гэж байгаа юм бол замын юм аваад өгье гэхээр нь би Ц-с асуусан Г замын юм аваад өгье гэж байна яах юм бэ? гэхэд Ц, Б хоёр өмнөх өдөр нь замдаа архи уусан байсан учир тэгье гэсэн. Тэгээд Г уруудаад байж бай би араас чинь аваад очъё гэж хэлсэн. Тэгээд Г-ийн авч ирсэн шил архийг бид 4 хувааж уучихааад дахиад нэг шил архи авч уучихаад 3 дахь шил архи аваад тухайн газраас хөдлөөд доошоо яваад элсэн дээр очиж зогссон. Б Ганхөлөг 2 барилдахаар нь би машины арын суудал дээр харж сууж байгаад унтаад өгсөн. Намайг сэрхэд машин өөр газар байсан. Г явсан байсан. Тэгэхэд Ц “чи тийм юм бол буугаад зайлахгүй юу” гэж хэлсэн тэгэхээр нь Ц-ыг татахад Б дээр гарчихсан чулуу бариад дээр гарсан байхад хойноос Г мотоцикльтой ирж байхыг хараад миний дээрээс буусан. Тэгээд Г мотоцикльтой ирээд Ц-ыг дайраад унагаагаад “уучлаарай ах мотоциклио зогсоож чадсангүй” гэж хэлээд Ц-тэй гар барьсан. Тэгээд цагдаагийн газар руу явсан. Тухайн газраас цагдаагийн байранд очиход Б-н бие зүгээр байсан. Харин цагдаагийн байранд очоод Б бид 2 зодолдсон тэгэхэд эрүүлжүүлэх байранд бид хэд гутлаа тайлсан байсан. Г мотоцикльтой дайрахдаа нэг хүнтэй хамт ирсэн байсан. Цагдаагийн байранд очиход Цэрэндолгорыг эмчид үзүүлнэ гээд эмнэлэг рүү аваад явсан.Б, Г бид гурвыг эрүүлжүүлэх байранд хийсэн тэгж байхдаа би Б-тэй муудалцсан. Бид хоёрыг муудалцахад Г хажууд байгаагүй эрүүлжүүлэх байрны дээд талаар гараад явсан байсан. Би Ц-ын дээрээс дэвсэж гэмтээсэн гэдэгт итгэхгүй байна. Тэрийг Г мотоциклиор дайрсан тэрийг Б мэдэж байгаа. Тэгээд аймагт ирээд би цагдаад мэдүүлэг өгсөн гэв. 

Прокурор: Шүүгдэгч П-ийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж байна. Давж заалдах гомдолд шинжээчийн дүгнэлтийн талаар дурдагдаагүй. Оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан гэтэл гомдолд бичсэнээс өөр зүйл ярьж байна. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй биш гэж үзсэн учир дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй. Шинжээч томилсон тогтоол шинжээчийн дүгнэлтүүдийг оролцогч нарт тухай бүрт нь танилцуулж эрхийг нь хангаж байсан. Мөрдөн байцаалтын явцад шинжээчээс мэдүүлэг авсан мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж мэдүүлэг авсан. Эдгээрт ямар нэгэн байдлаар эргэлзэх зүйл байгаагүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй дахин гаргуулах гэсэн зүйл байхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хохирогч Ц, Б нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа.  Мөн зааврын 3.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн тусламжийн үр дүнд энэ журамд заасан амь насанд аюултай гэмтэлээс амь аврагдсан нь энэ шалгуур шинжийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч уушги шалчийлт гэдэг зүйл байхгүй тэрийг шинжээч эмч нэмж бичсэн гэдэг зүйлийг хэлсэн. Тийм зүйл байхгүй. Эмнэлгийн бичиг баримтад бичигдсэн зүйлийг шинжээч дүгнэлтдээ тусгаж үүнийг дүгнэлтийн үндэс болгож байгаа. Шинжээч нь эмнэлгийн бичиг баримтаас гадна хохирогч нарын биеийг биечлэн үзэж дүгнэлтээ гаргасан. Шинжээчид хууль сануулж дүгнэлт гаргуулдаг. Шүүгдэгч П нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байсан болон мөрдөн байцаалтын явцад хэлж байсан зүйлэээс өөр зүйлийг нэмж хэллээ. Г нэг хүнтэй хамт ирсэн гэдэг зүйлийг хэлсэн гэтэл Г нь ганцаараа ирсэн байдаг. Энэ талаар Ггнь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Мөн Г мотоциклиор дайраагүй гэдэг зүйлийг хэлсэн. Шинжээч эмчээс мэдүүлэг авахад Г мотоциклиор дайрсан байлаа ч гэсэн Ц-н биед үүссэн гэмтэл нь мотоциклиор дайрах үед үүсэхгүй. Мотоциклиор дайрсан бол хөлд зулгаралт гэх мэт гэмтэл учирна гэтэл хохирогч Ц-ын биед тийм гэмтэл байгаагүй гэж шинжээч эмч хэлсэн. Шүүгдэгч П нь би Ц-г зодоогүй түүний биед хүнд гэмтэл учруулаагүй гэдэг зүйлийг хэлж байна. Шүүгдэгч П нь мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдаанд Ц-г зодож хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч П нь хохирогч Ц-г зодож хүнд гэмтэл учруулсан гэдэг нь хохирогч Ц-н мэдүүлгээс П нь миний сууж байсан хаалгыг нээгээд намайг хөлнөөс татаад унагасан тэгээд миний цээжин дээр 2-3 удаа дэвссэн бөгөөд тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороход сумын эмнэлэг дээр ирсэн надад өвчин намдаах тарилга хийгээд өг гэж хэлээд байж байсан гэх мэдүүлэг мөн хохирогч Б мэдүүлэхдээ П, Ц-г татаж унагаад газар дэвссэн. Би машины урд хэсэгт сууж байгаад очиж салгах үед Ц-ын дээр нь гарчихсан  нүүрэнд нь цохиж байсан. Ц би чамтай зодолдмооргүй байна гэж хэлээд доор нь байж байсан би П-г чи болиоч хол явж байж хоорондоо зодолдоод гэж хэлэхэд та нар намай нийлж байгаад зодох гэж байна уу гэж хэлээд над руу дайраад миний нүд рүү цохиод авсан гэх мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр Шүүгдэгч П нь хохирогч Ц-н биед хүнд гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа санал хүсэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Э.Болдбаатарын биед учирсан гэмтлийг тодорхойлж гаргасан шүүх эмнэлгийн актын / хавтаст хэргийн 83-рт / дүгнэлт хэсэгт цээжний хөндийн хий хуралдалт, уушигний шалчийлт гэж дүгнэсэн.  Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Алтайбаатар дүгнэлтээ тайлбарласан шүүх хуралдааны тэмдэглэлд Б-н биед цээжний хөндийн шингэн хуралт, уушиг шалчийлт гэмтэл учирсан гэж зөрүүтэй мэдүүлжээ. 

 

Мөн шинжээчийн дүгнэлтэд: Эмнэлгийн бичиг баримтанд гэсний төгсгөлд хавирга ясанд хугаралгүй гэж бичигдсэн байтал /хэргийн 83 дахь тал/, Э.Болдбаатарын өвчтөний түүхэнд / хэргийн 90 дэх тал/ зүүн талд далны шугамаар 8-р хавирга, суганы урд шугамаар 8-р хавирга хугарсан зөрүүгүй гэж тэмдэглэгдсэн нь зөрүүтэй байх ба анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. 

Б-н өвчтөний түүхийн клиникийн оношийн үндэслэх хэсэг, бодит үзлэгийн байдлыг тэмдэглэсэн хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй, уншигдахааргүй цайвар цаас хэрэгт авагдсан нь хэрэгт ач холбогдолтой байна. /хэргийн 87 дахь тал/

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П-ийн өмгөөлөгчийн  шинжээчийн дүгнэлт хохирогч нарын өвчтөний түүхийг үндэслэн хийгдсэн гэх боловч эргэлзээтэй, дүгнэлтэд бичигдсэн гэм хорын байдал зөрүүтэй тул дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэж хуулийн зүйл заалтыг буруу баримталж бичсэн, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо зөрүүтэй зэргийг дурьдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П, Б нарт холбогдох 17160006800031 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, П-ийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ч.ЭНХТӨР

                  ШҮҮГЧИД               Б.НАМХАЙДОРЖ

                                         Ш.БАТТОГТОХ