Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2019/0014/з |
Дугаар | 04 |
Огноо | 2020-01-21 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.З-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАУБХ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0014/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.З, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.З Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгч болохыг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.06.22-ны өдрийн 001/ХТ2018/01063 тоот тогтоолоор тогтоож өгсөн бөгөөд тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт гүйцэтгэх ажиллагааг хийлгүүлэхээр хандтал тухайн орон сууц бусдын барьцаанд /Х банкны/ байгаа учир бүртгэл хийх боломжгүй гэх ОАУБХ-ийн 2019.10.09-ний өдрийн 1079 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай хариу мэдэгдэл ирүүлсний дагуу Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас бүртгэл хийх боломжгүй байгаа талаар 2019.10.10-ны өдрийн 05 тоот хариуг өгсөн. Уг бүртгэлийг хийхгүй байгаа нь миний эрх ашгийг илтэд хохироож тухайн орон сууцны хамтран өмчлөх эрхээ эдлэх боломжгүй болгож байна гэж үзэж байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 онд А.З Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Энэ маргаантай асуудал нь Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1063 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж А.З тухайн орон сууцны 41 хувийг хэсгээр өмчлөх хамтран өмчлөгч болохыг тогтоосон. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас бичүүлж авсан. Анх өөрийгөө тухайн орон сууцны хэсгээр хамтран өмчлөгч болохыг тогтоолгохоор тусгай тэмдэглэгээ хийлгэсэн. Гэтэл тусгай тэмдэглэгээ хийлгэсэн үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаалбарт байгаа учраас гуравдагч этгээдийн санал хүсэлтийг авна гэдэг байдлаар тэр ажиллагаа удааширсан. Х банкинд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Уртбулаг баг 5-1-16 тоот 3 өрөө орон сууц 45 сая төгрөгийн барьцаалбарт барьцаалагдаж, уг барьцаалбарыг УБХ-т бүртгүүлсэн байсан. Энэ ажиллагаанаас хамаарч гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тухай тайлбарыг хариуцагч байгууллага өгдөг. Нэхэмжлэгч юунд гомдож байна вэ гэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.4-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэгээ хийсэн бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэж тусгай тэмдэглэгээг хүчингүй болгох эрх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага уг орон сууцны хамтран өмчлөгчөөр А.З бүртгэж өгнө үү гэсэн эрх бүхий байгууллагын албан бичгийг үндэслэж тусгай тэмдэглэгээг хүчингүй болгож, А.З хамтран өмчлөгчөөр бүртгэх ажиллагааг хийж болох байсан. Гэтэл энэ бүртгэлийн хийхгүй гэж явсаар Х банкнаас тусгай тэмдэглэгээг хийлгэх хүсэлт гаргасан. Хоёр шийдвэр ирсэн учраас ажиллагаа хийх боломжгүй гэж энэ ажиллагаа бүр зогссон. УБХ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 30.1.4-т заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч эд хөрөнгө барьцаанд байгаа гэдэг үндэслэлээр хийгдвэл зохих ажиллагааг хийхгүй байсан. УБХ-т А.З-ийн шүүхийн шийдвэр, бүртгэлийн ажиллагаа хийх гүйцэтгэх хуудас очсон. Хоёрдугаарт эрх бүхий байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тусгай тэмдэглэгээг хүчингүй болгож, А.З хамтран өмчлөгчөөр бүртгэж өгнө үү гэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албан бичиг хүргүүлсэн. Гэвч УБХ хөрөнгө үүрэг ногдуулсан барьцаанд байна. Үүрэг ногдуулсан барьцаанаас чөлөөлж байж бүртгэл хийх боломжтой гэсэн хариу өгч бүртгэлийн ажиллагаа хийхээс татгалзсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулинд бүртгэл хийхээс татгалзах хэд хэдэн үндэслэл байдаг бөгөөд энэ заалтад хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбар нь хамааралгүй байна. Чөлөөлөгдсөн тохиолдолд бүртгэл хийх зохицуулалт байхгүй. Харин эрх ашиг хөндөгдөж байгаа гуравдагч этгээдэд УБХ мэдэгдэл хүргүүлж тусгай тэмдэглэгээг хүчингүй болгож бүртгэл хийх ёстой байсан. 2018 оны 06-р сарын 22-ны өдөр А.З уг маргаан бүхий байрны хэсгээр хамтран өмчлөгчөөр тогтоогдсон Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар байхад өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тусгай тэмдэглэгээ хийгдсэн байж цаана нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн явагдаж хөрөнгийг хураах, битүүмжлэх, дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдээд явж байгаа. Албадан дуудлага худалдаа 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа. Дуртай үедээ албадан дуудлага худалдаанд оруулах процесс ажиллагаа хэвийн явагдаж байна. Тэр процесс ажиллагаанд хамтран өмчлөгч оролцох эрхгүй байгаа. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцны 41 хувийг өмчилж байгаа хамтран өмчлөгч нь Х банкны барьцаалбарын ажиллагаанд оролцох эрхгүйгээр бүх ажиллагаа явагдаж байна. Гуравдагч этгээдийн барьцаанд байгаа гэдгээрээ нэмж өмчлөгч бүртгэхгүй гэж хязгаарласан заалт хуульд байхгүй. Тийм учраас өмчлөх эрхийг бүртгэх эрхээ улсын бүртгэл хэрэгжүүлэхгүй байна. Бид энэ эрхээ хэрэгжүүлж бүртгэл хийхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Тиймээс А.З Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот орон сууцны 41 хувийн өмчлөх хамтран өмчлөгчөөр бүртгэхийг хариуцагч байгууллагад даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.
Хариуцагч ОАУБХ-ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн Ү-2101000430 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг, 5 хороолол 1 байрны 16 тоот орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар иргэн А.А, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ/ВСС170501003-1 тоот зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна. Иргэн А.А нь Х банктай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ/ВСС170501003-1 тоот зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №142/ШШ2019/00311 дүгээр шүүгчийн захирамжаар 42.722.679 төгрөгийг төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 03/672 тоот албан бичгээр Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1063 дугаар тогтоолоор уг орон сууцны өмчлөгчөөр А.З хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 03/1324 тоотоор Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1063 дугаар тогтоолыг биелүүлэх тухай албан бичиг ирүүлснийг хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №1079 тоотоор хариу хүргүүлсэн. Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №142/ШШ2019/00311 дүгээр шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1063 дугаар тогтоолоор уг орон сууцанд өөрчлөлт оруулах, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хоёр хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэг ногдуулсан байна. Дээрх хоёр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Харин аль шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд “Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх бүртгэл”-ийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын дагуу нотлох баримтыг бүрдүүлэн мэдүүлэг гаргасан тохиолдолд мэдүүлгийг хүлээн авч бүртгэх үндэслэлтэй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагад шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгэх тухай шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр албан тоот ирсэн тохиолдолд тусгай тэмдэглэгээг хүчингүй болгож болохоор байгаа. А.З уг орон сууцанд хэсгээр хамтран өмчлөгчөөр бүртгэх тухай албан бичиг, шүүхийн тогтоолын хамт манайд ирсэн. А.З гуай улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор хамтран өмчлөгчөөр бүртгэж өгнө үү гэсэн мэдүүлэг гаргаж нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлд бүртгэл хийлгэхдээ ямар, ямар нотлох баримт бүрдүүлж ирүүлэх талаар заасан байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ганцхан албан бичиг ирүүлсэн. Мэдүүлэг болон үйлчилгээний хөлс төлж, бүрдүүлэх шаардлагатай материалуудыг бүрдүүлж ирээгүй. Шүүхийн шийдвэрээр өмчлөгч болж байгаа тохиолдолд мэдүүлгээ гаргаад үйлчилгээний хөлсөө төлөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон гэрчилгээг хавсаргаж ирүүлэх ёстой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг хүлээж аваад манайх тухай бүрт нь хууль, журмынхаа дагуу нотлох баримтаа бүрдүүлж ир гэсэн албан тоотоор хариу өгсөн. Иргэн А.З энэ асуудлаар надтай ирж уулзсан. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1063 тоот Улсын дээд шүүхийн тогтоол авчирсан. Энэ тогтоолыг биелүүлэх ёстой гэхэд нь албан ёсоор, хууль журмынхаа дагуу материалаа бүрдүүлж ир гэсэн. Өмчлөх эрх шилжүүлэхэд уг орон сууц нь Х банкинд үүрэг ногдуулахаар бүртгэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан бичгээр шууд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Банкны ийм асуудалтай байна. Эхний ээлжинд тусгай тэмдэглэгээг хүчингүй болгуулаад ир гэсэн шаардлага тавьсан. Гэтэл А.З гуай буцаж ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2 өөр хүчин төгөлдөр шийдвэр, алба бичгээ ирүүлж тусгай тэмдэглэгээ хийлгэсэн. Хэдийгээр А.З гуай хүчин төгөлдөр шийдвэрээр тусгай тэмдэглэгээ хийгдсэн боловч энэ хоригоо цуцалж нотлох баримтаа бүрдүүлж ир гэсэн. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх учраас гуравдагч этгээдэд бид нар албан ёсоор мэдэгдэх ёстой гэсэн тайлбар өгсөн. Хэсэг хугацааны дараа манай байгууллага дээр Х банкны хүчин төгөлдөр шийдвэр ирсэн. Хууль, журмынхаа дагуу бид нар бүртгэж аваад хувийн хэрэгт нь хийсэн. Тэр хооронд А.З гуай Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргаж тэндээс албан ёсны хариу өгсөн. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас “2019 оны 03/672 тоот албан бичгээр хориг тавигдсан байна. Энэ хоригийг чөлөөлж байж бүртгэл хийх боломжтой. Бүртгэлийг харьяаллын дагуу орон нутгийн бүртгэлийн байгууллагад хандаж бүртгүүлэх ёстой” гэсэн хариу өгсөн байсан. Тэр хариу өгсний дараа Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсан. А.З-ийн хувьд албан ёсоор мэдүүлэг гаргасан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг өгсөн. Албан бичгийг үндэслэж манайх бүртгэл хийдэггүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хориг тавьж тусгай тэмдэглэгээ хийлгэчихээд дараа нь албан бичиг явуулчихаад УБХ-ээс очиж гэрчилгээгээ ав гээд манай руу иргэдийг явуулчихдаг. Гэтэл хуульд заасны дагуу тусгай тэмдэглэгээг цуцлах ёстой. Дараагаар нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдэд заавал энэ талаар мэдэгдэх ёстой. А.З гуайд энэ талаар тайлбарлаж өгсөн.
Нэхэмжлэгч хугацаа алдаад явж байх хойгуур нь Х банкны тусгай тэмдэглэгээ хийлгэх тухай албан бичиг Шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирсэн. Тэгээд хоёр тусгай тэмдэглэл хийгдсэн. Эхний тусгай тэмдэглэгээ нь А.З-ийн эрх ашгийг хамгаалахаар хийгдсэн. Дараагийн тусгай тэмдэглэгээ нь Х банкны эрх ашгийг хамгаалахаар хийгдсэн байгаа. Хоёр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байсан. Өнөөдрийн байдлаар бүртгэл хийх шаардлагатай гэвэл Х банкны тавьсан тусгай тэмдэглэгээг цуцал гэдэг шаардлага тавина. Хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад энэ тусгай тэмдэглэгээг цуцлах эсэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын асуудал. Х банкны тусгай тэмдэглэгээг цуцлагдчихвал манай байгууллага бүртгэл хийхээс татгалзах зүйлгүй” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн А.А нь тус банктай 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ-ВСС170501003-1 тоот “Зээлийн гэрээ”, №ЗБ-ВСС170501003-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-үүдийг тус тус байгуулан 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийг өргөтгөл нэмж барих зориулалтаар сарын 2.1 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч А.А нь №ЗГ-ВСС170501003-1 тоот “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101000430 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1-16 тоот хаягт байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Зээлдэгч нь №ЗГ-ВСС170501003-1 тоот “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй гэрээг ноцтой зөрчиж байсан тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлийг иргэн А.А зөвшөөрч талууд харилцан тохиролцож зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00311 дугаар шүүгчийн захирамжаар А.А нь 49.722.679.87 төгрөг төлөх, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2101000430 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1-16 тоот хаягт байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон боловч дээрх хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00311 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасаны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Иргэн А.А-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101000430 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот хаягт байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь манай банкинд барьцаалагдсан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “...барьцааны зүйл хэд хэдэн этгээдийн өмчлөлд шилжсэн бол барьцааны зүйлийг хүлээн авагч тус бүр өөрт нь шилжиж ирсэн эд хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээх бөгөөд хэрэв тухайн эд хөрөнгө нь үл хуваагдах буюу бусад үндэслэлээр барьцаалуулагчийн эрх хүлээн авагчдын хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжсэн бол эрх хүлээн авагч бүх этгээдийг хамтран барьцаалуулагч гэж үзнэ”, мөн түүнчлэн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т “барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах”-аар хуульд заасан байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00311 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч А.З-ийн нэхэмжлэлийг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.З нь ОАУБХ-т холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн талаарх нотлох баримтыг гаргуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчаас дээрх орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн ба үүнд тусгай тэмдэглэл хийсэн талаарх лавлагаа байгаа учраас хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс дараах үндэслэлээр А.З-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаар тогтоолоор А.З нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-1-16 тоотод байрлах орон сууцны 41 хувийг хэсгээр хамтран өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 /Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна/-т зааснаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч өөрчлөгдсөн тул эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлтэй болсон гэж үзнэ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 /Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана/-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл нь нэг талаас өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримтуудын үндсэн дээр хийгдэнэ.
Нөгөө талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.4 /Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ/-т зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь эрхийн улсын бүртгэлд орох өөрчлөлтийн талаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд бичгээр мэдэгдэж, бүртгэлд өөрчлөлт оруулах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч А.З нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу бичгээр гаргаагүй буруутай боловч шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх талаар ОАУБХ-т хандаж, эрх бүхий албан тушаалтнуудтай биеэр уулзаж, хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжгүй байгаа талаар тухай бүр амаар хариу авч байсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогддог.
Иймд нэхэмжлэгч А.З маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлаар ОАУБХ-т хандсан, хүсэлтээ гаргаж байсан гэж үзэх бөгөөд тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжгүй талаар хариу авсан учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаар тогтоол буюу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дараах ажиллагаанууд хийгдсэн.
Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 302 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19/40561 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/672 дугаартай албан бичгийн дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101000430 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, тусгай тэмдэглэл хийгдсэн болох нь УБХ-ийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 537 дугаартай албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03/1324 дугаартай албан бичгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны 41 хувийн хэсгээр хамтран өмчлөгчөөр А.З бүртгэж, хариу ирүүлэх талаар мэдэгдсэн байх бөгөөд ОАУБХ-ээс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дугаартай албан бичгээр “...Орон сууц нь өнөөдрийн байдлаар “Х банк”-ны ...зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байх тул уг орон сууцыг үүрэг ногдуулсан бүртгэлээс чөлөөлж, ...нотлох баримтыг бүрдүүлэн үйлчилгээний танхимаар үйлчлүүнэ үү” гэсэн хариуг хүргүүлжээ.
ОАУБХ-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүргүүлсэн дээрх албан бичиг болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас дүгнэхэд тухайн маргаан бүхий орон сууц нь үүрэг ногдуулсан бүртгэлтэй, уг үүрэг ногдуулсан бүртгэлээс чөлөөлсний үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах талаар мэдэгдэж, А.З хамтран өмчлөгчөөр бүртгэх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзаж байсан нь буруу байна.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгч нь А.З болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул барьцааны бүртгэл хүчин төгөлдөр гэх үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үндэслэлгүй, харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.4-т зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд болох Х банкинд энэхүү бүртгэлийн талаар бичгээр мэдэгдэх үүргийг хүлээнэ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад А.А тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх талаар эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн бөгөөд энэ тусгай тэмдэглэл нь А.З-ийн эрх ашгийг хамгаалах, дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр тавигдсан байхад ОАУБХ-ээс үүрэг ногдуулсан бүртгэлийг чөлөөлсний дараа бүртгэл хийлгэх талаар шаардлага хүргүүлж, бүртгэлд өөрчлөлт оруулаагүй нь хууль бус байна.
А.З хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үед Х банкны эрх ашгийг хамгаалах талаар ямар нэгэн тусгай тэмдэглэл хийгдээгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар тусгай тэмдэглэлээр хориг тавигдсан гэх үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзах үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу А.З тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгээгүй, бүртгэл хийхээс татгалзаж байх хугацаанд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00311 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 424 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
Хариуцагч талаас “Х банк”-ны нэхэмжлэлтэй А.Алтанзаяад холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тусгай тэмдэглэл хийж, шүүхийн хоёр хүчин төгөлдөр шийдвэр, хоёр тусгай тэмдэглэл байгаа учраас алийг нь биелүүлэх асуудал эргэлзээ үүсгэсэн” гэж тайлбарладаг.
Цаг хугацааны хувьд өмнөх тусгай тэмдэглэл буюу 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тусгай тэмдэглэлийн хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаар тогтоолын дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой байсан байхад бүртгэлд өөрчлөлт оруулаагүй нь буруу байх тул 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн тусгай тэмдэглэлийн хүрээнд хийгдэх бүртгэл нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу сүүлд тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарахгүй.
Иймд А.З-ийн нэхэмжлэлийг хангаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101000430 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр А.З улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
А.З нь хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, холбогдох баримтуудаа гаргаж, УБХ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 /Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор.../-т заасан хугацаанд улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, А.З-ийн өмчлөх эрхийн баталгаажуулах нь зүйтэй.
Дээрх бүртгэлийг хийхэд тухайн барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох Х банкнаас зөвшөөрөл авах шаардлага хуулиар тавигдахгүй бөгөөд харин барьцааны эрхтэй холбоотой асуудлаар харилцан тохиролцох болон бусад журмаар эрхээ хамгаалуулах боломжтой болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч А.З-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр А.З эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг ОАУБХ-т даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөгч А.З нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, холбогдох баримтуудыг Орхон аймгийн Улсын бүртгэлд гаргаж өгөх ба ОАУБХ-ээс ажлын 3 хоногийн дотор бүртгэлд өөрчлөлт оруулж, энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАУБХ-ээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.З-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ